Алдаа ослоос сэрэмжилж болох ч алдаа эндэгдлээс мөнхөд баталгаатай хамгаалагдан дархлагдсан хүн энэ орчлонд янагш байгаагүй, чанагш байхгүй нь үнэн. Алдаа ослын олон шалтгааны магнайд хайхрамжгүй зан цаг үргэлж байсаар иржээ. Хайхрамжгүй зан  төрмөл бус, олдмол гажиг. “Хайхрамжгүй чанар нь онцгой гажиг биш боловч хоосон нэрэлхүү зан, үүргээ умартах, залхуурал, тэнэглэл, алмайрал, биеэ тоолт, атаархал зэрэг олон гажгуудын уршиг байдаг”.

Нэрэлхүү зан, хайхрамжгүй байдал хоёр салшгүй найзууд. Хүний нэрэлхүү зан ужигарч гүнзгийрсээр хайнга хайхрамжгүй байдал руу хүссэн хүсээгүй хөтөлж аваачина. Нэрэлхүү зан хүний олон гай зовлонгийн эхийг тавьдагийн нэг нь яах аргагүй хайхрамжгүй байдал. “Нэрэлхүү зан хүндэтгэлийг бус ичгүүрийг авчирдаг”. Нэрэлхээд нэрээ идэхгүй, хариад гэрээ идэхгүйгээс хойш нэрэлхүү зангаа хаях хэрэгтэй.

Анзааргагүй, салан задгай этгээд үүргээ умартах дутагдлыг байнга давтдаг. Үүргээ олон дахин умартаад байвал түүндээ дасал болж, хайнга хайхрамжгүй загнасаар, яваандаа алдаа ослын зам руу өөрийгөө мунхаглан хөтлөнө.

Залхуучууд тэртэй тэргүй хайхрамжгүй. Идэх унтахаа хайхрана уу гэхээс түүнээс бусдыг хайхрах сөгөө байхгүй. Залхуу хүнд маргааш олон. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш болгон хойшлуулснаар амьдралдаа хэчнээн алтан боломжуудыг маргаашийн мананд төөрүүлснээ залхуучууд бодож тооцдог болов уу? Хоцорч хожимдон ухаарч, амаа барихгүйн тулд залхуугийн хүлээснээс аль болох эрт салахыг эрмэлз. Залхууг ялж чадсан хүний заяа тавилан бурхны хишиг хүртсэн мэт өөдлөн дэвжинэ.

Алмай тэнэг байдал нь хүнийг байгаа орчинд нь хязгаарлаж, эргэн тойронд нь юу болж байгааг ухаарч сэхээрэхгүй, анзаарч хайхрахгүй болгон, бодол сэтгэлгээг нь царцааж, шилэн хоргоны загас адил тусгаарлана. “Хайхрамжгүй байдал нь сэтгэлийн хүнд өвчин” гэж нэгэн эрдэмтэн бичжээ.

Биеэ тоосон ихэмсэг этгээд өөрийгөө бүхнээс дээгүүр бодож, бусдаас илүү чадах мэт сагсуурч, хүмүүсийн санаа бодол, үйлдэл хөдлөлд огтын хайхрамжгүй хандана. Биеэ тоох нь өчүүхэн сэтгэлийн илрэл, ужигарваас өвчин болон даамжирна. Биеэ тоогсод бяруу болоогүй байж бухын баадлаар баана гэгч болон, нэр төрийн занганд орж, “оддын өвчнөөр” өвчилнө. Юм үзэж, нүд тайлаагүй тэд бусдыг хайхрахаа больж, өөрийгөө дөвийлгөн үнэлж, өргөмжлөн туйлширч, үлээсэн бөмбөлөг адил дэрвэн хийснэ. Тун удалгүй хий нь гарсан гүзээ адил шалчийна. Бие тоох өвчин орчлонгийн авьяастай, ухаантай, гялалзаж явсан олон хүнийг хэн ч биш болгон, тоосонд даруулан бүрзийлгэсэн. Хүүхэд залуус та нар бие тоох нянгийн халдвар авахгүй дархлаатай байхыг хичээгтүн.

