-Таныг бүх хүн таньдаг. Таны тухай бүх хэвлэл бичдэг. Гэхдээ л та нээгдээгүй үлдсэн хүн юм шиг?
-Яах юм бэ. Бүх хүн заавал дэлгэсэн ном шиг байх ёстой гэж үү. Би бол тийм байх дургүй. Яагаад гэвэл миний ажилладаг салбар өөрийн гэсэн онцлогтой. Өөрийн гэсэн хуулиараа явдаг. Тэрний хажуугаар миний хувь хүн хэн байх тийм чухал зүйл биш гэж би боддог.

-Ойлголоо. Өнөөдөр эдийн засгийн хямрал бодитой нүүрлэчихлээ. Анхны үед хямралын талаар маш хариуцлагагүй мэдэгдлүүд албаны хүмүүсийн амнаас унаж байсан. Одоо бол байдал нэгэнт тодорхой болчихлоо?
-Дэлхий даяар явагдаж байгаа эдийн засгийн энэ хямрал Монгол улсад нөлөөлөх нь угаасаа зайлшгүй зүйл юм. Яагаад гэвэл хамгийн энгийн жишээ хэлэхэд манай улсад зэс, алт, нүүрс, ноолуур, төмөр гээд валют олдог гурав дөрөвхөн бүтээгдэхүүн байдаг. Ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсын хувьд зах зээл дээр үнэ унахаар гарцаа байхгүй бидний орлого багасна. Орлого багасна гэдэг эдийн засаг маань мөн гарцаа байхгүй хямрана гэсэн үг.

-Яг өнөөдөр дэлхийн томоохон биржүүд дээр алтны үнэ ямар байгаа вэ. Та өглөө сайтууд руу орж үзэв үү?

-Бидний тооцоолж байгаагаар алтны үнэ ойрын гурван жилдээ унахгүй. Өнөөдрийн байдлаар нэг унци алт 915 доллар байгаа.


-Энэ зах зээл дээр зэсийн үнэ шиг айхтар савалгаа явагдахгүй гэсэн үг үү?

-Эдийн засгийн хямралын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр алт улс хоорондын валютын үүргийг гүйцэтгэж эхэлж байна. Наад зах нь л гэхэд Оросын төв банк, Оросын засгийн газар АНУ-ын хэвлэсэн доллар буюу цаасанд итгэхгүй байна. Евро, АНУ-ын доллар ч тэр тодорхой хугацаанд тодорхой ханштай болохоос цаас л болсон хойно эдийн засгийн цаад баталгааг өгөхгүй нь мэдээж. Доллар, еврогийн ханш тухайн улсуудынхаа жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч үргэлж өөрчлөгдөж байдаг учраас санхүүгийн ертөнцөд найдвартай валютын хаан болох тэр үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. Алт харин тэр үүргийг гүйцэтгэх боломжтой. Яагаад гэвэл нэг грамм алтыг үйлдвэрлэх өөрийн өртөг дэлхийн хаана ч адил учраас эдийн засгийн утгаараа олон улсын валютын үүргийг хүссэн хүсээгүй гүйцэтгээд явж байна. Тийм ч учраас Оросын төв банк, Хятадын төв банк алтанд татвар ноогдуулахаа больсон. Алтны нөөцийг худалдаж авах арга хэмжээ бүх талаар авч эхэлж байгааг манай төр засгийнхан ч бас үзэж харж, мэдэрч байгаа байлгүй дээ.

-Монголын төрд ер нь эдийн засгийн хямралаас хамгаалах анти программ байсан юм уу. Одоо ямар нэгэн ийм хүчин ажиллаж байна уу, үгүй юу?

-Хямралд бэлтгэсэн программ манайд байхгүй, бусад улс орнуудад ч байдаггүй. Монголчууд 20-иод жилийн турш зах зээлийг ямар ч бодлогогүй, замбараагүй, дураар нь хаяж ирлээ л дээ. Харин эцэст нь зах зээлд ямар нэг хэмжээгээр төрийн оролцоотой зохицуулалт байх хэрэгтэйг мэдэрч эхэлж байх жишээтэй. Мөнгөний бодлого, стратегийн чухал ордуудын хувьд ч юм уу төрийн зохицуулалт нэн шаардлагатай байна. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн байхад тэрний эсрэг төрийн зүгээс нефть импортлогч нарт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ч юм уу. Ийм маягийн зохицуулалт харин бусад орнуудад байдаг.

-Манай хувийн хэвшил хориодхон жилийн түүхтэй. Гэвч энэ хугацаандаа төрийн зүгээс хатуурхсан, нугалсан, хугалсан бодлогоор балбуулж ирсэн. Харин гадны хөрөнгө оруулагчид нэртэй хэсгийнхэнд болохоор найр тавьсан, ямбалуулсан хуулийн орчныг л бэлдэж өгч иржээ. Та нөхөд үнэхээр дэндүү тэгш бус нөхцөлд ажилласан?

