Улс төр-хүмүүжлийн ажилд зарцуулсан, зарлагадсан мөнгийг нь хэрэв ажлынх нь үр дүнгээр тооцвол  нойл заана.

Анх удаа БХЯ-ны сайдын шалгалтаар 1981 оны хавар, 4 дүгээр сард Налайх дахь ар талын гарнизон дээр ажиллав. Сайдын шалгалт гэдэг нь өвөл-сургуулийн жилд цэрэг, офицеруудад заасан улс төр, байлдааны бэлтгэл хичээлийг дүгнэж байгаа хэлбэр нь. Хичээлийг ангиуд өөрсдөө зохион байгуулна. Ер нь арми чинь сургалтын маш том алба байсан юм шүү дээ. Харин сурсан мэдсэн нь л алга болчихдог байснаас биш. Салааны захирагч гэхэд л тэр салааныхаа дайчдад бүхэл өвөлжин хичээл заах үүрэгтэй юм. Лав 11-4 дүгээр сар хүртэл бүтэн 5 сар хичээллэх ёстой. Бас зуны сургалттай, зуны  заалгасныг нь намар шалгана. Зуны сургалт ч гэж дээ, үнэндээ цэргүүдэд олигтой хичээл зааж гийгүүлсэн ч  юмгүй, “заасан” гэж зөвхөн цаасан дээр тэмдэглэж дээрээс дарга даамлууд ирвэл үзүүлэх хуурамч бичиг үйлдээд ширээндээ хийчихээд хөөрхий хэдэн бор цэргийг энд тэнд хар бор ажил, сангийн аж ахуй, тариа будаа, ногоо цагаанд ёстой нэг дайчилж өгдөг байсан хэрэг шүү дээ.  

Тэр 1981 оны хавар бид Налайхад олон хоног байрлаж ажилласан юм. Сайдын шалгалтын комиссын дарга нь  манай штабын дарга хурандаа Д.Рэнцэннацаг гуай байл уу даа. Ар талын гарнизоны  захирагч нь хошууч Нямсүрэн, улс төрийн орлогч нь Лэгцэг гэж ахмад. Гарнизон нь дотроо хэд хэдэн ангитай, дээрхи хоёр эрхэм хамгийн том ангийг нь удирдана. Сайдын шалгалт ч ном журмаараа эхэллээ. Би улс төрийн хэлтсийг төлөөлж явсных улс төрийн хичээлийн шалгагчаар тохоогдов. Салааны захирагчийн ажлыг ч давхар дүгнэж байгаа хэрэг. Хэд хэдээр нь тасалж оруулаад, билет  сугалуулаад их сургуулийн шалгалт аятай нэн сүртэй эхлэв ээ. Цэргүүд нусаа шоржигнотол татаад л, ханиалгаад л бэлтгээд байдаг. Түрүүчээс нь дуудаж босголоо. Тэгтэл яасан гэж санана. Юун билетийн асуулт, ердөө л паг, амнаас нь даан ч үг унадаггүй ээ.  Эд ер нь хичээлд суусан уу, Армийн улс төрийн газраас баталж өгсөн хөтөлбөрөөр хичээлэлсэн үү гэж эргэлзэж эхэллээ. Ингээд салаа цэрэгт "Муу" тавьчихаад хүрээд ирлээ. Салааны захирагч нь гэж миний үеийн дэслэгч, тэр хөөрхий хоолноосоо салах дээрээ тулжээ. Үдээс хойш хэрэг бишэдлээ.

Намайг Сайдын шалгалтын комиссын дарга дуудаж байна. Ангийн захирагч, улс төрийн орлогч гээд нэлээд хэдүүлээ сүрхий царайлаад сууж байна. Яагаад муу тавьсныг асууж байна. Би ч үнэнийг нь хэлээд тавьчихлаа. Тэд ам амандаа:
 
-    Цэрэг хүн улс төрийн хичээл дээр муу авсан байх ёсгүй!  


Тэгвэл яах гэж хоёрын хоёр асуулт бүхий билет боловсруулсан юм бэ? Яах гэж билет сугалуулж байгаа юм бэ гэлээ.
 
-    Тэр ямар хамаатай юм бэ? Эх орноосоо урвасан хүнд л муу тавьдаг юм. Мэдэв үү! Эд эх орноосоо урваагүй байтал чи муу тавих ёсгүй гэж ирээд л манай Рэнцэннацаг хурандаа лүндэгдэж байна.


Би ч буруутах янзтай болоод явчихлаа.  Дахин шалгалт авах юм боллоо. Тэгээд яаж авах вэ гэж би асуулаа.  Хэлж байнаа. Ердөө л:
 
-    Чиний нөхөр чинь хэн бэ, дайсан чинь хэн бэ гэсэн хоёрхон асуулт тавиад зөв 0хариулж байвал үүрэгтэй ("Дунд"), буруу хариулбал "Муу" тавих нь битгий хэл НАХЯ руу илгээнэ гэж байна шүү.


