Маргаан дэгдээсэн цагаан хуудас
2017 оны 7 сарын 3 [Уншсан тоо: 75649]




Жаахан байхад сонгууль гэж нэг том “баяр” болж, томчууд гоё, ганган хувцсаа өмсөн санал өгдөг байв. Тэр жил хөдөө амарч байхад энэ “баяр” таарч, томчууд дээл хувцсаа бэлтгэн, орой сумын клубт бүжиг болох тухай, сумын дарга санал авах байрны гадаа асар засаад ирсэн хүн болгоныг айраг, цагаагаар дайлах тухай бөөн яриа болов. “Саналаа өгөхтүн” гэсэн сүртэй бичигтэй, хоёр хүний зурагтай цаасыг томчууд “Нэг нь улсын девтаат, нөгөөх нь улсынх” гэж тайлбарлах. “Девтаат” гэдэг томоо танхимд эгнэж суугаад алга ташиж байдаг, энгэртээ одон тэмдэг ярайлгасан хүмүүс  гэдгийг ойлгохтойгоо.

 -Энэ хоёрыг л сонгох ёстой юм уу?
-Тийм
-Өөр хүн сонгож болох уу?
-Болохгүй ээ.
-Өөр хүн сонгож болдоггүй юм бол тэгээд сонгож яадаг юм бэ?
-Хамаагүй ингэж ярьж болдоггүй юм аа, чимээгүй бай. Хэрэгт орно. .. ийм л яриа санаанд үлдэж.

Бяцхан тархинд маань цаанаас нь өгсөн нэрийг л сонгохыг сонголт гэж хэлэх ёстой гэж үү гэсэн бяцхан тэрслүү бодол эргэлдсээр байсан ч хэн ч хариулт өгч чаддаггүй байлаа. Одоо ч гэсэн Хойд Солонгосын их удирдагч индэр үг хэлж, эгнэн суусан олон шижигнэтэл алга ташиж байгаа зураг, дүрсийг харахаар тэд удирдагчийнхаа зөв гэдэгт, өөрсдөө сонголтоо хийсэн гэдэгтээ итгэсээр байгаа байх даа гэсэн бодол хүүхэд насны энэ дурсамжтай хамт зурсхийдэг.

Харин бид одоо сонголтоо хийж чадаж байгаа юу? 

Хэдийгээр олон шүүмж байдаг ч гэсэн ардчиллын, жинхэнэ утгаараа бол чөлөөт нийгмийг сонгоод 20 гаруй жилийг үдсэн монголчуудын хувьд сонголт хийх эрх бий гэж итгэийг хүссээр байсан. Магадгүй бүр олдохоороо өлдөх гэдэг үг ч санагдахаар байдал үүссэн нь бий. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл аль ч нэр дэвшигч таалагдахгүй бол яах вэ гэсэн асуулт хурцаар тавигдаж байсангүй. Бухимдсандаа сонгуулийг, баригчдыг муулах шүүмжлэх, санал хураалтанд очихгүй гэж “зөрүүдлэх” төдий л байв.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хуульчлагдсан энэ боломж  өнөөдөр ид маргаан дэгдээд байна.

Яагаад маргаан гэж үү?


Энэхүү боломжийн талаар олон нийт харьцангуй мэдээлэл багатай байсан. Цагаан хуудас нь хүчингүй саналд тооцогдоно гэсэн ухуулга ч бас олон нийтийн сүлжээгээр “нисэлдэх”. Гэхдээ л зургадугаар сарын 26-нд болсон санал хураалтаар бараг санаанд оромгүй гэмээр буюу 18 мянга гаруй иргэн ийм сонголт илэрхийлсэн нь олон нийтийн, намуудын ч анхаарлыг татав. Нэр дэвшигчид нь олонхийн санал авч чадаагүй хоёр намын “анхаарал”-ыг татахаас өөр аргагүй. Санал хураалтын дүнд цагаан хуудас нөлөөлж магадгүй гэсэн айдас байгаа учраас.

Угтаа энэ бол иргэдийн сонгох бас сонгохгүй байх эрхийг баталгаажуулсан боломж. Бичвэрийн өмнөтгөлд өгүүлсэн сонголтгүй сонголт тулгадаг “коммунизм”-ын гэмээр алдаагаа бага боловч зассан алхам. Ер нь бол сонгууль болгоноор сонгогчдын идэвх буурч, ирц хүрэхгүй байх шүдний өвчин нэмэгдэж байгаа учраас ирцээ хангах гэсэн энэ заалт иргэдэд боломж болов.

Эрх баригч намуудын үйл ажиллагаа таалагдахгүй байгаа, эсвэл улстөрөөс залхсан зарим нь /энд залхуураад санал хураалтдаа очдоггүй гэж зарим хүний шүүмжилдэг хэсгийнхний талаар өгүүлсэнгүй/ эсвэл дэмжих нэр дэвшигч байхгүй гэсэн хүмүүс санал хураалтад оролцохоос алхам алхмаар ухарсаар. Харин дэмжих нэр дэвшигч байхгүй ч саналаа илэрхийлэх, Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө хүндлэн санал хураалтад оролцох, магадгүй эрх баригчдад сануулга өгөх гэсэн иргэд олон байгааг саяны санал хураалт харуулав.  Өөрөөр хэлбэл, хуудсанд бичсэнийг сонго, үгүй бол дуугай бай гэсэн тулгалтыг өөрчилж чадсан.

