“Алдаа ухаан хайрладаг” гэх үг бий. Тэгэхдээ алдаагаа ухаарсан хүн ухаажина уу гэхээс ухаараагүй нь улам лав алдах муруй замаар мунхаглан зүтгэнэ. Алдаа – ухаантай хүмүүсийн амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд замын садаа. Адгийн муугийн дотор ч ачлалт сайн эс ширхэг оршино. Алдаа хор уршигтай ч ухаарал өгч ухаажуулдгаараа хожмын үйлст тустай. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Амьдрал баян болохоор бүх хүн их, бага хэмжээгээр алдана, ухаалаг хүмүүс нь алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь алдахгүй байхаас нэг их хол дутахгүй ач тусаа өгнө. Алдаж эндсэнээ хүлээн зөвшөөрч буй хүн алдаа хийсэндээ гэмшиж, түүнээсээ сургамж авч, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй байх санамж сэрэмжээ сэргээж байдаг сайн талтай. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн зөвшөөрөхийг бардам зан чинь багалзуур дээр чинь тээглүүлээд байвал дор хаяж дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эс тэгвээс өөрийгөө санаатайгаар хорлох мунхаг үйлдлээ дахин давтсаар байгаагаас өөрцгүй. Урьд урьдын алдаагаа ухаарч байвал өнөөгийн хийгээд маргаашийн алдаанаас сэргийлэхэд тус болно. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал чанар гэдгийг ялангуяа залуучууд ой тойндоо тогтоож авах хэрэгтэй.

Хийгээгүй хоолыг халбагадаж болохгүйтэй адил хүлээн зөвшөөрөөгүй алдааг засах тухай ярилтгүй. Ам нээн алдаагаа хүлээх нь алдаагаа засах хүсэл бодлын илэрхийлэл. Алдаагаа засах гарын дор гурван арга бий. 1. Өөрөө ухаарч засах. 2. Өрөөлийн шаардлагаар засах. 3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах. Гишгэсэн мөрөө гэдэргээ ажиглаж, гишгэх мөрөө урагшаа харж, буруу зөвөө бодол ухаандаа тунгааж, үйлдэл хөдлөлөө хянаж явбал болзошгүй алдаанаас сэргийлэхэд тусална. Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засч явахыг хичээ. Эм гашуун ч өвчинд тустайн адил алдаа гашуун ч ухаажихад нэмэртэй. Буруугаа өөрөө ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. Өөрийн биеийг ухааран мэдвээс өрөөл бусдыг тольдож чадмуй хэмээн ухаант дээдэс сургасан. Хашир хэрсүү хүн салхи шуурганд хөөгдсөн мэт яаруу адгуу шийдвэр гаргаж, бодлогогүй алхам хийдэггүй. Долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргадаг хүн алдаа эндэгдлээс өөрийгөө хамгаална. “Байнга эрчимтэй урагшаа давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг залуус та нарыг хөгжлийн өндөрлөг өөд уриалан хөтлөг. Магтаалд мансуурч, амжилтандаа бялуурсан хүн өөрийгөө хянах хяналтаа аажмаар алдаж эхэлдэг. Ийм харамсмаар байдалд өөрийгөө хөтлөн аваачиж, хайран сайхан байсан бүхнээ яйран болгон түйвээж хэрхэвч болохгүй. Цагаа олоогүй, эзнээ оноогүй магтаал тус болохоосоо ус болох нь давуу. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засч яваа хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана. Өөрийгөө засч чадахгүй бол өрөөлийг засах гэж мунгинах хэрэггүй.

Хэчнээн үнэнийг өгүүлж байлаа ч шүүмжлэл сонсох хэнд ч таатай байдаггүй. Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох нөхөр. Нүүрэн дээр жигтэйхэн саймшираад, нүднээс далд хэлэх хэлэхгүйгээр муу хэлж явдаг хүн ханилж ойртох нөхөр биш. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож, бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина. Миний алдааг хэлж, алдахаас сэргийлж байгаа ямар ч хүнийг би уурлаж загнахгүй гэж нэгэн ухаантай хаан хэлж байжээ. Хүмүүс алдсан алдааныхаа хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн, сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна. Юу болоод байгааг нь мэдэхгүй, битүү хатуу зовох энэ хүмүүст дотор бачуурам хэцүү. Хаана, хаанаа битүүрэн зовж, бэтгэрэн шаналснаар хожих хожвор, олдох олдоц байхгүй. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол ярилцвал чамд хэрэгтэй. Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өөрийгөө зовооно, ойрынхноо шаналгана. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй. Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал.

“Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Бага залхуугаас их залхуу гэдэг шиг жижиг сажиг алдааг тухай бүр нь засч байхгүй бол том алдаа руу шатлан даамжирч мэднэ. “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй хөтөлнө. «Төөрөгдлийг даван туулж, үнэн рүү ирсэн хүн мэргэн. Мунхаг хүн өөрийнхөө төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг». Сахал хусч сурахыг өөр хүн дээр туршсан нь дээр гэх үг бий. Алдахгүй бол ухаажихгүй гээд алдааг өөр дээрээ турших нь ухаалаг үйлдэл биш. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Өөрийн бурууг бусдаас сур, нүүрний буртгийг толинд хар. Бусдын алдаанаас суралцана уу гэхээс бусдаас алдаа хайх хэрэггүй. Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдаас алдаа хайгаад байдаггүй. Хэн их дутагдалтай вэ, тэр бусдаас дутагдал амархан олдог гэнэ. Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харах нь сайны шинж биш. Бусдыг муулсан үйлдэл бүхний тоогоор буяны чинь уут сав дундарч хоосорсоор байх вий. Мэргэн боловч алддаг, мэлхий боловч халтирдаг гэх. Явж байгаа хүн бүдрэнэ үү гэхээс сууж байгаа хүн бүдрэхгүй. Түүнтэй адил ажиллаж хөдөлж байгаа хүн алдана уу гэхээс ажилгүй алхайж суугаа хүн юундаа алдах вэ гэж бодогдож магад. Зүгээр сууж л байвал аз жаргал тэр мөн гэж үздэг хүмүүс хамгийн томоор алдаж байгаа хэрэг. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй. Алдаа хийсэн бол хавьтаж ойртохгүй хэн нэгнийг буруутган, бурууг бусдаас хайн уурлаж цухалдах хэрэггүй, харин ч инээсэн нь дээр. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”.

Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох зүйл. Харамсалтай нь амны алдаагаар тарих гай гамшиг хэтэрхий их. Сум нэгийг ононо, үг мянгыг ононо. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Ам алдвал барьж болдоггүй, урт хошуу хүзүү орооно гэх үгсийг насан туршдаа марталгүй санаж явцгаа. Алдаж байж ухаажина. Гэхдээ ухаажихын тулд алдаа алдахыг зорилго болгон хүсч тэмүүлж арай ч болохгүй. Ухаанаа зүлгэн торд. Хөсөр орхисон төмөр зэвэрдгийн адил, тордлогогүй орхисон ухаан зэвэрнэ. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд хүчтэй.