Намаасаа бус, угшил нэгт намаас нэр дэвшигчийг дэмжинэ
2017 оны 6 сарын 16 [Уншсан тоо: 24549]
Монголын ард түмэн МАНАН-ийн нуувчинд юу сэдэгдэж, дэгдэж, хийгдэж буйг мэдэхтэйгээ боллоо. Үр дагаврыг амсаж, мэдэрч буйгаа цэгнэх боллоо. Энэ ухаарал их үнэ цэнэ тээж байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар хувь заяагаа тэгшлэх, эсэхийг тэд шийднэ. Ингэхдээ нийгмийн бүхий л давхрага өнөөдрийнх шиг “хэнийг дэмжих, эс дэмжих” гэсэн тийм тов тодорхой ойлголт, зорилготой байсангүй.

Монгол өнгөн дээрээ гоё харагдавч начир дээрээ гундаж. Ард нийтийн амьжиргаа шалдаа бууж. С.Баяр, М.Энхболд - Ц.Элбэгдорж гэсэн улстөр, санхүү-эдийн засгийн тэнхлэг, аюулт, бодит үзэгдэл хуйвалдаанаар бий болсныг ард олон ухамсарлалаа. Хуйвалдагчид намаа наймаалцаж, эзэн суув. Намын бодлого, үйл ажиллагааг өөрсдийн дур зоргын эрхшээлд зангидав. Тэд Үндсэн хуулиас давсан эрх дархыг хэрэгжүүлж, хэсэг бүлгийн дарангуйлал тогтоожээ. Эрх мэдлийг хэтрүүлэн ашиглагчдын бүтэц бий болов. Дүр эсгэсэн ардчилалаар нийгмийг авторитар хэлбэрийн засаглалд хөрвүүлэн тушив. Тоталитаризм руу алга эргүүлэх зуур хөнтөрч орхихоор замнаад байна. Олонхийн гэгчээр түрүү барьж аль нь ч сонгуульд ялсан ч, ялагдсан ч энэ бүлэглэл төр атгана. Хэнд нь ч алдах юм байхгүй. Бүүр “гайхалтай” нь сонгуулийн дөрвөн жилдээ засаг ээлжлээд барьчихна. Тэдний үйл ажиллагааг түрүүлж ухаарсан, уудлан илчилсэн зоригтнуудыг улстөрийн хэлмэгдүүлэлд өртүүлнэ. Элдэв нэр хаяг зүүж, залхаан цээрлүүлнэ. Бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэгчид байтугай “энэ юу болж байна” хэмээгчдийг бүл бүлээрээ, шугам шугамаараа дарамтлана, дарлана, тохуурхана. Бяцлах гэж оролдоно. Гэвч монгол түмний: Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдаг гэсэн айхтар зүйр үг бий дээ. МАНАН-ийн явуулга, ажилбар нь хүмүүсийн ой тойнд сураг, шивнээгээр саяхан хүртэл сүүмэлзэж, эргэлзээ дагуулдаг байсан бол одоо нэг мөр задгайрав, илчлэгдэв. Олигархи МАНАН нь эдүүгээ оффшортнууд хэмээх зэрэглэлээр дэв ахиадхав. Үүнээс цааш ямар сэтэр зүүх, ялд унах нь таашгүй. Тэднийг ард түмний баялаг, хөрөнгийг идэж цаддаггүй, сорж ханадаггүй мангас гэх аж. Тэд л цулайгаад байдаг. Ард нийт үгүйрээд байдаг. Энэ чинь юу болж байна аа?! Үүнийг чинь монголын ард түмэн байтугай нөгөө соёлт ертөнци ажиглаад, “хараандаа” авчихаж. Одоо чинь хэддүгээр зуун, хэдэн он билээ?! Ардчиллаар замнахдаа монголын ард түмэн үүнийг хүссэн гэж үү, үүний төлөө явсан гэж үү?! Ард түмний хүсэл зориг тэдэнд зоосны ч, хүн ёсны ч үнэ цэнэгүй. Ингэж дарлуулах ард түмэн тэсвэр, тэвчээрээ барж байна. Эгдүүцэл бухимдал нь улам л бадрана. Ямартай ч ард түмэн ойлголттой болж, шүүлтүүртээ оруулаад эхэллээ. Энэ бол амьдралаа өөрөөр зохицуулах чиг шугаманд тэд гарлаа гэсэн үг. Энэ бол