Улс төрд эхнэр нь ханийнхаа, хүү нь эцгийнхээ, дүү нь ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн залгамжлах явдал дэлхий дахинд, Монголд ч уг нь шинэ үзэгдэл биш. Гэхдээ сүүлийн үед бизнесийн ертөнцөд жинхэнэ утгаар өв залгамжлагчид байх учиртай шинэ үеийн залуучууд улс төр рүү хөрөнгө мөнгө хаяж орох хандлага түгээмэл болов. Эцэг, эхийнхээ “Тамирын голын мөсийг долоох шахаж” байж босгосон эд баялгийг улс төр хэмээх бохир бизнест орох эргэлтийн хөрөнгө болгож эхэллээ. Эндээс тэд ашиг олно, алдар хүнд бүтээнэ гэж найдаж байна. Хөрөнгө мөнгө, түүний ачаар эзэмшсэн өндөр боловсрол, мэдлэг, чадвар байгаа бол түүнийхээ хэрээр дэлхийн энгээр сэтгэж, дэлхийд өрсөлдөх бизнесээ босгох нь улс төр хөөхөөс илүү биш гэж үү. Хүн болгонд заяадаггүй, хүссэн бүхэнд олдоггүй боломжийг хэрэгтэй зүйлд зориулах ёстой юмсан.

Хэрэв эцэг тань түүхий эд олборлодог бол чи боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Хэрэв тэр цемент үйлдвэрлэдэг бол чи байшин барих хэрэгтэй. Хэрэв чи өөрөө барилга барьдаг бол хүү чинь хот байгуулах учиртай. Хэрэв өнөөдөр компьютер угсарч зардаг бол маргааш эд ангийг нь өөрөө хийх ёстой. Энэ бол бизнес дэх өв залгамжлалын утга учир цаашлаад улс үндэстний хөгжил дэвшил.

Аливаа улс орны хөгжил, дэвшлийг үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд, үндэсний хөрөнгөтнүүд нь авч явдгийг бид сайн мэднэ. Монгол бол тийм хэмжээний хөрөнгөтэй, бизнестэй хүмүүс одоо л буй болж байгаа цоо шинэ улс. “Анхны өв залгамжлагчдаас” бид арай илүү зүйл хүлээж байсан нь үнэн. Гэтэл ядмагхан бүтэцтэй Монголын эдийн засагт шинэ бүтэц, шинэ салбарыг бий болгох гэж мэдлэг боловсрол, хүч шандас, хөрөнгө хүчээ уралдуулж, чухам хэний хүү хэн болохоо харуулах гэж дэрвэлзэж байх ёстой тэдгээр хөвгүүд, охид өнөөдөр улс төрийн намын “Алтан сарнай”-н үдэшлэгээр гоёх болсон нь эмгэнэлтэй. 

Үйл явдлын хувьд хуучирсан ч МАХН-ын шинэ жилийн үдэшлэг “Алтан сарнай” наадмыг энд зориуд сануулъя. Наадамд “Гацуурт” компанийн захирал Чинбатын охин Номин, “МАК” компанийн захирал Нянтайширын хүү Номтойбаяр гээд олны танил хүмүүсийн хүүхдүүд цөөнгүй байсан. Тус намаас сонгон шалгаруулдаг оны шилдэг бизнесмэн, эдийн засагч зэрэг өргөмжлөлд нь “цадчихсан” баярлаад зогсож байгааг нь харахад харамсмаар байлаа залуусаа. Уг нь тэр оны шилдэг бизнесмэн гэдэг алдрыг чинь хийсэн бизнес, хүртсэн олон нийт өгдөг болохоос эрх барьж байгаа нам өгдөггүй байхгүй юу даа. “Алтан сарнайд” нүдээ бүлтэртлээ гоёчихоод, шилдгээр шалгараад тэрэндээ үнэмшээд байвал энэ улс орны чинь ирээдүй яах болж байнаа өв залгамжлагчид аа.

Бизнесийнхнээс гадна улс төрийн зүтгэлтнүүд ч үр хүүхдэдээ улстөрийн намаа залгамжлуулж байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, Элчин сайд асан Л.Хангайн хүү Алтай, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү Хангай... гээд улс төрд “өв залгамжлагч”-аар тодорч байгаа хөвгүүд, охидын нэр цааш үргэлжилнэ.
 


