ГАЛИГ
Тавиад оны үед кирил бичигт шилжсэн өнөөгийн кирил монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Chinggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчлэнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчилах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхэний санаачлага, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм.
Баабар
@baabar