одоо тогтоох аргагүй хөдөлгөөнд орлоо гэсэн үг. Энэ бол том өөрчлөлтийн төлөөнөө нэгдэн зангигдлаа гэсэн үг. Нам толгой дээр нь ургасан, урц болсон энэ бүлэглэлээ ангижирч байж нэрээ цэвэр авч үлдэх учиртай. Үүнийг олж хардаггүй, ойшоодоггүй, үүнээс ангид оршигч нам гэж юу байдаг юм? Нам олон түмэнтэйгээ байх учиртай. Уг нь МАН өөрийгөө “олон түмний нам” гээд ам өчгөө өгсөн дөө. Өрөвдмөөр нь ердөө л тунхаг болж хоцров. Иймдээ ч санаатай санаандгүй, мэдээлэлтэй мэдээлэлгүй байж тархи угаалтаар МАНАН-д үйлчлэгч намын гишүүд ч юмны жинхэнэ төрхийг ухаарч өөрчлөлт хүсэх боллоо. МАН-д шинэчлэл авчрах цөлхи, эр зоригтой, шударга гишүүд тодроно гэдэгт итгэнэм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран намд өөрчлөлтийн үйл явц эрчимжих л болно. Өнөөдрөөс дуу хоолой, сэтгэл зүрхээ ил тод илэрхийлэн эвлэлдвэл хожмынх нь үйл хэрэгт шинэчлэгчдэд өөрсдөд нь л өлзийтэй байх болно.

Энд хоёр зүйлийг тодруулъя. Нэгд. Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд чухамхүү намын төлөө саналаа өгдөг. Олж авсан суудлаар намын эрх ашиг хөндөгддөг онцлогтой. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд намын гишүүнийг нам бус, чухамдаа нам бус болгох гэж нам илгээдэг юм. Нийт ард түмний эрх ашгийн төлөөнөө хүнээ дэнслүүлдэг юм. Ерөнхийлөгч ганц намын ашиг тусын тулд үйлчилдэггүй. Иймд, шууд хэлбэл, өөриймсч намчирхах бус, харин буруу гэж үзсэн нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх эрхийг намын гишүүнд олгож байгаа хэрэг. Энэ нь намын гишүүн гэдгээр бус, чухамхүү Монгол Улсын иргэн гэдгээр саналаа өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Буруутвал нэр дэвшигч, түүнийг дэвшүүлэгч Удирдах Зөвлөл, Бага хурал хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Хоёрт. Энэ удаа бүх ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонголт байх болно. Иймд харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулах боломж түүнд хэвээр хадгалагдана. Үүнээс хойш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох төсөл явж байна. Түүгээр ч болох бололтой. Тэгвэл эрх нь хязгаарлагдсан намын бодлого хэрэгжүүлэгч бэлэгдэл төдий Ерөнхийлөгчтэй жинхэнэ болно. Энэ удаагийн сонгууль нь ард түмний эрх ашгийн төлөөнөө эргэлтийн ач холбогдолтой сонгууль гэдэг нь илүү мэдрэгдээд, ойлгогдоод байгаа биз?! Монголын төр цэвэрших ганц ардчилсан боломж, бүүр түүхэн боломж хэдхэн хоногийн дараа тохионо. Хувь заяагаа ард түмэн гартаа авах, эсвэл, МАНАН гэгч бүлэглэлд даатгуулах, захируулах асуудал шийдэгдэнэ. МАНАН-аас хагацахад цаг хугацаа алдах эрх байхгүй. Олон түмэнд ч тээнэгэлзэх эрх байхгүй. Хожим толгой руугаа шаагаад хараал, ерөөл урсгах хуурамч, хожимдсон сэхээрэл хэрэггүй. Мэдээлэлтэй байна гэдэг оюун санаа, зүрх сэтгэл зэвсэглэгдлээ хэмээдэг дээ.

