Штерн
2017 оны 8 сарын 28 [Уншсан тоо: 46662]
Халхын голын байлдааны ялалтын ойд


1987 оны 5 дугаар сарын 28-нд буюу үүнээс дөчин хоёр жилийн өмнө Халхын голын байлдааны ажиллагаа эхэлсэн өдөр Германы иргэн М.Руст өөрийн жижиг онгоцтойгоор Улаан талбайд газардсанаар М.С.Горбачев батлан хамгаалахын сайд маршал С.Л.Соколов, улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн командлагч нисэх хүчний маршал А.И.Колдунав нарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү үйл явдал олон жилийн өмнө бас л тохиож байжээ. 1941 оны 5 дугаар сарын 15-нд буюу үүнээс хоёр жилийн Японы онгоцууд Сүмбэрийн заставыг бөмбөгдсөн өдөр Германы тээврийн “Ю-52” загварын тээврийн нисэх онгоц Москвагийн “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд газардсан байна. Кенигсбергээс ниссэн уг онгоц Зөвлөлтийн агаарын хил нэвтэрсэнийг Улаан Армийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин илрүүлж чадаагүй байна. Үүний улмаас Улаан Армийн нисэх хүчний командлагч П.Рычагов, Улаан Армийн жанжин Штабын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ерөнхий газрын дарга Г.Штерн, Улаан Армийн Жанжин Штабын даргын нисэх хүчний асуудал хариуцсан туслах Я.Смушкевич нарыг баривчлан улмаар эх орны аугаа их дайн эхэлсэний дараа 10 дугаар сарын 28-нд цаазалжээ. Эдгээр гурван генерал нь бүгд Халхын голын байлдааны баатрууд, Рычагов, Смушкевич нар нь уг байлдаанд эрэлхэгээр оролцсоны  төлөө ЗХУ-ын баатрын тэмдгээр хоёр дахь удаагаа шагнагдсан байв. Сүүлийн хоёр албан тушаалтныг баривчлах зөвшөөрөл дээр тэдгээрийн шууд захирах дарга Улаан Армийн Жанжин Штабын дарга Г.К.Жуков гарын үсэг зуржээ. Зарим судлаачид энэхүү гарын үсгийн төлөө Жуковыг Халхын голын байлдааны үнэн түүхийг мэдэх өрсөлдөгч нараа дарах гэсэн санаатай үйлдэл мэтээр буруутгахыг оролддог юм. Гэвч энэ нь санаатай үйлдэл гэхээс илүүтэй тухайн үеийн нөхцөл байдал, үйлчилж байсан дэг журмаас Жуков зөрөх аргагүй байсантай холбоотой биз. Харин хурандаа генерал Г.М.Штерний Халхын голын байлдаанд гүйцэтгэсэн үүрэг, нөлөөг Монголчууд шударгаар үнэлж, зохих байранд нь тавих ёстой тул энэ тухай товч өгүүлье.

Зөвлөлтийн удирдлага Хасан нуурын байлдааны дүнг 1938 оны намар хэлэлцээд Алс дорнод дахь Улаан Армийн нэгтгэл, ангиудыг бүхэлд нь захирч байсан В.К.Блюхерийг “үл ойлгогдох байдал гаргасан” хэмээн чөлөөлж, Алс дорнодод Ворошиловт шууд захирагдах хоёр арми байгуулж, командлагчаар нь Блюхерийн дэргэд штабын дарга байсан Г.М.Штерн, Монголд байрласан 57 дугаар онцгой корпусын дарга И.С.Конев нарыг тус тус томилжээ. Хожим БНМАУ-ын баатар цолоор 1971 онд шагнагдсан Конев 1937 оны намраас 57 дугаар корпусын даргаар ажиллахдаа Монголчуудын эсрэг эхлүүлсэн хэлмэгдүүлэлтийн нөхцлийг хангах үүрэгтэй байсныг архивын баримтууд өгүүлдэг.  Хэдийгээр энэ нь Коневын “буруу” биш боловч дээр өгүүлсэн Жуков шиг тухайн үеийн нөхцөл байдалдаа захирагдахаас бас л аргагүй байсан бизээ. Олон улсын түгшүүртэй нөхцөлд Алс дорнод дахь цэргийн удирдлагын бүтцээ дээрх байдлаар задалсан нь оновчтой шийдвэр байсангүй тул Сталин өмнөх нэгдсэн бүтцээ дахин сэргээхэд хүрчээ. Баянцагааны байлдааныг Москва томоохон үйл явдлын эхлэл байж болзошгүй хэмээн үзэж 1939 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Алс дорнодод байрласан бүх арми, цэргийн тойрог, Монгод байрласан 57 дугаар корпусын ажиллагааг нэгтгэн удирдах бүтцийг (фронтын бүлэг гэсэн нэртэйгээр) байгуулж, командлагчаар нь Г.