Зөвшилцлөөр тогтвортой хөгжлийг хангана
2017 оны 5 сарын 15 [Уншсан тоо: 47838]



Перу Улс Өмнөд Америк тивийн хойноос урагшаа сунан тогтох алдарт Андын нурууны өмнөд хэсгийн сэрүүвтэр бүсэд орших байгаль цаг уурын тааламжтай эх орон бөлгөө. Хүн төрөлхтний соёлын өвөг инкүүдийн өлгий нутаг. Хүн амынх нь 45 хувийг бүрдүүлэх нутгийн уугуул иргэд эдүгээ ч гэсэн өндөр ууландаа амьдарсаар буй.

Энэ улсын байгаль нь өвөрмөц тогтоцтой төдийгүй арвин баялагтай. Ялангуяа зэс, мөнгө, цинк олборлолтоороо дэлхийд тэргүүлэх эгнээнд орно. Алтаараа бол айргийн тавд жагсана. Сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн олборлолт арав дахин нэмэгдэж, экспортын 59 хувийг эзлэх болжээ. 2020 он гэхэд энэ салбар эдийн засгийн өсөлтийнх нь 30 хүртэл хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Гэвч уул уурхайн хурдацтай хөгжлийн улмаас байгаль орчны доройтол бий болж, түүнээс улбаалан нутгийн иргэдийн эрх ашиг хохирох болсон байна. Олборлогч компани, иргэдийн хооронд тэмцэл тасрахгүй. 2013 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 223 төрлийн маргаан орон нутагт үүссэний гуравны хоёр нь уул уурхайтай холбоотой байв. Ихэнх тохиолдолд маргаан даамжирч мөргөлдөөнд хүргэнэ. Мөргөлдөөний улмаас 2006-2011 оны хооронд гэхэд 196 хүн амь насаа алдаж, 2,369 хүн шархадсан нь дайны үеийг санагдуулам.   

Ерөнхий сайдаа огцруулан байж нуураа аварсан тухай түүх

2012 оны 7 дугаар сард Перугийн Ерөнхий сайд огцров. Араас нь Уул уурхай, Хууль зүй, Батлан хамгаалах, Хөдөө аж ахуй, Эрүүл мэндийн сайд нар дуу дуугаа авалцан ажлаа өглөө. Огцорсон Ерөнхий сайд Оскар Валдес генерал цолтой, цэргийн хүн байсан бөгөөд “Нуураа аврагчид” хөдөлгөөний жагсаалыг тараах тушаал өгсөний улмаас нутгийн иргэд, цагдаагийн хооронд мөргөлдөөн үүсэж таван хүн амиа алдан, 150 хүн гэмтэн шархадсан хэргийн эзэн болоод байлаа. Энэ тухай олон улсын хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугисан юмдаг, тухайн үедээ. Хэргийг нэхэн тодруулбаас Перугийн хойд хэсэгт орших Кажамарка хотоос 73 км орчим алсад алт, зэс олборлох “Конга майнинг” төслөөс үүдсэн аж. Тус төслийг алт олборлолтоороо дэлхийд удаалдаг АНУ-ын Ньюмонт майнинг, орон нутгийн түнш Буэнавентура болон Янакоча зэрэг компаниуд хэрэгжүүлж байв. Эдгээр компаниуд нутгийн хар нүдэн болсон Азул, Перол, Мала нуурын усыг хэрэглэн мөнгөн усаар хордуулжээ. Сэтгэл зовнисон ард иргэд болон орон нутгийн захиргаа шаардлага байнга хүргүүлж байсан ч зогсоож дийлсэнгүй.