-Манай ард түмний болон улстөрчдийн сэтгэхүйд нэг муухай хандлага байна. Эхлээд бид энийг ор үндэсгүй авч хаях хэрэгтэй. Энэ нь ямар сэтгэхүй юм бэ гэхээр гадны компаниуд л биднийг хөгжүүлэх юм шиг, бидэнд туслах юм шиг, бидний зовлонг үүрэх юм шиг, бидний өмнөөс ажил хийх юм шиг ойлгодог. Энэ буруу сэтгэхүйгээ бид өөрсдийнхөө тархинаас авч хаях хэрэгтэй. Нэг хэсэг бид энэ сэтгэхүйн дээрээ хуйларч байгаад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэдгийг хийгээд авлаа. Тодорхой томоохон алтны ордуудаа “Алтан Дорнод Монгол”, “Бороо гоулд” гээд компаниудад өглөө.

Тэгээд тэд нь ямар ч татваргүйгээр хамаг алтыг нь зөөгөөд гарлаа. Ямар ч татваргүйгээр 60 тонн алтыг монголоос зөөгөөд гарахад бид зүгээр хараад л, дотроо уйлаад л сууж байна шүү дээ. Энийг гадны хөрөнгө оруулалт гэх үү. Өндөр хөгжилтэй, биднээс илүү сайхан гадаадынхан манайд хүрч ирээд биднийг хөжүүлж байна гэх үү. Тэгээд дээрээс нь илүү давуу эрх олгож өгөөд, илүү тансаг бололцоогоор хангаж өгөөд, байдгаа цөлмүүлж үлдчихээд өөрсдөө эндээ улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнээ өссөн мэтээр бүртгээд сууж байдаг. Ийм учир утгагүй, хатуухан хэлэхэд балиар тогтолцоогоо нэг мөсөн халах хэрэгтэй. Гэтэл амьдрал одоо биднээс юу шаардаж байна вэ. Хамгийн нэгдүгээрт, монголчууд бид бие биенээ хайрламаар байна. Хоёрдугаарт, монголчууд бие биедээ итгэж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажилламаар байна. Бид нэн даруй энэ ойлголтыг тойрч нэгдэхгүй бол гадныхан хүрч ирээд бидний эх орныг хөгжүүлнэ гэдэг ойлголт ерөөсөө огт байдаггүй юм байна гэдгийг өнгөрсөн 20 жилийн амьдрал харууллаа.


-Та ч гэсэн хэн нэгэн гадны доншуур наймаачидтай хамтраад явсан бол тэдэнд найр тавьсан монгол төрийн бодлогын хайрыг амсаад, татвараас нь чөлөөлүүлчихээд амар хялбар явж болох байсан. Тэгэхгүй яасан юм бэ?

-Төрийн зүгээс дөрвөөс таван жилийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг л үйлдвэрлэгчид хүсч байна. Өөр юуг ч биш. Эдийн засгийн амьдрал болон энгийн ард түмний амьдрал ийм бодлоготой байхыг л шаардаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг уул уурхайн чиглэлээр, хөдөө аж ахуйн, биотехнологийн чиглэлээр, өөрөөр хэлбэл импортыг хаах үйлдвэрлэлийн чиглэлээр гаднаас валют олох үйлдвэрлэлийн чиглэлээр эрх зүйн болон санхүүгийн тогтвортой бодлого явуулаад хариуцлагыг нь дотоодын тэр үйлдвэрлэгч нартайгаа тооцдог механизмд орохгүй бол, ийм бодлого хийхгүй бол эргээд төр өөрөө бизнесийн амьдралд саад, чөдөр тушаа болдог маш том хүчин болж хувираад бүх юм явахгүй зогсчихоод байна. Яг өнөөдрийн бодитой амьдралыг харахад улстөрчид хоорондоо эв нэгдэлгүй байна. Шийдвэрийг маш удаан гаргаж байна. Буруу шийдвэр гаргачихаад эргээд тэрийгээ хэдэн жилийн дараа маш өндөр үнээр засч байна. Үйлдвэрлэгч нар болоод эдийн засгийн салбарынхантай зөвлөхгүйгээр янз бүрийн хуулиуд гаргаж байна. Энэ бүхэн маань эргээд эдийн засгийнхаа амьдралд чөдөр тушаа болж, цусны эргэлтийг нь багасгаад хаячихаж байна шүү дээ. 68 хувийн татвар л гэхэд түр зуурын мөнгө л орж ирж байгаа юм. Эргээд гадаад дахь нэр хүнд болон дотоодын үйлдвэрлэлийн орчиндоо чөдөр тушаа болсон ийм хуулийг гаргасан гээд л олон жишээ байна.

-Чөдөр тушаа гэдэг зөөлдсөн нэр. Монголын бизнесийн ертөнцөд хар хууль болон үлдсэн гэж л хэлдэг юм билээ. Гэвч энэ алдарт 68 хувьдаа баяртай гэж хэлэх гээд байна уу, яагаад байна вэ?