М.Штерн, цэргийн зөвлөлийн гишүүнээр дивизийн комиссар Н.И.Бирюков, штабын даргаар М.А.Куцнецов нарыг томилж, штабыг нь Читад байрлуулжээ. Штернд Зөвлөлт-Монголын цэргийн харилцан ажиллагааг хангах үүргийг оногдуулж, маршал Х.Чойбалсантай шууд харилцаж байхыг даалгасан байна. Улмаар армийн хоёрдугаар зэргийн командлагч (хурандаа генерал) Штернийг Халхын голын байлдааны талбарт даруй очихыг Сталин биечлэн тушаажээ. Ингэснээр Штерн Алс дорнод дахь Улаан Армийн бүхий л ажиллагаа түүний дотор Халхын голын байлдааныг ерөнхий удирдлагаар хангах үүргийг хүлээсэн байна. Григорий Михайлович Штерн еврей үндэстэн бөгөөд 1919 оноос Улаан Армид элсэж дивизийн комиссар албан тушаалтайгаар иргэний дайныг дуусгажээ. Тэрээр Туркменистанд басмачийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцож, 1929 онд Фрунзийн цэргийн академид нээгдсэн байсан дорнодын факультетийг  дүүргэсэний дараа Улаан Армийн цэргийн тагнуулын дүн шинжилгээний хэлтсийн дарга, Ворошиловын туслах, Батлан хамгаалах ардын комиссиаратад газрын дарга, Белоруссын цэргийн тойрогт дивизийн дарга, Испанид цэргийн ерөнхий зөвлөх, 1938 оноос Алс дорнодын тусгай армийн штабын дарга, корпус, армийн командлагчаар ажилласан, Хасан нуурын байлдааныг удирдсан баялаг туршлагатай, алс дорнодоор мэрэгшсэн цэргийн зүтгэлтэн байв. Иймд ийнхүү томилсон нь санамсаргүй хэрэг биш байсан юм. 7 дугаар сарын 19-нд Ворошиловын тушаалаар 57 дугаар корпусыг  Армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, командлагчаар нь  Жуков, цэргийн зөвлөлийн гишүүнээр Никишев, штабын даргаар Богданов нарыг томилжээ. Гэхдээ цэргийн удирдлагын хувьд Армийн нэгдүгээр бүлэг нь шууд Ворошиловт захирагдахаар заасан байна. Жуков хожим дээрх шийдвэрүүдийг өөрийнхөөрөө тайлбарлахдаа Зөвлөлт засгийн газар мөргөлдөөнийг цэргийн томоохон операци болон өргөжих, өвөр байгалийн чиглэлд тэлэхээс болгоомжлон Штернээр ахлуулсан фронтын бүлгийн командлалыг байгуулсан юм. Гэвч Баянцагааны тулалдааны дараа мөргөлдөөний аюул багасч япончууд хүчтэй цохилт авснаар ухаан сууж улмаар фронтын штаб байгуулах шаардлагагүй гэдэг нь тодорхой болсон. Армийн нэгдүгээр бүлэг нь ёс төдий энэхүү фронтын бүлэгт харьяалагдаж, үнэндээ Москвад шууд захирагдаж байсан. Ворошиловын тушаалаар Штерн тэргүүтэй 6-7 хүнтэй бүлэг нөхцөл байдалтай танилцахаар Хамардаваад ирсэн, Штерний хэлснээр тэрээр өвөр байгалийн цэргийн тойргийн хангалтад үндэслэн, төлөвлөж буй давших операцийн материал техникийн хангалтыг гүйцэлдүүлэхэд туслахаар л ирсэн юм гэжээ. Энэхүү тайлбараас үзвэл тэрээр Штерний үүргийг илтэд бууруулж, нөгөө талаар чухамхүү Баянцагааны тулалдааны улмаас Зөвлөлтийн удирдлага Алс дорнод дахь цэргийн удидлагын нэгдсэн бүтэц байгуулсан баримттай зөрөлдөж байгаа юм. Гэхдээ Штерний үүрэг зөвхөн материал хангалтаар хязгаарлагдаагүйг архивын баримтууд харуулдаг. Штерн, Бирюков нар Тамсагбулагт  хүрэлцэн ирсэнээр Монгол-Зөвлөлтийн цэргийн явуулах ерөнхий давшилтыг бэлтгэх ажилд шуурхайлан орж,


