Бичил бизнесийн тархи – СЕВРАЕ
2017 оны 8 сарын 11 [Уншсан тоо: 8484]

Бичил бизнесийг хөгжүүлэх эргэлтийн бодлого

Бичил бизнесийг бид төдийлөн ойшоодоггүй. Хэрвээ анзаарах аваас орц, хонгилын үйлдвэрлэл, гудамжны худалдаа, гар дээрх наймаа гээд эргэн тойронд буйтэдэнтэй өдөр тутам нүүр тулна. Ажил олдохгүйгээс амь зогоон, ар гэрээ тэжээн тэтгэж байна даа хэмээн хаяа нэг тэднийг хөөрхийлөн бодно. Энэ бол бидний тархинд суусан хэвшмэл ойлголт. Магадгүй, энэ ойлголт төрд ч байдаг учраас иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж үзнэ.

Харин улсынх нь эдийн засаг хэдхэн том үйлдвэрээс биш харин хэдэн мянган жижгүүдээс хамаарч хөгждөгийг ойлгосон улс орны бодлогод эргэлт гардаг байна.
Бразил Улсад8,5 сая бичил болон жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ба тэд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 99 хувийг бүрдүүлж, нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлж, ажлын байрны 53 хувийг хангаж байдаг. Бразил бол дэлхийн долоо дахь эдийн засаг, аж үйлдвэржсэн хүчирхэг гүрэн шүү дээ. 

Тэгэхлээр нөгөө орц, хонгилын жижгүүдийг дэмжээд өгөх аваас айл гэрийн орлого нэмэгдэх төдийгүй улс орны эдийн засаг хүчирхэгжин хөгжих суурь тавигдах аж.

Бичил ба жижиг аж ахуйг дэмжих хөтөлбөр төрөөс батлаад санхүүгийн зээл олгоод ч энэ салбар хөл дээрээ босохгүй байх тохиолдол олонтаа. Учир нь зах зээлийн хатуу өрсөлдөөн үрсэлж буй гэнэн “жижгүүд”-ийг амархан залгичихдаг. Чухам тиймээс тэднийг бойжуулан зах зээлийн ширэнгэн ойд орон зай олон өсөн хөгжих арга ухааныг зааж сургах хөтөч тун чухал. Чухам энэ үүргийг “СЕВРАЕ” хэмээх тун өвөрмөц бүтэц, зохион байгуулалттай нэгэн байгууллага нэр төртэй гүйцэтгэнэ. 

СЕВРАЕ нь1972 онд Засгийн газрын харьяанд “Бичил жижиг үйлдвэрлэл”-ийг дэмжих зорилготой байгуулагдсан түүхтэй. Харин 1990 оноос бие даан өрх тусгаарласан байна. Тус байгууллага төрд хамаарахаа больсон ч төрийн бус байгууллагын ангилалд бас багтдаггүй нь хачирхалтай. Бразил Улсын Татварын тухай хуульд том аж ахуйн нэгжүүд бичил бизнесийг хөгжүүлэх “нийгмийн хариуцлага” хүлээн ашгийн 0,03 хувиа төлөх үүрэгтэйг хуульчилжээ. Чухам энэ эх үүсвэрээр “СЕВРАЕ” санхүүжин ажиллана. Тухайлбал: Тэдний 2015 оны төсөв нь 3,3 тэрбум реал буюу одоогийн ханшаар нэг тэрбум орчим ам.долларт хүрч байв. 
СЕВРАЕ-г төрөөс хараат бусаар байгуулж, санхүүжилтийг оновчтой шийдвэрлэж чадсан нь  бичил болон жижиг бизнесийн хөгжилд бодитой анхаарал хандуулсан төрийн эргэлтийн бодлого болсон хэмээн судлаачид үнэлэх юм билээ. 


Бойжуулахгүй бол босохгүй салбар  

Зах зээлийн ширүүн өрсөлдөөнд өрхийн аж ахуй тэсвэрлэн хөл дээрээ босоход нэн хүнд. Магадгүй, тэдэнд эхэндээ мөнгөнөөс илүү мэдлэг шаардлагатай байх. Эмзэг хэвшлийг “СЕВРАЕ” бойжуулан хөлд оруулах үүрэгтэй. Чухам тиймээс СЕВРАЕ-г бичил хэвшлийн хөгжлийн “тархи “гэж нэрлэж болно. Учир нь тус байгууллага бичил, жижиг бизнесийн зах зээлийг нарийвчлан судалж хаана ямар бүтээгдэхүүнээр гараагаа эхлэх боломжтойг урьдчилан тодорхойлж өгдөг. Тухайлбал: аж ахуйн нэгжээ байгуулах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, ажлын байраа олох, зээл авах, зээлийн баталгаа гаргах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, борлуулах гэх зэргээрбизнесийн А-Я хүртэлхцагаан толгойн үе шат бүхэнд дэмжлэг үзүүлэн тусалдаг аж. Бичиг үсэггүй иргэдэд хүртэл үйлчилдэг учраас тэдний сургалтын гарын авлага, зөвлөмж их энгийн, зураг голдуу. “Намайг хуул” гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг тэдний бүх төрлийн үйлчилгээг хэн ч хуулбарлан хэрэглэж болно.Мэдээлэл, сургалт, зөвөлгөө, гарын авлага бэлтгэж телевиз, радиогоор олон нийтэд хүргэх төдийгүй танхимын болон гэрийн сургалтыг зохион байгуулахдаа мэргэшсэн байгууллага юм. Аварга том асарууд босгон нүүдлийн сургалт, зөвөлгөө өгөх ажлыг орон нутгуудаар зохион байгуулдаг тэднийг иргэд андахгүй.Хамгийн гол нь тэдний бүх төрлийн үйчилгээ үнэ төлбөргүй бөгөөд үйлчлүүлэгчээсээ 80 -аас дээш хувийн сэтгэл ханамжийн үнэлгээ байнга авдаг аж.

