Манай улсад шатахууны үнийн өсөлт, нийлүүлэлт тойр­сон онцгой байдал үүслээ. Тийм ээ, Онцгой байдал. Гэхдээ та нар “Онцгой байдал үүсчихлээ” гээд яаран орилох хэрэггүй шүү гэж бидэнд зарим улстөрч анхаа­руулаад авахаа март­сангүй. Тэдний сануулгатай сануулгагүй нефтийн үнийн өсөлтөөс үүдсэн дарамт хар толгой дээр харанга дэлдлээ.

Мэдээж энэ явдал шинэ зүйл биш. Нефтийн хувьд Оросоос шууд утгаараа хараат оршдог манай улсын хувьд ийм шахааны өөдөөс шаралхаж чаддаггүй.

Нийт хэрэглээнийхээ 96 хувийг ОХУ-аас татдаг боло­хоор манай Засгийн газраас хөнгөлттэй үнээр нефтийн бү­тээг­дэхүүн авах хүсэлтийг хойд хөршдөө байнга л тавьж ирсэн. С.Баяр гарч ирээд цоо шинээр “мэндлээд” л, цаадуул нь бас шив шинээр гэдийгээд л байгаа юм биш.

Өнгөрсөн өвөл ОХУ-ын “Рос-нефть” компанийн удирд­лага манай Засгийн газрын ээлжит хүсэлтэд … тодорхой нөх­цөл­тэйгөөр хүлээж авах боломжтой гэсэн пээдгэр хариу өгсөн. Харин энэ удаа “Боломж­той” гэдэг үгийнхээ араас юу шаард­сан бэ гэхээр “Танай Улаан­баатар-Дарханы чиг­лэ­лийн мян­га­ны замын дагууд ма­найх 100 колонк барья аа. Хэр­вээ хүлээж авахгүй бол цаашид бид танайд хөнгөлттэй үнээр бүтээг­дэхүүнээ нийлүүлж ча­дах­гүй ээ” л гэж тулгасан. Ааз­гай хөдөлгөөд байгаа дагавар өгүүлбэр нь “Энэ хүсэлтийн хариуг тавдугаар сарын 5-ны дотор өг” гэсэн дээрэлхүү үг. Үүнд нь хариу өгөх эсэхээ дангаараа шийдвэрлэх боломж­гүй учир Засгийн газрын тэр­гүүн УИХ-ын чуулган дээр мэ­дээ­лэл хийхээр өнөө бичгийг нь хуйлж бариад ороод ирсэн. Чуул­ганд мэдээлэл хийх гэж хэ­дэн гишүүдээ тойруулж нэг ха­ран, учирлаж нэг ядан байгаа Ерөн­хий сайдаа хуулийн төсөл өр­гөн баригч шиг царайчлангуй, ая засангуй харагдлаа гэж хэвлэлүүд балбаж эхэллээ. Жижиг орны, жижиг удирдагчийн зовлон гэж энэ. Ядуу орны даруу ард түмэнд иймэрхүү юм эмзэг тус­­­­даг. Тулгалт гэж хүлээж аван, тусгаар тогтнолоороо ши­рээ балбан уурсах шалтаг нь энэ. Муусайн дуракууд ер нь юу гээд бай­гаа юм…гэж ирээд талын Мон­голоор дүүрэн согтуу өвгө­чүүл өнөөдөр агсан тавьж байгаа. Зарим нь тайлбарлаж байна. Байж бай л даа, энэ чинь “Рос­нефть” гэдэг нэг компанийн л ирүүлсэн хүсэлт болохоос Орос улсын авир биш шүү дээ гэж.

Зарим нь учирлаж байна. Орос ах нар бидэнтэй насан турш эерүү, зөөлөн хандлага тээж ирсэн. Оросгүй бол бид өнөө­дөр хэн ч байх байлаа, хэн ч байсан билээ. Асуудалд дөл­гөөн хандсан нь зөв өө гэж. Бо­дох л зүйл. Гэхдээ ганцхан ком­панийн тулгалтад төрөө сөхөр­чих гээд гөлөлзөж суугааг нь харах эвгүй юм аа. Улаан Мок­ва­­гаас ирсэн энэ увайгүй бичиг хүнсний үнийн өсөлтөөс болж хөнжил дотроо толхилцож суу­гаа бидэнд нэрмээс болчих­лоо. Улс төр ахин гацаанд орж, УИХ дахь АН-ын зөвлөл завсарлага авав. 

