УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Уламжлал болсон ийм нээлтүүдээс олон нийт төрийн өндөрлөгүүдийн хэн нь юу хэлэх нь вэ гэхээс өөрийг төдийлөн хардаггүй.

Энэ удаа ч  хуучин заншлаараа гэртээ байгаа нь зурагтынхаа урд тухлан сууцгааж, ажиллаж байгаад ирсэн нь оройн мэдээ шимтэн харцгааж, нухацтай зарим нь маргаашийн сонин хэвлэлээс дэлгэрэнгүй эхийг нь уншиж байлаа. Амьдралын хамгийн хэвийн энэ дүр зураг урьдын адил хуучнаараа давтагдав.  

Нэг хэсэг  нь ордны гадаа жагсаж цуглан цагаан хоолойгоор орилж байх, дотор нь төрийн эрх барих дээд байгууллагын ээлжит чуулган нээлтээ хийж байх зэрэг эдүгээ цагийн чих нь дөжирсөн нийгэмд төдийлөн сонин биш дүр зургууд юм.

Төв талбайн  хажуугаар машины урсгал хөвөрдгөөрөө хөвөрч, албан байгууллагууд цонхныхоо цаана ажлаа явуулдгаараа явуулж, адал явдалд дуртай нэг нь талбай дээр сониучирхан эргэлдэж, бухимдсан зарим нь зохион байгуулалтад орон тэмцсэн ийм нэгэн өдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж бүх ард түмнээс сонгогдоод 11 сар болж буй шинэ Ерөнхийлөгч саарал ордноос үгээ хэллээ.

Харин түүний үгийг тойрч шинжсэн элдэв яриа хөөрөө, үнэлэлт дүгнэлтүүд ойрын хэдэн өдрийг чимэх биз ээ.

Зарим нь энэ талаар „Илтгэгч Элбэгдорж хуучнаараа зүгээр л үгээр буудаж байна” шүү дээ гэж байхад, зарим нь „Илтгэл гэж үзэхэд хэтэрхий хангалтгүй, улстөрчдийн амнаас унаж л байдаг хөөс ихтэй, жин бангүй дуугаралт” гэж байх жишээтэй.

Ийнхүү „Ерөнхийлөгчийн зиндааны үг биш ээ, Элбэгдорж шинэдэж сурснаараа цэцтэй, салхитай, амттай, уриа лоозонгийн шинжтэй сүржин үг хэллээ” гэсэн шүүмжлэл түлхүү сонсогдож байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй гадаа болж буй үйл явдлуудтай холбоотойгоор эдгээр хандлагууд өгөгдөж байж болох юм.

Ажиглагчид УИХ-ын дарга Д.Дэмбрэлийн хэлсэн үгэнд илүү дүн тавьж буй байдал мэдрэгдэж байна. „Нийгмийн сэтгэл зүйг гадна дотны нөхцөл байдлуудтай хавсайдан шуургалуулж, уулгалуулахгүй төрийн хүний нуруутай, тулхтай байр суурийг илтгэлээ”, „Анхаарлаа хандуулвал зохих бүх зүйл рүү тэгш хандуулж чадсан, уран тансаг биш атлаа ухаалаг, ултай суурьтай үг хэллээ” гэсэн эерэг үнэлэлтүүд энэ удаа спикерийг тойров. Урьд нь дэндүү уйтгартай, хэт номхон гэж ирээд уйддаг байсан хүмүүс энэ удаа яагаад бодлоо өөрчлөв. Үргэлж туг шиг дэрвэж, араасаа хуйлруулж, алга ташуулж явдаг Элбэгээг ингэтэл голж, өөчлөхийн учир юу байв. Ингээд Ерөнхийлөгчийн үгийг хамтдаа шинжицгээе.