Харин одоо маргаан дэгдээд байгаагийн учир гэвэл нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн буюу 50+1 санал авч чадахгүй байж магадгүй гэсэн АН, МАН-ын айдас хийгээд МАХН-ын тоглолт.

Долдугаар сарын 7-нд болох санал хураалтаар аль ч нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол намууд нэр дэвшигчээ эргүүлэн татаж, өөр хүн нэр дэвшүүлэх болно. Цагаан хуудас нэмэгдэх тусам ийм магадлал байгаа учраас тэд хамаг хүчээ шавхаж байна. Мэдээж нэр дэвшигч нь олонхийн санал авч чадна гэсэн итгэл байсан бол юу гэж ингэж сандрах вэ дээ.

Харин “хуучин” шиг саналаа өг, өгөхгүй бол ирц бүрдэхгүй, очоод хэнийг ч хамаагүй дугуйл “хохь нь” гэсэн хуулийн заалт байсан бол аргаа барсан иргэд хэн нэгний “бор халзан хонь” шиг дугуйлсаар “хэн нэг” нь ялах боломж байв.   Өөрөөр хэлбэл, хоёр муугаас аль гайгүй мууг нь сонго гэсэн сонголт үргэлжлэх байлаа. 

Гэвч энд бас өмнөх санал хураалтаар аман хүзүүгээрээ санал тастуулсан МАХН-ын нэр дэвшигч “Цагаан хуудсыг сонго” гэж уриалснаар цагаан сонголт намуудын тохиролцоо тоглоом гэсэн яриаг бий болгож байна. Мэдээж энэ бол өмнө саналаа өгсөн 18 мянган сонгогчийг харлуулах, доромжлох шалтгаан болж чадахгүй ч олон хүнийг эргэлзүүлж, бас маргаан дэгдээж байна. Олон нийтийн сүлжээнд цагаан хуудас бол тэрний, энэний явуулга, “цагаантнууд” тэрний, энэний гар хөл гэсэн хэрүүл хэдийнэ дэгдсэн. Гэвч тэртээ, тэргүй сонгуулиар дэгдэж л байдаг энэ “дайралтууд”-ын дунд иргэд өөр, өөрсдийнхөө сонголтыг хийх нь л чухал.

Үүнд ч бас цагаан хуудас бол хэн нэгнийг дэмжээгүйгээ илэрхийлж буй сонголт, одоо өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг чин сэтгэлээсээ дэмжиж, хүмүүсийн сонголт ч багтаж байгаа нь тодорхой. Зарим нэг улаан “фэн”-үүд ухуулга сурталчилгаагаа хэтийдүүлж, бүдүүлэг алхам руу дөхөөд байгааг эс тооцоод  сонголт хийгддэгээрээ хийгдэнэ биз.

Бас хүн өөрийнхөө сонголтыг хүндэтгэдэг шигээ бусдын сонголт руу дайрч, давшилж, нулимдаггүй гэдгийг сануулах юун.

Эцэст нь:

Энэ удаагийн сонгуульд бие бие рүүгээ дайрсан, турхирсан хэрүүл, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллүүд хэтийдсэн гэдгийг олон хүн шүүмжилж байгаа. Сонголтгүй сонгууль болгоход нөлөөлсөн ч байж магадгүй.

Дашрамд сануулахад, хэн ялсан, ялаагүйгээс эс хамааран сонгуулийн аливаа бульхай луйвар, тухайлбал мөнгө тараасан гэх асуудлууд, сурталчилгааны турш өрнөсөн үнэн худлыг эцэслэн шалгахаа “төр” бүү мартаасай, халууныг ч эс хайхран халуурч байсан сонгогчид бид ч мартах ёсгүй.

Эцсийн эцэст сонгууль болгоноор дэгддэг хууль бус байж болох алхам, үйлдлүүдийг сонгуулийн маргааш нь мартаж, эсвэл санаатайгаар шалгаж эцэслэхгүй дарагдуулсаар байгаа нь иргэд сонголтдоо эргэлзэх, сонгуулийн санал хураалтад итгэхгүй байх, сонгуульд оролцохоосоо татгалзах суурь болсоор ирснийг хууль хяналтын байгууллагынхан, төр баригч хэмээгчид мэдэж л байгаа. Үүнийгээ шалгадаг, хянадаг, хариуцлага тооцдог болчихвол та нар юу гэж иргэдийн сонголтоос айх билээ. Жич өнөөдөр идэвхтэй байгаа шиг ээ, сонгуульд хэн ялснаас эс хамааран намуудаас хариуцлага, эрх баригчдаас үр дүн, дээр өгүүлснээр сонгуулиар өрнөсөн маргаануудыг эцэслэн шалгахыг иргэд бид ч шаардаж байх ёстойгоо хэлүүлэх юуун.

А.АЛТАНТУЯА