Сулинхээрт болсон буудалцаанаас хойш да­хиад хэд хэдэн золгүй явдал болж, цэрэг амиа хорлосон хэрэг гарлаа. Хилийн цэргээс энэ юу болоод байна гэхээр “Ха­рамсалтай явдал болох нь боллоо. Амиа егүүтгэх, гэмт хэрэг үйлдэх явдал зөвхөн цэргийн анги, сал­барт болоод байгаа юм биш. Олон нийт одоо амиа хорлох явдал цэр­гүүдийн дунд болдог юм шиг өрөөсгөл ойлголттой болчихлоо. Саяын явдал гэхэд анги салбарын бу­руу үйл ажиллагаанаас болсон юм байхгүй. Ар гэрийн байдал, авгай хүүхдээсээ болсон юмыг бид яалтай нь билээ” гэ­сэн тайлбарыг хэлээд таг дуугүй болцгоож байна.

Хилийн цэргийнхэн дотооддоо болохоор ийм юм нэг нүүрлэхээрээ араасаа муу үр дагавар хөврөөд байдаг. Тэр жил бас тэгсэн. Ялангуяа Су­линхээр гүйдэлтэй газар. Уул усанд их учир бий гэцгээх юм билээ.

Болж өгвөл аргалах гээд л, аргаа ч барж бай­на. Эд нарын хэлж бай­гаа, барьцаж байгаа, тайл­барлаж байгаа нь бу­руу. Ийм буруу ойл­голт­той газар хүүхдийн­хээ амь насыг даатгаад ор­хиж болохгүй болчихлоо.

Монголын төр хэн нэ­гэн иргэнээ өөртөө аваад хооллож, хувцаслаж, унтах ор дэрийг нь хүртэл дааж, 24 цагийн турш хараа хяналтдаа авдаг салбар бол хугацаат цэргийн албан хаагчид юм. Төр засаг нэг жилийн турш цэргийг “гэртэй” байл­гахдаа ганц нэгхэн хоногийн чөлөө өгч ха­риулдаг журамтай. Алхаж гишгэх, ярьж сэтгэхийг нь хүртэл дааж хариуцдаг мөртлөө амь насыг нь гаргуунд нь хаяна гэсэн чинь юу гэсэн үг вэ?  Төр засгийг айл гэж үзвэл мөн муухай айл юм. Хөдөө­нөөс ирсэн оюутныг гэр­тэй суулгаж байгаа айл ч ийм байдаггүй.

Хил дээр болж байгаа хэрэг зөрчил хуучнаа бод­вол харин ч цөөрсөн гээд байх юм. Аль хуучинтай харьцуулаад байгаа юм бол. 1939 онтой юу эсвэл 1980-аад онтой юу. 1980-аад оны үеийн мянган цэрэгт тохиолддог гэмт хэргийн тоо, одооны арав гаранхан хүнтэй хилийн застав дээрх хэрэг явдал хоёр тэнцүү байна. Дээх­нэ үеийн бүх нийтээр алба хаадаг байсан ца­гийн мянга түмэн хүнтэй арми одоо хэвээрээ бай­сан бол зуу зуугаараа хядуулах юм байна. Асууд­лын гол үүндээ байгаа юм.

Цэрэгт ирсэн хүүхэд яагаад амь насаа алдаад байгааг сайн судалж үзэж, бодлогын өөрч­лөлт хийхгүй бол энэ төр засагт итгэх итгэл суларч мэдэх юм. XXI зуунд амьдарч байгаа манай нийгэм их уян зөөлөн бүр нялуувтар болсон. Энд цэргийн чанга орчин арай­­гаар барахгүй хатуу­даад байна.  Манай цэр­гийнхэн юм л бол “хэзээ шинэ цэрэг байхад ийм байсийм” гэдэг үгнээ­сээ салаач ээ. Ард арми ялгаагүй амьдрал там байх үед оны ялгаа, дэглэлт энэ тэр бол байх ёстой үзэгдэл мэт нийтээ­рээ боддог байсан. Тэр үед хөл гарнаасаа сал­чихгүй бол тэсээд гарчих­даг байв. Одооны энэ хүүхдүүд армийн наад захын аяыг даахгүй. Битгий шоол. Угаасаа ганцхан Монголд ч биш дэлхий нийтээрээ өөр цаг үед амьдарч байхад заа­вал хуучнаараа мугуйд­лаад хол явахгүй.