Нэгэн зүйл. Миний бие 1980 онд МУИС сургууль төгсөөд МАХН-ын Төв Хорооноос ажлын гараагаа эхлэсэн нэгэн. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гуай “МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга”-аар ажиллаж байлаа. Түүнээс хойшхи намын бүх дарга нарын нүүрийг үзэж. 1992-1996 онуудад Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласныг эс тооцвол намын байгууллагад насыг элээсэн билээ. Москва хотноо Нийгмийн ухааны академийг дүүргэхдээ “Өөрчлөлт шинэчлэлийн үе дэхь монголын нийгмийн улстөрийн соёл” сэдвээр гүн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан юм.

Намын онол, суртахууны “Бодрол бясалгал” сэтгүүлийг хариуцан гаргаж байлаа. Тус сэтгүүл нь нам нийгмийн авторитар тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжих үед оюун санааных нь мэтгэлцээн, ухаарлын талбар байлаа. Шинэчлэгдэх намын номлол, арга зүйн асуудлыг түмэнд түгээнэ. Сэтгэлгээ, сэтгэхүйг задлах ардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, олон ургальч үзлийг дэлгэрүүлнэ. Дэлхийн улстөрийн шинжлэх ухааны сонгодог бүтээлүүдээс нийтлэнэ. Улс оронд өрнөж буй үйл явцыг тайлбарлана. Танин мэдэхүйн мэдлэгээр соён гэгээрүүлнэ. Тухайн үед намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон гуай нэгэн удаа: би сая Хэнтий аймагт хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэр нэг хүн: би танай намын гишүүн биш. Гэхдээ хүсэлт байна. Тэр “Бодрол бясалгал” сэтгүүлээ бүү хаачихаарай гэж байна лээ хэмээж билээ. Энэ нь сэтгүүл зөвхөн намд бус, ерөөс нийгэмд ямар хэрэгцээтэй байсныг илтгэнэ. Нам оюун санаагаар хэр өөрчлөгдөн шинэчлэгдэхээс нийгэм тэр хэрээр ардчилагдана гэдгийг бид ойлгож байв. Дараа дараагийн шинэчлэл, эрэл хайгуул, өрнөлийн хөрсийг ч тус сэтгүүл зулж, нутагжуулсан юм. Одоо онол гэхээр огихоос наашгүй болж. Гэтэл нам шинжлэх ухаанч бус бол ердөө л хоосон толгойтон, хэнээрхэгчдийн цуглуулга байж, үндсэн зорилгоо ойлгохгүй. Түүнийгээ зурайлгаж, хэрэгжүүлж чадахгүй. Үүний горыг бид эдүүгээ амсаж байна. Сүүлдээ бүүр улстөрийн эд эс, бүтцийг аж ахуйн түвшинд аваачаад бизнесийн байгууллага мэт болголоо. Үүнийгээ ухаарах ч тэнхэл алга. Ингэтлээ оюун санааны саатжилд орж дордов.

Нэгэн зүйл. 1990 оны ардчилсан хувьсгал өрнөх тэр торгон мөчид улстөрийн тавцанд нам орших, эс оршихтой нүүрэлдсэн юм. Сэхэх, мөхөхийн заагт улстөрийн тэмцэл явагдаж байсан юм. Энэ бол хатуу ч бодит үнэн. Тэр цагт бид “Шинэ үе” жигүүрийг санаачлан, тэргүүнээр нь миний бие ажиллаж байв. Нам тэсч үлдэх, шинэчлэгдэхэд тус жигүүр түчээлсэн гэхэд хилсдэхгүй. Намын онол, суртахуун, үзэл баримтлалыг боловсруулахад жигүүр гардан оролцсон. Үйл ажиллагааны зарчим, арга барилыг өөрчилсөн. Жирийн гишүүдэд урам зориг хайрласан. Бид ахмад, дунд, залуу үеийн алтан аргамжийг алдруулаагүй. Жигүүрийг намын ХХI их хурлаар баталгаажуулсан юм. “Намыг хагалан бутаргах гэж байна, эрх мэдэл, албан тушаалын төлөө шунахайрагчид” гэх мэтээр нам дотроо бишгүй л яллуулсан даа, бид. Гэхдээ бид мохоогүй. Бид намаа шинэчлэх, намаа залуужуулах зорилтыг хэрэгжүүлсэн. Тэгэхэд гудамж талбайд жагсаал цуглуун бараг тасрахгүй халуун, ээдрээтэй цаг үе байж. Манай жигүүрээс гадна өөр хоёр жигүүр үйл ажиллагаа явуулж байв.