-Хэвээрээ л байгаа ш дээ. Босгыг нь 850 болгож өндөрсгөсөн ч одоохондоо хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хэрэв үнэхээр ингээд алтны үнэ өсөөд байдаг юмаа гэхэд Хятад болон Оросууд бусад орнууд ийм гэнэтийн ашгийн татвар тавих л байсан ш дээ.

-Тогтвортой бодлого хийдэг төрийг та жишээ нь хүсэмжлээд яриад байна л даа. Гэтэл сүүлийн 20 жилд тогтвортой бодлого хийсэн төр байгаа юм уу. Үргэлж л бужигнаж байсан шүү дээ?

-Харамсалтай нь бараг тийм.

-Одоо хоёр том хүчин хамтраад засаг барьж байна. Энэ үедээ хүлээгдэж байсан томоохон төслүүдийг амжиж батлах гээд багагүй хичээж байх шиг байна. Гэвч удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ засаг ч гэсэн бужигнах магадлалтай. Ийм тохиолдолд тогтвортой бодлого хийдэг төрийн тухай мөрөөдөл дэмий яриа л болно шүү дээ?

-Засгийн газрын дэргэд эдийн засгийн бодлого боловсруулж өгөхөд туслалцаа үзүүлж, түшиц болдог тусгай баг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Баг гэж нэрлэнэ үү, хороо гэнэ үү, аппарат гэнэ үү, ямар ч байсан тийм нэг байгууллага л байх хэрэгтэй байна. 1973 онд Пиночет төрийн эрхэнд гараад залуу эдийн засагчдын хороо байгуулж түүндээ гадаадын зөвлөхүүд, дотоодын шилдэг эдийн засагчид гэхчилэн улс орныхоо аж амьдралыг сайн мэддэг, эдийн засгийн тархи нь болсон хүмүүсийг ажиллуулж хэд хэдэн жилийн төлөвлөгөө хийж баталж явсан байгаа юм. Засгийн газартаа зөвлөгөө өгөх эрхтэй, үүрэгтэй ийм багийг ажиллуулж байжээ. Дан ганц засгийн газрын хажууд гэлтгүй их хурлын дэргэд ч ийм баг хэрэгтэй.

Их хурлыг харж байхад хий дэмий л хэрэлдээд байгаа харагддаг. Хажуугаар нь тусгай нэг багийн зөвлөмж, шинжилгээ судалгаа ороод ирэхэд зөв шийдвэр гаргахад нь, зөв хууль боловсруулахад нь хэрэгтэй болов уу гэж боддог юм. Mikrosopt гэж АНУ- ын том компани байна. Тэнд Microsoft компанийн таван жилийн бодлогыг тодорхойлдог эрдэмтдийн багаас бүрдсэн “Тархи” нэртэй департмент ажиллаж байгаа. Хамгийн шилдэг эрдэмтэн, шилдэг боловсролтой залуучуудаас бүрдсэн баг. Энэ бол “Mikrosopt” компанийг цаашид хөгжүүлэх судалгаа шинжилгээний асуудал дээр тасралтгүй ажиллаж байдаг систем шүү дээ. Засгийн газрын дэргэд энэ байгууллагыг бий болгох хэрэгтэй гэж би хэлэх гээд байна л даа.

АНУ-ын нэг корпорацийн дэргэд л ийм систем ажиллаж байхад бүхэл бүтэн улс орны Засгийн газрын дэргэд байхгүй байгаа нь нэг л тийм... Засгийн газар солигддог, баахан сайд нар өөрчлөгддөг, бүх юм нь дагаад хөдөлгөөн ороод сарниад явчихдаг. Гэтэл нөгөө хөгжлийн бодлого гэдэг юм маань залгамж чанартай л явах ёстой байхгүй юу. Эдийн засгийн хямралын үед мэдээж монголчууд бид маш их бэрхшээл амсана. Үүний хажуугаар бид бас тодорхой хэмжээний аривлан хэмнэлтэд суралцах ёстой.

-Хямралын эсрэг хамгийн шилдэг эм бол хэмнэлт гээд байна уу?

-Тийм. Нэг удаа би Бээжинд дэлгүүрт ороод явж байлаа. Бидэнд яагаад ч юм 50 мянган ам.доллар солих шаардлага гарлаа. Нөгөө найз маань гарч яваад таван минут болоод ирэхдээ “Өө, энэ хүн банкин дээр очоод солиод өгье гэнээ” гэчихсэн нэг тийм ноорхой хувцастай хүн дагуулаад ороод ирсэн. Буцаад нөгөө дэлгүүр лүүгээ орох гээд биднийг очиход нөгөө хүн маань дэлгүүрийн хажууд гутал тослоод байж байсан. Тэгээд би дотроо бодож байсан. Энэ гутал тосолдог хүн зүгээр л хөнгөхөн гүйж очоод л тийм хэмжээний мөнгөний харилцаанд орчих юм. Хүн гэдэг тийм арвич хямгач л байдаг юм байна лээ. Тэр хүн үнэхээр айхтар хөдөлмөрч, арвич хямгач, бодолтой хүн байгаа биз. Бид хятадуудын, японуудын энэ арвич, хямгач чанараас суралцах ёстой. Сонин байгаа.

