Оролцоотой төсвөөрөө алдартай аз жаргалын боомтынхон
2017 оны 4 сарын 17 [Уншсан тоо: 46004]




“Ардчиллаа иргэдийн шууд оролцоогоор авран хамгаалъя”

Порто Алегре бол Бразилийн өмнөд хэсэгт орших Рио Гранже до Сул мужийн нийслэл. Монгол хэлнээ “Аз жаргалын боомт” хэмээх утгатай энэхүү ногоон байгууламжаар хүрээлэгдсэн хот нь 1,5 сая оршин суугчидтай. Засаг захиргааны нэгж нь 17 дүүрэг, 83 хороодод хуваагдана. Энэ даруухан хот иргэдээрээ төсвөө шийдүүлдэг, шууд ардчиллын өлгий хот гэдгээрээ дэлхийд нэрд гарчээ. 1990 оноос хойш төсвийн зарцуулалтаа оршин суугчид нь шийддэг болсноос хойш эдүгээ 27 дахь жилтэйгээ золгож буй.

Хотын жилийн төсвийн 40 хувь нь албан хаагчдын цалин, захиргааны зардалд, 30 хувь нь боловсролд, 20 хувь нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт тус тус зарцуулагдах хуультай. Харин үлдсэн 10 хувь буюу 600 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсвийг юунд  зарцуулахаа зөвхөн оршин суугчид нь мэддэг аж. Жил бүхэн  иргэдээс хамгийн олон санал авсан асуудлуудад тэргүүлэх ач холбогдол өгөн санхүүжүүлдэг байна.

Оролцоотой төсвийн үр дүнг үнэлж баршгүй. Тус санаачилгыг хэрэгжүүлсэн эхний долоон жилд гэхэд цэвэр бохир усны төвлөрсөн шугамтай холбогдсон өрхийн тоо 46 хувиас 95 хувь болтлоо нэмэгдсэн гэнэ. Шинээр зам тавих ажил тав дахин өссөн бөгөөд дийлэнх нь гэр хороололд хийгджээ. Нялхасын эндэгдэл болон сургууль завсардалт богино хугацаанд огцом буурсан байна. Түүнчлэн хотын татвар төлөлт эрс нэмэгдэж, төсвийн төвлөрөлт сайжирсан нь хотын захиргаандаа иргэд итгэх болсоны баталгаа болжээ.

Иргэдийн шийдвэр эцсийнх байхыг шууд ардчилал хэмээнэ

Порто Алегре хотод жил бүр оролцоотой төсвийн санал хураалтыг зохион байгуулдаг. Дүүрэгт шаардлагатай байгаа усан хангамж, зам засвар, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэг барих, өрхийн эмнэлэг, нийтийн тээвэр, хөгжлийн төв, орон сууц зэрэг 19 асуудлаас хамгийн чухал гэж үзсэн дөрвөн асуудлаа оршин суугчид сонгох эрхтэй. Санал хураалтын дүнд иргэдээс хамгийн олон санал авсан дөрвөн асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулан дараа жилийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэдэг байна.

Иргэдийн санал хураалтаар нэгэнт асуудлыг шийдвэрлэсэн бол түүнийг ямар ч дарга өөрчлөх эрх байхгүй. Ийнхүү иргэдийн гаргаж байгаа шийдвэр эцсийнх байхыг бид шууд ардчилал хэмээн нэрлэдэг. Шууд ардчиллын энэхүү тогтолцоо нь манайхны уламжлалт ойлголтоос тэс өөр тул эхэндээ ойлгоход жаахан төвөгтэй байж магад. Тухайлбал: Манайд орон нутгийн ИТХ төсвөө шийдэн батлах эрх мэдэлтэй бол харин Порто Алегре хотын хувьд иргэд нь өөрсдөө шийдэх эрхтэй. Иргэдийн гаргасан шийдвэрийг ИТХ нь зөвхөн ёсчлон батлаж, хотын захиргаа нь хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.

Тийм ч учраас тэнд аль ч шатны сонгуульд нэр дэвшигчид “намайг сонговол тойрогтоо худаг ус гаргана, зам тавина, гүүр барина, сургууль, цэцэрлэг байгуулна” гэж амлах шаардлагагүй. Нэгэнт иргэд өөрсдөө мэдээд шийдчих асуудлыг өмнөөс нь шийдэх гэж улс төрчид нь сонгуульд өрсөлддөггүй. Харин тэд иргэдийнхээ эрх мэдлийг улам өргөжүүлэх, төсөв хөрөнгө нэмэгдүүлэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр илүү хариуцлага хүлээдэг.   

Шууд ардчиллын манаач


Иргэд  бие даан шийдвэр гаргах нь сайн хэрэг ч тэдний гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангахгүй бол үр дүн гарахгүй. Оромдсон оролцоо шууд ардчиллын нэр хүндийг унагаж, хүмүүсийн урмыг хугална. Чухам эндээс л иргэдийн шийдвэрийн хэрэгжилтэд хэн хяналт тавих вэ, хэн хотын захиргаатай хариуцлага ярих вэ, хэн иргэдэд тайлагнах ажлыг зохион байгуулах вэ? гэсэн асуултууд аяндаа  тулгарч, тэр бүхэнд хариулах хэрэг гардаг. Товчоор хэлбэл шууд ардчиллыг хэн сахин манах вэ? гэсэн тулгуур асуудал юм. Яг үнэндээ иргэд өөрсдөө сахин манахгүй бол олон нийтийн санаачилга дүр эсгэсэн ардчилал болон хувирах аюултай.