Чуулганы  хоймроос цангинан эхлүүлсэн түүний үг бидний нэгэнт сонгож алхсан зам тэртээ тэргүй амар биш зам байсан. Амар биш замаар алхахад сэтгэлийн тэсвэр тэвчээр шаардагдана. Бид сөхөрч биш сөрж туулахаар замнасан. Энэ замналынхаа эцэст хүрч, үр дүнг нь амсахын тулд илүү их ухаан зарах, илүү их тэвчих, илүү их итгэх цаг ирээд байгааг сануулав. „Зовсны эцэст жаргана” гэх манай ард түмний хэлэх хамгийн дуртай, амьдралын философийнх нь салшгүй нэг хэсэг гэж үзэж болох зүйр үгээр чимсэн энэ хэсгийн гол утга дээрх санааг илтгэж байв. Энэ бол чухал мессеж. Стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар анхны шангаа татаад буй энэ цаг үед, төр засгийнхаа гаргасан шийдвэрийг нарийн ухаж төнхөн таниж амжаагүй, ойлгож ядан, бас итгэж ядан байгаа энэ үед, иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс эрс эсэргүүцэн жагсаал цуглаан болж буй өнөөдөр төрийн тэргүүний зүгээс тайтгаралд дуудсан ийм өнгөөр дуугарах нь зүйн хэрэг. Олон түмэнд сэтгэл зүйн засал болох, тэдний итгэлийг олох, санаа бодол нь амирлаж тайвшрахаар агаар харамсалтай нь төр засгийн зүгээс бараг үлээхгүй байна. Засгийн газрын гишүүдээс ярьж байгаа нь ганц хоёрхон сайд. Тэдний үгийг нас нь залуу, цус нь шингэн гэх тоомсоргүй хандлагаар олон түмэн хүлээж авахгүй байна.  

Ерөнхийлөгчийн  үгийг „Өө, байдаг л нэг хөнгөн нимгэн үг байна ш дээ” гэж хүлээж авахад эхний хэсгийн „Харин өнөө цагт хүнд хүчир шилжилтийнхээ үр дүнг монголчууд чулуу болгож чадах эсэх нь шийдэгдэх цөлх ухаан шаардсан сонголт та бид бүгдийн өмнө хөндөлсөж байна” гэсэн сонин, эв хавгүй, дотроо зөрчилтэй, логикгүй өгүүлбэр нөлөө үзүүлчих шиг болсон. Чулуу болгох гэх мэтийн хар ярианы дампуу үг Ерөнхийлөгчийн амнаас унасныг тэд зохимжгүй явдал гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэг сайн чанар байдаг. Тэр өөр дээрээ гал татахаас айж  яваагүй. Үргэлж галын дунд зогсч, тэсэн гарч ирсэн. Тэр чанараараа гаднаас балбаж байгаа нөхдүүдэд хандан шулуухан үгээ хэлэхээс айсангүй.

„Ойрын өдрүүдэд "хувьсгал" гэсэн үг олонтоо сонсогдох болжээ. Нийгмийн хувьсгал ч гэх шиг. Монголчууд нийгэмдээ хийх хувьсгалаа хийсэн. Хувь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нийтлэг жишгээр хүндэтгэлтэй ханддаг болсон. Харин хийх ёстой ажил их байна” гэсэн түүний үгнээс төвийн хэвлэлүүд ишилж илтгэлийг нь нэрлэсэн харагдана. Үнэн хэрэгтээ хувьсгал гэдэг үг хэрэглэгдхүүнийхээ хувьд утгаа алдлаа гэж хүмүүс хаа сайгүй ярьцгааж байна. Дурын хүн бүч болгоод хүзүүндээ зүүчихдэг болсон нь ийн дүгнэгдэхэд хүргэж байгаа биз ээ.

„Тэргүүн ээлжинд өнөөгийн бүх эрх баригчдаас ард түмний хүсэж байгаа зүйл бол хариуцлага. Хуулийн тэгш хэрэгжилт. Шударга ёсны зарчим юм. Энэ зарчим өргөн ойлголт боловч яг түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудынхаа хүрээнд удаж байна. Ийм байдал ард иргэдийг ч бухимдуулж байна. Төрийн нэр хүндийг ч унагаж байна” гэсэн түүний үг үзүүрээсээ л энгийн иргэдийн уурыг хүргэж байгаа харагдсан. Тэгээд хийх чинь яасан юм. Энийг л хийнэ гэж гарч ирээ биз дээ. Шүүхийг шүүрдэж хог новшноос нь салгана гэж амласан хүн нь хэн билээ дээ гэж захын авгай үглэж дуулан хүлээж авсан байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний амласан шүүх засаглалд шивсэн бузар булайг арилгаж, хууль бус явдалтай хатуу тэмцэнэ гэсэн амлалт хэрэгжихгүй байгаад олон түмэн маш их бухимдаж байгаа. Тэдний хувьд Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд энэ асуудлыг барьж авах бололцоо хэр байдаг эсэх сонин биш. Тэр амласан, бид итгэсэн. Гэвч хийж чадахгүй байна шүү дээ гэсэн хатуу хариу л шиддэг.  

