Мэдээллийн үер ба мэдлэгийн зуд
2017 оны 8 сарын 25 [Уншсан тоо: 47362]



1978 онд Herbert Simon эдийн засгийн салбарт нобелийн шагналт хүртжээ. Мань эр судалгаагаа ид хийж байсан 1971 онд буюу бараг 50 жилийн өмнө “A wealth of information creates a poverty of attention” буюу хэт их мэдээ, мэдээллийг хүмүүс ойлгож шингээх чадваргүй болно. Иймээс хүмүүс асуудалд анхаарч төвлөрөх, ухамсартай бодож сэтгэх нь багасах аюултай гэж анхааруулж байсан байх юм аа. Үүний горыг бид үнэхээр бултаараа амсаад эхэлсэн байна. Хангалттай жишээг бид бие биедээ хэлж чадна. Бодолгүй шийдвэр гаргадаг нийгмийг хугархай савхаар ч элбэгхэн удирдана.

MIT-ийн хийсэн бас нэгэн судалгаанд өсвөр насны залуусын 44% нь юу ч хийж байсан гар утаснаасаа огт салахаас байсан тухай дурдсан байна. Яваандаа хүмүүс бие биенээ сонсох, нүдээрээ харьцах, биеийн хөдөлгөөнөөр биесээ мэдрэх гэдэг мэдрэмжүүд бараг шахуу байхгүй болохоор байна. Дээрээс нь ялангуяа сошиал медиа хүмүүсийн лайк, шэйр хийсэн мэдээ, мэдээллийг агуулгуудыг ялган авч ангилан тооцож, яг л тэр хүний дуртай, хүссэн мэдээллийг нь автоматаар feed хийж эхэлдэг буюу сошиал медиа дахь эгогоор нь тоглож эхэлдэг. Яваандаа дургүй мэдээллээ блоклоод, дургүй хүнээ дагахаа байсан уг хүн сошиалд өөрөө өөртэйгээ л яриад дуусдаг. Өөрөөр хэлбэл хувь хүн өөрт хэрэгтэй бус өөрт таалагдсан мэдээлэл дундаа вакуумд орж, бусадтай рационал харьцах ямар ч дархлаагүй болдог жишээг бид мөн бүгдээрээ бие биедээ маш олныг хэлж чадна.

Саяхан бас хэсэг эрдэмтэд нэгэн туршилт хийжээ. Гадил жимтэй төмөр торонд таван сармагчинд оруулав. Аль нэг сармагчин нь гадил жимс авахыг оролдлого хийх бүрт таван сармагчинд бүгдийг нь хүйтэн даралттай усаар шүршиж байв. Тун удалгүй гадил жимс руу дөхсөн сармагчинг бусад сармагчингууд зогсоож хориглож эхэлсэн байна. Анхны таван сармагчнаас нэгийг нь торноос гаргаж өөр шинэ сармагчин оруулж үзэв. Шинэ сармагчин юу ч мэдэхгүй тул шууд гадил жимс руу явах оролдлого хиймэгц нөгөө хуучин дөрөв нь нэвширтэл зодож холдуулж байв. Тэр үед туршилт хийж байсан хүмүүс даралттай хүйтэн усны цоргоо аль хэдийн хаасан байсан. Шинэ сармагчин учрыг нь юу ч ойлгоогүй ч яагаад ч гадил жимс рүү ойртож болохгүй юм байна гэдгийг зодуураар мэдрэв. Удалгүй анхны дөрвөн сармагчны нэгийг нь мөн шинэ сармагчнаар сольж торонд оруулахад яг ижил байдал давтагдав. Өөрөөр хэлбэл гадил авах үед хүйтэн даралттай усаар огт шүршүүлж үзээгүй хоёр сармагчин бусдыгаа даган гадил жимсэнд огт хүрэхгүй төдийгүй хүрэхээр оролдсон сармагчинг бусадтайгаа нийлэн зодож хориглож байлаа. Туршилтын эцэст анхны таван сармагчинд бүгдийг нь шинэ сармагчнаар сольсон ч гэсэн яагаад гэдгийг нь мэдэхгүй атлаа гадил жимсэнд хэн нь хүрэхгүй уламжлалтай болсон байв.

Өнөөгийн уламжлалт болон сошиал медиагийн тренд, агуулгыг харахаар бид сармагчнаас долоон дор амьтад аль хэдийн болжээ. Шинжлэх ухаан ч биш юм аа гэхэд ядаж баримт нотолгоо хайдаг, мэдээ, мэдээллийг эх үүсвэрүүдийг шалгадаг, бусдыг сонсож чаддаг, өөрөө бодож тунгааж дүгнэж чаддаг тархины фитнесс, дасгалууд хийж эхлэхгүй бол хэдүүлээ хүүхэд сармагчны доог болоод дуусах нь байна.

Бичиг үсэгт тайлагдсан байдлыг ном уншиж чаддагаар нь бус уншсан номоо хир ойлгосноор нь дүгнэдэг юм шиг байна билээ.


В.ГАНЗОРИГ