“Би чамд хайртай” Монголын уран сайхны кинон дээр өөрийгөө нийгмийн элит хэсгийн төлөөлөл гэж зиндаархдаг Баяраагийн аав нь “Сухомлинский чинь кино жүжигчин бил үү” гэж будилдаг даа. Монголын өнөөгийн нийгмийнхэн Баяраагийн аав шиг андуурахгүй болтлоо Эйн Рэнд гэж нэрийг сайн мэдэх болжээ. Америкийн агуу сэтгэгч, мэндэлсний 100 жилийн ой нь саяхан тохиосон энэ эмэгтэйн 1960-аад оны үед бичсэн зохиол бүтээлүүдэд Монголын өнөөгийн  нийгмийг яг л бичсэн байдаг. Өнөөдрийн Монголын сайн муу бүхнээр, бидний будилж онож байгаа болгоноор гуравдагч ертөнцийнхөн аль 1960-аад оны үед яваад үзчихсэн учраас л Эйн Рэндийн бүтээлүүд манай үеийнхэнд бэстселлер болоод байгаа хэрэг. “Капитализм” гэж аль 1964 онд бичсэн зохиолыг нь уншихаар өнөөдрийн Монголынхоо тухай уншаад байгаа ч юм шиг санагддаг. Бас “Атлантын нуруу тэнийв” гэж уншихаас нуруу хавталзмаар зузаанаас зузаан ном бий. Хошин урлагийнхан түүний зохиолоор жүжиг тавьж, улстөрчид “зөвшилцөл бол фашизм” гэх үгийг нь бараг афоризм болгон хэрэглэдэг. Гэхдээ энд Эйн Рэндийн тухай биш, түүний нэгэн ишлэлийг Монголын өнөөдрийн зарим нэг үйл явдалтай харьцуулах гэсэн юм.

Эйн Рэнд өнөөгийн улстөрчдийг Робингүүдтэй адилтган зүйрлэжээ. Робингүүд өөрт байхгүй баялгийг бусдаас дээрэмдэж тараадаг. Ядуус юм тарааж байгаа ямар ч хүнийг баатрын хэмжээнд үнэлдэг. Тийм учраас боолын нийгэмд, тэр битгийн хэл ардчиллаас өмнөх тэгшитгэн хуваадаг Монголын нийгэмд ч Робингүүдийн үлгэр ихэд таалагддаг байлаа. Харин бидний явж байгаа өнөөдрийн нийгэм өөр. Гэтэл тэнд ч робингүүд байдаг ажээ. Улстөрчид, улс төрийн намууд өөрөө олоогүй, өөрт байхгүй нийтийн баялгийг бусдад тараах маягаар нэр хүнд олж авах, дахин засаглах гэж зүтгэх нь Робингүүдтэй адилхан юм байна. Эрх баригчид иргэн бүрт 1.5 сая төгрөг амласан, одоо 21 мянган төгрөг тарааж байна. Үүнийг бидний татвараар бүрдүүлсэн төсвөөс өгнө. Тавантолгойн ордоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлсэн. Тавантолгойн орд бол нийт монголчуудын баялаг.  Нийтийн баялаг, нэгдсэн төсвийг шударга хуваарилах нь төрийн үүрэг мөн нь мөн. Гэхдээ төрийн менежерийн үүргийг МАНАН тулдаа, улстөрчид тулдаа л тарааж хуваарилж, ард түмнийг харж үзэж байгаа мэтээр нэр хүнд олж авахыг, төрийн ажлыг улстөрд удаан тогтох, дахин сонгогдох хэрэглүүр болгон улстөрийн эрх ашигтаа нийцүүлэхийг робингүүдтэй адилхан гэж  Эйн Рэнд тодорхойлжээ.

