(Өөрт тохиолдсон явдал)

Муу нэртэй, луу данстай гэвэл МИАТ-ыг шууд нэрлэе.  Дансандаа хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, гавьяат техникч олонтой иргэний нисэхийн энэ компани XXI зууны хөгжлийн хурдны аяыг даахгүй нурж унах вий гэдэг эмзэглэл манайханд бүр 1990-ээд оны эхээр төлөвшиж тэр нь  шувтан нотлогдсоор өнөө хүрчээ. Аэорпортоо “Чингис хаан” гэж нэрлэснээс өөр гавьтай юмгүйгээр шинэ зууныг туулж буй энэ компанийн үйлс нь цаанаасаа хазайсан ба ямар ч шидтэн очоод ажил сайжирна гэж гонж. Ингэлээ гээд МИАТ-ын бус Монгол төрийн маань, бүх монголчуудын маань нэр төр унаж байгаад гол эмгэнэл байх шиг.

Тээр жил Москвад болсон аймшигт явдлыг эргэж сануулъя. Энэ бол МИАТ-аар үйлчлүүлдэг монголчууддаа өгч буй сэрэмжлүүлэг гэж хүлээн аваарай!

МИАТ-ын том онгоц Шерметьевд газардаад дугуй нь хагарчив аа. Дугуй сэлбэе гэтэл байдаггүй, Оросоос худалдаад авъя гэхнээ мөнгө байдаггүй, Улаанбаатар руу захих юм болов оо. Захиалгаа утсаар хийе гэтэл бас мөнгө байхгүй.  Москва дахь МИАТ-ын төлөөлөгч нүүр хийх газаргүй, мөнгөгүй учраас хаашаа ч юм алга болчихвоо. Онгоц дүүрэн буцах зорчигч хилийн дээс алхчихсан тул тэднийг аэрпортын захиргаа нэг том харанхуй өрөөнд хийж цоожиллоо. Учир нь Шерметьев хаалгаа бариад шөнө шалган ажиллахгүй, онгоц дүүрэн монголчуудыг сул сэлгүүцүүлэхгүй гэж  сэргийлсэн бололтой. Гол нь МИАТ-ын төлөөлөгч ярилцаад болчих юман дээр өөрөө алга болчихсон тул оросууд мал адгуусаар нь дуудан хараал зүхэл тавьсаар тэднийг тэгж хорьсон хэрэг. Ам ангайсан болгонд “Танай тэнэг МИАТ чинь!” хэмээн амаа таглуулав. Харанхуй өрөөг өглөө нь тайлж жорлонд оруулах үед хүүхнүүдийн давсаг чинэрээд суугаа хэвтээ тохигүй хоносон тэдний царай зүс гэж аймшигтай. Эрчүүд нь ундаа пивоны саванд буруу харж шээгээд болоод байсан тул гайгүй. Хоол унд, тохь тух бүр мартагдав аа. МИАТ-ын дугуй байдаггүй 2 дахь шөнөө дахин тамын өрөөндөө хоригдов. Москва дахь МИАТ-ын төлөөлөгч сураггүй. Хоригдогсдоос хэн нэгэн нь Улаанбаатар руу гар утсаараа ярьж байж дугуй авчруулж шившэг шидээ хутгаад гурав дахь өдрөө ниссэн гашуун түүх даан ч хуучраагүй байтал Улаанбаатарын нөгөөх алдарт Буянт-Ухаагийн дэнжид дараагийн хөгийн үзэгдэл тохиов оо.