Шинэ цагийн гар утсыг хүртэл анхаарч мэдрэх шаардлага гарч байна. Хилийн тоот баганан дээр цаг нөхцөөж суугаа цэрэг эр юу эсэхийг хийх билээ. Дотно нэгэн нь утсаа салгах, эсвэл таагүй мэдээ хов дуулгахад л тэнд буу үүрсэн банди шууд хямарч байгаа даа. Тэгэхээр залуусын гүнд нь орж бас тэр талд нь байж бүгдийг сонсож мэдмээр байгаа юм. За юун нялуун юм. Хэзээ цэрэг тийм байсан гээд бухимддагаа болио. Ер нь манай хуучин практик цэргийн насны эрчүүлийг зориуд гутаах гэж байгаа юм шиг новшийн чавганцын ажил хийлгэж хамаг цагаа бар­даг ш дээ. Үнээ саалгана, тараг бүрүүлнэ, оймс нэхнэ, цагаан хэрэглэл угаана. За тэр шал угаа­хын хувьд бол арай хэ­тэр­­нэ ээ. Сайн шал угаа­сан байлдагч дайнд ял­даг гэж кинонд ч гар­даггүй шүү дээ. Унтсан ороо ч хураахгүй заваан­дуухан байхад эрчүүдийг хэн муу хэлж байсан юм. Үүний оронд өдөржин бөх барилдуулж, штанги өргүүлж, боксоор хичээл­лүүлж байсан бол гоёос гадна сэтгэлийн хат сууна гэгч болох ёстой. Тийм л их цэвэр цэмцгэр байлгах гээд байгаа юм бол мал­гайг нь шохойдож, гутлыг нь тослуулж байхын оронд саарьтсан улаан хацар, холцруутсан хар нүүртэй нь ноцолдооч. Энэ мэтийн жижигхэн асууд­лууд цаг үеэс хоц­рогдоод тунараад ирэх­лээр армид ойлгомжгүй байдал гараад байгаа болов уу.

Хөгжилтэй орны залуус ахлах сургуулиа төгсөөд дотуур байртай коллеж руу ирцгээдэг. Одоо манай цэргийн нас­ны залуучууд. Тэд гэрээ­сээ гарч дотуур байранд амьдарна. За бараг бүгд­дээ. Бөөн аз жаргал. Зал­гуу­лаад их сургуульдаа орно. Бас л нийтийн амьдрал. Бидний нүдээр харахад эрхийн тэнэгүүд тэнд балайрч байгаа мэт. Гэхдээ төрийн хууль үйлчилдэг. 21 наснаас эхлээд архи уухаар баа­ранд сууж болно. Ганц­хан энэ хуулийг ягшуу­лахад л бүх гэмт хэргийн амыг хаагаад хаячихаж байгаа юм. Манай залууст хандсан олон хууль журам хориг байдаг ч амьдралаас тасархай, эрх чөлөөтэй ч юм шиг, үгүй ч юм шиг ёстой хо­лион бантан.

Ямар улсын хүүхэд болохоор аз жаргалаар бялхаж ямар нь болохоор ялтай мэт амьдрах учир­тай билээ.

Манай цэргүүдийг дарга нар нь, дүрэм нь доошоо хийгээд байгаа болохоос дэлхийд эхний 25-д эрэмбэлэгддэг энхийг сахиулагч том хүчин бол­чихсон гэсэн. Тэр нь шал сайн угааж байсандаа  биш эзэн Чингэсийн барж идэхгүй яруу алдрын хаялга юм. Цэргүүдэд соёл хүмүүжлийн арга хэмжээ гэх балай юм ор­дог гэсэн. Ядахнаа тэр нь хувьсгалт намын суртал ухуулга хүртэл  явуулж командаар сонгуульд са­нал өгүүлж байхыг цэр­гийн  олон анги дээр өөрийн нүдээр харж байсан.

Төрийн мэдэлд очсон  цэрэг, шоронгийн хориг­дол, дотуур байрны хүү­хэд, улсын эмнэлэгт хэв­тэж байгаа өвчтөн зэргээс тань дүгнэлт хийхэд ийм төртэй байснаас байгаа­гүй нь дээр юм даа гэх бодол төрж байна. Тэгэ­хэд Христосын шашны байгууллага бараадсан гуйл­гачин хил манадаг цэргээс чинь хамаагүй дээр явж байгааг анзаар­сан уу?