Усны ундаргаа хамгаалан уугуул иргэд жагсаж эхэллээ. Заншил ёсоор хурц үзүүртэй модон жад дор бүрнээ агсаж, уур хилэнгээ дүрэлзүүлэх тэдний эсэргүүцлийн хөдөлгөөн хэдэн жил дамнан өрнөсөн авай. Байдал тун эвгүйтсэнийг мэдэрсэн Янакоча компаниас 4,8 сая ам.доллар зарцуулан гурван хиймэл нуур байгуулан усны нөөцийг орлуулна хэмээн мэдэгдсэн нь дайран дээр давс нэмэн даажигнасан хэрэг болов.

Андын нурууны тагтанд олон мянган жилээр үе дамжин амьдарч ирсэн уугуул иргэдийн амьдралыг тэтгэгч хар нүдэн нууруудыг сүйтгэнэ гэдэг байгаль эхээс тэдний хүйн холбоог тасалж хаясантай адил буюу. Уугуул иргэдийг орон нутгийнхан дэмжин ажил хаяж эхэлжээ. Улмаар байгаль орчныг хамгаалагчид, иргэний нийгмийн төлөөлөл, улс төрчид уг хөдөлгөөнд нэгдэв. Байдал нэн хурцдав. 4,8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулаад байсан “Конга майнинг”алтны төслийг зогсоох аваас асар их өр төлбөрт Засгийн газар унах нь мэдээж. Гэвч нөгөө талаас байгаль орчны аюулгүй байдал, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах төрийн “онцгой” үүрэг байдаг. Ужгирсан хойно асуудлыг шийдэх нэн хүндрэлтэй. Нөхцөл байдал улам ноцтой болж, 2011 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч тухайн бүс нутагт онц байдал зарлав. Гэсэн ч асуудал даамжирсаар 2012 оны 7 сарын эхээр зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн энэхүү аймшигт үйл явдал гарсан билээ. Ийнхүү нутгийн иргэд алтан амиараа нуураа хамгаалжээ.

Зөвшилцлөөр тогтвортой хөгжлийг хангах тогтолцоо

Шинээр томилогдсон Ерөнхий сайд  Жуан Жимэнэз уул уурхайн маргааныг зохицуулах “дипломат” арга хэрэглэнэ гэдгээ зарлан гарч ирлээ. Хүмүүстэй тулж ажиллан, нийгмийн зөрчлийг шийдвэрлэх шинэ аргачлалыг нэвтрүүлэх болно гэдгээ ч онцлов. Үнэхээр ч тухайн цаг үе Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах шинэ менежментийг шаардаж байлаа. Харин тогтвортой хөгжил нь иргэдийн оролцоог хангаж байж хэрэгжинэ гэдгийг мэдэрсэн шинэ Ерөнхий сайдын санаачилгаар “Зөвшилцөл, тогтвортой хөгжлийн үндэсний танхим” тэр даруй байгуулагдлаа.

Тус танхимын зорилго нь зөвшилцлөөр маргааныг зохицуулах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх явдал байв. Зөвшилцөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, буулт хийх, нэгдсэн ойлголтод хүрэх зэрэг бол асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга хэрэгслүүд юм. “Бид асуудлыг үндэс сууриар нь шийдвэрлэхийг зорьдог. Жагсаал, цуглааныг намжаах бол гал унтраах төдий арга. Харин бид гал гарсан үед сандралд ордог биш харин галаас урьдчилан сэргийлэх нийгмийн тогтолцоог бүрдүүлэхийг чармайдаг. Эвлэрлийг тулган шаардах эрх төрд байхгүй. Тэр тусмаа иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахгүйгээр эвлэрүүлэх боломжгүй” хэмээн тус танхимынхан ярина.

