Андын нурууны Папа
2017 оны 5 сарын 31 [Уншсан тоо: 37716]




Бурханы нөөцөлсөн бэлэг


Перу Улс нь төмсний төрөлх нутаг. Эдүгээ шинжлэх ухаанд танигдаад байгаа 4500 гаруй төрлийн төмсний 2500 гаруй нь энэ нутгийн төрмөл. Андын нурууны 3500-4600 метрийн өндөрт ургах зэрлэг төмсийг 8000 жилийн өмнөөс Инкүүд тариалж эхэлжээ. Одоо ч Андын нуруунд 100 гаруй төрлийн зэрлэг төмс ургадаг гэх бөгөөд өөрийгөө хамгаалах хорт бодисоос нь хэрхэн ангижруулан хоол хүнсэндээ хэрэглэх аргыг уугуулууд л мэднэ. Зөвхөн төмсөөр хооллон амьдардаг уугуул иргэд өнөө ч гэсэн өндөр ууландаа урт удаан наслан аж төрсөөр байдаг гэлцэнэ.

Перуд төмсийг “Папа” хэмээн өргөмжлөн нэрлэнэ. Хаана л бол хаана чанасан, шарсан, хатаасан папагаа зараад зогсож байх нь гадны бидэнд сонихон. Монголчууд махаа борцолдог шиг тэд төмсөө хатаан борцолж жилийн туршид хэрэглэнэ. Андын нурууны папагаас гадны зочид амссан л бол сална гэж байхгүй. Өнгө өнгийн төмсийг шаржигнуулан идсэн жуулчид гудамжаар нэг холхилдоно.

Анх 1536 онд Испанийн далайчин төмсийг ботаникийн төрөл зүйлийнх нь хувьд сонирхон Европт аваачиж байсан гэдэг. Харин 19-р зуунаас эхлэн төмсийг Европын олон оронд тариалж эхэлжээ.Төмс танил болсон даруйдаа дэлхий нийтэд хурдацтай тархсан бөгөөд эдүгээ 156 оронд байнгын тариалж, цагаан будаа, улаан буудайн дараа орох дэлхийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болсон байна. Олон оронд төмс үндэснийх нь хоол болон нутагшсан байдаг. Дэлхийн хүн амыг зуун дамнан тэжээж буй Андын нурууны Папа нь хүн төрөлхтөнд илгээсэн бурханы бэлэг гэлтэй.

Төмсний гайхамшигт чанар

“Газар доогуур бэлчдэг гахай” хэмээн нэрлэгдэх төмс нь өөрийгөө хэд дахин үржүүлэн ургадаг гайхамшигт булцуутай. Хүн төрөлхтнийг олон удаагийн, ялангуяа Дэлхийн 1,2-р дайны үеийн өлсгөлөнгөөс аварч чадсан энэ хүнсний ногооны уураг хүний биед гойд сайн. “Заяатай төрсөн Өүлэн эхийн затгас, төмсөөр тэжээсэн хөвгүүд засагтан сайд болж өсөв” хэмээн Нууц товчоонд өгүүлдэг дээ. Энэ нь монголчуудын төмс хэмээн нэрлэх аливаа булцуут ургамлын тэжээллэг чанарыг үнэлэн бичсэн гайхалтай харьцуулалт юм. Үнэхээр ч кали, төмөр, цайр, В болон С амин дэмээр баялаг, эслэг ихтэй. Нэг ширхэг чанасан төмсөнд хүний нэг өдрийн хэрэглээний С амин дэмийн тал хувь агуулагдана. Төмсөнд орших антиоксидант нь хөгшрөлт болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх увидастай. Цусны даралт бууруулах, ходоодны шарх, аливаа үрэвсэл, түлэгдэлтийг эмчлэх ардын эмчилгээнд төмсийг хэрэглэж ирсэн олон зуун жилийн арга ухаан бий.

Орчин үеийн судалгаагаар төмс нь жимс, жимсгэнэ, үр самар, хүнсний ногооноос илүүтэй хүний биед ашигтай амин дэмүүдээр баялаг болохыг нээн харуулсаар байна. Тухайлбал: Төмс эслэг чанараараа гадилаас хоёр дахин, С витаминаар авокадоноос гурав дахин, самраас селений агууламжаараа хэд дахин илүүтэй гэнэ. Өдөрт хоёр удаа чанасан төмс хэрэглэхэд цусны даралт тогтворжиж, хорт хавдрын эрсдэлийг бууруулах шидтэйг мэргэжилтнүүд баталсаар байна.

Төмсөөр бэлтгэдэг 3000 гаруй нэр төрлийн хоол байдгаас гадна бал бурам, цардуул, спиртийн үйлдвэрийн голлох түүхий эд болдог. Зарим улс тухайлбал: Бразилд төмснөөс био шатахуун гарган байнга хэрэглэх боллоо. Мөн 1995 онд НАСА-гийнхан сансар огторгуйн орчинд төмсийг анх туршин ургуулж, сансрын хөлөгт удаан хугацаанд амьдарч байгаа судлаачдын хүнсэнд хэрэглэх болсон сонирхолтой баримт бий. Хөрс голохгүй ургаж, богино хугацаанд үрждэг, илчлэг ихтэй энэхүү хүнсний ногооны үр өгөөжийг дэлхий нийтээрээ хүртэцгээж, өргөмжлөн дээдлэх болжээ.

