The Crown
2017 оны 5 сарын 25 [Уншсан тоо: 35182]

The Crown

Netflix-ийн захиалгаар зохиолч найруулагч Питер Морган хатан хаан Элизаветта болон түүний гэр бүлийн амьдралыг харуулсан цувралын нэг бүлгийг 10 ангитай бүтээжээ.Энэ жил 74 дэх Алтан бөмбөрцөг наадмаас“Шилдэг уран сайхны цуврал кино” шагнал, хатан хааны дүрээр Клер ФойШилдэг эмэгтэй жүжигчин, Уинстон Черчилийн дүрээр Жон Литгоу эрэгтэй туслах дүрийн шагнал тус тус хүртсэн. Нэг зуун жаран таван сая доллар өртөгтэй энэ бүтээл цуврал киноны түүхэнд гараагүй өндөр өртөгтэй. 

Зохиолч, найруулагч 

Тус киноны зохиолч, найруулагч Питер Морганыг хатан хааны гэр бүлээр мэргэшсэн хүн гэж хэлж болно. Тэрээр 2006 онд The Queen киног бүтээсэн бөгөөд Хеллен Миррен хатан хаан Елизаветагийн дүрээр 79 дахь Оскарын кино академийн Шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байлаа. Мөн тэрээр Frost/Nixon,The last king of Scotland,Rush, The Damned United, The other Boleyn Girl зэрэг киногоороо хэдийнэ үзэгчдэд танил.

Хамгийн үнэтэй цуврал

Кадр болгоноосцувралд хир их хөрөнгө зарцуулсныг харж болно. “Дуралсан Шекспир” киногоор Оскарын шагнал хүртсэн кино зургийн дизайнер Мартин Чайлдс энэ бүтээлийн тайз засал, хувцас, барилга байгууламж болгон дээр ур чадвар, хөрөнгө мөнгийг харамгүй цацсан байдаг. Гүнж Елизаветтагийн 1947 онд хуримдаа өмссөн даашинзыг шинээр урлахад 35000 доллар зарцуулсан гэвэл бүхэл хааны гэр бүлийнхний хувцас хэрэглэлийг мөн Букингемын ордныг бараг л байгаа хэмжээгээр нь шинээр бүтээхэд мөнгийг гамгүй зарцуулсан нь ойлгомжтой. Операторт ч гар татсангүй,зохиолын дүрүүд нь түүхэн бодит алдар цуутай хүмүүс.Кинонд гарах томоохон арга хэмжээ, үйл явдлыг архиваас  худалдан авч телевизороор гарч буй мэтээр харуулсан байна. Үзэгч та  киног үзэнгээYouTube сайтаас 1953 оны 6-р сарын 2-д болсонхатан хааныг ширээнд залах ёслолыг үзэж болно. (https://www.youtube.com/watch?v=Ssh8NEltCac)




Зөрчилдөөн

Цувралын нэгдүгээр хэсэг бүхэлдээ 1950-аад оны үеийг харуулна. Тэр үед хатан хаанЕлизаветад маш дотно, чухал хоёр хүн байсны нэг нь түүний дүү гүнж Маргарет, нөгөө нь Английн ерөнхий сайд Уинстон Черчиль юм. Гэвч хаан төрийн бэлгэдэл хатан хаан, эрх дураараа дүү гүнжтэйгээ, Черчилийн Засгийн газартай зөрчилдөнө. Хааны титэмтэй хамт зан заншил, засаглалын том хариуцлага, шашин сүмийн нөлөө, дагаж мөрдөх ёстой үндсэн хуулийн заалт ирдэг аж. Энэ бүхэн толгой дээрээ титэм тавьсан хүнд ямар дарамт болдгийг тус киноноос харна. Өдгөө ч хааны гэр бүлийн гишүүний алхам бүрийг олон нийт томруулдаг шилээр хянаж байдаг нь гайхах зүйл огт биш. Тэд хүслэнт хүнтэйгээ гэрлэх эрхгүйгээр барахгүй өмсөх хувцас, хэлэх үг нь ч тогтоосон хэв хэмжээтэй. Елизавета ч өөрийн хүслээр хаан ширээнд суугаагүй юм. Түүний авга ах VII Эдуард америк гаралтай жүжигчин Уоллис Симпсонтой гэрлэхийн тулд (өмнө нь хоёр ч удаа гэрлэлтээ цуцлуулсан нь хааны удамын хүнтэй гэрлэхгүй байх шалтгаан болсон) хаан ширээнээс татгалзсанаар Елизаветтагийн аав VI Георгод хааны титэм  өвлөгджээ. 


Елизавета II-ын тухай

Елизавета II нь 1952 оны 2 дугаар сарын 6-аас өнөөг хүртэл Их Британийн хаан ширээнд тасралтгүй 65 жил сууж буй хатан хаан. Тайландын хаан Пхумипона Адульядета нас барснаар түүхэн дахь хамгийн удаан хаан ширээнд суусан хүн. Мөн 2015 оны 1 дүгээр сарын 24-д Саудын арабын хаан жанч халснаар дэлхийн хамгийн хөгшин хатанхаан болжээ. Тэрээр нэгдсэн вант улсаас гадна Австрали, Канад, Шинэ Зеланд, Ямайка зэрэг 15 тусгаар улсын Хатан хаан өргөмжлөлтэй. Мөн түүнчлэн Английн сүмийн тэргүүн, эзэнт гзрнийхээзэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэгтэй. Түүнийгхаан ширээнд засаглах хугацаанд колончлолоос татгалзах үйл явц, Хойд Ирландын салан тусгаарлах зөрчилдөөн, Фолклендын дайн, Ирак, Афганистаны болсон дайн гэх мэт Англи улсын түүхийн том том үйл явдлууд өрнөжээ. Хэдийгээр Елизавета II нь хаан ширээнд өдий олон жил сууж байгаач Их Британийн ард түмэн, хэвлэл мэдээллийн зүгээс ноцтой шүүмжлэл, хэл аманд өртөөгүй бөгөөд хаан төрийн нэр хүндийг олон жил өндөрт өргөж яваа ард түмэндээ хайрлагдаж хүндлэгдсэн хатан хаан юм. 

Цувралын үргэлжлэл

Цувралын эхний бүлэгт үйл явдал дөнгөж эхлээд дуусч байгаа ч хоёрдугаар бүлгийн зураг авалт хэдийнэ эхэлжээ. Киног бүтээгчид хатан хааны амьдралаар зургаан бүлэг хийхээр төлөвлөсөн. Хатан хааны залуугийн дүрийг Клер Фой мэдээж маш сайн бүтээсэн ч ахимаг насанд нь магадгүй The Queen киноны Хеллен Миррен тоглож болох юм. Мэдээж цувралын үргэлжлэл өрнөл хэсгийг үзэгчид хүлээж байгаа ч Диана гүнж Хунтайж Чарьлз тэдний гэр бүлийн амьдралын ээдрээт хэсэг, Диана гүнжийн үхэл зэргийг цувралд хэрхэн буулгаж харуулах нь сонирхол татаж байна. Киноны өнгө будаг дүрс нь бүхэлдээ бүүдгэр яг л Английн манан будант цаг агаар мэт тиймээс үзэгч танд  HD форматаар үзэхийг санал болгож байна.


Н.БАТБОЛД