Тус танхимаас хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд: Урьдчилан сэргийлэх, асуудалд хөндлөнгөөс оролцох, техникийн сонсгол буюу холбогдох талуудыг сонсох, яамдын төлөөллөөс бүрдсэн комисс гарган асуудлыг шалган шийдвэрлэх зэрэг юм. Ерөнхий сайдын дэргэд уг танхим ажиллаж, ажлаа Ерөнхий сайдад шууд илтгэнэ. Иймээс яамд хоорондын уялдааг хангаж, нэгдсэн  зохицуулалтыг хийх эрх мэдэл гагцхүү тэдэнд олгогдов. Гэхдээ энэ механизмыг олтлоо олон удаагийн оролдлого, алдаа оноог тэд туулжээ. Урьд нь “Нийгмийн мөргөлдөөнөөс сэргийлэх хороо”-г байгуулж үзсэн ч амжилтад хүрсэнгүй. Сайдууд төдийлөн ойшоохгүйгээс хуралдаа бага албан тушаалтанг илгээдэг, илгээсэн тэдгээр хүмүүст нь шийдвэр гаргах эрх мэдэл байдаггүй зэргээс асуудал урагшилж өгдөггүй байж. Уул санаа нь нийгмийн маргаан үүсгээд байгаа асуудалд яам бүхэн шинжилгээ хийж, шийдвэрлэх аргачлалыг хамтран боловсруулах, улмаар эрх зүйн орчноо шинэчлэх зэрэг санал дэвшүүлэх зорилготой байсан аж. Мөн Перугийн Хүний эрхийн омбудсманы дэргэд “Зөрчил, мөргөлдөөнд шинжилгээ, мониторинг хийх алба” 2004 онд байгуулагдсан байна. Түүнчлэн Эрчим хүч, уул уурхайн яамны бүтцэд “Нийгмийн менежментийн хэлтэс”  2005 онд байгуулагдан уул уурхайн бүхий л явцад иргэдийн оролцоог хангахыг зорьж байв. Яг ийм хэлтэс Байгаль орчин, Хөдөө аж ахуйн яам, Усны удирдах газар зэрэгт байгуулагдан ажиллаж байлаа. Харин “Зөвшилцөл, тогтвортой хөгжлийн үндэсний танхим” байгуулагдсанаар тус тусдаа ажиллаж байсан эдгээр бүтцийг уялдуулан нэгдсэн ажиллагаанд оруулсан нь сайн хэрэг болов. Тус танхим байгуулагдах үед 300 гаруй баримт бичиг шилжин ирж байсан нь эзэнгүй асуудал ихэд овоорсоныг харуулж байлаа.

Анх 11 хүнтэй байгуулагдсан энэ танхим эдүгээ 50 хүнтэй ажиллаж байгаа бөгөөд асуудалд шинжилгээ хийх, зөвшилцлийг хангах, урьдчилан сэргийлэх албатай юм байна.Тус танхимыг “Хүний эрх ба шударга ёсыг хангах” яамны дэд сайд асан Авела Хэррэра удирдаж байх үед нь бидэнд уулзах завшаан тохиосон юм. Нэр хүндтэй энэ хуульч хүний эрхийн асуудлаар олон улсын төвшинд мэргэшжээ. Өрөөнд нь байрлах том газрын зурган дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар бүхнийг улаан сумаар тэмдэглэж, нутгийн иргэдтэй ямар төрлийн маргаан зөрчил үүсээд байгааг бичсэн харагдана. Хана дүүрэн хүснэгт татаж эдгээр маргаан зөрчлийг орон нутгийн, мужийн эсвэл үндэсний хэмжээний тархац, эрсдэлээр нь ангилж, ямар байгууллага хариуцаж, ямар үр дүн гарсаныг харуулсан нь хэний ч анхаарлыг татам. Юутай ч уул уурхайтай холбоотой бүх төрлийн маргаан тэдний хяналтад бүрэн байдаг юм байна гэж бодогдсон. Тус танхимаас орон нутагтаа асуудлыг шийдвэрлэх чадавхийг дэмжих  ба ужиграад эхэлбэл шууд оролцдог гэнэ. Урьдчилан мэдээлэхгүйгээр газар дээр нь очиж танилцана. Улмаар холбогдох байгууллагуудаас тал бүрийн мэдээллийг аван зөрчлийг даамжралын төвшин, эрсдэлээр нь ялган шаардлагатай бол Засгийн газрын комисс байгуулан шийдвэрлэнэ.  