    Хоёрдугаар зэргийн командарм Г.М.Штерн, Х.Чойбалсан, комкор Г.К.Жуков


байлдааны ажиллагааг дуустал бараг тасралтгүй энд ажиллажээ. Ворошилов, Шапошников нараас Штерн, Бирюковт нарт ерөнхий давшилтын төлөвлөлттэй холбогдуулан Халхын голын зүүн эргийг давшилт явуулах түшиц газар гэж үзэж бэлтгэх, халз дайралтаар хязгаарлахгүй харин дайсныг баруун, зүүн жигүүрээр системтэйгээр тойрон ороох, үүний тулд жигүүрт хуягт танкийн анги бүхий хангалттай нударгыг бий болгох чиглэлийг 7 дугаар сарын 26-нд өгсөн байна. Жуковын командалсан Армийн нэгдүгээр бүлгийн нөхөн хангалт,  ар талын хангамж, үйлчилгээг хэн хариуцах нь тодорхойгүй үлдсэн тул Штерн ерөнхий давшилтад бэлтгэхийн тулд бүхий л хангалтыг өвөрбайгалийн цэргийн тойрогт хариуцуулах саналыг Москвад тавьж, Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ. Ингэснээр Штерн ерөнхий давшилтын хангалтыг хариуцан зохион байгуулж, Жуковын дурдатгалд дурдагдсан алс холоос хэдэн арван мянган тонн шатахуун, хүнс, галт хэрэгслийг зөөвөрлөх, нөөцлөх бүхий л ажлыг удирдсан байна. Засгийн газрын дээрх шийдвэрийг  үндэслэн Ворошилов, Шапошников нараас Штернд  ерөнхий давшилтад бэлтгэхийн тулд түүний тавьсан зарим саналуудыг дэмжиж буй, артиллери, танк, авиациар дайснаас үлэмжхэн давуу байгааг оновтой ашиглах, Жуковын ангиудыг нэн даруй нөхөн хангах, Штерний хүссэнээр 2650 ахлах, дунд, бага дарга, 130 нисгэгчийг тус тус нөхөн хангалтаар илгээх болсон тухай  7 дугаар сарын 30-нд мэдэгджээ. Штерний саналаар Армийн нэгдүгээр бүлгийн хуягт танкийн цэргийн командлагчаар өвөр байгалийн цэргийн тойргийн танкийн 20 дугаар корпусын командлагч хурандаа М.Ф.Терёхинийг хавсарган томилсоноор тэрээр давшилтын төлөвлөгөө боловсруулах, хуягт танкийн харилцан ажиллагааг удирдан байлдаанд амжилттай оролцсон тул ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан байна. Ворошилов, Шапошников нараас Штерн, Бирюков нарт Халхын голын зүүн эрэгт манай цэргийн тэргүүн шугамнаас 8-10 км-т байгаа ноёлох өндөрлөгүүдийг эзэлж, хилийн шугам давалгүй тэндээ бэхжих,  гол цохилтыг баруун жигүүрээр хийж, туслах цохилтыг зүүн жигүүрээр хийх, илүү хохиролоос сэрэмжлэхийн тулд дайсны амьд хүч, галын цэгийг давшилтын өмнө артиллери, авиацийн галын хүчтэй цохилтоор урьдчилан устгах  ээлжит чиглэлийг 8 дугаар сарын 10-нд өгчээ. Ворошилов, Шапошников нараас Штерн, Бирюков нарт давшилтын үндсэн төлөвлөгөөг төвөөс өгсөн зааварыг тусган яаралтай боловсруулж дуусгах, давшилтыг Жуковын мэдэлд одоо байгаа хүч хэрэгслээр явуулах, давшилтыг нэн даруй эхлэхийг 8 дугаар сарын 14-нд шаарджээ. Штерн Жуковын хүч бүрэлдэхүүнийг давшилт явуулахад хангалтгүй гэж үзэж хохиролоос сэрэмжлэхийн тулд дор хаяж дахин нэг дивизээр хүч нэмэгдүүлэх, алс дорнодын нэг, хоёрдугаар армийг хилд татан ирүүлж, тэдгээрийн авиацаар хилийн районд цохилт хийх бодолтойн дээр Японы бүлэглэлийг найдвартай бүслэхийн тулд операцийг илүү гүнд, өргөнөөр явуулж байлдааны ажиллагааг БНМАУ-ын хилийн шугамын цаана Манжуурын нутагт шилжүүлэх гэсэн Армийн нэгдүгээр бүлгийн штабын саналыг дэмжиж байжээ. Гэвч