“Шийдвэрээ ч бид гаргана, хэрэгжилтээ ч бид хангана” гэсэн зарчимтай “Иргэдийн төсвийн хороо”-г иргэдээсээ байгуулж шууд ардчиллаа манадаг. Тэднийг төсвийн төлөөлөгчид хэмээн нэрлэнэ. 17 дүүргээс нийт 68 төсвийн төлөөлөгч сонгогдох ба дээр нь байнга сонгогдох Үйлдвэрчний эвлэл болон хотын иргэдийн холбоодын төлөөлөгч нараас бүрдэнэ. Энэ хороо нь та бидний мэдэх ИТХ-ын төсвийн хорооноос огт өөр бүтэц шүү. Улс төрийн намын нөлөөллөөс ангид, олон нийтийн өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан хяналтын механизм бөгөөд ИТХ-ыг давхар манах үүрэгтэй. Манаачийг манаж байж л шударга ёс хэрэгжинэ шүү дээ.  

Иргэдийн төсвийн хорооны үүрэг бол иргэдийн санал хураалтын үр дүнд эрэмбэлэгдсэн асуудлыг хэрэгжүүлэх төсвийн хуваарилалтыг хийхэд оршино. Тэд төсвийг хуваарилахдаа дараах шалгуурыг баримтлана. Үүнд: Олон санал авсан асуудлын эрэмбэ, дүүргийн хүн амын тоо, алслагдмал хэсэг, амьжиргааны төвшин зэрэг юм. Товчхондоо нийгмийн тусламж хэрэгтэй ядуу хэсэгт бусад газраас илүүтэй төсвийг хуваарилахыг эрмэлзэнэ гэсэн үг.

Иргэдийн төсвийн хороо нь хотын захиргааны мэргэшсэн ажилтнуудтай хамтран ажиллаж, төсвийн хуваарилалтаа хийсний дараа хотынхоо ИТХ-д танилцуулан батламжлуулна. Тус хороо бүтэн жилээр сонгогдон ажиллах бөгөөд энэ хугацаанд хотынхоо хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад хяналт тавих, хотын агентлагын дарга нарыг хуралдаа урин ирүүлж тайлбар авах, хотын захиргаанд асуулга явуулах зэргээр долоо хоног бүр завгүй хуралдана. Хорооны төлөөлөгчид нь сайн дурын сонгуульт ажилтан тул цалин хангамж авахгүй. Тийм ч учраас тэд хотын захиргаанаас хараат бусаар ажиллаж чаддаг бололтой. Харин тэдэнд хотынхоо Засаг даргыг хуралдаа дуудан ирүүлж, хариуцлага нэхэх томоохон эрх мэдэл бий. Түүнчлэн төсөв ба төсвийн тодотголыг батлахдаа заавал “Иргэдийн төсвийн хороо”-нд танилцуулж, дэмжлэг авсан тохиолдолд ИТХ нь батлах эрхтэй болдог аж.

Дахиад тайлбарлая. Хэрвээ манайд ИТХ нь сонгогчдынхоо өмнөөс эцсийн шийдвэр гаргах эрхтэй гэж ойлгодог бол тэнд эхлээд сонгогчдынхоо саналыг тусгаж, зөвшөөрөл авсаны дараа шийдэх эрхтэй болдог аж. Ард түмэн бол төрийн эрх мэдлийн эх сурвалж мөн. Төлөөллийн ардчиллаар дамжуулан засаглах нь иргэдийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагаа болохоос биш эрх мэдлийг бүрэн шилжүүлэн авсан хэрэг ердөө ч биш гэдгийг Порто Алегре хотын засаглалаас ойлгож болно.        

Мэдээлэлтэй иргэд мэдлэгтэй, мэдлэгтэй иргэд эрх мэдэлтэй


Хотын захиргаанд долоон хүний бүрэлдэхүүнтэй “Мэдээллийн хэлтэс” ажиллана. Байгуулагдаад 10 жил болж буй энэ хэлтсийг “мэдээлэлжүүлэх тархи” хэмээн нэрлэж болохуйц. Тэд хотынхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн 180 шалгуур үзүүлэлттэй амьдралын чанарын судалгааг жил бүр гаргана. Дүүрэг бүрээр гаргах тул харьцуулан харж, аль дүүрэгт нийгмийн ямар асуудал тулгамдаад байгааг мэдэж болно. Тухайлбал: таны амьдарч байгаа дүүрэгт цэвэр усны хангамж бусад дүүрэгтэй харьцуулахад ямар төвшинд байгаа, хүүхдийн сургууль завсардалт, ажилгүйчүүд, орон байргүй иргэдийн тоо гэх мэт бүгд харагдана. Хотын цэцэрлэгийн байршлын тархалтыг товчлуур ганц дараад л харж чадна. Цэцэрлэг тус бүрийн багш, хүүхдийн тоо, төсвийн зардал ч гарна. Эдгээр мэдээлэл нь хотын иргэдэд тулгамдсан асуудлыг олж харах, юунд төсөв зарцуулах тухай шийдвэрээ зөв гаргахад юунаас ч илүү тустай байдаг аж. Мэдээлэлтэй бол мэдлэгтэй, мэдлэгтэй бол мэдэлтэй гэдэг энэ буюу.   

