Аuditus -латинаар сонсох гэсэн үг. Харин англи хэл дээр аuditing буюу шалгах, хянах гэсэн утгаар илүү хэвшиж, хувийн өмчийн харилцаа өндөр хөгжсөн орнуудад менежментийн тодорхой арга хэрэгсэл болсон юм. Аливаа эд хөрөнгийг эзэмшигч нь түүнийг эдлэн хэрэглэгчээс ангид байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийн ашиглалтыг гуравдагч этгээдээр хянуулан шалгуулсны дараа үнэлэлт дүгнэлт өгдөг харилцааны соёл гэж хэлж болно.

Монгол Улсад хувийн өмчийн харилцаа хөгжихийн хэрээр аж ахуйн газруудад санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт хийх шаардлага, дотоодын болон гуравдагч этгээдийн буюу хөндлөнгийн аудитын үүрэг улам бүр өсч, ач холбогдол нь нэмэгдэж байна.

Хувийн хэвшилд дотоодын болон хөндлөнгийн хяналт гэдэг үг хэвшиж, хувийн компаниуд өсч томрох тусам эзэд нь менежментээ мэргэжлийн хүмүүст даалган удирдуулах жам ёсны хандлага удаавтар боловч төлөвшиж байна. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах бол ийм хяналтыг жил бүр, заавал хийлгэсэн байхыг аль ч орон хуулиар шаарддаг. Харин төрийн үйл ажиллагаанд буюу улсын хэвшилд энэхүү аудит гэдэг нь ёс төдий зүйл хэвээрээ байгаа бөгөөд үүнийг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэх нь манай улстөрчдийн хувьд хөл рүүгээ буудахтай адил хэрэг юм. Төр засгийн үйл ажиллагааг ил тод байлгах ёстой тухай манай улстөрчид онолын хувьд бол үнэхээр сайхан ярьдаг болжээ.

Харин яг хэрэгжүүлэх дээрээ бол тэс өөр хэрэг. Төр, засгийн үйл ажиллагааг ил тод байлгахад хамгийн чухал, анхдагч зэвсэг бол жинхэнэ хөндл өнгийн аудит. Төрд уг нь өөрийн үйл ажиллагаагаа хянах байгууллагууд буюу аудитын газрууд бий. Тэд бол дотоодын аудит бөгөөд тэднийг улс төрийн нам нь томилдог учраас тэд зөвхөн намдаа үйлчлэх болохоос хөрөнгийн эзэд болох иргэдэд үйлчилдэггүй. Зөвхөн улс төрийн сөрөг хүчин байгаа оронд дотоодын иймэрхүү аудит арай гайгүй ажилладаг.

Монгол Улсын төрийн өмчийн аж ахуйн газруудад бодит, хөндлөнгийн аудит л үгүйлэгдэж байна. Үүнийг харин гадаадын байгууллагаар хийлгэж чадвал төрийн эзэмшлийн компаниудын үйл ажиллагаанд нь үнэн зөв, бодитой дүгнэлт хийх боломжтой.

Энэ тухай тодорхой саналыг өнгөрсөн долоо хоногт Их хурлын гишүүн Я.Батсуурь гаргасныг тэмдэглэх хэрэгтэй. “Сонгуульд ялсан нам “Эрдэнэт”, Төмөр зам, МИАТ зэрэг томоохон улсын үйлдвэрийн газруудад өөрийнхөө намын хүнийг л тавьдаг. Ингэж байж л улсын гэгдэх саалийн үнээнээс сонгуулийн зардлаа босгох, сонгуульд зарсан зардлаа нөхөх үйл ажиллагааг үргэлжлүүлдэг.
Ийм байхад дотоодын аудитад найдах ямар ч нөхцөлгүй байгаа учраас олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй аудитын компаниудыг нэн даруй оруулж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” гэж тэр хэлжээ.

Энэ саналыг хэрэгжүүлж дээрх “саалийн үнээ” тус бүрээр гадаадын нэр хүндтэй, мэргэжлийн байгууллагуудаар хяналт хийлгээд, улмаар “хариуцлага тооцчихвол” Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа олон газартаа гацан зогсоход хүрнэ.

Цухуйлгах төдий байгаа дотоодын аудитын шалгалтын тайлангийн жаахан хэсгийг гаргахад л алдаа гаргасныг нь биш, илрүүлсэн Засгийн газрыг нь сольчихдог Монгол оронд гадаадын хяналт оруулчихвал дайн гарна биз дээ. Тийм ч учраас Монголын улстөрчид дотоодын аудитын тайланг төрийн өмчийг хуваан завших, эсвэл олз ашгаа хуваахдаа тохиролцож чадахгүй үедээ л бага шиг сөхөж, сониноор жаахан шуугиулж байгаад наймаагаа тохиролцохоороо чимээгүй болчихдог юм.

Манай засаглалд тохиролцдоггүй наймаа гэж байдаггүй, тохиролцдоггүй үнэ л гэж байдаг. Тэгээд ч тохиролцохгүй албан тушаал гэж байдаггүй, яагаад гэвэл дэд суудлыг хэдийг ч шинээр бий болгож болдог. Ийм учраас төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн болон үйлчилгээний газруудад гадаадын менежмент урихаасаа өмнө гадаадын аудитинг оруулах ёстой.

Зөвхөн тэгж байж хаана алдаа гарч байгаа, хэн гаргаж байгааг тогтоож, холбогдох хүмүүстэй нь тодорхой баримтаар хариуцлага тооцох бөгөөд шинэ удирдлагыг томилох нь зардал чирэгдэл багатай, тэгээд ч юу хийх нь тодорхой учир үр дүн нь хурдан гарна. “Саалийн үнээний” аж ахуйн үйл ажиллагааг ийнхүү ил тод болгочихвол улс төрд орох бодит шаардлага, хэрэгцээ алга болж, төр засгийн орон тоо автоматаар жижгэрч, төр засгийн олон үйлчилгээг интернэтээр авах зам нээгдэнэ.

Ганцхан энэ тохиолдолд ажил хэрэгч үзэл санаа дахин сэргэж, залуучуудын ихэнх нь хүч чадлаа бизнесийн салбарт сорих эрмэлзлэлтэй болно. Зөвхөн хөндлөнгийн бодит хяналтыг хөгжүүлэн, иргэдийн шахалтын дор төр засгийнхаа үйл ажиллагааг ил тод болгож чадсан Швед (бүх шатны аудиторуудыг сонгодог бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны аудитыг бүх түвшний засаглалын байгууллагуудад хийж тайлангаа хэвлэдэг), Норвеги ба Финланд (мэргэжлийн аудиторуудаар түлхүү хяналт хийлгэдэг), Дани (энэ оронд Засгийн газрын хяналтын үүргийг аудинг гүйцэтгэж тайлангаа бүх түвшний зөвлөлд танилцуулдаг.
1997 оноос үйл ажиллагааны аудит хийх хуультай болсон) зэрэг орнуудад авлига үндсэндээ алга болсон. Авлига, Засгийн газрын хэмжээ хоёр хоорондоо урвуу хамааралтай гэдгийг эдгээр орнууд баталж чадсан юм.

Төрийн өмчийн томоохон аж ахуйн газруудад, мөн Төрийн өмчийн хороонд өөрт нь, Улаанбаатар хотын захиргаанд гадаадын аудит оруулах саналыг Монголын иргэд, татвар төлөгчид хоёр гараа өргөн дэмжиж, эрх баригчдаас шаардаж байна