1992 оны Улсын Их Хурлын сонгуулиар нам ялж, 72 суудал авав. Гэтэл нөгөө хоёр жигүүрийн нэг болох “Нийгэм журамтны холбооныхон” намын их хурлын шийдвэрээс гажив. Нам “марксизм-ленинизмээс ухарлаа” гээд илт давшилж, ажиллаад эхэлсэн. Намыг дотоодод ч, гадаадад ч ойлгохоо болив. Энэ бол намд ирсэн нэг том сорилт байв. Манай жигүүр: нам сонгож авсан ардчилсан замнал, намын Их хурлын үзэл баримтлалдаа үнэнч улстөрийн нэг цул байгууллага гэдгийг хамгаалсан. Намын эрх ашгийн үүднээс бүх жигүүрийг татан буулгахыг санаачилж, намын Бага хурлаар шийдвэрлүүлсэн юм. Тухайн үед энэ л алхмыг дотоод хямрал, сорилтыг даван туулах эрүүл саруул гарц гэж үзсэн учир тэр. Ингэхдээ жигүүрийг намын залуу гишүүд, дэмжигчдийн бүтцээр үлдээх, жигүүрийн төлөөллийг Удирдах Зөвлөлд оруулах, Намын Удирдах Зөвлөлийн хэсэг гишүүдийг чөлөөлүүлэх нөхцөлтэйгээр үүнийг гүйцэлдүүлсэн юм. Жигүүр тэр үед дэргэдээ эмэгтэйчүүдийн зөвлөл, оюутны зөвлөл гэсэн бүтэцтэй байсан бөгөөд жигүүр болон эдгээр нь хожим социнтерний зохион байгуулалтын жишгээр бүгд намын дэргэдэх холбогдох байгууллагууд болж хувирсан юм. Үүнийг намын одоогийн залуусын дийлэнхи мэддэггүй. Мэддэг удирдах хүмүүс нь дурсдаг ч үгүй. Бүүр мартагнуулах сонирхолтой байдаг шиг байгаа юм. Гэхдээ түүх бол түүх. Харин өөрт хэрэг болно гэж үзвэл жигүүрийг өмчлөх хандлагыг гаргадаг юм байна. Намын дарга М.Энхболд ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ намтарт ”өөрийгөө жигүүрийг санаачлагч” гэж. Манай жигүүр намын ХХI их хурлын өмнө зохион байгуулагдаад тус Их Хурлын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулалтын асуудал шиидвэрлэхэд хэдийнээ идэвхтэй оролцоод ирсэн байв. Тус Их Хурлаар жигүүрээ батламжлуулсан хэрэг. Тэгэхэд 21 залуу индэр дээр гарч зогсоход тэрбээр оролцсон шиг санагдах юм. Их хурлын 64 төлөөлөгч жигүүрт элсэж байсан юм. М. Энхболдыг баримт бичиг боловсруулахад нэг санаа хэлж, нэг өгүүлбэр бичиж өгч байсныг мэдэхгүй юм. Үйл хэрэгт хэр оролцож байсан нь буухгүй байна. Үүнийг дурьдаж буйн учир гэвэл тус жигүүр нүүр талхлах, оноо авах хэрэгсэл бус, гагцхүү үзэл санаа, үйл ажиллагааны мөр замтай улстөрийн капитал, тэгэх тусмаа, миний улстөрийн капитал болохыг цохон тэмдэглэчихье! (Энэ болон бусад зүйлийг дараа дараагийн бичлэгт өгүүлье). Түүндээ тулвал тэр үед бадамласан, эрчлэгдсэн үйл хэрэг инэрциэ тавиагүй, эерэг тулгуур байсаар байна. Буянаа шавхаагүй байна. Нам гээд яривал тэр л цагийн гэгээлэг үзэл, үйлст дөрөөлж байна. М.