Сталин цэргийнхнийг “Та бүхэн Монголд том дайн явуулах бодолтой байх шиг байна” гэж зэмлээд үүний хариуд дайсан нэмэгдэл хүчийг татан ирүүлж бид сунжирсэн дайнд татагдан ороход хүрэх тул япончуудыг БНМАУ-ын хилийн дотор бүслэн устгахыг даалгажээ. Иймд Штерн Японы бүлэглэлийг БНМАУ-ын хилийн дотор бүслэн устгах Армийн нэгдүгээр бүлгийн давшилтын төлөвлөгөөг 8 дугаар сарын 14-нд Тамсагбулагт баталсан байна. Ийнхүү Халхын голын зүүн эргийг гол түшиц болгон улс төрийн хувьд мөргөлдөөнийг хилийн чанадад өргөжүүлэхгүйгээр, Хайлаастын голын урдуур гол цохилтыг хуягт танкийн хүчээр өгөх, хохиролоос сэрэмжлэхийн тулд дайсны амьд хүч, галын цэгүүдийг дарахад нисэх хүчин, артиллерийг идэвхтэй ашиглах операцийн дүр төрхийг Жанжин Штабын өгсөн үндсэн чиглэлийг удирдлага болгон Штерний командалсан Алс дорнодын фронтын бүлгийн удирдлага, Жуковын захирсан Армийн нэгдүгээр бүлгийн  штаб хамтран боловсруулсан байна. Зөвлөлтийн зохиолч К.Симоновын өгүүлснээр 8 дугаар сарын ерөнхий давшилтын төлөвлөгөөг боловсруулсан гол эзэн нь Жуков, Штерн хоёрын хэн нь болох талаар Улаан Армийн даргалах бүрэлдэхүүний дунд мэтгэлцээн өрнөж байжээ.  Давшилтын гол цохилтыг Хайлааст голын урдуур хийх чиглэл гарсан тул ашигтай зарим зааг түүний дотор Ремизовын өндөрлөгийг урьдчилан эзлэх хэсэгчилсэн дайралтыг Штерний тушаалаар Жуков 8 дугаар сарын 3-нд явуулсан боловч амжилт олоогүй байна. Харин 8 дугаар сарын 7-ны өдөр явуулсан дайралтаар Манжго-гийн Хянганы дивизийг бутцохижээ. Энэхүү байлдаанд Монголын 8 дугаар морьт дивиз  уг дайралтын баруун жигүүрийг хангаж байлдах үед тус дивизийн 22 дугаар морьт хорооны зенитийн пулемётчид Чүлтэм, Гомбосүрэн нар Японы нэг онгоцыг сөнөөжээ. Энэ нь Халхын голын байлдаанд зенитийн пулемётоор дайсны онгоцыг унагасан цорын ганц тохиолдол байсан юм. Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилогдсоны дараа Жуков 1940 оны 12 дугаар сарын эцсээр болсон Улаан Армийн удирдах ажилтны цугларалт дээр “Орчин үеийн давших операцийн шинж чанар” илтгэл тавьж Халхын голын байлдааны туршлагыг задлан шинжилжээ.Илтгэлийг Алс дорнодын фронтын командлагч Штерн, штабын дарга Куцнецов нар шүүмжилж байжээ. МАХЦ-тай харилцан ажиллах явдлыг Штерн хариуцаж байсан тул тэрээр Чойбалсантай байнга холбоотой ажиллаж байв. Чойбалсангаас Ворошиловт бичихдээ Халхын гол, Хайлаастын голын хэсэгт Монгол-Зөвлөлтийн цэргүүд Японы самурай нарыг буслэн авч бутцохисон тухай мэдээг бид Штерн, Бирюков нараас 8 дугаар сарын 28-нд авлаа. Монголын ард түмэн Монгол-Зөвлөлтийн төмөр мэт баатар Улаан Армид баяр хүргэж байна. ЗХУ, Германы хооронд байгуулсан үл длвтлолцох гэрээ нь ЗХУ нь энхийг эрхэмлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болохыг харуулж, энэхүү баримт нь Японы империализмын сул дорой болохыг харуулав гэжээ. Халхын голын операцийн дүнгийн талаарх илтгэлийг Сталин 1939 оны 9 дүгээр сарын дундуур Штернтэй уулзахдаа сонссон байна. Энэхүү илтгэлд үндэслэн Улаан Армийн цэргийн сургалтыг шинэчлэх олон тооны санал бүхий зөвлөмж гарч байжээ. Халхын голын операцийг амжилттай хэрэгжүүлсэний төлөө Штернд ЗХУ-ын баатар цол олгосон бөгөөд энэ тухай “Красная звезда” сонины 