Иргэдийн шууд оролцоо ардчиллын баталгаа болдог


Ардчилсан удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн хоёр хэлбэр бол төлөөллөөр дамжуулах, эсвэл иргэд шууд оролцон шийдвэр гаргах явдал юм. Үүнийг бид төлөөллийн ардчилал болон шууд ардчилал хэмээн ялган нэрлэдэг.Төлөөллийн ардчиллын жишээ бол орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн. Учир нь иргэдийн өмнөөс төлөөлөн шийдвэр гаргах тодорхой эрх мэдэл тэдэнд сонгуулиар шилжин очсон байдаг. Харин шууд ардчиллын тод жишээ бол Порто Алегре хотын иргэд төсвөө юунд зарцуулахаа шууд оролцон шийдэж байгаа явдал. Энэ тухай тус хотын нэгэн иргэн -“Би өөрөө шийдээд байгаагаа мэдрээд байгаа бол шууд ардчилал юм. Харин миний өмнөөс хэн нэгэн нь (миний сонгосон болон эс сонгосон) шийдээд байгаа бол төлөөллийн ардчилал” хэмээн харьцуулан хэлсэн байдаг. Төлөөллийн ардчилал ч, шууд ардчилал ч тэр өөрийн давуу болон сул талтай. Харин хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тэр тусмаа ардчиллыг шинээр хөгжүүлж байгаа улс оронд төлөөллийн ардчиллын байгууламж иргэдийг төлөөлөх биш харин улс төрийн намынхаа, бүлэглэлийнхээ явцуу эрх ашгийг төлөөлчих гээд байдаг. Эсвэл сонгогчдынхоо шийдвэр гаргах бүхий л эрхийг нь булаагаад авчихдаг сул талтай. Ардчилсан нийгмийн засаглал бол иргэдийнхээ нийтлэг хүсэл зорилгод захирагдах ёстойгоос бус тэднийг төлөөлсөн хэдхэн хүний ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөөх талбар болж болохгүй. Чухам тиймээс Порто Алегре хотын оролцоотой төсвийн санаачилга “Ардчиллаа иргэдийн шууд оролцоогоор авран хамгаалъя” гэсэн уриатай эхэлж байсан түүхтэй.

Эдүгээ НҮБ болон Дэлхийн Банкнаас гаргасан орон нутгийн сайн жишээгээр тодорсон Порто Алегре хотын туршлагыг дэлхийн хэдэн зуун хот нутагшуулж байгаа мэдээ бий. Үүнд: АНУ, Канад, Франц, Герман, Аргентин, Перу, Колумби, Боливи, Хятад болон Бразилийн бусад хотуудыг нэрлэж болно. Өнгөрсөн онд гэхэд Дани улс тэдний зөвлөхүүдийг урин туршлагыг нь нэвтрүүлэх тухай хүсэлтээ илэрхийлсэн гэнэ билээ. Тэгэхлээр Порто Алегре хотын оролцоотой төсвийн санаачилга аль хэдийнээ дэлхийн хаягтай болон хаяагаа тэлсээр байна. Монгол Улсад ч гэсэн орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг иргэдээрээ шийдүүлдэг болоод хэдэн жилийн нүүр үзлээ. Өөрийн арга туршлага, алдаа оноогоо ярилцан энэхүү хоттой хамтран ажиллах, харилцан туршлага солилцох хүсэл манайханд ч бий. Нийслэлийн ИТХ-ын даргын энэхүү хүсэлтийг өнгөрсөн хавар Порто Алегре хотын дарга талархан хүлээн авсан байгаа болно. Өөрсдийнхөө бүтээсэн нийгмийн баялгийн арга туршлагаасаа хуваалцана гэдэг хотуудын хувьд эрхэм дээд нөхөрлөл байх болов уу.  

Иргэд нь эрхтэй болсон газарт л иргэний ардчилсан нийгэм хөгждөг. Иргэдээ халамжийн хамааралд оруулах уу, эсвэл бүтээн байгуулагчид болгон эрх мэдэлжүүлэх үү гэдгийг орон нутгийн засаглалаар шийдэж болох ийм нэгэн туршлага энд байна. “Энэ бол миний хот, миний дүүрэг, миний гудамж! – Би үүнийг байгуулсан юм” хэмээн Аз жаргалын боомтынхон бахархалтайгаар өгүүлэх нь үүний тод жишээ билээ.

Ч.СОСОРМАА