Энхболд морь, шатарт хорхойтой гэж. Шатарт цугцванг гэх нэг ойлголт бий. Энэ ойлголт биежээд байна. Цугцванг нь юу болохыг мэдэх үү? Тэр нь нүүдэл хийх бүртээ бүтэлгүйтэх, хожигдол хүлээх байрлалд орохыг хэлдэг. Намын хувьд жирийн гишүүдийн хүсэл мөрөөдлийг эдүүгээ гажуудуулж, зүтгэл, тэмүүллийг хөсөрдүүлж, намыг төрөл арилжуулсныг хэлж байна. Зөвхөн нам ч биш! Нийгэм үүрээ эвдүүллээ. Жирийн ард үгүйрч гүйцлээ. “Хөмөрсөн тогоонд” эргээд дарууллаа. Ухаантнууд сэддэг, зоригтнууд хийдэг, адгийн амьтад үр дүнг нь хүртдэг гэсэн утгатай нэгэн хэлц санаанд орж байх юм.

Нэгэн зүйл. Улсын Их Хурлын гишүүний хугацаа өндөрлөхөд миний бие намын үзэл суртлын зэвсэг - “Монголын үнэн” сонинд тоймчоос эрхлэгч хүртэл албыг нэлээд жил хашсан билээ. Намын жирийн гишүүд адил намын нэр төрийг дээдлэн чухалчилж ирсэн. Нам эрх баригч, эсбөгөөс, сөрөг хүчин байх аль аль үед ажиллаж байлаа. Нийтлэлийн ямар бодлого сонин явуулж буйн ил тод. Тэнд ар хударгаар аргалаад нууж далдлах юм байхгүй. Бүх зүйл уншигчдын шүүлтүүрээр ордог учир тэр. Сонин хэдий намын харьяалалтай авч хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд харьцангуй бие даасан бодлого явуулж байсан гэдгийг л хэлж чадна. Нотлоно. Ямартаа л “Иргэний нийгмийн иргэнлиг сонин байх” зорилго дэвшүүлээд ажиллах вэ дээ. Сонин иргэнлиг байх тутам тэр хэрээр нам ардчилагдана, нам олон түмний нам байна гэдгийг эш үндэс болгосон хэрэг. Нөгөөтэйгүүр,“намын шүүмжлэл, өөрийн шүүмжлэл” гэх айхтар үнэт зүйл бий. Их л эртний нэр томъёо сонсогдож байна уу. Тэгвэл түүнийг байр суурь, итгэл үнэмшил, шударга ёс, хүсэл зориг, ил тод байдал, олон ургальч үзэл, намыг хөдөлгөөн, хөгжилд дэвжээх хөшүүрэг гээд ойлгочих. Нам доторхи шүүмжлэлээ даахгүй бол нам байгаад яах юм? ! Шүүмжлэлд эрүүл саруулаар хандвал эм болдог. Хүнийсэг, хөндий, хорсолтой хандвал хор болдог. Нам хөдөлгөөнд байх, алдаа, оноогоо тунгаах, өсч дэвжих ундрага нь намын өөрийн шүүмжлэл аж. Улстөрийн шинжлэх ухаанд ингэж номлосон байдаг билээ. Үргэлж магтуулах нь нялхруулдаг, мөхүүлдэг юм. Үүнийг умартвал, басамжлавал, үл ойшоовол нам ялзрана. Чухам ийм л зарчмыг аль ч даргын үед бид чиг болгон баримталж ирсэн. Үгүй гэж булзах дарга гарахгүй биз. Харамсалтай нь намын өв уламжлал, үнэт зүйлс, үйл ажиллагаанаас энэ нь эдүүгээ арчигдаж. Намд нүүрэлдээд буй өнөөгийн бүхий л лай ланчин, намаг шавхайгаас сонин ямагт урьдчилан сэрэмжлүүлж байв. Ийм гайд автлаа, засч залруул,түүнээс ангижир, ийм гай нүүрэлдэх нь гэдгийг бичиж, нийтлэнэ. Жирийн гишүүд, дэмжигчид болон олон түмний үзэл бодол, санаа сэтгэлийг бидний хүргэсэн сонины хуудсууд шарлаж амжаагүй л байна. Ганц жишээ татахад сонин “МАХН-ыг (одоогийн МАН) нозоорлоос сэргээх нийгмийн дуудлага цангинаж байна” гэсэн хоёр дугаар дамжсан редакцийн өгүүлэл гаргав. Намын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд энэ юу болж байна гээд “ярилцаж”. Удирдах Зөвлөлийн хуралд дуудаж байв. Бангадах санаатай...