Популизм
2017 оны 7 сарын 6 [Уншсан тоо: 33523]

Монгол улс хэдийгээр санхүү эдийн засгийн байдал нь хүнд байсан ч Хөгжлийн Банкны 2017 оны 3 сард төлөгдөхөөр тулж ирсэн $580 саяын бондын төлбөрийн асуудлыг олон улсын зах зээл дээр шинээр бонд гаргаснаар амжилттай давж гарсан. Улмаар 2017 оны 5 сарын 24-нд ОУВС-гийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрт хамрагдан олон улсын донор байгууллагууд ба гадаад улсуудын засгийн газруудаас нийтдээ $5.5 тэрбум авахаар болов. Энэ бүхэн Монгол улсад итгэх итгэл хараахан алдагдаагүй байгааг илтгэж байна. Тухайн хөтөлбөрт хамрагдах гол шаардлагуудын нэг нь төсвийн сахилга батыг чандлаж зарим татварыг нэмэх замаар төсвийн алдагдлыг нөхөх төлөвлөгөөтэй ажиллах. Ингэснээр манай улсын эдийн засаг сайжрах төлөвтөө ороод байгаа билээ.

Гэтэл малчны, оюутны, цалингийн ба тэтгэврийн зээлтэй иргэдийн бүх зээлийг нь тэглэх тухай ярьж эхэллээ. Монгол Банкны мэдээллэснээр манай улсад дээр дурдсан зээлтэй иргэд нийд 993 мянга ба нийт зээл нь 5.8 их наяд төгрөг буюу $2.45 тэрбум (ОУВС-гийн ӨСХ-ийн хурээнд орж ирэх мөнгөний 45%, эсвэл ДНБ-ий 21.5%).

Эх үүсвэр нь уул уурхайн компаниудын ноогдол ашиг гэнэ. Мэдээж ААН-ийн ноогдол ашгаас дур мэдэн авч иргэдийн зээлийг төлнө гэдэг утгагүй хэрэг. Үүнийг хэний мэдлээр хэн захиран зарцуулах нь хуулиар тодорхой заагдсан байгаа.

Үндэсний Статистикийн Хорооны судалгаагаар уул уурхайн компаниуд нь өнөөдөр МУ-ын хэмжээнд хамгийн өндөр дундаж цалинтай (2.4 сая төгрөг) 22,000 гаруй иргэдийг ажлын байраар ханган, сургаж, мэргэшүүлэхийн зэрэгцээ цаашдын бүтээн босголтыг хийсээр байна.

Монгол улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар экспорт $2,518.5 сая хүрснээр гадаад худалдааны тэнцэл $1 тэрбумын (2016 оны мөн үеийхээс 69.5% илүү) ашигтай гарсан нь уул уурхайн салбарын экспорт $2,071.3 сая болсноос шууд хамааралтай. Борлуулалт нь $2 тэрбум байгаа салбараас $2.45 тэрбумын өрийг яаж тэглэх ямар ч утгагүй аргумент.

Хамгийн их гаднаас хөрөнгө оруулалт татаж байгаа ААН-үүдийнхээ ноогдол ашгийг төр булааж аван эргэн үл төлөгдөх санхүүжилт хийх гэж байгаа нь уутны амыг уруу нь харуулаад сэгсэрч байгаатай адилхан.

2017 оны 7 дугаар сарын 4-ний Өдрийн Сонинд гарсан УИХ-ын гишүүн З. Нарантуяагийн ярилцлагаас харвал дээрх зээл нь давхардаагүй тооцооллоор $1.18 тэрбум болж байгаа бөгөөд үүнийг Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ашгаар тэглэх юм гэнэ. ЭТТ-н 2016 санхүүгийн жилийн аудитлагдсан тайланг харвал нийт хөрөнгө нь 479.7 тэрбум төгрөг бол өр төлбөр нь 895,9 тэрбум төгрөг тул эздийн өмч нь хасах 416.2 тэрбум гэх их хэмжээний сөрөг дүн гарч. Мөн үеийн цэвэр ашиг нь 34.4 тэрбум ба нийт бэлэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь нийт 41.5 тэрбум төгрөг байна. Үүнийг хэрхэн ашиглан $1.18 тэрбум буюу 2.7 их наяд төгрөгийн өрийг тэглэх нь ойлгомжгүй байна.

Нэгэнт уул уурхайн ААН-үүдээс ийм мөнгө гарахгүйгээс 2 дугаар арга зам нь төсвийн зардлаа нэмэх. Гэвч 2017 оны 5 сарын байдлаар төсвийн алдагдал 412.5 тэрбум төгрөг байна. Төсвийн орлогын 79% нь татварын орлого болно. Хар ухаандаа төсвийн алдагдлыг 6.3 их наяд төгрөг болговол та бид хэдэн төгрөг хуримтлуулах санаатай зээл авалгүй цуглуулж байгаа ба ажиллаж олсон мөнгөний ихэнх хувь нь төсвийн алдагдлыг багасгах биш харин хөрш Доржийн цалингийн зээл, ээжийх нь татварын зээл, хүүгийх нь сургалтын зээл, ба найзых нь малчны зээлийг төлж дуусна.

Цаашлаад төсөвт бэлэн мөнгө байхгүй учраас арилжааны банкууд руу хандах байх. Монгол Банкны мэдээллээр 2017 оны 3 сарын байдлаар М1 буюу бэлэн мөнгөний нийлүүлэлт 2.1 их наяд төгрөг, М2 буюу банкны хадгаламж, зах зээл дээр гарсан үнэт цаас, сан гэх мэт хялбар бэлэн мөнгөд хөврөх чадвартай мөнгө нь 12.2 их наяд төгрөг байна. Банкны салбарын активаас ийм мөнгө авч зарцуулах нь чанаргүй зээлийн түвшинг тэнгэрт тулгаж банкны систем ба ЭЗ-ийг сөхрөөх хамгийн дөт зам болно.

ОУВС-гийн ӨСХ-ийн нэг гол шаардлага нь банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй 16 банкинд Asset Quality Review буюу Хөрөнгийн чанарын шалгалт хяналтыг явуулах ба ингэснээр хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй банкны систем бий болж энэ нь тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох юм.

Дараагийн арга нь бол Монгол Банк мөнгө хэвлэх замаар иргэдийн өрийг тэглэнэ. Ингэснээр дөнгөж тогтворжиж эхлэж байсан Монгол төгрөгийн Америк доллартай харьцах ханш тэр чинээгээр унаж та бидний худалдан авах чадвар одоогийхоос олон хувь буурна.

Иймээс энэ амлалт нь Монгол улсын угаас газарт хэвтээд босох гэж тэмтэрч байсан нэр хүндийг олон улсын түвшинд бүр мөсөн шалтай нь тэгшлэх бөгөөд нөгөөтэйгүүр энэхүү саналыг дэвшүүлсэн АН-ын “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” буюу баялгийг бүтээгчдийг дэмжих үзэл баримтлалтай нь огт нийцэхгүй байгаа юм.

Харамсалтай нь өнөөгийн АН Социнтернийн гишүүн МАН-аас ч илүү зүүний бодлого явуулж байгаа нь ямар ч утга учиргүй хорлон сүйтгэх үйл ажиллагаа юм шиг санагдаж байна. Ингэснээр тэд чөлөөт ардчилсан үзэл санаа бүхий барууны хөрөнгө оруулагчдыг л үргээж байна даа.

Э.ЦАГААДАЙ