-Манайхан хямралтай их л хөнгөн түвшинд харьцаж эхэлж байна?

-Эхний ээлжинд хямралаас гарахад бид нэгдүгээрт, ажлын байрнуудыг сайн бий болгох ёстой. Ялангуяа гадаадын импортыг хаах тийм ажлын байрнуудыг. Түүнээс гадна яаралтай авах арга хэмжээ алтны үйлдвэрлэлийг дэмжих явдал. Дэлхийн санхүүгийн олон байгууллагууд 10-20 тонн алт монголоос авъя гэж байна. Түүнийх нь урьдчилгаа болгож 200-300 сая ам.долларыг Төв банк маань оруулж ирээд тэр өсөөд байгаа имфляц руугаа интервенци хийгээд өг л дөө. Тэгсэн цагт өнөөдрийн энэ унаад байгаа худалдан авах чадвар маань өөрчлөгдөөд л ирнэ шүү дээ. Одоогийн байдлаар бидний худалдан авах чадвар 30 хувь алдагдалтай явж байна. Арван тонн алт гэдэг бол 300 сая ам.доллар. Монгол улс жилд арав байтугай гучин тонн алт үйлдвэрлэж чадна. Төв банк алт үйлдвэрлэгч нартаа монгол төгрөгийг нь өгөөд гадны банкуудтай яриад 300 сая ам.доллар авчраад “За алтыг нь намар өгнөө” гээд улсынхаа энэ жижигхэн зах зээл дээр гаргаж шидээд, тэр өсөөд байгаа интервенцийг хийгээд өг л дөө. Тэгэх юм бол маргааш нь л долларын ханш навс унана ш дээ. Ийм л энгийн арга хэмжээнээс эхлэх хэрэгтэй байна.

-“Долларын ханшийг барина” гэж гарч ирсэн Монгол банкны шинэ ерөнхийлөгчөөс амандаа хүрэхийг шаардаад л эхэллээ. Амьдрал дээр бүх зүйл болж өгөхгүй л байна?

-Тэртээ тэргүй долларын эрэлт хэрэгцээ ч өөрийн эрхгүй унаж эхэлж байна л даа. Яагаад гэвэл хүмүүс худалдан авахгүй болохоор чинь доллар хэнд хэрэгтэй болох юм бэ.

-Мөнгөн тэмдэгтээ өөд нь татаж авъя гээд л ярьцгааж байна. Нэг талаар хэт энгийн цагаан арга хэмжээ. Тэрний оронд үндэсний компаниудынхаа идеалийг сэргээх ажлыг төрийн зүгээс бодлогоор хийж эхлэх хэрэгтэй байна. Гэтэл бид “Сүү” компаниа хорлож байгаад импортын сүүний нэр хүндийг өсгөөд өгч байх жишээтэй. “Алтан тариа”-ны гурилынхаа хажуугаар гараад Орос, Хятадын гурил руу хошуурдаг хэвээрээ. Ц.Мянганбаярыг насаар нь муулж байгаад л “Алтандорнод Монгол”-д байдгаа тавиад тууж байх жишээтэй. Ингэж амьдрахаа л болих хэрэгтэй байна шүү дээ?

-Наадахыг чинь юу гэж нэрлэдгийг мэдэх үү. Монголчуудын нохойн араншин гэдэг байхгүй юу. Би өөрөө монгол хүн. Тэгсэн мөртлөө л бид бүгдээрээ тийм нохойн араншинтайг мэдэрч зэвүүцдэг. Юм болгонд хэтэрхий туйлширдаг. Нэг баяр болохоор цөмөөрөө хошуураад л, нэг муулахаараа нийтээрээ давшлаад л. Үнэхээр сонин. Тэгсэн атлаа гадаадын хүн харахаараа мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан дагаад л ханарчихдаг. Тэр нь хэн байх огт хамаагүй. Одоо л дөнгөж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм байна гэдгээ ойлгож эхэлж байх шиг байна. Амьдрал ойлгуулж байна. Дөнгөж л ойлгуулж эхэлж байна. Харамсалтай нь бид 10 жилийг ардаа хаячихсан.

-Хэн ойлгож эхэлж байна гэж. Иргэд биш биз дээ?

-Улстөрчид.

-Өнөөдөр манайхны бүх анхаарал алдарт хоёр толгойн төсөл дээр байна. Удахгүй батлагдах байх. Гэхдээ энгийн иргэд бол тэр төслүүдийн талаар ямар ч нарийн мэдээлэл байхгүй. Нэг л их сайн сайхныг авчрах ид шидийн ордууд байгаа гэсэн ойлголттой. Эхлээд “Оюутолгой”-н төслийн талаар таны бодлыг сонирхвол?

