Монгол Япон дипломат харилцаа тогтоосоны 40 жилийн ойд

Самбуугийн Шарав гуай өдгөө 94 настай. Сонсгол, нүдний хараа нь муудсан ч ухаан цэцэн цэлмэг, яриа нь дэс дараалал сайтай. Асуултаа бичиж үзүүлэх, эсхүл баруун чихэнд нь чанга дуугаар хэлэх зэргээр, цаг орчим ярилцаж суулаа. С.Шарав гуай Төв аймгийн Эрдэнэ сумын Баруун баян гэдэг газарт 1918 онд төржээ. 1944 онд Хэнтийд танкийн анги байгуулагдахад очиж, дараа жил нь Байшинтаар дайран хил даван давшиж, Яндуйн хийдээс цааш 300 километрт байрлах Баргын тэнгэр элс хүртэл тулалдан Чөлөөлөх дайнд оролцсон байна. 1947 оноос Төмрийн заводын орлогч дарга, 1958 оноос Налайхад шилний үйлдвэрийн орлогч дарга, 1960 оноос Улсын Хэвлэлийн хороонд Материал хангамжийн баазын даргаар 20 гаруй жил ажиллажээ. Түүний амьдралыг товчхон хүүрнэвэл ийм. Хүнтэй зөөлөн харилцдаг, үргэлж марзаганаж явдаг болохоор нь Цэргийн сургуульд “маазл” хэмээн хочилдог байж. Бусдын адил эгэл жирийн намтар түүхтэй энэ хүний амьдрал Монгол-Япон хоёр улсын харилцааны гүн гүнзгий нэгэн сэжим болж өгчээ.



Чөлөөлөх дайны дараа генерал Сосорбарам даргатай Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар байгуулагдахад С.Шарав гуай япон цэргийн олзлогсодын лагерийн даргаар томилогдож 1947 онд буцах хүртэл нь ажиллажээ. Тухайн үед Чөлөөлөх дайнд ялсан Монгол улс 1000 гаруй япон цэргүүдийг бүтээн байгуулалтад ажиллуулж, одоогийн Хөрөнгийн бирж, Драмын театр, Төв номын сан, Оргил рашаан сувилал зэргийг бариулсан түүхтэй.

С.Шарав гуай олзны япон цэргүүдийг командлаж хэдэн хэдэн газарт хамт байжээ. 1946 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Баруунбаянд 200 орчим япон цэрэгтэй ууланд гарч барилгын мод, галын түлээ бэлтгэжээ. Хөрөө сүхээр “зэвсэглэж“, үхэр тэрэг хөллөсөн япон цэргүүд монгол эрчүүд шиг мод бэлтгэсэн нь тэр. Цэргийн нэг муу майханд хоноглож, ууланд урт урт мод унагаан ярлаж, нам дор газар луу өөрсдийн хүчээр чирж, кублээд үхэр тэргэнд ачина. Туул голоор сал болгон урсгаж хот руу зөөнө. Орой нь үхрүүдээ уулын энгэрээр бэлчээж, ээлжлэн манаж хононо.


(1992 оны наймдугаар сард хэвлэгдсэн "Монгол анд" сэтгүүлийн №2-т олзлогдсон япон цэргүүдийн ажил, оромжийг ийн дүрсэлжээ)


Мод хийх хэцүү, олзны хүмүүс бүх л хүнд хүчирт зүтгэсэн нь мэдээж. Хоол унд нь цагаан будаа, гурил голдуу. Улс үндэстнээрээ ядуу тарчигхан байсан тэр үед олзлогдогсодод хялайлгадаг мах ч гэж юу байхав. Япон цэргүүдийн дарга Ямага уурлана. Уулаар нэг япончуудыг тараалаа л гэнэ. “Хол, хол байлгахгүй бол модонд даруулна” гэж С.Шарав гуай учирлана. Дотоод яамны төлөөлөгч нэг гэр бариад суучихсан бүхэлд нь хянана. Тэндээ ганц буутай нь С.Шарав.

Олзны ч гэсэн хүн л юм чинь гээд сэтгэл гаргаж галуу, нугасхан буудаж, загас жараахай бариад авчирна. Нутгийн айлуудаас хааяа тараг, сүү авчирч өгнө. Түүний эл үйлдэлд япончууд чин сэтгэлээсээ баярлан ханддаг байж.