Дахин шалгалт тэр зохиомжийн дагуу явагдлаа. Би ч нөгөөх ид шидтэй асуултаа тавьж гарлаа. Цэргүүд нусаа шоржигнотол татаад бодож бодож "Нөхөр Зөвлөлт, дайсан Хятад" гэж байна. Нэмээд нэг юм асуучихвал бүдэрч унах гээд, амь нь хаана явнаа гэмээр. Салааны захирагчийн сүр сүлд нь үхчихэж. Зарим нэг нь, өдрийн од шиг дээ, дайсан Америк гэж хэлж үзэж байна шүү. Хариулт нь надад нэг л чамлагдаад болдоггүй. Тийм сайн юм бол тэр дайсан Хятадаа газрын зураг (улс төрийн атлас) дээр заагаадах гэлээ. Нэг бус нэлээд хэдүүлээ Хятадыг хайж байна. Шар өнгөөр  ялгасан том улс байгаа гэж би хэлээд хэлээд нэмэргүй. Дээшээ өлийгөөд харагдахгүй байгаа юм байна гэж бодоод газрын зургийг нь буулгуулаад шалан дээр дэвсээд нөгөө хэдийг чинь мөлхүүлчихлээ. За тэгвэл Хятадаа олохгүй байгаа эх орноо, Монгол улсаа  наад зураг дээрээсээ олоод заагаадах гэлээ. Болохоо байлаа. Зарим нь бүтэн 2 цаг мөлхсөн гээд бодчих. Эцэст нь миний уур хүрлээ. Салааны даргыг нь зэмлэлээ. Мань хүн уурандаа нөгөө хэдээ зодож өшгөчиж, нэг нөхрийн толгойн дундуур галын хайчаар тасхийлгээд авлаа шүү. Цаад цэрэг золтой л муурч унасангүй. Тархийг нь хага цохичохлоо л гэж би айлаа. Нэг салаа цэрэгтэй бүтэн өдөр хагасыг  барж байгаа хэрэг шүү дээ. Хөөрхий тэр салааны дарга байлдааны бэлтгэлийг айхтар сайн заасан байж болно л доо. Тэрийг нь би үгүйсгэж байгаа юм биш. Улс төр дээр бол би шууд л "Нойл" ("Онцмуу") оноо өгч байгаа юм. Энэчлэн хэд хэдэн салааны улс төрийн  шалгалтыг би оромдсон юм. "Нөхөр Зөвлөлт, дайсан Хятад", эсвэл байрыг нь солиод  "Дайсан Хятад, нөхөр Зөвлөлт" гээд  цуваад байх нь тэр. Үг үсэг цээжлүүлдэг үсэглэлийн баяр болж байна уу гэмээр.

Маргааш нь офицеруудын улс төрийн бэлтгэлийг шалгалаа. Тэр нь улс төр-онолын гэсэн сүржин нэртэй. Юун онол монол. Офицерууд нь цэргүүдээсээ ялимгүй дээр гээд бодчих. Тэд илүү мэдлэгтэйдээ биш, хариуцлагаас айснаасаа болоод юүхэн хээхэн уншдаг байх. Гэхдээ би биш, комисс тэднийг шалгана л даа. Ар талынх гэхлээр ихэнхи нь мэргэжилгүй, ахлагчаасаа улираад офицер болчихсон, ганц нэг нь оройн дээд дүүргэсэн. Шалгалт ч гэж дээ, ёстой гурилдаж өглөө. Би биш, Сайдын шалгалтын комиссын дарга газрын зураг дээрээс асуулт тавьж байнаа. Тэр дайсан Израиль чинь хаана байна, алив заагаадах гэлээ. Нэгэн ахмад укаска барьчихсан Хятадыг тойруулаад л үсэглээд зогсоод байдаг. Хятад дайсан, тэгэхлээр Израиль гэж дайсан бөөрөнд нь наалдаастай байх ёстой гээд хатуу итгэчихэж. Газрын зураг дээр бүтэн 2 цаг мөлхдөг цэргээсээ юугаараа ялгаатай байна? Уншигч Та хэл дээ.  
   
Энд эш татсан хоёрхон жишээ бол ердөө нөгөөх манай их мэдэгч комиссаруудын армид  хийсэн бүтээсэн ажлынх нь үр дүн, улс төрийн нөгөө лут ажлынх нь ид шид, байж байгаа царай зүс нь тэр. Социализмын материал-техникийн бааз ид байгуулж байх үеийн армийн байлдагч, офицеруудын улс төрийн мэдлэг ерөнхийдөө ийм л байсан юм даа. Олон улсын харилцааны асуудлаар бичдэг, ТАСС-ын мэдээг орос хэл дээрээс нь шууд монголчлоод ТВ, радиогоор ярьдаг өнцгөөсөө хэт хатуурхаад байсан юм байна гэж би өөрийгөө буруутгаж болох ч соёлжиж  гэгээрсэн ХХ зууны төгсгөл үед яваа, ЮНЕСКО-гийн шагналт БНМАУ-д даан ч ингэх гэж дээ гэх харуусал өөрийн эрхгүй намайг зөвтгөж байв. Социализмдаа хир халдаадаггүйчүүдэд зориулж хөгийн түүхэн жишээ татаж байна шүү!

Миний сайн танил, армидаа нэртэй зүстэй нэг хошуучийн хэлсэн үг тэр шалгалтын үеэр  санаанд минь зурсхийх шиг болж билээ. Офицерууд гэж дунд сургуулийн гологдлууд, Цэргийн ерөнхий дээд сургуульд шаагдаж очдог. Аль олигтой нь гадаад дотоодын их дээд сургуульд яваад алга болдог. Тэгээд тэнэг нь офицер болдог гэж. Энэ үгийг анхлан 013-р ангийн (холбооны тусгай хороо) захирагчийн улс төрийн орлогч хошууч Д.Эрдэнэдаш 1980 оны намар миний тархинд хийсэн юм. Тэрээр салааны захирагч нараа голоод цөхрөнгөө барахдаа л хэлсэн юм байж...

Би: Миний амьдралын тойрог, НЭПКО, 
2009 номынх нь  193-197 -р хуудаснаас