Breaking Bad
2017 оны 5 сарын 15 [Уншсан тоо: 55923]








Та бүхэнд 2008 онд 1 дүгээр сараас AMC кабелийн сувгаар гарсан таван бүлэг 62 ангитай BREAKING BAD киног санал болгоё. BREAKING BAD кино наадмуудаас нийт 137 шагнал хүртсэн. Metacritic сайтад 100-аас 99 оноо авч Гиннессийн номд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан киногоор бүртгэгджээ. Тус киног 10.2 сая хүн үзсэн нь цуврал тв-ийн шоуны түүхэнд урьд үзэгдээгүй статистик юм.

BREAKING BAD-ийн зохиолч, найруулагч Винс Гиллиган (Vince Gilligan) 1985 онд Нью- Йоркийн их сургуулийн оюутан байхдаа Home Fries кино зохиолоо бичсэн. 1998 онд уг зохиол кино болсноор тухайн жилээ Virginia Governor"s Screenwriting Award наадмаас шилдэг киноны зохиол шагнал хүртжээ. Тус наадмын шүүгчээр ажилласан Марк Жонсон түүнийг “Винс Гиллиган бол миний мэдэх кино зохиолч нар дотроос хамгийн сайн сэтгэгч, санаачлагч” хэмээн үнэлжээ. Хожим X-Files цувралын зохиолч Крис Картертай  танилцуулснаар Винс Гиллиган X-Files цувралын 29 ангийг бичиж 100 гаруй ангид нь продюсороор ажилласан нь түүний анхны томоохон ажил байв. Дараагийн кино зохиолоо эерэг дүр явцдаа эсрэг болон хувирахаар төлөвлөсөн нь BREAKING BAD юм. Киноны гол дүр Волтэр Вайтыг дунд сургуулийн жирийн багшаас ухаалаг гэмт хэрэгтэн болдог тул зохиолч санасандаа хүрсэн гэж үзэж болно. Найзтайгаа ажилгүйдэл өсч байгаа талаар ярилцахдаа “Аялалын автобусыг лаборатори болгон тоноглож мансууруулах бодис хийгээд АНУ-ын мужаар явж борлуулбал ашигтай” хэмээн ярьсан хошин ярианаасаа сэдэвлэсэн гэдэг.

ҮЙЛ ЯВДАЛ

Бид Волтер Вайттай (Bryan Cranston) 50 насных нь ойгоор танилцана. Дунд насны хямралд автсан жирийн нэг химийн багш. Гэр бүлийн бүх шийдвэрийг эхнэр Скайлер (Anna Gunn) атгажээ. Хүүдээ хулчгараараа дуудуулж, сургуульдаа хүндлэл хүртээгүй багш хорт хавдартай болсноо мэдснээр үйл явдал эхлэнэ. Эмчилгээний зардал цаашлаад гэр бүлийнхээ амжиргааг залгуулахын тулд мансууруулагч метамфетамин үйлдвэрлэх санаа төрж өөрийн сурагч асан Жесси Пинкмантай хоршин яван явсаар гоц ухаантай, аймшигт гэмт хэрэгтэн болж хувирдаг. Үйл явдал 62 ангид өрнөдөг ч таныг огт уйдаахгүй гэдгийг Metacritic-ийн үзэгчдийн хандалт, үнэлгээ өссөн нь батална.



