Монгол Улсын Их Хурлын гишүүдэд

       Ардчилал гэдэг бол зөвхөн, иргэдээсээ, тодорхой хугацаатайгаар сонгогдсон төлөөлөгчдөөс өөр хэн ч улсыг удирдаж болохгүй гэсэн зарчим юм. Гагцхүү сонгогдсон төлөөлөгчид төрийн эрх мэдлийг  хэрэгжүүлж, энэ хэрэгт хөндлөнгөөс хэнбугай ч зааварлан удирдахыг хатуу хориглоно. Ингэж удирдах гэж завдсан этгээдүүдэд хуулийн дагуу цээрлэл ноогдуулна. Ингэх зайлшгүй шалтгаан нь иргэдээсээ сонгогдож мандат аваагүй бүлэг хүн улсыг удирдаад эхэлбэл  энэ нь ардчилал биш болоход буй.  Ардчилсан төр эрх зүйн үндэс ийм билээ.

  Монгол Улсын Үндсэн хуулинд ардчиллын энэ зарчмыг тов тодорхой суулгаж өгсөн юм. Улсын иргэдээсээ сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурал төрийн дээд эрхийг барих бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Ямар ч хоёрдмол утгагүйгээр гагцхүү хэмээн тодотгосон байгаа юм. Төрийн гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг улсыг засан тохинуулахад холбогдох олон асуудлуудыг шийдвэрлэх эрх Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна. Онцгой бүрэн эрх гэж заасан нь Улсын Их Хурлын энэ эрх халдашгүй бөгөөд өөр хэн ч мэдэж орлон шийдвэрлэж болохгүй гэсэн хэрэг юм. Үндсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заасан нь УИХ-ын гишүүнийг намын элч, түүний ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлагч байхыг хориглосон заалт юм. Намууд Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг дэмжих ажлыг зохион байгуулах мэтээр, төрийг сонгуулийн замаар зохион байгуулахад дэмжиж оролцоно. Үүгээр намаас төрийн ажилд шууд оролцох эрх хэмжээ дуусгавар болдог учиртай. Сонгогдсон гишүүн нь намын бус, төрийн хүн болж  ард түмний элч хэмээх иргэнлэг статустай болно. Улсын Их хурлын гишүүн бол зөвхөн сонгосон сонгогч болон хуулийн өмнө  ажлаа хариуцна. Нам нэр дэвшүүлсэн гэдгээрээ гул барин гишүүний ард түмний элч болох статуст халдахыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх цаашлаад ард түмний мэдэлд байгаа Засгийн эрхэд халдсан гэж үзэж,  ийм хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол тухайн намыг сонгуульд орох эрхийг нь хасах, татан буулгах хүртэл арга хэмжээ авахаар хариуцлага тооцдог  хуультай.

  Төр, намын хоорондын харилцааг зааглан тогтоосон ийм хэм хэмжээг бүх ардчилсан улс орнууд өөрийн үндсэн хуулиар тогтоон ягштал баримтладаг. Ямар ч ардчилсан улс оронд парламентын гадна атлаа парламентын бүлэгтээ үүрэг даалгавар өгдөг «удирдах зөвлөл» маягийн байгууллага байдаггүй. Намын удирдлага нь зөвхөн намын дотоод ажлаа хариуцна 

Харамсалтай нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн цөөнгүй гишүүд ардчилсан төрийн эрх зүйн мөн чанарыг ойлгохгүй буюу ойлгохыг ч хүсэхгүй байна. Тэд, нэрийг минь нам дэвшүүлсэн болохоор удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэж эндүүрч байна. Нэрийг нь дэвшүүлсэн учраас Улсын Их Хурлын гишүүдэд нам нь үүрэг даалагавар өгөх эрхтэй гэсэн санаа бодол даамжирвал удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид ингэж ханддаг болно. Яагаад гэвэл Ерөнхийлөгчид  нам нэр дэвшүүлдэг. Ийм байдалд хүргэхгүйн тулд Ерөнхийлөгчид ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Улсын Их Хурлын гишүүнд ард түмний элч хэмээх статусыг Үндсэн хуулиар тус тус олгон өргөмжилжээ. Үүгээр зогсохгүй, нэр дэвшүүлэгч нь нам байж болох боловч тухайн албан тушаалд томилсон нь ард түмэн учраас нам, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүнийг албан тушаалаас нь эгүүлэн татахыг хориглосон билээ.

