Эцэг эхчүүд өөрснөө хүүхдээ нуудаг
2017 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 17570]

Австри улсад болж өнгөрсөн Тусгай олимпийн өвлийн наадмын нээлтийн өдөр бид Syndicate Talk нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг бэлтгэсэн юм. Энэ удаагийн сэдвээр оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн асуудал, тэдний эрхийн талаар онцгойлон хөндөв. Нэвтрүүлгийн зочдоор “Дорнын Буухиа” компанийн захирал Д.Бумхүү, “Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоо”-ны тэргүүн Д.Одгэрэл, “Монголын аутизмын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Амарбуян, “Монголын тусгай олимпийн хороо”-ны тэргүүн С.Оюун нар оролцлоо. Дугаарыг ивээн тэтгэсэн Монголын тэргүүлэгч нийгмийн хариуцлагатай компани Тэсо корпораци, "Сайн сайхныг санхүүжүүлнэ" уриатай Голомт банк, дэлхийн шилдэг агаарын тээврийн компани Turkish Airlines, үндэсний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компаниудад нэвтрүүлгийнхээ багийн хамт олны зүгээс талархаж байна.

В.Ганзориг: Спортоор дамжуулан оюуны хөгжлийн ялгаатай иргэд, хүүхдүүдийн чадварыг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах зорилготой дэлхийн Тусгай олимпийн өвлийн наадамд оролцохоор бид Австри улсад ирсэн байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх Монголд хэрхэн хангагдаж байгаа вэ? Гадны өндөр хөгжилтэй улсууд болон манай улсын хооронд буй хөгжлийн зөрүүг богино хугацаанд яаж багасгах вэ?

С.Оюун:
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдийг спортоор дамжуулан хөгжүүлдэг олон улсын байгууллага байдаг гэдгийг бид дөрвөн жилийн өмнө олж мэдээд Монголдоо холбоог нь байгуулсан. Тусгай сургуульд явдаг хүүхдүүд үүнээс өмнө тэмцээн уралдаанд тусгайлан бэлдээд, олон улс руу уралдаан тэмцээнд бараг явж байгаагүй. Спортоор жишвэл бид энэхүү олон улсын том хөдөлгөөнд нэгдээд, Улаанбаатар хотоор зогсохгүй орон нутагт хүрч ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь хүүхдүүд, багш нар маань спортоор дамжуулан эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэн, найз нөхөдтэй болгож, тамирчин хүүхдүүд өөрсдийн чадвараа хөгжүүлэхээс гадна бид тэдгээр иргэд, хүүхдүүдээр дамжин өөрсдийн ертөнцөө ч нээж байна. Нэг үеэ бодвол холбогдох хууль, тогтоомжууд Монголд гарсан.

Д.Одгэрэл:
Орон нутгаас Австри улсад ирж энэхүү том арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Дэмжиж тусалсан бүх ивээн тэтгэгч нартаа талархал илэрхийлье. Манай Орхон аймагт тусгай 7-р сургууль 4 бүлэгтэй хичээллэдэг. Тусгай олимпт оролцсоноор хүүхдүүдийн оролцооноос гадна харилцаа нь ч сайжирч байгааг нь анзаарсан. Би багш хүний хувьд үүнд маш их баяртай байгаа.

Д.Бумхүү: Эцэг хүний хувьд хэлэхэд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мэдээж жирийн хүүхдээс арай илүү хайр халамж шаарддаг. Нэг үеэ бодвол энэ хүүхдүүдэд зориулсан урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд сайн зохион байгууллагддаг болсон. Монголын тусгай олимпийн хороо энэхүү үйл ажиллагаанд маш их хувь нэмэр оруулж байгаа. Спортоор дамжуулан хүүхдийн чадварыг сайжруулна гэдэг нь хүүхэд дан ганц гэр бүлийн гишүүдтэйгээ харьцахаас гадна бусад тамирчид, үе тэнгийн найзтайгаа, жирийн хүүхдүүдтэй, дасгалжуулагч багш нар гээд нийгэмтэйгээ өөрөө шууд харьцаад эхэлдэг юм. Ингээд ирэхээр хүүхдийн харьцаа сайжрахаас гадна зорилготой болж эхэлдэг. 2015 оны тусгай олимпийн зуны наадмаас миний хүү бөөрөнцөгийн төрлөөс Монгол улсын хамгийн анхны тусгай олимпийн медаль болох хүрэл медалийг хүртэж байсан. Үүнээс хойш би хүүхдээ идэвхтэй энэ хөдөлгөөнд оролцуулахаас гадна энэхүү байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжих болсон.