Өөрөөсөө илүү гарсан бүхнийг хялайн харж, багтран цухалдаж байдаг нь атаачдын бодит төрх. Бусдын амжилт тэднийг тайван суулгадаггүй, байж суух газраа олж ядан, хорсол зүхлийн тамд тарчлана. Атаархагчид бусдын төлөө сайн сайхныг үйлдэж, хүмүүст чин сэтгэлээсээ дэлгэр жаргалыг хүсч, буяны садан байх тухай бодохын ч хэрэггүй. Тэд ганцхан зүйлийг бүхнээс илүү анзаарч хайхрана. Тэр нь хүмүүс амжилтанд хүрчихгүй байгаа, надаас илүү гарчихгүй байгаа гэсэн мөнхийн айдас, сэтгэл зовинол. Өөрөөсөө түрүүлж яваа хүмүүст атаархан араас нь шороо цацах биш, хүч чадал, ухаан бодлоо дайчлан тэдний түвшинд хүрэхийн төлөө мэрийж, авьяас чадвартай хүмүүсээс сайны үлгэр авч урагшлахыг өөрөөсөө шаардан тэмцэх хэрэгтэй.

“Эх орныхоо болон ойрынхоо хүмүүсийн хувь заяанд хайхрамжгүй ханддаг, хүмүүнлэг бүхэн өөрт нь харийн санагддаг, тийм хүнээс илүү аюултай зүйл гэж үгүй” гэж олны танил нэгэн хэлсэн байна. Ойрынхоо хүмүүсийн хувь заяанд хайхрамжгүй хандана гэдэг нь хүний ёсноос гадуур, хэтэрхий хувиа хичээсэн бэртэгчний шинж төрх. Английн нэрт зохиолч Б.Шоу “Ойрынхоо хүмүүсийн хувьд үйлдсэн хамгийн том нүгэл нь үзэн ядалт бус, харин хайхрамжгүй байдал байдаг бөгөөд чухамхүү үүнд хүмүүнлэг бус чанар оршдог” хэмээн бичжээ. Хамгийн том нүглийн эзэн болчихгүйн тулд ойрынхоо хүмүүсийг цаг ямагт анзаарч хайхран, чин сэтгэлээсээ санаа тавьж, хайрлан халамжилж байх шаардлагатай. Халамжгүй бол хань биш, хайргүй бол нөхөр биш. Халамжгүй саднаас хар элгийн хүн дээр гэж монголчуудын ярьдаг үнэн үг бий.

Гэр бүл, хань ижилдээ хайхрамж сулрах хэмжээгээр хайр хүндэтгэл, халамж анхаарал буурч, халуун дотноор буцалж байсан амьдрал хөндийрч хүйтрэн хөрзийнө. Хайхрамж анзаарга сул байснаа ухаарч, халамж анхаарал нэмэгдээд ирэхэд хөрж хөрзийсөн амьдрал хатаж байсан цэцэг ус шимээр умдаалаад амилан цэцэглэхийн адил гэр бүлийн амьдрал баяр хөөрөөр бялхаж эхэлнэ. Хайхрамжгүй зан бадарч байсан сэтгэлийн галыг бөхөөн унтраах хорлолтой. Сэтгэлд хоргодсон хүйтэн жаврыг булгаар ороож, алтаар хучаад ч дулаацуулж эс чадна. Сэтгэл зүрхэнд хургасан хүйтэн жаврыг сэтгэл итгэлийн гал л хөөж зайлуулан, бүлээцүүлэн дулаацуулна. Ханилсан хоёр хөндийрөвч сэтгэл байхад ойртоно, хайтан цэцэг хагдравч үндэс байхад ургана.