  Улсын Их Хурлын гишүүдийнхээ ташаа ойлголтыг ашиглан  Ардын (Хувьсгалт) намын удирдах зөвлөл Улсын Их Хурал дахь олонхийн бүлэгт үүрэг даалгавар өгөх замаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдах явдал улам бүр газар авч байна. Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулийн төслийг урьдчилан намын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлдэг боллоо. Шаардлагатай гэж үзвэл тухайн хуулийн зүйл заалт ямар утга санаатай батлагдах ёстойг заасан шийдвэр гарган, бүлгийн гишүүдэд тулгадаг болжээ. Энэ байдал сонгуулийн хуулийг хэлэлцэхэд бүр ил тод харагдаж байна. Дэгийн хуулийн дагуу хэлэлцэж байсан сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг удирдах зөвлөлийн шийдвэрээс болж зогслоо. Удирдах зөвлөлийн энэ шийдвэрт ерөнхий нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурсан байгаа юм.

Сүүлийн үед Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга төрийг «орлон» гадаад дотоодод айлчлах, төсвийн хөрөнгөөр баригдсан объектийг хүлээлгэн өгөх ёслолыг удирдах, Засгийн газарт чиглэл өгөх зэргээр даварсан үйлдлийг эрээ цээргүй үзүүлэх боллоо. Тэрбээр, Монгол Ардын Хувьсгалт Намын дангаараа дарангуйлж байсан социализмын үеэ эргэн санагалзаж байгаа бололтой. Ийнхүү ард түмнээсээ бус, нэг намын бага хурлаар сонгогддог Монгол Ардын намын удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга төрийн хэргийг удирдан явуулах социализмын үеийн байдлыг эргэн тогтоож эхэлж байна.

  Улсыг нэг нам, түүний удирдлагын бүлэг хүн удирдах  явдал бол ардчилсан бус дэглэмийн онцлох шинж. 1990 оноос өмнө манай улс ийм дэглэмтэй байсан. Тэр үед, хэдийгээр хэлбэрийн төдий сонгогдон байгуулагдах боловч Ардын Их Хурал, Засгийн газар зэрэг төрийн байгууллагууд байсан. Социалист тогтолцооны үед төрийн дээр нам, намын дээр ерөнхий нарийн бичгийн дарга байж нам нь төрийг удирддаг байсан юм. Энэ байдлыг халах нь ардчилсан хувьсгалын гол зорилго байсан. Тэгээд ч хамгийн түрүүнд улстөрийн товчоог огцруулж,  төрийг  улс төрийн товчоо (удирдах зөвлөл) удирдаж байсныг таслан зогсоосон.  Энэ бол ардчиллын хамгийн эхний, хамгийн чухал ололт байсан билээ. Гэтэл 20 жилийн дараа эргээд намаас төрийг удирдан чиглүүлэх байдлыг дахин сэргээж эхэлж буйг үнэхээр тэвчиж боломгүй байна.

  Төр төвтэй улстөрийн тогтолцоог эргээд нам төвтэй улстөрийн тогтолцоонд шилжүүлж буй Монгол Ардын намын, улам бүр эрчээ авч буй хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд билээ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцах хүн нь Ерөнхий сайд юм. Гэтэл С.Батболд Засгийн газрын тэргүүн гэхээсээ илүүтэйгээр намын даргын байр суурьнаас асуудалд хандаж, намынхаа удирдах зөвлөлийн хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байна. Ийм учраас С.Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах санал гаргахаас өөр аргагүй болж байна.

Надад ардчиллын хэм хэмжээг сахиулах гэснээс өөр улстөрийн ямар нэгэн тооцоо байхгүй. Би Монгол улсыг; ард түмнээсээ бус нэг намын бага хурлаас сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл удирдах эрх байхгүй гэдэгт хатуу итгэдэг. 1990 оны ардчилсан хувьсгалын хамгийн чухал ололт бол гагцхүү ард түмнээсээ сонгогдсон тэр хүмүүс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой эрхтэй болсон явдал юм. Энэ ололтыг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүд бидний үүрэг билээ!