А.Амарбуян:
Манай хүү Тусгай олимпийн Зүүн азийн бүсийн элч төлөөлөгчөөр шалгарсан. Энэ үйл ажиллагаанд бид нилээд эртнээс бэлдсэн. Хүүхдээ тусгай олимп хөдөлгөөнд хамруулснаас хойш хүүхэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, зөвхөн тусгай сургуулийн хэмжээнд харьцах бус олон улсын хөдөлгөөн гэдэг утгаараа нийгэмдээ танигдан гараад ирэх боломжтойг ойлголоо. Манай хүүхэд спортоор хичээллэж амжилт гаргахаас гадна тусгай олимпийн манлайлагч тамирчин хөтөлбөрт хамрагдсан юм. Өөрөөр хэлбэл тусгай олимп нь спортоос гадна хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх өндөр ач холбогдолтой.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд тэгш хамруулахын тулд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй л дээ. Энэ дэмжлэгийг тусгай олимп манай хүүд өгч, өвлийн наадмын үеэр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх сэдвээр илтгэл тавьж үеийнхээ адилхан найз нарынхаа дуу хоолой нь болоод явж байна.

С.Оюун:
Амарбуянгийн хүү Ерөөлт Тусгай олимпийн Манлайлагч тамирчин хөтөлбөрөөр сургалт авснаас гадна энэхүү сурсан сургалтаа Монголдоо бусад найзууддаа дамжуулж заасан шүү дээ.

А.Амарбуян: Хүүхэд ингээд ирэхээрээ гэр бүлээсээ гадна өөрийн гэсэн орчин, өөрийн гэсэн шинэ найзуудтай болдог юм билээ. Жирийн сургуулиудад очиж өөрийн амжилтаасаа гадна тусгай олимпоо танилцуулж яриа хийж их явдаг. Яриа хийж байхад нь анзаарахад ярианы дараа энгийн сургуульд сурдаг жирийн хүүхдүүдийн нүдний харц өөрчлөгддөг. Ярианы өмнө тэдгээр сурагчид “энэ ч яах бол доо” гэх маягаар хардаг бол яриагаа дууссаны дараа тэдний нүд дулаахан, ойлгосон, хүлээн авсан, хайр гэрэлтсэн болдог. Энэ бол нийгэмд өөрсдийгөө таниулж, ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд ч гэсэн өөрсдийн бодол, мөрөөдөл, зорилго байдаг юм шүү гэдгийг ойлгуулж байгаа том алхам.

В.Ганзориг: Манай гариг дээр ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум хүн байгаагийн 200 гаруй сая нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг тухай дэлхийн тусгай олимпийн тэргүүн дурдаж байсан. Монголд маань иймэрхүү судалгаа, тоонууд хэр байдаг вэ?

А.Амарбуян: Манай аутизмийн холбоо бол эцэг, эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан Төрийн бус байгууллага юм. Энэ эмгэг сүүлд танигдаж гарч ирсэн, мөн Монгол дахь оношилгооны асуудлаас болоод манай судалгаа, тоонууд нарийн гарч амжаагүй байгаа. Энэ асуудал дээр эцэг эхчүүдийн идэвх санаачлага маш чухал. 

Ер нь бол дэлхийн нийт хүн амын 1% нь аутизмтай гэсэн ерөнхий судалгаа байдаг. Тэр жишгээр бол Монголд 20000-30000 хүн аутизмтай байх магадлалтай.

С.Оюун: 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тоолох гэж оролдсон боловч яг оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэж нарийн ялгаж чадаагүй. Монголын дауны холбоо мөн л эцэг эхчүүдийн санаачлагаар найман жилийн өмнө байгуулагдсан.  Тэр хүртэл зохион байгуулалтанд орж чадаагүй явсан гэсэн үг. Хүүхдийг оношилж, хөгжлийг нь нарийн тодорхойлдог эмч нар, хэл засалч гэх мэт мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдэж амжаагүй байсан.

Дауны хам шинжийн хувьд ярихад дунджаар 800 төрөлт тутамд газар зүй, яс үндэс, наснаас үл хамааран нэг удаа тохиолддог. Энэ судалгаагаар бол Монголд 20000-30000 хүн аутизмтай. Одоогийн байдлаар дауны холбоонд 200 гаруй хүүхэд бүртгэлтэй байгаа. Төрөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль” баталж, нэг үеэ бодвол ТББ-ууд, эцэг эхчүүд ч идэвхтэй зохион байгуулалтад орж байна. Тусгай олимпоор жишээ аваад тусгай сургуулийн биеийн тамирын хичээлээр “оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр”-ийг зохиож оруулахаар ярьж байна. Энэ өвлийн наадмыг ч гэсэн төр, холбогдох яамнаас их сайн дэмжиж, Засгийн газраас тамирчдад тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Гэсэн ч хийх ажил асар их байгаа.