„Төрийн тэргүүий хувьд зарим албан тушаалтнаас хариуцлага шаардаад удаж байна. Тухайлбал Ерөнхий прокурорт хуулийн дагуу хүсэлтээ гаргаж албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьчихсан байгаа. Монголын ард түмэн өнгөрөгч сонгуулиар нийгэмд шударга бус байдал газар авлаа, өөрчлөлт хий, өөрчлөе гэсэн сонголт хийсэн. Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газар хэн ч бай энэ сонголтыг элдэв тайлбаргүй хэрэгжүүлэх ёстой” гэсэн үгнээс нь түүний нүүр тулаад буй бодит нөхцөл байдал, эдэлж байгаа зовлон нь хан хийх шиг болсон. Зургаан жилийн хугацаатайгаар томилогддог хэд хэдэн албан тушаалтныг огцруулж дийлэхгүй гацаанд орчихоод байгаа байдал нь Ерөнхийлөгчийг гадагшаа ойлгомжгүй харагдахад хүргээд байгаа. Хуулийн нарийн учир зангилааг нь мэдэхгүй зарим хэсгийнхэн түүнийг хэлсэндээ хүрдэггүй, хууран мэхлэгч, худлаа амлагч гэх мэтээр харааж байхад, шалтгааныг нь мэдэж байгаа улс төрийн хүрээнийхэн „Цаадах чинь барьцаанд орчихсон шүү дээ. Харж байгаа биз дээ, чадахгүй байгааг нь” гэж ирээд гадагшаа шордож явах жишээтэй. Ерөнхий Прокурорыг намынх нь тэр сайд гуйгаад хөдөлгөхгүй байгаа юм гэнэ...гэсэн яриа цэргийн ногоон хувцастай сайдынх нь нэртэй хамт эрээ цээргүй түгэж байхад, Ерөнхий шүүгчийг бас нөгөө сайд нь тээглүүлчихээд байгааг харахгүй байна уу гэсэн хоржоон гадаад нэртэй ганган сайдын явдал суудалтай холбогдон тархаж яваа нь нууц биш.

Ерөнхийлөгч аргагүй хүчин мөхөсдөөд ард  түмэнд хандан ийн нэртэй устай нь „ховлож” байхыг бодоход өөрт нь ч амаргүй байгаа бололтой. Хүчээр буулгах гэхээр өмнөөс нь хууль сануулж зогсоочихоод байгаа учраас гуйж, гувшиж, ятгаж, яллаж байгаад өөрөөр нь өргөдөл өгүүлэх зам руу шахаж байгаа нь илт байна.

Энэ бүхнээс  болоод Ерөнхийлөгч маань ингэж  ч байх гэж дээ гэмээр сүр хүчгүй харагдлаа. 

Энэ удаа Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлээс хүмүүсийн санаанд хамгийн их нийцсэн нь орон нутагт эрх мэдлийг нь өгөх тухай асуудлыг маш тодорхой гаргаж тавьсан явдал байв. Төсвийн ямар ч мэдэлгүй, гар мухар орон нутгийг бид хөгжсөнгүй гэж загнадаг. Нийслэл маань хөгжихгүй байгаагийн, аймаг сумд маань өдрөөс өдөрт гялбаагүй болоод байгаагийн гол гацаа энд байдаг. Энэ талаар Ерөнхийлөгч:   

„Миний хөндөж тавих зарчмын бас нэг санал бол иргэдэд, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхтэй холбоотой юм. Энэ тухай олон тайлбар хэрэггүй. Тодорхой шийдэл хэрэгтэй. Хүний үндсэн эрх орон нутагт хэрэгжиж байх учиртай. Улсын үндсэн баялаг орон нутагт бий болж бас хүмүүс түүний үр дүнг хүртэж байх ёстой. Манай орон нутгийн удирдлагуудад  боловсон хүчний эрх мэдэл алга. Албан тушаалтанг тухайн нэгждээ томилох, хариуцлага тооцох ямар ч мэдэл тэдэнд байхгүй. Дээр нь мөнгө төсвийн мэдэлгүй. Бас тэндээ баялаг бүтээх хэмнэлт гаргах сонирхолгүй. Харин зардлаа өсгөвөл мөнгө нэмж авна. Ийм маягаар улс ч хөгжихгүй. Ард түмэн ч  хожихгүй” гэж эрс шийдэмгий мэдэгдлээ.