Ажлаас ирэхэд нь ар гэрийн амьдралаа ярихаар тэсч ядан хүлээж байсан эхнэрийнхээ яриаг нөхөр нь үл хайхран, хайнга донгио хандвал асаж байсан гал руу ус цацах мэт болж, хүнд нудрага буулгаснаас илүү хүнд сэтгэлийн цохилт авна. Хайхрамжгүй байдал олон удаа давтагдвал харгис хатуугаас давсан цохилтыг ээлж дараалан авсаар тэсэлгүй цөхрөнө. Улмаар тогооны ёроолын хөө тортог зузаарахын адил сэтгэлийн гүнд хөө тортог зузаарч, сэтгэлд сэв суун хөндийрнө. Хэн нэгнээ ийм байдалд хүргэж хэрхэвч болохгүй. Сэтгэл догдлон ярихаар зэхсэн чин зүрхний яриаг сонсохгүй чихний хажуугаар өнгөрөөж, хүсч хүлээж байсан зүйлд нь юу ч болоогүй, яагаа ч үгүй юм шиг хайхрамж тоомжиргүй хандах нь хамгаас аймшигтай. Юун зодох занчих. Хатуу үгээр хараан зүхэх. Тэр бол чимээгүй харгислал. Ер нь “хайхрамжгүй байдал дээд зэргийн харгислал мөн”. Сайн муу, сайхан муухай аль алинд нь адилхан хайхрамжгүй хандана гэдэг ёс суртахууны зэрэмдэг байдал. Хайхрамжгүй зан хөндлөнгийн хэн нэгнээс шалтгаалаагүй цэвэр өөрийн чинь зан араншингаас үүссэн зэм согог, аймшиг гамшиг. “Хамгаас аймшигтай зүйл бол хайхрамжгүй байдал. Хэрэв түүнтэй тэмцэхгүй бол шигдсэн бүхнийг сорон живүүлэх аюулт намаг балчиг шиг ямар ч хүнийг хөнөөж чадна”.

Үрээ мориныхоо хурдыг үзэх, үр хүүхдийнхээ сайхныг харах нь бүх хүний харанхуй шөнийн зүүд, гэгээтэй өдрийн бодол. Үр хүүхдээ хүний дайтай хүн болгохын тулд тэднийг өр зүрхнээсээ хайрлаж, дээд зэргээр хайхран, анхаарал тавих хэрэгтэй. Үр хүүхэддээ хайхрамжгүй хандвал тэдэнд хайр халамж дутаж, гомдол нулимс илүүдэх болно гэдгийг бодоорой. Хүний хүн мэт гэртээ илүүдсэн хүн бусад газар өөрийн байж чадахгүй. Хайр хүртэж байгаа хүүхдүүдийг л бурхан хайрладаг юм.

Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь ертөнцийн жам. Их бага, хатуу зөөлөн ирэхээрээ ялгагдахаас биш, зовлонгоос эгнэгт ангид тусдаа заяагдсан хувь тавилан замбуулинд байхгүй. Аль ч хуруугаа эсгэсэн өвчин нь адилхан гэдэг шиг зовлон ирвэл хүн бүгд зовно. Өөр дээр буух зовлон хүнд хэцүү. Яагаад гэвэл өөр хэн ч биш, өөрөө түүнийг үүрэх учраас. Бусдын зовлонг үл хэрэгсэж эс болох. Бусдын зовлонг боломжийн хэмжээгээр хуваалцах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг. Хөршийн хашаанд дэгдсэн түймэр танай амбаарыг шатааж болох тул зовлон надаас холуур өнгөрөг гэх буюу бусдын зовлонгоор тохуурхаж хэрхэвч болохгүй. “Хэрэв чи бусдын зовлонд хайхрамжгүй бол хүн гэдэг нэрийг хүртэх эрхгүй”.

Анзааргагүйгээс алхмын цаана алдаа отож байдаг. Өөртөө хайхрамжгүй хандвал наанадаж алдаа хийнэ, цаашлаад осолд өртөнө. “Хайхрамжгүй эхэлж байгаа газраас мөхөл холгүй байдаг”. Их зохиолч А.П.Чехов, “Хайхрамжгүй байдал – энэ бол сэтгэлийн саажилт, зуурдын үхэл” хэмээн хүн төрөлхтөнд сэрэмж анхааруулга өгсөн байна. Хөгшин, залуу хэн ч гэсэн “даруу байх нь сайхан, харин хайхрамжгүй байх хэрэггүй”.