Д.Одгэрэл: Орон нутгийг төлөөлөөд Орхон аймгаар жишиж ярихад бидэнд мэдээллийн нэгдсэн сүлжээ байхгүй. Ийм сүлжээ байгуулахаар судалгааны шатандаа явж байгаа. 2016 оны тоогоор бол 320 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа гэж гарсан боловч эдний хэд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй вэ гээд задалсан тоо нь хараахан бэлэн биш байна.

В.Ганзориг: Та бүхний ярианаас дүгнэхэд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн асуудал нь тэдний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцаа ба ажил эрхлэлт гэсэн гурван гол асуудал дээр зангидагдаж байна. Эдгээр асуудлууд дээр танай ТББ-ууд төртэй хэрхэн хамтран ажиллаж байгаа бол?

С.Оюун: Эдгээр ажлыг хийхээс өмнө бий болгох нэг чухал зүйл бол бидний хандлага юм. Бид юуны түрүүнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж харьцахаа мэдэхгүй, ойлгохгүй, мэдээлэл дутуугаас болоод буруу ойлголцох, тэднийг дутуу үнэлэх, тэдийг өрөвдсөн эсвэл гадуурхсан байдлаар харьцдаг олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хүмүүс бол бидний л адил хүн. Тэд ч гэсэн өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн мөрөөдөл, аз жаргалтай амьдрах зорилго байдаг. Тусгай олимп дээр харж байхад энэ хөдөлгөөн сайн дурынхан дээр тулгуурладаг юм байна. Бүх эмч нар, оюутнууд, багш дасгалжуулагчид, хувийн хэвшлийнхэн цаг гаргаад, цалин авахгүй ажиллаж тусалдаг. Ингэж хамтаараа ажиллаж байж хандлага өөрчлөгдөх нь байна шүү дээ.

Д.Бумхүү:
Хүмүүсийн хандлага өөрчлөгдөх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эрүүл мэнд, боловсролын асуудлаас гадна оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн асуудал чухал. Тэд ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхлэх чадвартай байдаг. Тэдний онцлогт таарсан ажлын байр бий болгох орчин манайд их дутагдалтай байдаг юм. Иймээс ажил эрхлэлтийн асуудал дээр төр, хувийн хэвшлийнхэн, олон нийтийн байгууллагууд хэрхэн хоорондоо хамтран ажиллаж үр дүн гаргах нь миний хувьд сэтгэл зовоосон асуудал.

А.Амарбуян: Хандлага өөрчлөхийн тулд бидний хийх ажлууд их байгаа. Тэдгээр иргэдийг тэгш хамруулах, олон нийтэд таниулах нь маш чухал. Хүн мэддэггүй юмнаасаа айдаг. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр амьдралдаа огт учирч үзээгүй, энэ талаар ойлголт муутай хүмүүс муу санасандаа бус мэдээлэл байхгүйгээс болж аль болох холхон байхыг боддог. Ойрхон хамт байгаад, таниад ирэхээрээ  хүмүүс аяндаа ойлгоод эхэлдэг. Ойлгосон хүмүүс дэмжээд эхэлдэг. Энэ нь эргээд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын чанарт шууд эерэгээр нөлөөлнө. Намайг хүмүүс тоохгүй байна, ялгаварлан гадуурхагдаж байна гэж тэдгээр хүмүүст санагдахгүй байх нь маш чухал. Иймээс эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтийн асуудлууд дээр тэгш хамруулалт гэдэг зүйл асар чухал юм. Яг ажлын байр гээд ярьвал ээжүүд карьер, ажлаа золиослоод гэртээ сууж хүүхдээ асрах болдог. Аав ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Уг нь тодорхой хэмжээний ажлын байрны боломжууд, нийгмийн халамжийн үйлчилгээ, систем нь байвал ээж нь ажлаа хийхээс гадна хүүхэд насанд хүрээд өөртөө таарсан хөдөлмөр эрхлээд явдаг практик гадны улсуудад байна л даа.

С.Оюун:
Эерэг жишээнүүд хэлмээр байна. Шангри-Ла зочид буудал Монголын дауны холбоотой гэрээ байгуулж бодлогоор хоёр хүүхэд авч ажиллуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 130-р сургууль дотроо оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ангийг нээсэн. Сургуулийн удирдлага маш сайхан ойлгож авч дэмжиж байгаа бөгөөд манай хүүхдүүдийг багаас нь энгийн сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй цуг сурах боломжоор хангаж байна. Биеийн тамирын хичээл дээрээ жишээ нь цуг орж, нэг нэг энгийн хүүхдүүд манай хүүхдүүдийг дааж аваад цуг тоглодог. Ингэж хүүхдүүдийн хандлага багаасаа өөрчлөгдөх нь маш чухал юм билээ. Бусад байгууллагууд ч энэ жишгээр биднийг дэмжиж, хамтран ажиллаж туслаарай гэж хүсч байна.

