Сүр хүчний гайхамшиг буюу “Бүрэн зураглал”
2017 оны 5 сарын 10 [Уншсан тоо: 58583]



Хурд хүчний гайхамшиг... гээд олонд хоногшсон сурталчилгаа байдаг. Яг үүн шиг сүр хүчний гайхамшгийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үзүүлэв. Монголын нэртэй аварга, уяач, харваач, түүх судлаач, улстөрч бүр залуусын мода болсон одод, Next top model нэвтрүүлгийн шуугиант оролцогч гэхчилэн дутуу нь үгүй “бүрэлдэхүүн”-ээр түүх соёл, Улаанбаатар хотын төв талбайг хэчнээн гоё “пилтадсан” хийгээд 300 гаруй жилийн түүхэнд Монголын нийслэл анх удаа цагтай болсон тухай, үүнээс үүдэн хүмүүс цаг баримталдаг соёлд суралцсан, Монгол дуунд зориулж хөшөө босгосон этр гэх мэтчилэн “чулуучин” гэдэг цолыг шинээр дагуулсныг эс тооцвол үнэхээр гайхам төгөлдөр энэ нэвтрүүлгийг та бүхэн санаж байгаа байх. Ер нь ойрын хэдэн жилдээ л мартагдахгүй болов уу.



Энэхүү дутуу нь үгүй Бүрэн “зураглал” нэвтрүүлгийн хамгийн оргил хэсгийг энэ зураг илэрхийлнэ. “АПУ”-гийн Батсайхан, “Голомт”-ын Баясгалан, “Макс” Ганбаатар, MSC Оджаргал-зүгээр л Монголын бизнесийн ертөнц тэр чигээрээ гэсэн үг. Угаасаа улстөрч бизнесмэн хийгээд одоо Эрдэнэтийн 49 хувиар “элэгдүүлчихээд” байгаа Худалдаа хөгжлийн банкныхныг эс тооцвол. 

Монголын тэргүүн дөрвөн баян ба Миеэгомбын Энхболд. Үнэхээр супер зураг. Ялсан намын даргын дэргэд “пианер”-ийн гишүүн шиг эгнэн зогссон Монголын шилдэг СЕО нар. Тэр тусмаа зүгээр нэг нэвтрүүлэгт гүйж ирээд оролцчихдог хүмүүс биш шүү, тэд.

Гэтэл энэ удаад Монголын нөгөө том захирлууд дуулгавартай байна гэж жигтэйхэн   Тэд Энхболд газрын наймаа огтхон ч хийгээгүй тухай ам нийлэн баталж, энэ сайхан газрыг сохор зоос авалгүйгээр тэдэнд өгсөн талархал илэрхийлэх. Харин “манай гол дүрийн баатар” дундуур нь нэлээд буурьтайгаар “Ер нь тэгээд төр засгаасаа та нар юу хүсмээр байна”, “Энэ асуудал дээр бид зарчмын хувьд байр суурь  нэг байна гэж ойлгож байна, тийм үү” гэхчлэн лавлаж асуух. Зүгээр л “Асуудлыг би шийднэ ээ, за” гэж хааны дүрийг харуулах мэт.

Товчхондоо М.Энхболд “Монголын дөрвөн баян миний талд байна. Мөнгөөр дутна гэж үгүй, за” гэж харуулав. Хүмүүс атаархан шүлс унагаж “Энэ сонгууль М.Энхболдынх болов” гэж шүүрс алдав.

Ерөөсөө “Бүрэн “зураглал” бүтнээрээ аархал, бяр хүч амсуулав. Эхэндээ ийм нэвтрүүлэг “өргөн фронт”-оор цацагдахад МАН дотор нэр дэвшүүлэлтийн тулаан дуусч, М.Энхболд нэр дэвших нь баараггүй болов гэсэн дохио болов гэлцсэн. 

Харин одоогийн “өндөрлөг”-өөс харахад тусмаа М.Энхболд, магадгүй дээр дурдсан дөрвөн эрхэм АН-ын гишүүд өөрсдөө ч мэдэж амжаагүй байсан нэр дэвшигчийг баталгаатай мэдсэний “үндсэн” ингэж үгээ нэгтгэсэн мэт. Давтан хэлье. Тэд зүгээр ч нэг нэвтрүүлэгт тэр тусмаа дөрвүүлээ хөтлөлцөөд гүйгээд оччихдог хүмүүс биш. Бүр ганц, ганцаараа ярилцлага өгөх нь ховор. Ийн нэгдсэний тэр тусмаа ардчилсан хувьсгалд хөтлөлцөөд орж байсан Д.Баясгалан санаа алдан байж Э.Бат-Үүлийгээ муулж, MSC-ийн Ж.Оджаргал “ирээдүй”-н ерөнхийлөгчид хоёрантаа талархал илэрхийлсний учир АН-аас Х.Баттулга нэр дэвшихээр болоход тодорхой болов.