Нэгэн удаа С.Шарав гуайг модны сүүдэрт зүүрмэглэж байтал нэг япон сэмээрхэн ирээд бууг нь авч гэнэ. “Энэ муу буудах нь” гээд гайхах алмайрах зуур бууг нь модны мөчиртэй холбож босгон цамцаа нөмөргөн сүүдэрлүүлж орхиод яваад өгсөн гэнэ. Сайн ч ажиллаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд буцаж иржээ. Өвөл нь С.Шарав гуай Хужирбуланд тоосгоны үйлдвэрт томилогджээ. Тэнд 200 орчим олзны япон цэргүүдээр тоосго цохиулж байж. Лагерийн хуучин дарга Жадамбаа хатуу ширүүн зантай, Дотоод яамны төлөөлөгчтэй нийлээд олзныхоныг шахаж хавчаад тун муу байлгасан гэнэ. 2-3 япон оргоод Богд уул руу зугтаачихсан байв. Дээр нь ажлын бүтээмж ч муу. Гэтэл Улаанбаатарын бүтээн байгуулалтад тоосго хэрэгтэй байдаг. Мод бэлтгэлд япончуудыг сайн ажиллуулж чадсан учраас С.Шарав гуайг тийш томилсон бололтой. Тэр ирээд До яамны төлөөлөгчид учирлаж, хатуу чанга хяналтаа сулруулж, япончуудын санаа сэтгэлийг өөдрөг байлгахгүй бол ажил хийж өгөхгүй хэмээн учирлажээ. Түүний хүчинд хашаанаасаа ч гарч чаддаггүй олзныхон арай л сул чөлөөтэй болжээ. Япончуудын батальоны дарга Аракова Сатоши С.Шарав гуайтай харилцана.


 (Баруун гар талаас хоёр дахь нь С.Шарав, гурав дахь нь А.Сатоши. 2001 оны аравдугаар сарын 7. Япон улс.)


Хужирбулан бол шууд салхитай, цуутай хүйтэн газар. Олзныхон дүнзээр рам зангидаж, шороогоор дарчихсан нүхэн зооринд орогноно. Өглөөнөөс орой болтол гадаа л ажиллана. Эсгий гутал, монгол дээл ямар байх биш, баригдаж ирсэн тэр л муу хувцастайгаа. Нэг харсан чинь олзны хэдэн нөхөд нэг нэг халуун тоосго оосорлож бариад оромж руугаа орж харагджээ. Юу болов, яав гээд уулзсан чинь Аракова Сатоши “Цэргүүд осгож үхэх гээд байна. Орой ажил тарах үед баюунаас гарсан халуун тоосго 2-3-ыг өгч явуулж байгаач” хэмээн учирлажээ. С.Шарав тоосгоны үйлдвэрийн даргатай уулзаад тоо ёсоор тоосгоо буцааж өгөх болзолтойгоор хоёр хоёр халуун тоосго барьж харих зөвшөөрөл япончуудад авч өгчээ. Олзны япон цэргүүд оройдоо хоёр хоёр тоосго төмөр утсаар оосорлож бариад л оромж руугаа гүйдэг болов. Түүнийгээ аваачаад сугандаа хавчуулж, хөлдөө нааж, эсхүл өвөртлөөд унтдаг байж. Бүлээн болчихоод нь оромжиндоо байдаг нэг муу зуухан дээр тавьж халаагаад авдаг байсан гэнэ. Ийм боломжийг олгож, осгож үхэхээс аварсан С.Шарав гуайг бурхан мэт л харна.

Улсын үйлдвэр аж ахуйн газар хүйтний эрч -30 хэмээс дээш гарвал гадаа ажиллагсадыг амруулдаг журамтай байжээ. Олзны цэргүүдийг юунд тэгж давраахав. Хуучин удирдлагууд хүйтэн нойтонд ч хамаагүй хөөгөөд гаргадаг байж. С.Шарав гуай дээрх журмыг баримталж, ядаж л үд хүргэж хүйтний эрч буурахаар ажил нь гаргадаг байсан гэсэн. Гэлээ гээд ажил нь цалгардсангүй, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, Олзлогдсон цэргийн удирдах газраас баярын бичиг хүртэл хүлээн авч байжээ.