-“Оюутолгой” бол монголчуудад бурханаас заяасан томоохон баялгийн нэг хэсэг л дээ. “Оюутолгой” бол дэлхийн нэг ноймрын зэсийн орд. Алт, зэсний байгаа хэмжээгээрээ шүү дээ. Зэсийн агууламжаараа гэхэд л дэлхийд нэгд орж байгаа ийм сайхан орд. Энэ бол монголчуудад 100 гаруй жил ашиглах агуу их нөөцтэй, манай ард түмний эдийн засгийн томоохон үүцүүдийн нэг л дээ. Миний хувийн бодлоор энэ дээр алдаа гаргамааргүй санагддаг.

-Одоогийн батлагдах шат руугаа орчихоод явж байгаа энэ хувилбарын талаар ямар бодолтой байна?

-Одоогийн хэлэлцээрийг харахад нэгдүгээрт, надад тэр 34 хувь ерөөсөө таалагддаггүй. Миний хувийн бодлоор бол “Айвенхоу”, “Рио тинто”-той Засгийн газар 30-34 хувийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ ордыг эзэмшвэл зүгээр. Яагаад гэвэл 30 хувь гээд бодъё л доо. Энэ маань тав зургаан Эрдэнэтийн орлоготой тэнцэх ашгийг авчрах байхгүй юу. Уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд 80-90 хувь нь монгол ажилчид байг. Иймэрхүү нөхцөл байх ёстой.

-Энэ төслийн боловсруулалтад танай салбарынхныг оролцох боломж олгосон уу?

-Харамсалтай нь тийм боломж олдоогүй. Миний сонссоноор бол “Айвенхоу” ч юм уу, “Рио Тинто” ч юм уу энэ эдийн засгийн хямралын үед монголчуудад бидний асуудлыг шийдэх урьдчилгаа мөнгө өгөхгүй юм шиг байгаа юм. Энэ бол ойлгомжтой. Яах гэж ч өгөх юм билээ. Тэр 34 хувийг бид мэдээж ашгаасаа төлнө. Тэр маань ойролцоогоор найман жилийн дараа ч юм уу, магадгүй зэсийн үнээсээ хамаараад 10 жилийн дараа ч юм уу ингэж төлөгдөх байх л даа. Өөрөөр хэлбэл арван жилийн дараа бид нөгөө 34 хувийнхаа үр ашгийг хүртэж эхлэх нь байна. Түүний оронд үнэхээр хорвоод хосгүй сайхан орд байгаа учраас бүтээгдэхүүний 30 хувийг нь л бид шууд авах тийм хэлэлцээр хийх хэрэгтэй. Түүний дараа “Айвенхоу”, “Рио Тинто” нь зардлаа яаж явуулах, менежментээ яаж хийх нь бол тэдний асуудал. Байгаль орчны асуудал дээр бол мэдээж олон улсын стандартыг мөрдөх ёстой л доо. Тэгэхээр тэр 30 хувиа бид 2015 онд эсвэл энэ жил ч юм уу гэрээ байгуулагдсан байхад за үйлдвэрийн анхны хэсгээс 30 хувь нь манайд ирэг.

Тэрийг тухайн үеийн зах зээлийн ханшаас 20 хувь доогуур өгье гээд бусад санхүүгийн байгууллагуудаас мөнгө хүсэх бололцоотой болж байгаа байхгүй юу. Тэр босгосон мөнгөөрөө боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарыг шинэчлэх хэрэгтэй. Хэрвээ “Айвенхоу” зөвшөөрөхгүй бол бид тэдний хайгуулд оруулсан мөнгийг төлөхийг нь төлөөд дараа нь олон улсын нээлттэй тендер зарлаж болно ш дээ. Яагаад стратегийн гэж бид нэрлэчихээд шууд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхгүй байгаа юм бэ. Монгол улсын стратегийн орд л гэсэн бол тухайн ордны бүтээгдэхүүний 30 хувийг шууд монгол улсын төрийн санд авахаар ингэж л хуульчилж өгвөл сайн байна. Ингэж байж л стратегийн гэж нэрлэсний утга учир бий болно. Уул уурхайн үйлдвэрлэл хэзээ ч 60 хувийн ашигтай явдаггүй байхгүй юу. Максимум 50 хувийн л ашигтай явдаг.

Тэгэхээр бид чинь 100 хувийн бүтээгдэхүүний 30 хувийг авчихлаа ш дээ. Энэ нь “Айвенхоу” цаанаа 20 хувийн ашигтай л явна гэсэн үг байхгүй юу. 20 хувийн бүтээгдэхүүн цаана нь ашиг олж л явна. Хэрвээ бид 100 тонн зэс гаргалаа гэж бодоход 50 тонныг нь зардалдаа авнаа даа. Тэгээд ашиг 50 тонн үлдэнэ. Энэ үлдсэн 50 тоннын чинь 34 хувь нь манайх руу орж ирж байгаа байхгүй юу. 66 хувь нь “Айвенхоу”-гийн ашиг. Би бүр задлаж тайлбарлаад байна шүү дээ.

