Эдийн засгийн өсөлтийг тасралтгүй санхүүжүүлдэг хэрэгсэл бол санхүүгийн зах зээл. Санхүүгийн зах зээл нь мөнгөний буюу хөрөнгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Мөнгөний зах зээлийн дийлэнх нь нэг жилээс бага хугацаатай бөгөөд түүнийг бас банкны зах зээл ч гэж нэрлэдэг. Харин хөрөнгийн зах зээл нь нэгээс гучин жил хүртэл хугацаатай үнэт цаас худалддаг, худалдан авдаг зах зээл юм.

Санхүүгийн зах зээл нь хүн төрөлхтний бодож олсон агуу их нээлт болох мөнгөний үргэлжлэл, түүний чөлөөтэй хөрвөж, нэг эзнээс нөгөө эзэнд тасралтгүй шилжиж байх үндсэн нөхцөлийг хангадаг далай гэж бас хэлж болно. Санхүүгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө илүүдэлтэй талаас тодорхой нөхцөлөөр хөрөнгийг татан төвлөрүүлж, хэрэгцээтэй талд нь шаардлагатай хугацаа, хэмжээгээр нь задлан багцалж худалдах ажлыг банк, санхүүгийн байгууллагууд хийж, зуучийн үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс ХХ зуунд мөнгөний зах зээл, түүний гол институцүүдийг сэргээсэн (XII-XV зуунд мөнгөний зах зээлийн томоохон тоглогч Монголын их гүрэн цаасан мөнгийг анх удаа нэвтрүүлсэн) бол XXI зуунд хөрөнгийн зах зээлийг нэвтрүүлж байна. Гагцхүү энэ ажил үнэхээр удаан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас үлэмж хоцорсоор байна. Жилд дунджаар 15 хувиар өсөж байгаа манай эдийн засаг хүнд араагаар хэт хурдалж, хөдөлгүүр нь улайсан ээрч буй машинтай адил болжээ.
Монголын эдийн засаг өнөөг хүртэл зөвхөн банкны зах зээл дээр тулгуурлаж, хөрөнгийн зах зээл харагдах төдий эхлэлтэй байгааг нэг хөл дээрээ зогссон хүн, эсвэл өрөөсөн далавчтай шувуутай зүйрлэж болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ


Монголд хөрөнгийн биржийг хөрөнгө босгох биш, хөрөнгө тараах үүднээс буюу төрийн өмчит компаниудын хувьцааг иргэн бүрт эрх тэгш хувааж эзэмшүүлэх зорилгоор 1991 онд байгуулсан юм. Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт мэдлэг бага иргэд хувьцаагаа яаран борлуулж, ихэнх тохиолдолд дараа нь бүртгүүлж, цөөн иргэн тухайн компанийн дийлэнх хувьцааг авч, тэдний ихэнх нь цөөнхийн эрх ашгийг үл ойшоосоор ирсэн тул хөрөнгийн зах зээлийн тухай тун өрөөсгөл, сөрөг ойлголт иргэдэд бий болсон.

Монголын хөрөнгийн биржээр (МХБ) хувьчлалын үеийн цөөхөн хэдэн компанийн баганхи хувьцаа арилжигдаж, амьтай төдий явсаар 90-ээд оны эцсээр МХБ-ийн бүтцээс Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг салгаж, урьдчилсан төлбөрийн нөхцөлийг чангалснаар үнэт цаасны арилжаа ичээндээ орсон юм.

2008 оноос зах зээлийн хэрэгцээний дагуу хөрөнгийн зах зээл сэргэж, арваад компани анхдагч зах зээлээс хөрөнгө босгосон ч цөөхөн хэдэн компани хуулийн болоод хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын сул талыг ашиглан хуурамч мэдээлэл түгээж хувьцаа гарган, удалгүй дампуурснаар олон эзэмшигчдийг хохироосон юм.

2009 оноос УИХ, Засгийн газар хөрөнгийн зах зээлийг сэргээн хөгжүүлэхийн тулд МХБ-ийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжийг өөрчилж эхэлжээ. Эхний ээлжинд Компанийн тухай хуульд өөрчлөлт хийж, 2011 оны дөрөвдүгээр сард Лондоны хөрөнгийн биржтэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хөрөнгийн биржийг олон улсын хэм хэмжээний дэд бүтцэд үндсэнд нь шилжүүлж, хувьцааны бүртгэл, борлуулалт, төл бөр тооцоо хийх техник, программыг суурилуулж Лондоны хөрөнгийн биржийн загварыг суулган, олон арван хүнийг гадаад, дотоодод сургажээ.