ҮР ДАГАВАР

BREAKING BAD кино гарснаар амьдралд олон сайн муу үр дагавар үзүүлсэн ч гэмт хэргийн ертөнцөд их нөлөөлжээ. Их Британи, Европт метамфетамины эрэлт огцом өссөн. Түүний дотор 2014 онд ХБНГУ-д А зэрэглэлийн мансууруулагчид багтдаг метамфетамины хэрэглээ 51 хувь өсчээ. Их Британийн хилээр 2013 онд хууль бусаар метамфетамин нэвтрүүлэх гэсэн оролдлого 400 хувиар нэмэгдсэн. Мансуурлагч борлуулагчид тус кино дээр гардаг шиг хүнсний цэнхэр будагчаар өнгийг нь хувирган зах зээлд нэвтрүүлэх болжээ. Мөн гэмт хэргийн хохирогчийг хүчилд уусгах, АНУ-ын зарим сургуулийн багш сурагчиддаа хар тамхи худалдах явдалч ч гарсан. Түүгээр үл барам аяллын автобус тоноглож мансууруулагч үйлдвэрлэн борлуулдаг бодит Волтер Вайтууд ч баривчлагдсан юм. БНХАУ-д Волтер Вайтын автобусыг дуурайлган тоноглож хээр гарч метамфетамин чанадаг хоёр этгээд 2014 онд баривчлагдсан байдаг. Киноны дунд хэсэгт Волтер Вайтын хүү аавынхаа эмчилгээнд зориулан хандивын вэб хуудас ажиллуулж мөнгө олдог. Энэ вэб хуудсыг (SaveWalterWhite.com) киноны багийнхан 2009 онд бодитоор байршуулсан байдаг. Уг хандивын дансанд 2012 онд 125 000 доллар цугласныг кино багийнхан “Хавдрын эсрэг үндэсний төв”-д шилжүүлжээ. Мөн кино зураг авсан Альбукерке хотыг үзэх жуулчдын тоо хэдэн зуу дахин өссөн учир Хотын захиргаа тусгай автобусаар зураг авсан 13 байршлаар 3.5 цагийн аялал зохион байгуулдаг болжээ. Волтер Вайтын гэрийн зургийг авсан байшингийн жинхэнэ эздэд одоо болтол тайван амьдарч чадахгүй байгаа. Кино дээр Волтер Вайт дээвэр рүүгээ пицца шиддэг хэсгийг саваагүй жуулчид дуурайж өнөө хэр пицца шиддэг.

Кино гарч дууссан хойно тус киноны фанат Альбукерке хотын дунд сургуулийн химийн багш Дэвид Лейман Albuquerque Journal -д Волтер Вайтад зориулан эмгэнэл хэвлүүлжээ. Ингээд зогсохгүй оршуулгыг нь Albuquerque"s Sunset Memorial Park-д зохион байгуулахад эмгэнэл илэрхийлэхээр ирсэн хүмүүс 17 000 доллар хандивласан гэдэг. Харин түүнийг нь орон гэргүй хүмүүсийн тусламжинд хандивлажээ.

“Хайзенбэрг гэгдэгч Волтер Вайт нь Альбукерке хотод  52 жил амьдарч олон жилийн турш тэмцэлдсэн уушигны хорт хавдар болон суманд өртсөний улмаас биднийг орхилоо. Волтер Вайт “Саарал бодис” компанийг үүсгэн байгуулагч, хотын дунд сургуульд химийн багш, тунгалаг метамфетамин үйлдвэрлэгч гүрнийг үүсгэн байгуулсан юм. Түүний эхнэр Скайлер Ламберт, хүү Волтер Флинн, охин Холли болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эмгэнэлийн цэцгийн оронд та бүхэн хандив өргөвөл мансууруулах бодисын хамаарал судлахад зарцуулна”

Зураг авалтын дундуур гол дүрийн жүжигчин Брайн Крэнстонд тархины хорт хавдар тусаад долоон жил болсон 16 настай Кевин Кордаско хүүгээс захидал иржээ. Хүү захидалдаа BREAKING BAD киног шүтэн бишрэгч, Волтер Вайтын зовлонг хамгийн сайн ойлгож байна гээд боломжтой бол ирж уулзана уу гэдэг хүсэлт явуулсан байна. Брайн Крэнстон эхний удаа хүүтэй ганцаараа очиж уулзаж ярилцаад дараа гол дүрийн жүжигчид болон зохиолч, найруулагч Винс Гиллигантай дагуулан очиж ярилцсан нь найруулагчид гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Винс хүүтэй киноны талаар удаан ярилцаж, хүүгийн санааг сүүлчийн бүлгийн 8 ангид тусгажээ. Найруулагч Кевин хүүг сүүлийн бүлгийн олонхийн хэсэгт тоглох санал тавьсан ч бие нь муудаж тоглож чадаагүй юм. Найруулагч сүүлийн хэсгийн үйл явдлыг ярьж өгөхөд бэлэн байсан ч Кевин гарахаао нь үзэх хүсэлтэйгээ хэлжээ. Харамсалтай нь хүү тавдугаар бүлэг гарахаас хэдхэн хоногийн өмнө нас барсан байдаг.