Эд ч яахав төрөөс юм хүртэхгүй бол амьдарч чадахаа больсон бүлгийнхэн байж. Гэтэл эцэг эхийнхээ буянаар дэлхийд өрсөлдөх мэдлэг чадвар, бас ч чамгүй хөрөнгө мөнгө өвлөж авсан та нар улс төрийн намд долигнох ямар шалтгаан байгааг ойлгохгүй юм. Тэр намд та бүхний та бүхний ч гэж дээ эцэг эхийн чинь хөрөнгө мөнгө л хэрэгтэй байгаагаас биш улс орноо хөгжүүлж дэвшүүлэх санаа, ажил хийх боломж байгаа гэж эндүүрээд байгаа юм биш биз дээ. Монголын улс төр хандив, хахуулийн зохицуулалтаар ажилладаг, эрх мэдэл, баялгийг тэр зохицуулалтаар хуваарилдаг тогтолцоо болон хувирсан гэдгийг хэн боловч ойлгох болсон. Ийм учраас уг механизмыг хүлээн зөвшөөрөөд хөл алдаж байгаа залуусыг олон нийт таашаахгүй байна. Намын чинь сэтэр нэр хүнд, имижийг чинь өсгөхөөс илүү унагаж байгааг өөрсдөө мэдрэхгүй байна гэж үү.

Илэрхий дэмжих, эсвэл ил далд хавчих замаар төрийн эрх мэдэл бизнесийн эрх ашгийг хөнддөг Монголын нөхцөлд бизнесийн ертөнцийн “өв залгамжлагчид” улс төр рүү хошуурахаас өөр аргагүй болдог ч байж болно. Гэхдээ улс төрд орж байж л бизнес, үйлдвэрлэлээ хамгаалдаг буруу жишгийг сөрж зогсохгүйгээр “чөтгөрийн тойрог” руу гүйж ороод байвал энэ улс орны ирээдүй эрүүл байж чадах уу?

Монгол Улс хувийн өмч, хувийн хөрөнгө оруулалт, хувийн бизнесийг хамгаалдаг хуультай, хуулийг нь хэрэгжүүлдэг тогтолцоотой болж хараахан чадаагүй байгаа нь үнэн. Тэр тусам нь бизнесийнхэн бууж өгөөд өв залгамжлагчдаараа улс төрд тахил, хандив өргөөд байгаа нь  эмгэнэлтэй харагдаж байна. Улс төрөөс бизнесийн хувь заяа хамаардаггүй байх тийм хүчин зүйлсийг та бүхэн өөрсдөө л бүрдүүлэхгүй бол  бүтээсэн баялгийг чинь луйварчин улстөрчид хүссэн үедээ дээрэмддэг байсаар л байх болно. Тэгэхээр бизнес бол мөнгө, улс төрийн аль нэг хүчин, эрх мэдэлтний нөмөр нөөлгөөр явдаг зүйл гэж өнөөдрийн хэмжээнд өчүүхнээр сэтгэж болохгүй юм биш үү өв залгамжлагчид аа. Улс төрч, улс төрийн намыг дагаж, хэн нэг даргын ширэн цүнх, шидсэн чулууг зөөж явж байж “хоолондоо хүрч”, амьдрах аргаа олж байгаа Нянгар мэт залуус бий, бий. Гэтэл та нар чинь тэднийг бодвол нэртэй хүний зүстэй хүүхдүүд шүү дээ. Гэсэн атал чухамдаа Нянгарын мэт амьдрах аргыг сонгож байгаа нь бүүр ч өрөвдөлтэй байна.

АНУ-ын нэр хүнд бүхий томоохон их сургуулиудад дэлхийн бизнесийн ертөнцийн нэр алдартнуудын өв залгамжлагчид олноороо сурдаг. Сурч мэдэх гэж, дэлхийд өрсөлдөх чадвартай брэнд үйлдвэрлэх гэж тэр.

Колумбийн их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын цол хамгаалахад 270-300 мянган ам.долларын төлбөр төлдөг аж. Харин түүнээ хамгаалаад эх орондоо очиход нь компанийнх нь хувьцаа 15 хувиар өсч байна. Тэгвэл Монголын бизнесийн салбарын өв залгамжлагчид өөрсдийнхөө хийх ажил, шандсаа сорих салбарыг “улс төр” гэж харж байна. Эцэг, эхээс тань өвлөгдөж ирсэн мөнгөний бохир цэвэр болоод гарал үүслийг өнөөдөр хэн ч та нараас яллаж асуухгүй ээ. Харин та нарт бусдад үгүй боломж бололцоо, байгаа тул “тамын тогооноосоо” гарч, бизнесээ, үйлдвэрлэлээ, брэндээ дэлхийн тавцанд гаргаж, хүн төрөлхтөний өрсөлдөөнд хөл нийлүүлээч дээ гэж хүсч байна. Хөмөрсөн тогоон доторхи шиг Монголын улстөрөөс та нарыг үнэхээр “харамлаж” байна.