Олон улсын генийн банк

Перу Улсын нийслэл Лима хотод “Олон улсын төмсний төв” үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү бие даасан судалгааны байгууллага байгуулагдаад 45 жил болж буй бөгөөд эдүгээ дэлхийн 18 оронд салбартай, 723 судлаач, мэргэжилтэнтэй, 23 төрлийн төслийг олон улсад хэрэгжүүлж байна. Манай хөрш Хятадад Азийг хамарсан салбар нь байрладаг юм билээ.

Олон улсын төмсний төвийн гол зорилго төмсний төрөл бүрийн сортыг түгээн нутагшуулж, хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй хоол хүнсний дутагдал, тэжээлийн доройтлыг бууруулахад оршино. Дэлхийн 7 тэрбум хүнээс Ази тивд 4,3 тэрбум нь амьдарч байна. Хүнсний хангамж, хүртээмжийн асуудал Азийг төдийгүй бүх нийтийг түгшээх боллоо. Энэ эрэлт хэрэгцээг хангахад төмс нэн тохиромжтой хүнсний ногоо тул энэ төвийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа учир нь тэр. Тус төвд 7000 гаруй төрлийн зэрлэг,таримал, сайжруулсан төмсний генийн сан үр болон үрслүүлэг хэлбэрээр хадгалагдана.  Үүнийгээ “генийн банк” гэж нэрлэх агаад газар хөдлөхөд тэсвэртэй байгууламжид агуулна.

Төмсний нэр төрөл төсөөлөхийн аргагүй олон. Өнгөний хувьд цагаан, шар, улаан, ягаан, хөх, хар байхаас гадна бөөрөнхий, зууван, гонзгой, мушгирсан, гарын сарвуу шиг хэлбэртэй булцуунууд хүртэл байх юм. Шохойн чулуу шиг цагаан өнгөтэй нь зэрлэг төмс гэнэ. Төмсний булцууны хальсанд 3-7 хувийн соланин хэмээх алкалоид бүхий бодис агуулагдах ба хэрвээ энэ хэмжээ 20 хүртэл хувь нэмэгдэх аваас идэхэд хортой болно. Төмс ногоорсон, гашуун амттай болох тусмаа соланин ихтэй байгаагийн илрэл. Зэрлэг төмсөнд соланиний агуулагдах хэмжээ өндөр бөгөөд үүгээрээ ч өөрийгөө хортон шавьж болон халдварт өвчнөөс хамгаалах байгалийн зохиролтой. Уугуул иргэд зэрлэг төмсийг хураан авч голын урсгалд мулз угаадаг гэнэ. Улмаар өндөр уулын бэлд нарны хүчтэй туяанд шарж, хорт бодисоос нь ангижруулан хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Наранд түлэгдсэн зэрлэг төмсний гадаргуу шохойждог учир нь тэр буюу. 

Тус төвд намайг хүлээн авч нэлээдгүй цагаа зарцуулан, тал бүрийн мэдээлэл өгсөн эрдэмтэн бол Панам Улсын иргэн, Доктор Роберто Куйроз байсан юм. Тэрээр төмс судлалаар сүүлийн 10 гаруй жил дагнан ажиллаж байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтэн хүн  юм байна. Төвдийн өндөр ууланд долоон жил ажилласан энэ хүн сарлагийг хэнээс ч илүү мэднэ. Андын нуруунд дөрвөн жил амьдарч, судалгаа хийсэн тул нутгийн уугуулуудын төмсийг тарих, хэрэглэх арга туршлагыг гайгүй сайн өвлөсөн бололтой. Ер нь төмс судлаачид Андын нуруу руу тэмүүлнэ.Тэдний судалгааны обьект бол Андын нурууны алдарт Папа.

Өндөр уулын цаг агаар өдрийн хэд солигдож 23 хэмийн дулаанаас хэдхэн цагийн дотор 0 хэм рүү унах ч энүүхэнд. Чухам тэр тогтворгүй цаг уурын ая данг даан ургаж байгаа төмс манай орны онцлогт нэн тохиромжтой санагдав. Ялангуяа хүйтэнд тэсвэртэй төмс монголчуудын сонирхлыг ихэд татах нь эргэлзээгүй. Төмс эмзэгхэн булцуутай тул хасах нэгээс хоёр хэмд хайрагдах гээд байдаг харин хүйтэнд тэсвэртэй нь хасах таван хэм хүртэл ажрахгүй. Тиймээс ч  энэ төмсийг Перугээс Умард Солонгос руу амжилттай нутагшуулсан тухай сураг сонсогдож байна билээ.

Монголчууд бид төмсийг тариалаад хагас зууныг үджээ. Бидний хувьд төмс бол улаан буудайн дараа орох хоёр дахь талх болжээ. Монгол Улс сүүлийн жилүүдэд Атрын гуравдугаар аян, Төмс хөтөлбөрийг хэрэгжүүлж, дотоодынхоо төмсний хэрэгцээг хангахыг зорьж байна. Чухам энэ цаг үед Олон улсын төмсний төвтэй хамтран ажиллах аваас тариалах төмсний нэр, төрлийг олшруулан, чанар, хүртээмжийг сайжруулж, эрдэмтэн судлаачдаа олон улсын төвшинд бэлтгэх боломжууд нээгдэнэ. Монголын ХХААХҮЯ болон Олон улсын төмсний төвийн хооронд албан ёсны хамтын ажиллагааны баримт бичиг тун удахгүй зурагдахаар зэхэж байна.

Мөнх цаст Андын сүрдэм өндөр ууланд монгол эрдэмтэдийн мөр гарч, нэрээ дуурсагдах бүтээлээ туурвих цаг асуй. Андын нурууны эрхэмсэг Папа эх оронд минь энх тунх үрслэх болтугай!



Ч.СОСОРМАА