Hollywood-ын алдарт жүжигчин Самуэл Жексон (Samuel L Jackson) тус кинонд дуртай. Тэгээд зогсохгүй найруулагч Винс Гиллигантай санаандгүй тааралдаж киноны  олны хэсэгт ч хамаагүй тогломоор байгаагаа ярихад Винс дуртай зөвшөөрчээ. Гэвч нөхцөл бүрдэхэд Самуэл Жексон өөрөө зураг авалттай байсан бөгөөд найруулагч нь давхар зурганд орохгүй гэрээтэйг нь сануулснаар боломжоо алдсан гэдэг. Гэхдээ Самуэл Жексон Альцгеймэр өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хандив цуглуулахын тулд киноны 4-р бүлэгт Волтер Вайтын эхнэртэйгээ ярьдаг хэсгийн монологийг өөрөө уншсан видеог интернетэд байршуулан 175 000 доллар цулгуулсан байна.

Киноны сүүлийн найман анги үзэгчдэд хүрсний дараа AMC сувгаар Talking bad ярилцлагын нэвтрүүлэг гарчээ. Тус нэвтрүүлгийн зочноор киноны найруулагч, жүжигчид төдийгүй шүтэн бишрэгчид нь оролцож киног нэг бүрчлэн задлан ярилцсан нь мөн л олон сая үзэгчдийн сонирхол татжээ.

(Самуэл Жексон  “Talking bad” шоу ярилцлагын үеэр)

Найруулагч, зохиолч Винс Гиллиган BREAKING BAD-ийн холбоос кино Better Call Saul цувралыг Sony picures television, AMC сувагтай хамтран 2015 оны эхнээс гаргаж эхлэв.  BREAKING BAD киноны өмгөөлөгч Соул Гудман шинэ цувралын гол дүр болон үргэлжлэх ба одоогоор 2 бүлэг гарч олон кино наадмаас шагнал хүртээд байна.

Кино сонирхогчид BREAKING BAD-ийн талаар маш олон сэтгэгдэл, шүүмж, ярилцлагууд бичиж нийтлэдэг. Мөн шүтэн бишрэгч нар нь 6-р бүлгийг хүлээж зарим нэг нь youtube дээр зургаадугаар бүлэг гарсан мэтээр эвлүүлэг хийж байршуулжээ.



САНАЛ БОЛГОЁ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа хүмүүстээ House of Cards , The Boss киног үзэхийг санал болгодог тухай уншсан. Би дэлхий даяар шуугиан тарьсан энэ киног таньд санал болгож байна. Миний бодлоор BREAKING BAD бол тэр чигээрээ менежментийн  гайхалтай сайн хичээл. Ямар ч хүнд байдалд орсон сайтар бодож, төлөвлөж, гүйцэтгэдэг Волтер Вайт бол таны багш. Киноны зохиол сонирхол татам гайхалтай үйл явдлаараа хөтөлж  байснаас болоод дуу хөгжим  зэрэг чимхлүүр зүйлсийг анзааралгүй 62 ангийг 10 хоногт үзэж дуусгасан. Ялангуяа 1.3 анги дээр Волтер байшингийн подвалд хар тамхины наймаачин Krazy 8-тай ярилцаж байгаад хөнөөдөг хэсэг намайг гүнзгий бодолд автуулсан. Цаашид киног дуусан дуустал би түүний оронд ийм байдалд орсон бол яах байсан бэ гэсэн бодлоос салж чадаагүй. Хэрэв энэ супер цувралыг та үзэж амжаагүй бол би таньд үз л гэж зөвөлье.



Н.БАТБОЛД