ИДИ АМИН
Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа.
Баабар
@baabar