Орон нутгийн удирдлагад шат шатандаа албан тушаалтнаа томилдог, халдаг сольдог, хариуцлага тооцох эрхийг нь олгох ёстой. Мөн төсөв мөнгөө мэддэг, тодорхой татвар хураамжаар дамжуулж баялаг хуримтлалыг бий болгодог бас зарцуулдаг эрхийг нь ч өгөх ёстой. Энэ бол орон нутагт дарга нарт эрх мэдэл олгож байгаа асуудал биш ард иргэддээ эдлэх эрхийг нь хүргэж өгөх алхам юм. Ингэж иргэд хариуцлагыг шууд удирдлагаасаа шаардах асуух боломжтой болно... гэж тэрээр гаргаж тавьсан санаагаа энгийн байдлаар задлаж тайлбарлав. Ерөнхийлөгчийн хэлсэн үг ихэвчлэн хаданд хашгирсан цуурай мэт өнгөрөөд байгаа болохоор тэгсэн үү, араас нь „Хэрвээ энэ ажлыг хийхгүй бол УИХ-аас ямаа бүрийн зовлонг асуудаг ардын нэхэл тасрахгүй шүү” гэж чимхээд авав.  

Дээрхитэй уялдуулан төрийн албаны тухай гэнэтийн байр суурь илэрхийлсэн нь харин нэлээн хэл үг дэгдээх шиг болсон.

„Төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Төрд алба хаах сонирхолтой Монгол Улсын иргэдэд  төр хаалгаа нээж, өргөн боломж олгох ёстой. Тавих шалгуурыг нь ч шинэчлэх ёстой. Төрийн албаны шалгалтыг бие даасан, олон нийтийн, хувийн байгууллага ч авсан болно. Шалгалтын оноо, үр дүн нь нээлттэй байхад л хангалттай.  Шалгуур хангасан чадварлаг иргэдээсээ сонгож төрийн албанд ажиллуулах шийдвэрийг тухайн шатны төрийн байгууллага, албан тушаалтан гаргадаг байхад л болно. Ийм өөрчлөлтийг төрийн албаны бүх шатанд хийцгээе. Ийм иргэншсэн жишгийг дагаж мөрдөх цаг болсон” гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Төрийн албаны зөвлөлийг татан буулгах ёстой  гэсэн түүний үг олон талтай бууж байна. Зарим улстөрчид уг байгууллагыг экс ерөнхийлөгчийн тоглоомын байгууллага ч гэж үздэг. Энэ талаас нь харвал бас л нэг өмнөхийнхөө хийснийг дараагийнх нь баллуурддаг жишгийн санаархал гэж ч үзэж болохоор. Нөгөө талаар сүүлийн үед энэ байгууллагын нэр хүндийг тойрсон элдэв хэл үг их дэгдэх болсон нь бас үнэн. Шүүлтүүр нь шударга биш, элдэв „но” ордог, улс төрийнхний даалгавраар хүн шалгаруулдаг гэх мэтийн хардлага хавтгай яригддаг. Мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгддөг хүн атлаа энэ айлын шалгалтад доогуур оноо „тавиулж”, салбартаа хэн ч биш, түр зуур ирээд хулгай дээрэм хийж байгаад явах ээлжит нэг тавиул нөхөр л өндөр оноогоор тэргүүлээд томилогдож орхидог. Шинэхэн, эрч хүчтэй, эрдэм чадалтай залуу үед бол төрийн албанд орох босго дэндүү өндөр. Танил талтай, ардаа татаастай айлын хүүхдүүд л төрд орж ирдэг болсон нь үнэн. Гэхдээ энэ мэт зүй зохисгүй явдлууд ганцхан энэ байгууллагад нялзаах зүйл мөн үү гэдгийг бодож үзэх ёстой. Эдний хаалгыг барьчихлаа гэхэд арын хаалга, шударга бус явдал арилчих уу.    

Төрийн албаны асуудлыг иж бүрэн шийдэхийн тулд манай нөхцөлд улс төрийн намуудын тухай ярих хэрэгтэй болж байгаа юм гэж хэлээд Ерөнхийлөгч „нам”-уудын тархинд цус харвуулахаар бас нэг мэдэгдэл хийчихсэн.