Сонгууль ойртох тусам улстөрчид робингүүдийн үүргээ илүү сайн гүйцэтгэх гэж улайрах болов. Сүүлийн үед УИХ сонгуулийн хахуулийг хуульчлан бөөндөх шиг болж байна. Хамгийн сүүлд гэхэд 300 тэрбумын бонд гаргах хууль баталлаа. Үүний 100 тэрбумаар ноолуурын салбарыг санхүүжүүлж, 150 тэрбумаар нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, 50 тэрбумыг нь ноосныхонд  өгнө. Тодруулбал малчид тушаасан ноосныхоо кг тутамд 2000 төгрөг авна. Ямаанд 3000 төгрөг өгч байсантай л адилхан урамшуулал л даа. Энэ хууль эхлээд зөвхөн ноолуурын салбарыг 110 тэрбумаар дэмжих төсөл гэж  явж байснаа хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн санаачилга, барьцалтаар ч гэж болно, ноосоо тушаасан малчдыг урамшуулах санхүүжилтээр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих 150 тэрбумаар зүсээ хувиргаж чадсан юм. Малчдыг дэмжихийг буруутгах юм алга. Гэхдээ тушаасан кг ноос тутамд нь 2000 төгрөг өгнө гэдэг бол 2012 оны сонгуулийнхаа хахуулийг л төсвийн мөнгөнөөс өгч байгаа түр зуурын л арга шүү дээ. Жишээ нь, ноолуурын салбарыг дэмжиж байгаа 100 тэрбум бол эргээд төлөгдөх магадлал маш багатай. Аж ахуйн нэгжүүдэд энэ мөнгө жилийн долоон хувийн хүүтэй очно. Арилжааны банкны хадгаламжийн хүү жилийн 12-14 хувь байгаа. Тийм учраас үйл ажиллагаа идэвхтэй явуулдаггүй компаниуд энэ зээлээ арилжааны банкинд хадгалуулахад л хүүгийнхээ 50 хувиар ашиг хийх нь. Энэ нь төрийн мөнгийг арилжааны банкинд байрлуулж угааснаас ялгаагүй гэх зэргээр олон гишүүн шүүмжилж  байсан ч “малчин-сонгогчдоо дэмжих” гэдэг ерөнхий том агуулгын дор энэ хуулийг тун амархан баталлаа.   

Үүнээс ч шог жишээ бас бий. С.Бямбацогт зэрэг орон нутгаас сонгогдсон, дахиад тэндээ нэр дэвших гишүүдийн санаачилгаар алслагдсан бүс нутагт амьдарч буй төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ төслөөр бол алслагдсан бүст ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдад зургаан сарынх нь цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс олгох юм гэнэ. Монголын төр эхлээд  иргэдээ төрийн албан хаагч ба хувийн хэвшлийнхэн гэж ангилдаг. Дараа нь хувьдаа компанитай компанигүйгээр нь ялгаж Тавантолгойн хувьцааг тараах болсон. Одоо бүр задраад, төрийн албан хаагчдаа дотор нь алслагдсан бүст амьдрагчид, төвийнхөн гэж ангилж эхэлж байна. Энэ нь хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимтайгаа, ардчилсан нийгмийн суурь ойлголттойгоо хэр нийцэж байгаа юм бол доо. Алинтай нь ч нийцэхгүй л дээ, зүгээр л сонгуулийн хахуулиа хуульчилж байгаа нь тэр. 

Энэ УИХ ард түмэн гэж 130 гаруй мянган төрийн албан хаагч, 160 мянган малчдыг л хэлдэг мэт бодлого явуулах юм. Сая Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийлээ. Хамгийн түрүүнд хэлэлцэх байх гэж хүлээж байсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хойшлуулсан хэрнээ 32.7 сая малаа яаралтай индексжүүлсэн даатгалд хамруулахаар боллоо. Мөн бүх сумын төвд мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулна л гэнэ. Ажил хийж байгааг, уламжлалт мал аж ахуйгаа эрчимжүүлж, эрүүлжүүлэхийг дэмжиж байна. Харин яагаад хүнээ малынхаа ард эрэмбэлээд байдгийг л асуумаар байна. Жишээ нь, алслагдсан бүсийн төрийн албан хаагчдыг тусгайлан дэмжих мөнгөөрөө, эргэж төлөгдөх эсэх нь баталгаагүй ноолуурын олон арван тэрбумын зээлээрээ алслагдсан тэдгээр бүст хүний эмнэлэг байгуулж  яагаад өгч болдоггүй юм.

 Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг оюутанд сард 70 мянган төгрөгийн цалин олгох хуулийг УИХ хэлэлцэж бас байна. Далан мянга гэдэг тогтсон тоо биш л дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх гэсэн учраас өнөөдрийн 140 мянган төгрөгийн 50 хувь нь 70 мянга болж байгаа юм. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх тусам энэ хэмжээ нэмэгдэнэ. Жилд 103 тэрбум төгрөгийг 146 мянган оюутны цалинд өгөх юм гэсэн. Мөн зарим хувийн сургууль орлогынхоо 20 хүртэл хувийг төсвөөс авах боломж энэ хуулийн төслөөр нээгдэнэ.

Энэ хуулийн  төслийн анхны сэдэл нь сонгуулийн амлалт бүхийн улс төрийн зорилготой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хуулийн төсөл оруулж ирсэн нь энэ.

Капиталист нийгэмд нийгмийн халамж огт байдаггүй гэвэл өрөөсгөл. Капиталист нийгэмд хамгийн түрүүнд боловсролд, дэд бүтцэд мөнгө зардаг. Тийм учраас оюутандаа цалин олгох нь зөв юм байна гэдгийг Франц, Герман, Шведийн жишээнээс харж болно. Гэхдээ  амласнаа биелүүлж байгаа нь сайн ч, цаг хугацааны хувьд Монголын өнөөгийн нийгэм оюутандаа цалин олгох хэмжээнд хүрч төлөвшсөн үү, улсын төсөв нь оюутнуудынхаа цалинг даах хэмжээний болтлоо томорсон уу гэдгээ бодох л ёстой. 70 мянган төгрөгийн цалинг өнөөдрийн оюутнуудын хэдэн хувь нь суралцах дэмжлэг гэдэг утгаар нь хэрэглэх, хэд нь “баасан ахын төрсөн өдөр”-ийн санхүүжилт гэж нэг удаагийн дайралтаар үрэх бол гэдгийг бодох л ёстой. Бас хэдийгээр боловсрол олгож байгаа ч гэсэн хувийн сургуулиудыг төсвөөс дэмжих нь зах зээлийнхээ нийгэмтэй хэр нийцэх бол гэдгийг эргэцүүлмээр. Ингэж хүн бүрт, оюутан болгонд таалагдах гэж төсвийн хэдэн арван тэрбумыг ашиггүй тарааж байхаар бөөнөөр нь оюутны хотхон барихад зориулж, эсвэл дахиад нэг их дээд сургууль байгуулж яагаад болдоггүй юм.

Бэлнээр тараасан мөнгө хэзээ ч баялаг бүтээдэггүй. Харин бусдын \Эрээний\ баялгийг худалдан авч эдийн засгийг нь тэтэгдэг болохыг улстөрч болгон хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас өөрийн бий болгоогүй, бусдын хөрөнгийг бусдад тарааж \ард түмний татварыг сонгогчдод тарааж\ нэр хүнд олж авдаг улстөрч-робингүүд бол ардчилсан тогтолцоотой зах зээлийн эдийн засагтай нийгэмд эерэг талын баатар биш ажээ. Яагаад гэвэл ийм нийгэмд халамж эзнээ олсон байх ёстойгоос бус, нэр хүнд олж авахад зориулагдсан хавтгайруулсан улстөрийн арга хэмжээ байдаггүй байна. Яагаад гэвэл ийм нийгмийн Засгийн газар нь ард түмэндээ үйлчилдэг болохоос, ард түмнээс хураасан татвараа, уур уурхайгаа авсан урьдчилгаагаа сонгогчдод тараадаг хандивын юмуу  үйлдвэрчний эвлэлийн байгууллага биш билээ.