Зөвшилцөлд хүрэх үйл явц цаг хугацаа ихээхэн шаарддагаас яамдын албан хаагчид цаг бардагт гомдоллох нь цөөнгүй. Тэр тусмаа нутгийн иргэдтэй зөвлөлдөөгүй, тэдний зөвшөөрөлгүй уул уурхайн үйл ажиллагаа эхлэх ямар хор уршигтайг төрийн албан хаагчид яс махаараа ойлгох болжээ. Үнэндээ уул уурхайн маргаан бол эрхзүй, эдийн засаг, байгаль орчин, соёлын олон талт харилцааг зохицуулахыг шаарддаг нийгмийн олон талт салбарыг хамарсан асуудал юм.

Зөрчлийн гарц хөгжлийг авчирна

Перу Улсын шинэ Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол үндэсний өв хөрөнгө” хэмээн тодорхойлсон нь хувь этгээдийнх биш, бас төрийнх ч биш гэсэн утгыг давхар илэрхийлдэг аж. Харин төрийн үүрэг бол ард түмний нэрийн өмнөөс тэдний сайн сайхан амьдралын төлөө энэ баялгийг захиран зарцуулах явдал юм. Ингэхдээ шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх учиртай. Перу улс “Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга” олон улсын хөдөлгөөнд сайн дураараа нэгдсэн Латин Америкийн хоёр дахь улс. Энэхүү санаачилга нь уул уурхайн салбараас орж ирж байгаа бүхий л төрлийн төлбөр, татвар мөнгөн урсгалыг төр засаг ил тод байлгах ёстой бөгөөд нөгөө талаас уул уурхайн компаниуд нь орон нутгийн захиргаа ба засгийн газарт төлсөн бүх төлбөрөө нийтэлж, мэдээлж байх үүрэгтэй. Түүнчлэн тус улс нь уул уурхайн үйл ажиллагаа эхлэхийн өмнө нутгийн иргэдийн зөвшөөрлийг авахыг хуульчилсан бүс нутгийнхаа цорын ганц орон. Энэ бүхэн бол тэдний алдаанаасаа авсан сургамж, дахин давтахгүйн төлөөх  идэвхи чармайлт юм.
 
“Засгийн газар уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох эрхтэй юм бол үр дагаварынх төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хэнтэй ч хуваалцах ёсгүй Засгийн газрын үүрэг хариуцлага мөн” хэмээн тэд үзэх болжээ. Тийм ч учраас уул уурхайн маргааныг хариуцан зохицуулах үүрэг бүхий бүтцийг Засгийн газартаа ажиллуулж байж асуудлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах чадвартай болж байна. Эс бөгөөс орон нутгийн зөрчлийг улс төрчид шүүрэн авч популизм хийх тохиолдол байнга гарна. Улс төрчид эх оронч мөн бишээрээ дуудалцан, шударга царай эсгэж, иргэдийн асуудалд дөрөөлөн эх орончийн дүрд хувиран ирэх сонгуулийнхаа сурталчилгааг амжуулчихыг оролддог. Харин улс төрийн хийрхлийн үр дүнд нутгийн иргэд л хохирсон хэвээр үлддэг. Энэ бол хариуцлагагүй уул уурхайтай улс орны улс төрийн нийтлэг дүр төрх, амсдаг гашуун үнэн.

Зөрчлөөс гарцыг олж харах, гарцыг хөгжил болгон хувиргахын төлөө Перу Улсын Засгийн газар иргэдтэйгээ зөвшилцөн ажилладаг ийм нэгэн туршлагыг та бүхэндээ танилцуулж байна. Бидэнд ч бас энэхүү туршлага нэгийг бодогдуулах буй за.

Ч.СОСОРМАА