“Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж үндсэн хуулинд маань бий. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бидний хэл аялгуу маань Монголын төдийгүй нийт хүн төрөлхтөний оюуны соёлын салшгүй нэг хэсэг, үнэт өв билээ. Энэ дэлхийд маш олон хэл бий. Хэдэн зуун саяар тоологдох олон хүн ярьдаг том хэл байхад хэдэн арван хүн хоорондоо харилцдаг отог омгийн өчүүхэн хэл ч бас бий. Гэхдээ том жижгээс үл шалтгаалан хэл бүхэн үнэт зүйл билээ. Хэл бүрийн цаана тухайн ард түмний соёл, түүх, урлаг, дуу хуур, аман зохиол, сэтгэлгээ, эрх чөлөө гээд бүгд байдаг. Дэлхийн тэр олон мянган хэлний нэгээхэн хэсгийн төлөөлөл бол яах аргагүй монгол хэл.

Зарим нэг судалгаанаас харахад өнөөдөр 14 хоног тутамд хүн төрөлхтөний хэлнээс нэг нь мөхөж байна гэсэн байдаг. Хэл мөхөж байна гэдэг нь тэр чигээрээ нэгэн соёл, ахуй, зан заншил устаж байна гэсэн үг юм. Ийм учраас аль ч улс орны төр засгийн бодлогод эх хэл, үндэсний бичиг үсгийн бодлого нь ямагт чухал байх ёстой. Энэ бол соёлт хүн төрөлхтөн, алсын хараатай аливаа улс үндэстний хамгийн гол бодлого, үзэл баримтлал, байр суурь мөн биз ээ.

Бие даасан, тусгаар улс орон, ард түмнүүд оршсоор байх цагт эх хэл бичгийн асуудал байсаар байх нь гарцаагүй. Харин тухайн улсын болон хэлний том жижиг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өөр өөрийн онцлогт тохирсон хэлний бодлоготой байдаг билээ. Тухайлбал, англи хэлний хувьд авч ярихад 1990-ээд он гэхэд дэлхий дээр англи хэл унаган хэл нь болсон 350 сая гаруй хүн байсан бол англи хэлийг хоёр дахь хэлээ болгон ярьж байгаа 400 гаруй сая хүн байдаг аж. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө хүн ам, эдийн засгийн хувьд тэргүүлэх улс орнууд (Хятад, Орос гэх мэт) өөрийн хэл соёлоо улам түгээн дэлгэрүүлэх, даяаршуулах бодлоготой байдаг бол эсрэгээр хүн ам цөөн, жижиг манайх шиг улс орнууд өөрийн хэл соёлоо даяаршлын энэ их түрлэгээс хамгаалж авч үлдэх зорилготой байдаг.

Хүн ам цөөн монголчууд бидний хувьд хамгийн чухал зүйл бол үндэсний өвөрмөц онцлогоо орхиж гээхгүй байх, үндэсний түүх, соёл, эх хэлээ мартаж үгүйсгэхгүй байх явдал билээ. Өнөөдөр англи, орос, солонгос, япон гээд олон хэл, хос хэлний хэрэгцээ бидний амьдралд бодит биеллээ олж зайлшгүй шаардлагатай боллоо. Шинжлэх ухаан, соёл боловсрол, бизнесийн гээд нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарсан олон хэлний боловсролыг олгох бодлогыг хэрэгжүүлэх нь Монголын нийгмийн бодит шаардлага болсныг ч үгүйсгэх аргагүй зүйл юм.

Манай улсад төрийн хэлний тухай хуулийг 2003 онд УИХ-аас баталсан билээ. Энэ хуулийг батлагдсаны дараа монгол хэл бичгийн эрдэмтэн судлаачдаас авахуулаад төр засгийнхан хүртэл хууль л баталчихвал бүх зүйл сайхан болчих юм шиг бодож байсан. Гэвч төрийн албан ёсны хэлний тухай хууль гарснаар эх хэлний маань цэвэр ариун байдал улам сайжирна гэсэн нь талаар болсон гэж хэлэхэд буруудахгүй. Монгол улсад эрүүгийн, иргэний гээд олон хуулиуд бий. Эдгээр хуулийг зөрчвөл ялтай байдаг. Харин төрийн албан ёсны хэлний тухай хуулийг зөрчвөл ялгүй. Уг нь ямар ч бай, хууль мөн л бол түүнийг улс нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Энэ хууль бас л “Монголын хууль гурав хоног” гэгч алдарт мэргэн үгийн нэг бодит жишээ болохгүй гэх баталгаа алга.

Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Харин монгол хүний насан туршид хэрэглэгддэг, бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байдаг зүйл бол монгол хэл маань билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, УИХ-аар 2008 онд батлагдсан “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичигт “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болох” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл удахгүй англи хэл манай улсад “бүх нийтийн голлох гадаад хэл” болох аж. Хэдий гадаад хэлнийхээ хувьд голлох хэл байж болох ч гадаад хэлийг эх орондоо хэт дөвийлгөсөөр байвал монгол хэлнээс илүү голлох хэл болчихвол аюултай билээ.

Уг нь монголчууд бид хэлний бодлогын талаарх хууль, эх хэлээ хамгаалж ирсэн баялаг түүх намтартай улс билээ. Тиймдээ ч хэдэн зуун жилээр ч бусдын эрхэнд байхдаа эх хэл, бичиг соёлоо өдийг хүртэл хадгалаад бидний үеийг хүрсэн биз ээ. Тухайлбал, бүр 1640 оны Монгол-Ойрдын “Их цааз” хуульд “Сайдуудын хөвгүүд монгол бичигт эс сэхээрхүүнээ эцгээс гунан морь аваад хөвүүний нь багшид өгч сурга. Олонд танигдах хүмүүний монгол бичигт эс сэхээрхүнээ гунан хонь, олонхи мууг 15 мөнгө, хөвүүний нь багшид өгч сургах нь урд мэт. Хөвүүний нас 15 хүртлээ эс сэхээрхүнээ цаазтай” гэж заасан байдаг. Энэ бол бараг дөрвөн зууны өмнөх хууль билээ.

Эцэст нь хэлэхэд монголчуудын хувьд хууль, эрх зүйн талаар нэг л асуудал үргэлж байх юм даа. Байсаар ч ирсэн байх, харин одоо цаашдаа байлгамааргүй байна. Сайхан сайхан хуулиудыг “дээрээс” бөөн бөөнөөр үйлдвэрлэн гаргаад байдаг, тэгсэн мөртөө “доор” амьдралд ердөө хэрэгждэггүй. Тухайлбал, хамгийн энгийн нэгэн жишээг авахад л бичиг үсэгт тайлагдсан хэн бүхний дагаж мөрдөх “Зөв бичгийн дүрэм” гэж байдаг. Уг нь хэрхэн зөв бичихийг хэл бичгийн эрдэмтэд нь толь бичгүүд дээрээ журамлаад, маргаангүйгээр тогтоосоор байхад л “гариг” гэхийг “гараг”, “сургаал” гэхийг “сургааль” хэмээн хаа сайгүй буруу бичсээр байгааг дурдья. Гудамжинд байгаа энэ олон гадаад нэр хаягийн тухайд ч шийдэж чадахгүй олон жил хий ярьсаар байгаад шүүмжилдэг, шүүмжлүүлдэг аль алиндаа сонирхолгүй сэдэв болоо юу даа.

Манай улс “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” хэмээх хаана ч гологдохгүй сайхан хуультай болжээ. Гэтэл бид үүнийгээ өөрсдөө тоодоггүй, хэрэгжүүлдэггүй байсаар байвал мянган хууль зохиогоод ч хэрэг үгүй билээ. Харин нэгэнт ажил болгон хийсэн хуулиа мөрдөж амьдралд нийцсэн тохирох аргаар ажиллах шаардлагатай болжээ. Хэдий монгол эх хэлний маань аюулгүй байдал тийм сайнгүй байгаа боловч юу юугүй монгол хэл маань мөхөх, устахын даваан дээр тултлаа хурцдаагүй ээ. Гэхдээ л эх хэлнийхээ цэвэр ариун байдалд анхаарал үргэлж тавьж байх нь чухал байна.