1939.8.30-ны өдрийн дугаарт өгүүлэхдээ “Ворошиловын авьяаслаг сурагч, Хасан нуурын байлдааныг удирдсан, цэргийн нэртдарга Штерн байлдааны үүргийг гялалзтал биелүүлжээ. Манай нам, цэргийн нэрт зүтгэлтнийн нэг болох тэрээр эрэлхэг большевик, цэргийн дайчин удирдагчийн  үлгэр дууриалал болж байна” гэж бичиж байв. Жуковт армийн генерал олгосонтой холбогдуулан “Красная Звезда” сонины 1940.6.05-ны өдрийн дугаарт “генерал Комацубарагийн командалсан Японы 23 яд Баянцагааны чиглэлээр гол гаталж, найрамдалт БНМАУ-ын нутгийн гүнд нэвтрэхийг оролдсоноос Зөвлөлтийн танкийн ангиудад бут цохигдсон юм. Энэ үед н.Жуковын сэдлээр тулалдааны талбарт анх удаа үй олон танкууд бие даан ажиллаж, Японы дивизийг бутцохисон  түүхийг “Баянцагааны нядлага” хэмээн нэрлэх болжээ. Армийн генерал Жуков БНМАУ-ын нутагт довтолсон Японы 6А-ийг бүрэн бүсэлж, эцэслэн устгах төлөвлөгөөг боловсруулж, гайхамшигтайгаар хэрэгжүүлсэн байна” гэж бичсэнийг тухайн үед зохиолч, сэтгүүлчид өлгөн авч Халхын голын операци нь зөвхөн Жуковын бодож боловсруулж, хэрэгжүүлсэн операци мэтээр бичих болсоноор энэхүү ойлголт тархжээ. Халхын голын байлдааны үед Улаан Армийн Жанжин Штабын дарга Шапошниковын туслахаар ажиллаж байсан хожим ЗХУ-ын маршал болсон В.М.Захаров аливаа давшилтын төлөвлөгөөг штаб л боловсруулдаг гэтэл Жуков дурдатгалдаа Армийн нэгдүгээр бүлгийн штабын дарга Богданов болон штабын ажиллагааны талаар огт дурдсангүй хэмжээн шүүмжилжээ. Хуучин ЗХУ-ын Тэнгисиийн цэргийн флотын ардын комиссар байсан адмирал Н.Г.Кузнецов өгүүлэхдээ “хэдийгээр албан ёсоор бүхий л хүчнийг Штерн захирч байсан боловч Жуков Халхын голд корпусыг командалж, бүхэл кампанийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн юм...Жуковын талаарх сэтгэгдлийг  миний бие түүний хуучин танилууд С.Буденный, Я.Смушкевич, Г.Штерн нарын амнаас Халхын голын хэрэг явдалтай холбогдуулан сонсож байв. Хүчтэй, туршлагатай дарга гэдгээ харуулсан боловч сүүлд япончуудтай хийсэн тулалдааны бүхий л амжилтыг өөртөө нялзаахыг хичээдэг болсон” гэжээ. Баянцагааны тулалдааны дараа Зөвлөлт-Монголын цэргийн ерөнхий давшилтыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр Жуковоос цэргийн цолоор дээгүүр цэргийн томоохон зүтгэлтнүүд тухайлбал Улаан Армийн артиллерийн дарга корпус командлан захирагч Н.Н. Воронов, хуягт танкийн ерөнхий газрын дарга Д.Г.Павлов, БХАК-ын орлогч,армийн нэгдүгээр зэргийн командлагч Г.И.Кулик, Улаан Армийн Улс төрийн ерөнхий газрын дарга, армийн нэгдүгээр зэргийн комиссар Л.З.Мехлис, Улаан Армийн нисэх хүчний командлагчийн орлогч, корпус командлан захирагч Я.В.Смушкевич нар Халхын голд ирж ажилласан билээ. Кулик тэргүүтэй ажлын хэсэг 7 дугаар сарын 11-26-нд фронтод ажиллаж Армийн нэгдүгээр бүлгийг шалган тусалсан талаарх илтгэх хуудас нь нөхцөл байдлыг харуулсан чухал баримт бичиг эдүгээ болсоор байна.  Штерн хожим Финляндын дайнд армийн командлагч, 1940 оноос Алс дорнодын фронтын бүлгийн командлагчаар дахин томилогдож байжээ. Түүнийг 1954 онд цагаатган бүхий л цол, хэргэмийг сэргээсэн байна. БНМАУ-ын Засгийн газраас түүнийг байлдааны гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан юм.   
 
Р.БОЛД
2017.08.30

,