Дахиад л нөгөө “хараал идсэн” сонгуулийн тог­тол­цоо, урагшилдаггүй, өөрчилж чад­даг­гүй жижиг мажоритари. УИХ-ын сонгуулийн тухай хууль УИХ дээр хэлэлцүүлэгт ороод хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Гэтэл намууд нөгөө л “мажоритари уу, пропорциональ уу” гэдэг хараал идсэн тогтолцоон дээрээ эргэсээр урагшаа нэг алхсангүй. Ажлын хэсэг ажиллаад, намын бүлгүүд хуралдаад байдаг, бүгд байрандаа. Арай гэж тогт­сон холимог тогтолцоогоо хүр­тэл яаж “холихоо” мэдэхгүй манарсаар.

Ардчилсан намынхан “Бид 50:26 буюу пропорциональ давам­гайлсан холимог дээр зог­соно” гэж арай гэж намын бүлэг дээрээ тогтож, түүнийгээ нийтэд зарласан. Гэтэл сар гаруй хуга­цаанд хумсаа нуусан МАН-ын бүлэг зөрүүлээд “Тэгвэл бид мажоритари давамгайлсан хо­лим­­гоор явна аа, 26:50” гээд цахадчихлаа. “Манай намын 45 гишүүнд нэг нэг тойрог өгөхгүй бол сонгуулийн хуулийг явуулахгүй шүү” гэсэн МАН-ын бүлгийн даргын сүрдүүлэг хэрэгжиж эхэлж буй нь энэ. Үүгээр “МАН-ыг сонгохгүй бол сонгууль явуулахгүй шүү” гэсэн сануулгыг ч бас сонгогчдод дайж буй хэрэг юм.

Хоёр нам хоёр тусдаа хууль батлаад хоёр тусдаа сонгууль явуулж чадахгүйгээс хойш аль нэг нь буулт хийх болно. Гэхдээ буулт хийх ёстой нь МАН уу, АН уу?
Товчхондоо хэлэхэд, МАН сонгуулийн тогтолцооны ши­нэч­­лэлээс айж байна. Шинэч­лэл ч биш, өөрчлөлт төдий зүйл боловч МАН айж байна. Учир нь Сонгуулийн хуулийг пропорционалийн шинж давам­гайлсан 50:26 биш мажоратор илүүрхсэн 26:50 хувилбараар батлах байр сууриасаа бууж өгөхгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлэг андгайллаа. Одоо­гийн байгаа том 26 тойргоо хүртэл жижиглэж хаяад юун пропорциональ, 2008 сонгуу­лиар таягдаж хаясан жижиг 76 руугаа буцаад явж байна. Яах вэ, жижиг 76 тойрог нь жижиг 50 тойрог л болж өөрчлөгдөх юм шив дээ. Энэ тохиолдолд “бууж өгөхгүй байх” гэдэг эр зоригийн шинж үү, эсвэл аймхай хулчгарын илрэл үү?
Гэхдээ МАН өөрчлөлтийг тэсч гарах, дасан зохицох чадвар бий эсэхдээ эргэлзсэн айдсаа бас нуух хүсэлтэй. Өнөөгийнхөөс өөдтэй үр дагавар авчрахгүй, өөх ч биш булчирхай ч бус хувил­бараар хууль батлачихаад дараа нь “Бид Сонгуулийн тогтол­цоог өөрчилсөн” гэдгээр ам таглаад гүйцээ! Айдсаа авдранд хийгээд цоожилчихож буй нь энэ.
Үзэл баримтлал, арга бари­­лын хувьд шинэчлэгдэн өөрч­лөгдөж буйгаа зарлаад байсан МАН хаа байна аа?! Өөрсдийнхөө эрх ашгийг өндөг шиг дарж, өөрчлөлтийг хааж байгаа МАН өмнөх МАХН-аас юугаараа ялгаатай юм бэ.
Сонгуулийн өнөөгийн ма­жо­­ритари тогтолцоо МАН-ын хувьд эрх мэдэлд хүрэх хам­гийн эрсдэл багатай зам гэдгийг олон хүн хэлэх байх. Тийм магадлалтай учраас л тэд Матрасов шиг их бууны амыг цээжээрээ хааж, эцсийн мөч хүртэл байр сууриа хамгаалахаар бэлтгэж буй бололтой. Улс төр, зөвшилцлийн замаар биш хүний олонхиор асуудлыг шийднэ гэ­вэл санал МАН-ын талд жин дарах нь ч тодорхой юм.

Долдугаар сарын 1-ний үйл явдалд эрх барьж буй хоёр нам, УИХ улс төрийн дүгнэлт өгөөгүй. Хиншүү хярвасны үнэр, цус нулимсны амтыг эрх мэдэлт­нүүд ийм амархан мар­тана гэдгийг мэдэж байсан. Тэрхүү гашуун явдалд улс тө­рийн дүгнэлт хийж, сургамж авах ёстой гэж олон нийтийн зүгээс бишгүй их шахаж шаар­даж байсны учир нь энэ. Үйл яв­дал халуун, үнс нурам хө­рөө­гүй байхад сонгуульд на­маа удирдан орсон С.Баяр юу гэж хэлж, дүгнэж байсныг Ө.Энхтүвшингийн ахалсан аж­лын хэсгийн дүгнэлтээс сөхөж хараарай. Сонгуулийн тогтол­­­­­цоог өөрчлөхгүй бол ийм яв­дал дахин давтагдахгүй гэх баталгаа бай­х­гүй гэж тэрбээр хэлж байжээ.

Цаг үе өөрийнхөө шаард­ла­гыг захиалдаг. Сонгуулийн тог­тол­цооны өөрчлөлт бол тэд­гээр захиалгын нэг. Шийдэл хүлээж буй асуудлуудыг эрэмб­лэх нь эрх ашгийн дараалал тог­тоохтой агаар нэг зүйл. Шийд­­вэр гаргах эрх дархаараа далайлгаж, өө­рийн эрх ашгийг урь­тал бол­гож бо­лохгүй л гэсэн үг.
“Ард түмний төлөө амь бие хайргүй зүтгэж ирсэн, хэзээ ч хэнд ч бууж өгч байгаагүй гэж омогш­дог” МАН айдсаасаа ай­даг, түүнийгээ даван туулах эр зориг­­гүй гэдгээ дахиад харуулав.