Онгоцны хоолой ашиглалтад ороогүй, талбай дээрээс автобусаар зөөдөг үе байж. Онгоц дүүрэн зорчигч, ядаж Улаанбаатарт кино хийх барууны киночид, сэтгүүлчид, жуулчид зорчигчдын бараг талаас илүү нь.  Зуны ид халуун шатаад. Онгоц газардаад буух гэтэл шат байдаггүй. Хаалга нээлттэй. Гэвч Боингоос үсрэлтэй биш. Хүлээлээ. МИАТ-ынхан сандралдаад шатаа хайгаад олдоггүй. Шат нь жолоодлоготой, нэг жолооч жолоодож ирээд тулгаж зогсдог эд шүү дээ. Аргаа бараад орон нутгийн АН-24-ын жижиг шат явган түрсээр аахилсаар авчраад тулгаад үзтэл лав 2 метр дутлаа. Гадаадын зорчигчид бөөн инээд, зургийг нь авсаар, хоорондоо шуугилдаад, тэдэнд их сонин содон, мартагдашгүй үйл явдал болж байгаа бололтой. Онгоцондоо хонох ухааны юм бодоод байж байтал хүсэн хүлээсэн шат маань тээр тэнд нисэхийн гэр хорооллоос хөтөл даваад айсуй. Шороон замаар дэнжигнээд л, гадаадынхан хөхрөлдөн зураг хөргийг нь сайтар буулгаж байгаа янзтай. Хурдалсаар нисэхийн талбайд орж ирлээ шүү. Онгоцонд тулж  өгдөггүй, хэд хэд оролдлоо. Бүр цөхөрлөө. Жолоочийг нь солих юм боллоо. Учир нь тэр нөхөр нисэхийн гэр хороололд айлын найранд яваад шал согтуу ирсэн тул хаа  яваагаа ч мэдэх тэнхэлгүй. Тэр хол замыг ухаан мэдрэлгүй туулаад, тэр дэнхэр шатыг онхолдуулчаагүй авчирсан эр зоригийг нь гадаадынхан шагшиж байгаа янзтай. Эрж эрж өөр нэг жолооч авчран шатыг тулгаж зогсоон зорчигчид сая нэг буусан юм даа. Хоёр цаг гарангийн драм ийнхүү өндөрлөж МИАТ-ын хөглөсөн түүх гадаадынхны гэрэл зургийн архивт үүрд үлдэх нь тэр.

Австрид Монголын соёлын өдрүүдийг зохиох баг Шадар сайдаар ахлуулан нисэж явтал Оросын нутагт хүчээр газардуулан, шатахуун цэнэглэхийн тулд онгоцонд суугаа бүх зорчигч халаасаа гөвсөн хөгийн түүх 2006 оны хаврынх. Оросууд тэр өдөр нутаг дээгүүрээ нислэг хийлгэхгүй, пуужин харваж туршина хэмээн хэд хоногийн өмнө мэдэгсээр атал МИАТ-ын ухаантнууд нисгэж орхиод ингэж хөгөө чиржээ. Японы онгоцыг буучихаад байхад нь хүлээн авахгүй буцааж нисгээд эргээд буулгасан бас нэг түүх буй. 

Токио-Лондон-Токиогийн чиглэлд нисье гэвэл Токио-УБ-Токиогийн чиглэлд ниссэнээс 2 дахин хямд хөлс төлнө. Энэ бол МИАТ-ын дундаж үнэ. Дэлхийд байхгүй, хэзээ ч хямдардаггүй марзан үнэ зохиочихоод түүгээрээ гадны жуулчдыг даллан дууддаг марзан ухаан МИАТ-аас л гарна. Тэгсэн мөртлөө дэлхийн жишигт суралцана гээд хэдэн зуугуулаа Тайландад суралцсан гээд байгаа. Тайланд дипломгүй МИАТ-ын ажилтан бараг байхгүй шүү.

1990 онд БНАГУ (Зүүн Герман) гэнэт татан буугдаж, төр улс дампуурч байх тэр үед энэ улсын цорын ганц агаарын тээврийн Интерфлюг хэмээх лут компани дампуурч, нислэгээ зогсоосон ба парк, нисэхийн талбай чөлөөлөх нэрээр ХБНГУ нислэгт явж байсан зөвлөлтийн маркийн Ту, Ил нисэх онгоцуудыг нэг бүрийг нь 1000 дойч маркаар үнэлээд бөөнөөр нь зарах үед манай МИАТ-ын ухаантнууд хаа явсан хэрэг вэ хэмээн түүх сөхөн асууя. 

МИАТ-ын нисэгчдийн эр зоригийг магтан дуулсан нийтлэл, сурвалжлага дэндүү олон. Байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд онгоцоо эсэн мэнд газардуулсан, ширүүн салхи аадар бороог сөрөн нисэн дүүлдэг гэхчлэн. Гэтэл хэрэг дээрээ энэ нь нисэгчдийн ур чадвартаа бус, нислэг саатуулбал хохь чинь шүү, гадаадын нисэх буудалд илүү цаг зогсвол МИАТ биш, чи өөрөө төлөөрэй гэхчлэн эндхийнхээ байнгын сүх далайлт дор тийм эр зориг гаргадаг байна. МИАТ-аа гэж.  “МИАТ мандан бадартугай!”  гэхээс өөр үг алга!


“Муу нэрт, луу данст нисэх ээ гэж...” гэсэн гарчгаар  “Үнэн” сонины  2007.09.19  № 181 /20899/ дугаарт хэвлэгдсэнийг бүрэн эхээр нь толилуулав.