Хурлын дараа С.Баяр надтай уулзсан. “Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намайг чамтай уулз гэсэн. Чи ийм материал нийтлэх гэж байна гэдгээ надад ядаж дуулгахгүй яав? Чи араа даах юм уу” гэж байна. Би С.Баярт “ Хэрэв дуулгаад нийтлэгдэхгүй болбол яах юм? Өөрөө: хүлээж бай. Цаг нь болоогүй гэх ч юм уу, ерөөс түр хойшлуулчих гэвэл яах вэ? Ийм юмыг толгойгоороо хариуцаж байвал намайг асуудаггүй гэдгийг өөрөө гадарлана. Хэрэгтэй гэж үзээд нийтлэлээ. Араа би даана” хэмээв. Араа би үнэхээр даав. Сонин намын жирийн олон түмний эрх ашгийг илэрхийлсэн юм. Сонины нийтлэлийг Л.Түдэв гуайгаас эхлээд нийгмийн зүтгэлтнүүд, цуут сэтгүүлчид, нэр хүндтэй улстөрчид, бүүр сөрөг хүчний сонины эрхлэгч ч дэмжсэн цувралууд манай сонины дараа дараагийн дугааруудад хөвөрч билээ. Дашрамд дурьдахад сонин өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Орлого олж гавихгүй ч, зарлагаа тооцвол багагүй хөрөнгө намд хэмнэж өгсөн байдаг. Нам улстөрийн соёлтой, ёс зүйтэй, ёс суртахуунтай байхыг сонин сурталдахыг чиг шугамаа болгосон. Би сэтгүүлчдийнхээ итгэл үнэмшилтэй, эр зоригтой байж, шударга ёс болон хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө үнэнч хүчин зүтгэсэнд мэхийнэ.

Яг дөрвөн жилийн өмнө “...Хүнийг суудал нь бус, хүн өөрөө суудлаа чимдэг гэдэг. Хүнийг албан тушаал бус, ажил хэрэг нь алдаршуулдаг. Хүнийг эрх мэдэл нь бус, ёс зүй, ёс суртахуун нь өнгөлдөг... Би бусармаг явдалд оролцоогүй, хутгалдаагүй. Хэсэг бүлэг болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжахгүй. Би зарчмаа, оюун санаагаа, бие сэтгэлээ наймаалахгүй...” гээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрийгөө сурталчлаад явсан энэ үгийг би бичсэн юм. Ийм Ерөнхийлөгчтэй байх ач холбогдол буурсангүй. Харин ч бүүрч эрэлт хэрэгцээтэй болж. Ийм үзэл баримтлал, байр суурьтай, менталитеттэй, цэх шулуун, шударга ерөнхийлөгчтэй байх хүсэмжилдээ би үнэнч хэвээр байна. Энэ удаад өөрийн намаас бус, угшил нэгт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжих болно. Үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болно. Цаг үеийн ийм дуудлага, шаардлагатай ард түмэн нүүрэлдсэнийг тосон авч, утгажуулан дэмжинэ.
    
Сэтгүүлч Ц.Ганбат

2017-6-7