Засгийн газар ганцхан ху­вил­бар оруулж ирэн, УИХ-д тул­галт хийх гэж оролдсон явдал эргээд сөрөг хүчнийхний эсэр­гүүцэлтэй тулсан нь энэ. Чин­гэс­нээр сөрөг хүчнийг үнийн өсөл­тийг улс төрийн сэдэв бол­гож байна, улс эх орны өмнө тул­гам­дан зогсч байгаа асуудал болгонд улс төрийн ашиг хон­жоо­ны үүднээс хандаж, төрийг гацаанд оруулж байна гэж ха­раах утгагүй. Бүхэл бүтэн улс орон оросын нэг компанийн өмнө дальдчиж байх ёсгүй гэсэн Э.Бат-Үүл гишүүний үг монгол хүний зүрхний үг шүү. Бодох л асуудал.

Монголын нутаг дэвсгэрт 100 ширхэг шатахуун түгээх станц барина гэсэн 

“Роснефьт”-ийн шуналыг үг дуугүй гүйцэл­дүү­лэхээс өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзжээ. Яаран хөд­лөөд ээлжит зовлондоо уна­лаа ч гэж хэлж болмоор хараг­дана. Замаас гарч ирсэн зов­лонг жамын дагуу л эдэлнэ. Юунд ч түргэдэн омойтож бол­доггүй. Засгийн газар ч мөн адил.    

Хэрэв манай мянганы замыг дагуулан барих тэр 100 шата­хуун түгээх станцынх нь зөв­шөө­р­лийг өгөхгүй бол энэ сараас эхлэн ОХУ манайд ний­лүүлж буй шатахууны үнээ 235 төгрөгөөр нэмнэ. Гэтэл одоо­гийн байдлаар манай нөөц хоёр сарын хэрэглээгээ л дийлнэ гэж сулхан дуугарч байна.

Шатахууны импортоор бос­сон манай үндэсний цөөн ком­пани бий. Тэд нийлээд 1200 ширхэг шатахуун түгээх станц­тай. Дээр нь бидний нийт хэрэг­лээ жилд 700 мянган тонн. Тэгэхээр оросуудын барих гээд байгаа 100 станцын ард манай зах зээлд эзлэх 10-хан хувийн л эрх ашиг байна гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, 70 мянгахан тонныг борлуулах зах зээлийн төлөө бүхэл бүтэн улс орон даяар зүрхийг нь дэлсүүлсэн ийм хэмжээний тохьгүй ааш үзүүлж байна гэхэд би л хувь­даа итгэхгүй.

Яагаад манай үндэсний хэдэн компани таг дуугүй сууна вэ. Өнөөдөр авсан нэгэн таагүй мэ­дээл­лээр бол манай хамгийн том бензин импортлогч ком­панийн нэг “Роснефть”-ийн өвөрт гүйгээд орсон сурагтай. Эмэгтэй хүнийг ойлгож болно. Бусад нь харин яачихваа. Эсвэл их хуралд ганц нэгэн гишүүн бухимдаж, энд хэв­лэлийнхэн бид хашгирч байх зуур бүгдээрээ тохироонд орчихсон уу.

Оросуудтай хамгийн эхэлж тохироонд орж байгаа гэх тэр компанийн тухай мэдээ эвгүйт­вэл Ерөнхий сайдыг бүр ч илүү таагүй хардлагад оруулж мэднэ. Тийм болохоор л замын хазгайг засч болно, жамын юмыг тойрч болох­гүй гэх холын үг дайж буй нь энэ.

“Роснефть”-ийн энэ онгир­гон хүсэлт ардаа С.Баярын баруун чихэнд шивнэсэн Пути­ны мессеж­­тэй. С.Баяр барьц алдах нь аргагүй. Ах нар гэх халуун дулаан сэтгэл манайд л байгаа болохоос тэнд шинэ оросуудын ширүүн эрин ирсэн шүү дээ. Бидэнтэй шинелиэ хуваагаад нөмөрч явсан тэр үеийн ах нар дуу дурсамж хоёрт л үлдсэн. 

10-хан хувийг л эзэлнэ шүү дээ гэсэн аятайхан тайлбар нисч явна. Ардаа алт руу, Асгат руу авирсан хүсэл шуналын дэвгүй гэж хэн батлаад байгаа юм бэ?

Шар малтсан Шахааг тэгэ­хээр шавхан тунгаах ёстой юм биш үү.