Бразил Улс 2006 онд бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах хуультай болсноор энэхүү бизнес эрхлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна.Жил бүр хэдэн зуун мянган аж ахуйн нэгж шинээр байгуулагддаг ба хүссэн бүрийг бойжуулахад СЕВРАЕ тусална. Эдүгээ тус байгууллага улам өргөжин тэлсээр улс орон даяар 700 гаруй үйлчилгээний төвтэй болж түүнд нь 5000 гаруй бизнесийн зөвлөх, сургагч багш, зах зээлийн шинжээчид ажиллаж хамгийн сүүлийн үеийн чанартай мэдээллийг үйлчлүүлэгч олондоо хүргэж байна. Түүнчлэн өрхийн үйлдвэрлэлээ тэлэх тодорхой төсөлтэй иргэдэд тоног төхөөрөмжөө худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлдэг ба гагцхүү төлбөрийг тэдэнд бус үйлдвэрлэгч компанид шууд олгодог гэнэ.


Араасаа чирэх нийгмийн хариуцлага 

Нэг том компаний тусламжтай мянган жижиг үйлдвэрлэгчийг хөл дээр нь босгож болно гэсэн зарчмыг тэд хэрэгжүүлдэг. СЕВРАЕ нь үндэсний том компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар жижиг аж ахуйн нэгжүүдийг дээрх байгууллагуудад бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэхэд зуучлан тусалдаг байна. Тухайлбал: Бразилийн дэлхийд тэргүүлдэг уул уурхайн Вали компанитай олборлолт явуулж байгаа газар бүхэндээ 1000 жижиг аж ахуйн нэгжийг бэлтгэн нийлүүлэгчээр гэрээлэн ажиллуулдаг байх тохиролцоо хийжээ. Харин орон нутгийн аж ахуйн нэгжийгстандартын дагуу гологдолгүй ажиллаж сурахад СЕВРАЕ тусалдаг байна. Үнэ төлбөргүй сургалт явуулж, чанарт сургана. Энэхүү санаачилга амжилттай болж нэг том компанийг дагаад олон жижиг үйлдвэрлэгчид богино хугацаанд хөл дээрээ босно. Ялангуяа тухайн орон нутгийн иргэдийн бичил бизнесийг дэмжин ажиллах нь уул уурхайн компаний нийгмийн нэр хүнд болдог тул иргэдээс хариу талархал ирнэ. Ийнхүү том компануудын дэмжлэгтэй өрхийн аж ахуйг хөгжүүлэх орчин бүрдүүлж болдогийг СЕВРАЕ өөрийн үйл ажиллагаа төдийгүй санхүүжилтийн арга замаа хэрхэн шийдсэн амьд жишээгээрээ харуулдаг.

Арга зүйгээр дагнан мэргэшин үндэсний сүлжээ болтлоо тэлсэн СЕВРАЕ-ийн туршлагыг гадаадын олон орон сонирхон судалдаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ангол, Мозамбик зэрэг орнууд амжилттай нэвтрүүлж байгаа гэнэ. 

Дашрамд хэлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо СЕВРАЕ илэрхийлээд байгаа бөгөөд “намайг хуул” зарчмынхаа дагуу тэдэнд байгаа амжилт бүхнээ хуваалцахдаабэлэн буйг дуулгахдаа таатай байна.  

СЕВРАЕ- аас үлгэрлэх гол санаанууд:

  1. “Бичил, жижиг үйлдвэрлэл бол зөвхөн ажлын байр биш харин улс орны тогтвортой эдийн засгийн үндэс суурь мөн” гэдгийг ойлгосон цагт төрөөс хэрэгжүүлэх бодлогод эргэлт гарна.   
  2. Жижгүүдийг дэмжихэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгох чухал ч харамсалтай нь зээлтэйгээ дампуурсан олон аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг мэргэшсэн байгууллага бойжуулж байж энэ салбар хөгжинө. 
  3. Жижиг үйлдвэрлэлийг бойжуулагч байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид мэргэшин ажиллах бололцоог бүрдүүлж санхүүжилтийг нь төрд дарамт учруулахгүйгээр хараат бусаар шийдвэрлэх боломж бий. СЕВРАЕ –ийн жилийн санхүүжилт том компаниудын орлогын 0,03 хувиас бүрддэг.
  4. Нэг том компанид мянган жижиг үйлдвэрлэгчийг гэрээлэнажиллуулж хөл дээр нь босгож болно.


Ч.СОСОРМАА