„Намуудыг гишүүнчлэлгүй болгох цаг болсон. Улс төрийн нам нь зөвхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн дэмжигчдийн бүртгэлтэй, өөрийн баримталдаг үнэт зүйлтэй, хэрэгжүүлэх хөтөлбөртэй, санхүү, зорилгодоо  таарсан цомхон бүтэцтэй байхад л болно” гэж тэр хэллээ. Энэ үгийг анх хэлсэн хүн нь тэр биш. Мөн сүүлийнх нь ч биш байх болов уу.

 Ийм хууль  гаргаж хэрэгжүүлэх нь нийт  иргэдийн ч, намуудын ч, гишүүд  дэмжигчдийнх нь ч эрх ашигт нийцнэ гэж үздэг олон хүмүүс байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ улс төрийн намууд чихнийхээ хажуугаар л сүнгэнүүлчихдэг.

Энэ мэтээр нэг дор олон гэрэл асаасан үгийг Ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд сонгуулийн хуулийн талаар болон өнгөрсөн сонгуулийн амлалтын талаар тодорхой байр сууриа илэрхийлэв. Мэдээж эхнийхийг нь улс төрийн хүрээнийхэн, харин удаахыг нь ард түмэн хүлээж байсан зүйл болохоор үгийнхээ төгсгөлд өндөр дуугаар хэлэхээр товлож байсан биз ээ.  

„Хамтарсан Засгийн газрын бүтээмж өндөртэй, талцал хуваагдал багатай ажиллах хугацаа тийм ч их үлдсэнгүй. 2010 оны үлдсэн сарууд, цаана нь 2011 он гээд  сонгуулийн бус нэг л жил үлдэж байна. Хэрэв хийж чадвал энэ хооронд УИХ, Засгийн газар олон сайн шийдлийн ард гарах боломжтой. Иймээс асуудалд өөдрөг, эвлүүлж бүтээх талаас нь хандъя. Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн „хэзээ" гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтоё” гэсэн түүний үг зарим улстөрчдийн дургүйг хүргэх шиг болсон. Өөрөөс нь нэхэх биш, өөрөө шийдэх биш, ёстой сайхан авч байх шив гэсэн хорсолтой үгийг нэг биш улстөрч хэлж байх юм. Мөнгөн амлалт бол манай Ерөнхийлөгчийн мөрөн дээрээсээ авч чулуудах гээд ч чадахгүй хоолойд тээглэсэн яс шиг зүйл. Учир нь тэрээр намын даргаар ажиллаж байхдаа энэхүү мөнгөн амлалтын буухиаг „Эрдэнийн хишиг”-ээрээ эхлүүлсэн хүн юм. Тийм ч учраас „76 тэрбумаа болиоч. Энэ мөнгө хөөцөлдсөн,  мөнгөтэй орооцолдсон хийрхэлдээ цэг тавихгүй бол, эрхэм гишүүд ээ, та нарын үйлдэл чинь Монголын ардчилсан төрийн нэр хүнд, Монголын ард түмний сонголтод сайнаар нөлөөлөхгүй байна шүү” гэсэн үгийг нь гишүүд танхим даяараа нүүрээ үрчийлгэн, шүдээ зууж сонссон биз.

Чуулганы танхимаас Ц.Элбэгдоржийн хийсэн дээрх мэдэгдлүүдээс гадаа орилж байсан, гэртээ чагнаж байсан хэн хэнийх нь чихэнд шууд ирээд наалдсан нь "Хүүхдийн мөнгөний олголтыг сэргээе” гэсэн уриа байлаа.

Юун хотын утаа угаар, шар усны үер, газар хөдлөлт... „Хүүхдийн мөнгө” гэх тэр хоёрхон үг л холбоотой бойтог шиг хонх жингэнүүлэн ирсэн.

Харин амьдралд ингэтлээ нутагшиж чадсан нийгмийн халамжийн хамгийн гэгээлэг хэлбэрийг үгүй хийж, эрх мэдэлд очихын тулд улс орноо улайрсан мөнгөний давалгаагаар хучиж хаячихаад, тэрнийхээ шанд олон түмний уур хилэнгээр шавхуурдуулж суугаа улстөрчид тэр хонхны чимээг олж сонсоо болов уу.