-Айлын ашиг?

-Айлын ашиг. Гэтэл миний ярьж байгаа хувилбар хөөе, 100 тоннын чинь 30 хувийг бид авчихъя. 30 хувьдаа 30 тонныг шууд авчихъя. Бүтээгдэхүүн хуваах гэрээ санал болгоод байна ш дээ. Энэ бол монгол улсын стратегийн орд. Хэрвээ чи энэ болзлыг зөвшөөрөхгүй бол баяртай анд минь гэж хэлэх ёстой.

-Хайгуулд зарцуулсан зардлыг чинь төлчихье, бид өөр бодолтой байнаа гээд үү?

-Хайгуулд зарцуулсан зардал гэж эд нар 650 км буюу 650 мянган тууш метр өрөмдсөн байдаг юм. Тэр үеийн нэг тууш метрийн өөрийн өртөг 100 ам.доллар л байсан. 80-100 ам.доллар л байсан. Үржүүлээд үзье. Тэд 650 мянган тууш метр өрөмдлөг хийсэн байдаг юм аа. Энийг 100-гаар үржүүлье. 65 сая ам.доллар өрөмдлөгөд зарсан байна. За шинжилгээний ажил, бусад юм нийлээд 45 сая болог л дээ. Нийлээд 110 сая л биз дээ. Хүү мүү нэмээд өчнөөн юм татаад ирэг. Үсрээд 140 саяас цаашаа гарах ч үгүй. Энийг олон улсын аудит оруулаад л шалгуулаад л “Уучлаарай, ийм байнаа” гээд л болоо ш дээ.

-Гэвч бодит байдал дээр манайхан “Айвенхоу”-гийн өмнө хуншгүй загнаж байна. Эднийг гомдоочихлоо гээд байгаа?

-Уучлаарай, хорвоо дээр тийм юм байдаггүй юм. Мөнгөнд найз гэж байдаггүй юм. Манайхан тийм буруу ойлголттой байж болохгүй. Монгол улс гаднаас миллиард ам.доллар зээлнэ. Тэгэхэд жил болгон бид 50 сая ам.доллар төлнө шүү дээ. Төлөхгүй гэх юм уу. Хөөрхий монголчууд юм чинь авахаа болъё гэх юм уу. Тийм юм байхгүй шүү дээ.

-Хөөрхий “Айвенхоу” маш их хөрөнгө зарсан. Тэгж тэгчихээд монголчуудын авираас болоод явах гэж байлаа. Бид арай гэж тохиролцож байж хамгийн ашигтай хувилбар дээр тогтлоо гэсэн суртлууд л хэвлэлийн хуудсуудыг дүүргэж байгаа биз дээ?

-Биш. Би танд бүтээгдэхүүн хуваах аягүй гоё хувилбар ярьж өглөө ш дээ.

-Гэхдээ энэ хувилбар дээр яригдахгүй байгааг та бид хоёр хоёулаа мэдэж байгаа?

-Ярих хүсэлтэй хүн алга байна шүү дээ. Гэхдээ би заавал хэлэх хэрэгтэй байхгүй юу. Миний хувийн бодол. Сүүлд нь хүмүүс ойлгоно. Ард түмний өмчийг ийм маягаар шийдвэл шууд утгаараа гэмт хэрэг. Яг энэ хувилбараар хийвэл. Энүүгээр явбал найман жилийн дараа ашгаа хүртэх гэж байна ш дээ. Одоо дээр ярьсанчлан нийт бүтээгдэхүүнээ 100 тонн гэж авч үзвэл 50 хувийг зардалдаа оруулаад цэвэр ашгийн монгол улсад ногдох 34 хувь гэдэг нь 17-хон тонн болж байна. Бидний тооцоогоор энэ чинь тэгвэл хоёр л Эрдэнэт гэсэн үг. Бид тэгээд гуравхан Эрдэнэттэй болно. Гэтэл бид түрүүчийн санал болгосон Монгол улс нийт бүтээгдэхүүний 30 хувийг эзэмших хувилбараар явах юм бол зургаан Эрдэнэттэй сууж байна биз дээ. Тэр бүхний дараа нөгөө боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татъя.

Дандаа монголчууд ингэж гуйлгачин амьдрах ёстой юм уу. Ирээдүйн үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг хөгжүүлж үлдээмээр байна шүү дээ. Тэд маань бидний энэ үе шиг зовж явах ёстой биш биз дээ. Тийм учраас би энэ бүхнийг ярих хэрэгтэй байна л даа. Гэхдээ би хүмүүсийг айхтар муулсангүй. Хувийн бодлоо хэлж байна. Оюутолгойн алт нь гэхэд зэс үйлдвэрлэх зардлаа босгох боломжтой. Зэсийн 3,5 хувь гэдэг бол хүдрийн хувьд маш өндөр хувь. Энэ бол бидэнд 30 хувийн шууд бүтээгдэхүүнээ авахад нөгөө хөрөнгө оруулагч маань гомдолгүй гэсэн үг. Цаад эдийн засгийн утгаараа.