В.Ганзориг: Дэлхийн Тусгай олимпийн үндсэн философи нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хүмүүнлэгийн хөдөлгөөн юм гэж гүйцэтгэх захирал нь хэлсэн байдаг. Энэ чиглэлээрээ Монгол улс гадны улсуудын жишигт хүрэхэд дахиад хэдэн жилийн ажил байгаа бол?

А.Амарбуян:
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах ёстой гэж дэлхий даяар олон жил ярьж байгаа боловч бодит үр дүн хангалттай гарахгүй байгаа. Монголын хувьд нарийн хугацаа ярих хэцүү байх. ТББ-ууд нэгдэж, хамтарч ажиллах, олон улсын хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцох нь чухал байна.

Д.Бумхүү:
Жишээ нь энэ Австри улсын жишигт хүрнэ гэхэд би бас хугацаа хэлж чадахгүй. Ямар ч байсан эцэг эхчүүдээс их зүйлс шалтгаална. Тэдэнд хандаад онцолж хэлэхэд хүүхдээсээ битгий ич, тэднийг гэртээ битгий нуу гэж хэлмээр байна. Бид хүүхдүүдээ нийгэмд таниулж байж л тэд бидний хүүхдийг өөрсөдтэй нь адилхан хүмүүс гэж ойлгож хүлээн зөвшөөрнө шүү дээ. Хүн бүр дор бүрнээ хандлагаа өөрчилж чадвал Монгол шиг өнөр өтгөн амьдрах дуртай, бие биеэ тусалж дэмнэж амьдардаг улсад дороо сайхан эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

Д.Одгэрэл: Олон нийтийн оролцоог сайжруулахаас гадна эцэг, эхчүүдийн өөрсдийн оролцоог нь идэвхжүүлэх нь чухал. Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооны сүүлийн жилүүдэд хийсэн гол ажлуудын нэг нь эцэг эхчүүдийнхээ нийгмийн даатгалыг төлүүлдэг болсон. Нэг үеэ бодвол төр засаг ч гэсэн энэ асуудлыг ойлгож анхаардаг болж байгаад баяртай байгаа. Ажиллаж байгаа олон ТББ маань эвлэлдэн нэгдэж ажиллавал улам их амжилтад хүрнэ гэж боддог. Ирээдүйг би өөдрөгөөр харж байгаа.

В.Ганзориг: Та нар бүгдээрээ ТББ үүсгэн байгуулж, удирдах зөвлөл ба гүйцэтгэх удирдлагад нь ажиллаж байгаа туршлагатай хүмүүс. Ямар ч ТББ-ын нэг том сорилт нь санхүүжилтийн асуудал байдаг. Тийм ч учраа бид спонсорууддаа талархах ёстой болов уу.

С.Оюун: Дэмжлэг туслалцаагүйгээр ямар ч ажил явахгүй. Хувь хүмүүс, компаниуд, төрийн байгууллагууд бүгдээрээ биднийг дэмжиж энэхүү өвлийн наадамд илгээсэн. Тэдэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Австрийн өвлийн олимпод оролцож байгаа хүүхэд залуус бараг бүгдээрээ анх удаа гадаад улсад ирж, анх удаа онгоцонд сууж үзсэн. Ихэнх нь амьдралын амаргүй нөхцөлд сурч, ажиллаж, амьдардаг гэр бүлүүдээс гаралтай тамирчид хүүхдүүдийг бид сонгосон. Иймээс энэ олон хүүхдийн нүдийг нь нээж, амьдралыг нь өөрчилж, маш олон хүмүүсийн хандлагыг нь бодитоор өөрчилж чадаж байгаа шүү гэж биднийг дэмжсэн байгууллага, спонсорууддаа баг тамирчдынхаа өмнөөс хэлмээр байна. Мөн цаашдаа ч гэсэн бидэнтэй хамтран ажиллаарай гэж хүсч байна.

В.Ганзориг: Олон нийтэд мэдээлэл хүргэх, хандлагыг нь өөрчлөхөд хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэгтэй байдаг. Манай нэвтрүүлгийн энэхүү тусгай дугаарыг хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа Тесо корпораци, Голомт банк, Туркиш эйрлайнс, Сүү ХК-иуд болон Мэдээллийн ивээн тэтгэгчид болох ikon.mn, gogo.mn, trends.mn VTV телевиз зэрэг сувгууддаа онцгойлон талархалаа илэрхийлж байна. Хамтдаа бүгдээрээ нэгдэн ажиллаж, олон нийтийн хандлагыг өөрчилж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Дахин баярлалаа!