MSC-ийг “Ухаа худаг”-ын төлөө, засмал зам тавьсны төлөө, за нөгөө алдарт төмөр замын маргаанаар Х.Баттулгын том дайсан гэдгийг хэн ч хэлүүлтгүй мэднэ. Нэгэн цагт атгасан гар шиг явсан УИХ-ын гишүүн асан М.Зоригт, тухайн үед Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэгдэж байсан Л.Болд нартайгаа тангараг тасарсан  “Голомт”-ын Д.Баясгалан Э.Бат-Үүлийг нэр дэвшихгүй нь гэдгийг, Х.Баттулга сөрж зогсож, С.Эрдэнэ, З.Энхболд нар түүнийг дэмжиж, гишүүдээ хайрцаглаж байна гэсэн мэдээлэл тархахаас өмнө энэ нэвтрүүлэгт оролцох болсон нь ч гайхалтай. 

Харин АПУ-гийн хувьд ах Г.Батхүү төмөр замын эсрэг гэгдээд “Тангаргийн буг” хэмээх үзэхээс ч аймаар нэвтрүүлгээр насандаа мартамгүй гөвүүлсэн. Аймаар муухай сахиус ярзайгаа л, ноцтой хөгжим цочтол чахраа л, Шанзадва Бадамсүрэнг шүтээндээ хорлогдож үхсэн шахуу тайлбар хэлж хээр хаягдсан хэний ч юм цогцосны зургийг үзүүлээд л ер нь л аймаар нэвтрүүлэг. Үүний төлөө Г.Батхүү, П.Батсайхан нар насаараа шүдээ зуухад нэг их гайхах юм байхгүй. Тэр тусмаа П.Батсайханы тэр жил Осгонбаяр хэмээх ламыг бясалгалаас гарч ирэхэд нь алгадуулж байсан видеог харуулж, Шүгдэнгийн хэмээх бузар урсгалд идэгдсэн, сүнсээ худалдсан ч гэх маягийн зураглал явсан. Яг энэ нэвтрүүлгийн талаар Зава Дамдингийн хойд дүр хэмээх Осгонбаяр лам Сэтгүүлч Болдкогийн ярилцлагад орохдоо “Женкогийн Баттулга, “Херо”-гийн Баатар хоёрын хийсэн Тангаргийн буг гээд нэвтрүүлэг... Хүний шүтээнийг ингэж доромжилж болдог юм уу? Монгол Улсад хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрхтэй биз дээ” гэж тэр ууртайгаар мэдэгдсэн. Үүний үргэлжлэл болж, саяхан Монголын үндэсний телевизээр Осгонбаяр ламын нэлээд бачимдуу ярилцлага гарч, хойноос нь “Цензургүй яриа”-гаар лам хүн дэлгүүр нээж, шуналдаа хөтлөгдөж болдог эсэх талаар болгоомжтой асуусан нэвтрүүлэг явсан сценери энгийн, ойлгомжтой байгаа биз дээ.

Одоо цаашдаа юугаар үргэлжлэхийг, эсвэл үргэлжлэх эсэхийг таашгүй. Осгонбаяр лам хэл амны бай болоод байгаа үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн тухайгаа “Мөнгөтэй хүмүүс надад мөнгө өгөөд зөвхөн надад, миний гэр бүлийн төлөө үйлчил гэж байна. Тэгвэл би тэр мөнгийг чинь өөрөө олж чадна за. Тэр дэлгүүрийг би чигчий хуруугаараа ажиллуулна” гэж ууртайгаар хэлсэн нь ч нэгийг өгүүлэх байх. Ярилцлага ч аюулын догшин, ууртай болсон. Тэр өмнөх ярилцлагаараа Шүгдэнг харлуулдаг хүмүүс байгааг бас л ууртайгаар хэлсэн. Хар цагаан, зөв буруу эсэх тухай энд шүүн хэлэлцэх илүүц биз.

Ер нь тэгээд Шүгдэнгийн хэмээх урсгалыг хараах, зүхэх, үзэн ядах зохион байгуулалттай гэмээр үйлдлүүд хаанаас эхтэй гэдгийг таамаглаж болохоор. Гэтэл...Магадгүй энэ ойрын өдрүүдэд ширүүсэх болов уу гэхээс айдас хүрнэ. 
 
Цаашаа шашны урсгал, сүсэг бишрэл, багш шавийн хагаралдаан...Улстөрийн тэмцэл үнэндээ бол жирийн л нэг сонгууль бизнес, шашны хүрээг хүртэл хамрах хэмжээний байдал үүсээгүй байгаасай, Монголд гэж л залбирахаас

Хөрөнгө мөнгө гэдэг үүднээсээ одоо АН-д ганцхан ХХБ л байгаа. Гэхдээ Монголын хамгийн том хүнсний үйлдвэрүүд, хамгийн том зочид буудал тэргүүтэн чамгүй бизнестэй Женко хөрөнгөөр дутна ч гэж юу байх вэ? Гэвч энгийн олонхид эх оронч, үнэнч төрхтэй Х.Баттулга Монголын бизнесийн ертөнцөд айдас төрүүлж байгаагийн илэрхийлэл дээр өгүүлсэн бизнесийн дөрөв+М.Энхболд нэгдэл болов уу. Энэ л их айдас.

Ямар айдас гэж үү?

Хурд хүчний, үгүй ядахдаа сүр хүчний гайхамшиг, өрсөлдөөний айдас л лав биш байх. Талцал хонзогнол, өш авалт, хуваагдал, эсвэл хутган үймүүлэлт, бужигнаан... Ямар айдас гэж та бодож байна?
 
А.АЛТАНТУЯА