-Том төслүүд дээр яагаад бид гадныхантай зууралдаад байдаг вэ гэсэн асуултын хариу явсаар монголчуудад ийм хэмжээний юм барьж аваад ард нь гарах оюуны болоод эдийн засгийн чадавхи байхгүй ээ л гэсэн дүгнэлттэй тулдаг?

-Уучлаарай. Эрдэнэтийг монгол инженерүүд, монгол ажилчид авч явсаар ирсэн. Одоо ч явж байгаа. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргадгаараа гаргаад л явж байна.

-Оросууд хайгуул хийгээд, оросууд үйлдвэрийг маань байгуулаад өгчихсөн шүү дээ?

-Одоо тэр далаад оны монгол биш шүү дээ. Манай уурхай дээр монгол инженерүүд, монгол ажилчид л чулуунаас алтаа гаргаад л, ялгаад л үйлдвэрлээд явж байна. Яагаад бид өөрсдийгөө ингэж доош нь хийгээд байдаг юм бэ. Монголчууд уул уурхайн үйлдвэрлэлийг хэнээс ч хамааралгүй явуулах тийм чадвартай. Инженерүүд нь байна. Ажилчид нь байна. Ямар ч шинэ технологийг монгол залуус гурван сарын дотор л сурна.

-Эдийн засгийн хямралаар далимдуулаад газрын хэвлийн баялгийн асуудлыг нэлээн шуурхай бариад авчихлаа л даа?

-Харахад бол тийм. Хэрвээ болохгүй бол тэртээ тэргүй л бид ядуу юм чинь ганц хоёр жил хүлээе л дээ. Яагаад болохгүй гэж.

-Улс төрийн хувьд ийм тохиромжтой засаглал ахиад гарч ирэхэд хэцүү л дээ?

-Тэртээ тэргүй таваас найман жилийн дараа үр ашиг нь орж ирэх үү, үгүй юу байна ш дээ.

-Өнөөдөр цаг хугацааны энэ товыг хэн ч ярихгүй байна?

-Тийм. Бид ийм янз бүрийн шуурганд учраа олохгүй хөөгдөж байдгаа л болимоор байна.

-Ер нь яагаад уул уурхайн сэдвийг хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн боловсролтой хэдэн өвгөчүүд ярьдаг юм бэ. Телевизээр тэд л шүүж хэлэлцэж байгаа харагдах юм. Шинэ нийгмийн, шинэ бодлогын хүмүүс нэг их ярьдаггүй. Та нар өөрсдөө ч маш ховор дуугардаг?

-Ярихаасаа илүү юм суръя, юм хийе гэсэн сэтгэл бидэнд илүү байна л даа. Тэртээ тэргүй улс төрийнхөн дунд олон ухаантай улсууд байгаа гэж бид итгэдэг. Тэдний хажуугаар хутгалдаад яахав. Урдах ажлаа л хийж явъя гэж боддог.

-Нэг талаар бидний үе хариуцлагагүй, хувиа хичээсэн үе гэсэн үг үү?

-Мэдэхгүй.

-Гадны хөрөнгө оруулагчдыг хэт үргээсэн авир сүүлийн хэдэн жил нийгмийн тархийг угаалаа. Энэ буруу жишиг гэж бид хэн хүнгүй орилдог. Сая жишээ нь “Айвонхо” Засгийн газартай хэлэлцээрт орохдоо их л гэдгэр байсан гэж дуулсан. Гадны хөрөнгө оруулалт үргэсэн гэх энэ дүгнэлт хэр бодитой вэ?

-Гадны хөрөнгө оруулагчдын хувьд ганцхан л бодол бий. Би ямар хугацаанд нэг доллараа яаж өсгөх вэ гэдэг л бодлого. Тэрнээс биш монголд коммунист засаглал байна уу, ардчилсан засаглал байна уу, монголчууд жаргана уу зовно уу падгүй. Монголчуудын амьдрал яах нь тэдэнд үнэндээ падгүй. Хамгийн гол нь баталгаатайгаар ямар хугацаанд нэг доллароо яаж өсгөж авах вэ л гэсэн бодлого л чухал болохоос бидний ааш араншин, ирээдүйн төлөв, хөгжил цэцэглэлт тэдэнд ерөөсөө ч сонин биш. Энэ бол цорын ганц бодит үнэн. Яагаад “Бороо гоулд”, “Алтандорнод Монгол” ашигтай ажиллачихаад монголыг орхиод гараад явав. Энэ бидэнд сургамж болох л ёстой. Хоёрдугаарт, алтны үйлдвэрлэл бол мөнгөний бодлоготой, төв банктай салшгүй уялдаа холбоотой. Хамгийн хурдан монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эрдэнэсийн санг нэмэх ийм л салбар шүү дээ.

-Олон улсын валютын сангийн манайд үзүүлж байгаа хандлагыг та юу гэж үзэж байна?