Лагерийнхан үхэр тэргээр Туул голоос ус зөөнө. С.Шарав гуай олзныхоныг голоос ус зөөхдөө усанд орж, хир буртагаасаа салж болох зөвшөөрөл өгчээ. Харгалзах цэрэг ч дагуулсангүй. Хөөр баяр болсон олзны япон цэргүүд голд усанд орчихоод эрэг дээр жүдо барилдаж байгаа харагдана. Гэлээ гээд оргож боссон явдал гарсангүй. Дайны дараахан байсан учраас япончуудыг үзэн ядах сэтгэл нийгэм даяараа байсан нь лавтай. Хоол ундаа бэлтгэхээр хот руу орж ирэх олзлогсодыг даган харгалзаж, иргэдээс хамгаалж явахаас зарим цэргүүд жийрхэнэ. Өнөө л С.Шарав дагаад явна. Олзны япон цэргүүдэд хэт дотно харилцаатай, хэтэрхий чөлөөтэй байлгаж, эсэргүү ажил хийдэг гэсэн матаас очиж, С.Шарав гуай хоёр ч удаа Дотоод яамны төлөөлөгч Сэржготов хурандаад зэмлүүлж байв. 1947 оны есдүгээр сар хавьцаа олзныхон буцлаа. Нэг дор бөөн буцсангүй. Нэг, заримдаа хоёр ачааны машин ирээд 40-50 япон ачиж аваад л явна. Машин хөдлөнгуут япончууд гараа сарвалзуулаад л С.Шарав гуай руу даллана. Арай холдоод ирэхээр малгайгаараа даллана. Бүр холдоод ирэхээр куртикээ тайлж аваад л далладаг байж. “Япончууд надад тийм л сайн байсан” хэмээн тэрээр хүүрнэсэн юм.

С.Шарав гуай бол Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаагийн эцэг нь. 1990 оноос нийгэм солигдож, хоёр орны харилцаа сайжирч эхлэх үед хүргэн, охин хоёроороо дамжуулан Японы элчин сайдад таньдаг япон хүмүүсийн нэрийг жагсааж өгч, сураг гаргаж өгөөч хэмээн гуйжээ. Удалгүй амьд мэнд байгаа хүмүүсийн тухай дуулгаж улмаар 1991 онд Японд очиж Аракова Сатоши нарын хүмүүстэй уулзсан байна. Хуучны япон танилууд хөл алдаж, цайллага дайллага зохиож, баяр гунигаа дурсан ярилцсан гэсэн. Түүнийг хүнлэг сайхан сэтгэл гаргаж байсныг огт мартаагүй бөгөөд үр хүүхдүүд нь ч одоог хүртэл баярлаж талархаж явдагаа түүнд илэрхийлжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа Монголд болон Японд уулзацгааж харилцаа холбоотой байцгаасаар өдий хүрчээ. С.Шарав гуайн тухай Японы сонин хэвлэлд ч гарч, “Монгол анд” нэртэй сэтгүүл ч хэвлэгдэж байж. Түүнд баярлаж талархаж явдгаа илэрхийлсэн захиа занаа тун ч олон ирсэнийг охин Ш.Цэвэлмаа нь архивлан хадгалж байгаагаа үзүүлсэн юм.



Олзлогдсон япон цэргүүд нутагтаа очоод хоригдож, байцаагдсан байна. Тэд нараар Улаанбаатар хотын тойм зургийг маш тодорхой гаргуулж авсан гэдэг. Тэд буцаж очоод “Бидэнд Женевийн конвенцийн заалт ёсоор олзлогдсон цэргүүд мэт хандаагүй, хоригдол мэт хандсан” хэмээн гомдол гаргасан тохиолдол бий. Дамбадаржаад ажиллаж байгаад нас барсан олзныхоныг бөөнд нь хайш яйш, учир замбараагүй оршуулсанд харамсаж явдагаа тэд хэлдэг. Олзныхон байтугай өөрсдийн иргэдийн дорой амьдралыг яана вэ гэж байсан манай улс тийм байхаас ч яахав. Олзныхоныг хүнд нөхцөлд байлгаж байсан бидний бурууг С.Шарав хэмээх ганц хүний үйлдэл зөөллөсөөр байдаг.

С.Шарав гуайн хүнлэг үйлдлийн тухай Монгол, Япон орны уран бүтээлчид хамтраад “Хоёр тоосго” нэртэй уран сайхны кино хийж байгаа гэсэн. Найруулагчаар “2 шөнө, 3 өдөр”, “Хүрэлдэй-Их хааны элч” киноны найруулагч Б.Амарсанаа ажиллаж байгаа юм байна. Киноны гол үйл явдал С.Шарав болон Аракова Сатоши нарын нөхөрлөлийн тухай өгүүлэх гэнэ. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа энэ үеийг тохиолдуулан NTV телевиз түүхэн баримтат нэвтрүүлэг хийж, сар шинийн үеэр цацахаар болжээ. Кино, нэвтрүүлэг гарсаны дараа С.Шарав гуайн сайхан үйл түүх болж үлдэнэ. Ганцхан хүний нинжин сэтгэлийг япон үндэстэн нийт улс орны хэмжээнд харах нь мэдээж. Япончууд угаасаа л тийм хүмүүс. Тэд ач мартдаггүй. Энэхүү хагас зууны өмнөх явдал нь хоёр орны сайхан харилцааны нэгэн түүх болоод үлдэх нь мэдээж.

Үндэстний тойм сэтгүүл 2012.02.20