-ОВУС бол тодорхой өөрсдийн дүрэм, журам, дотоод хуультай ийм байгууллага учраас тэр зарчмынхаа дагуу л ажиллана. Тэр хуулиндаа тохируулж ажиллаж амьдарч байгаа, улс орныхоо эдийн засгийн бодлогыг зөв дүрмээр авч явж байгаа улс орнуудтай хамтран ажилдаг ийм л байгууллага. Тэр тоглоомын дүрмийг нь гажсан орнуудад татгалзах эрхтэй. Тэрнээс биш монголд сайн уу, муу юу гэдэг гол нь биш.

-“Оюутолгой” тойрсон асуудал ид хэлцэгдэж байхад барьж байгаа бодлогынх нь эсрэг байр сууриа ийм тод илэрхийллээ гэж танд ямар нэгэн дарамт учрах уу. Хүмүүс ийм зүйлээс их болгоомжилдог болсон шүү дээ?

-Ямар ч байсан нэгдүгээрт хэн ч бай манай үндэсний эрх ашгийг хамгийн дээгүүрт тавих ёстой. Хоёрдугаарт, бодитой эдийн засгийн үнэнийг хэн нэг нь шударгаар хэлж байх л ёстой.

-Банк тойрсон чичиргээн явагдаж байна. Үүгд өртсөн хамгийн эхний банк “Анод” байлаа. “Анод” сандрангуутаа хамгийн эхлээд том зээлдэгчид рүүгээ халдсан. Энэ их ичгүүртэй авир санагдсан. Жишээлбэл, таныг өрөө төл гэж нийтийн өмнө цоллосон. Энэ яг юу байсан бэ?

-Зээлүүдийн хугацаа хэвийн явж байгаа. Бид бизнест ашигласан зээлээ эргээд төлөх л болно. Тэгж явж ч ирсэн. Зах зээлийн хууль ерөөсөө тэр шүү дээ.

-Банк зээлийн хугацаа нь дуусахаас өмнө ямар нэгэн цаг зуурын хүндрэл учирвал зээлдэгч нарынхаа нэр хүндэд халдсан алхам хийсэн тохиолдолд эргээд хүлээх хариуцлага байдаг уу. Та нарын гэрээнд ийм зүйл тусгагдах ёстой юм биш үү?

-Байхгүй.

-Бизнесийн нэр хүндэд халтай, бүдүүлэг алхам биз дээ. Тэгээд зээлдэгч нарын хохь л болсон гэсэн үг үү?

-Хохь. Гэхдээ сэтгүүл зүйд шинэчлэл хийх хэрэгтэй болжээ.

-“Анод” банкнаас зээлдэгчиддээ хандсан зарыг бид нийтэлсэн л хэрэг шүү дээ?

-Америкийн “Нью Йорк таймс” сонины хамгийн эхний толгой дээр нь энд хэвлэгдсэн баримт болгон үнэн бөгөөд бид хариуцлагыг нь хуулийн өмнө хүлээнэ гэсэн байдаг байхгүй юу. Энд хэвлэгдсэн баримт болгон баталгаатай үнэн болноо гэсэн үг. Ийм цензур үйлчилдэг юм билээ. Ийм л ёс суртахууны болон хуулийн цензурыг бид нийгэмд төлөвшүүлмээр байна. Шалгаж, хоёр гурав дахь талуудаас нягтлалгүйгээр шууд цацчихдаг. Энэ байдал өөрөө нийгмийг асар их бухимдуулж байна шүү дээ. Эцэст нь явсаар үнэний шалгуур цаг хугацааг хүлээх л үлддэг. Гэсэн атлаа зарим шар сониныг уншиж байхдаа за энэ ч худлаа даа гэсэн ч унших дуртай.

-Яагаад?

-Хүний сонирхол ч гэдэг юм уу, эсвэл нөгөө муухай зан ч юм уу бүү мэд.

-Монгол хүний тэр муухай занг хангасан мэдээллүүдийн нэг баатар та өөрөө шүү дээ?

-Тэрийг мэднэ.

-Төвөгтэй байдаг уу?

-Миний хувийн бодлоор миний хувийн амьдрал ч юм уу, миний ажил хэнд ч сонин биш л баймаар юм.

-Үргэлж л сонин байдаг ш дээ?

-Тоглож байгаа байлгүй дээ. (инээв) Ер нь бол хэнд ч хамаагүй. Яг бодитой бодоод үзэхээр миний давс иднэ үү юугаа иднэ, хэнд хамаатай юм бэ. Хэнд ч хамаагүй шүү дээ.

-Тийм ээ, тийм. Гэхдээ тэр мэдээллүүдийн хэдэн хувь үнэн байдаг вэ?

-Бараг 90 хувь нь худлаа байдаг. Хүмүүс бодсоноо ч юм уу, сонссоноо ч юм уу, эсвэл зүүдэлснээ ч биччихдэг юм шиг байгаа юм.