Олон улсын хуульчид, Лондоны хөрөнгийн бирж, Дэлхийн банк, биржийн гишүүд, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг авч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Зах зээлийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, эмх цэгцтэй, ил тод болгоход шаардлагатай бусад дүрэм, журмыг цогцоор нь Лондоны хөрөнгийн биржийн тусламжтайгаар боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Түүнчлэн хамгийн их чөдөр тушаа болж байсан үнэт цаасны арилжааны төлбөрийн хугацаа, нөхцөлийг олон улсын жаягаар өөрчлөн, хөрөнгө барьцаалан шуурхай хийх Т+3 гэдэг системийг нэвтрүүлж байна.



2011 онд нийт арилжаа 257.4 тэрбум төгрөгөөр (хувьцааны 46.2, Засгийн газрын бондын 206.7 тэрбум) буюу 3.8 дахин өсчээ. Дэлхийд нэртэй Лондоны хөрөнгийн биржтэй хамтарсан нь зах зээлд оролцогчдод нааштай хүлээлт бий болголоо. Гэсэн хэдий ч Монголын хөрөнгийн зах зээлийн нийт хэмжээ нь 2.0 тэрбум доллар хүрэхгүй буюу банкны салбар, арилжааны банкуудын нийт хөрөнгөөс бараг дөрөв дахин бага хэвээрээ л байна. Сайхан дэд бүтэц бий болсон ч түүнийг ашиглагчдын тоо өсөхгүй байгаагийн шалтгаан юу вэ?

Хууль эрх зүйн орчныг улам тодорхой болгох, компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох хүсэл эрмэлзэлтэй болох, хувьцаа худалдан авах замаар ашигтай хөрөнгө оруулалт хийх тухай хөрөнгө оруулагчид илүү их итгэл үнэмшил төрүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

ДАРААЧИЙН АЛХАМ


Үндэсний компаниуд бизнесийн өсөлтөө санхүүжүүлэх хөрөнгийг хувьцаагаа гаргах замаар босгох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Их хэмжээний мөнгийг өөрийнхөө хөрөнгийн зах зээл дээр олдоцтой байлгахын тулд дэлхийн том хөрөнгө оруулалтын сангууд, түүний дотор тэтгэврийн болон даатгалын сангууд Монголд орж ирсэн байх ёстой. Тэд хөрөнгийн зах зээл нь саадгүй ажилладаг, тоглоомын дүрэм журам нь тодорхой, хувьцаа гаргасан компаниудын үйл ажиллагаа ил тод, тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь хэн гэдэг нь мэдэгддэг, төлбөр тооцооны систем нь найдвартай улс орнуудад орж ирдэг.

Гадаадын байтугай дотоодын сангууд нь ч хөрөнгийн зах зээл дээр оролцохгүй байгаа монголчууд бидэнд хийх ажил их байна. Манай нийгмийн болон эрүүл мэнд, тэтгэврийн сан хаана ямар хүүтэй байрлаж байгаа нь тодорхой биш, ер нь хэд байхаас хэд нь байгаа, сангуудын удирдлагад яагаад олон нийтийн төлөөлөл байдаггүйд иргэд гайхсаар байна. Засгийн газар уг нь бэлэн мөнгө зүгээр тараахын оронд дээрх сангууд, мөн уул уурхайн орлогын сангаасаа хөрөнгийн зах зээлээрээ дамжуулан эдийн засгаа мөнгөжүүлсэн бол инфляц багасч, зах зээл ч арай том болж, улмаар гадаадын ганц нэг сан ороод ирчихсэн байхсан.

Засгийн газрын зарлаад байгаа стратегийн орд газруудыг эзэмшдэг компаниудын хувьцааг дотоодын болон гадаадын зах зээл дээр давхар (dual listing) гаргах, хадгаламжийн бичиг (DR= depository receipts) болон төлбөр, тооцооны олон хэлбэрийг бий болгох, хөрөнгийг төлөөлөн зарцуулах (custodian) хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Монголд уул уурхайн олборлолт явуулдаг, гадаадад үнэт цаасаа гаргасан компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар борлуулж, монгол хувьцаа эзэмшигчидтэй болох ихээхэн сонирхолтой байдаг. Учир нь монгол хувьцаа эзэмшигчид Монголын улстөрчид сэтгэлийн хөдөлгөөнөөр амралтын өдрөө хууль өөрчилж, улс төрөө тогтворгүйтүүлэн, хөрөнгийн үнэ цэнийг унагаад байхыг тэвчээд суухгүй.

Үндэсний хэмжээний томоохон хувийн компаниуд олон нийтийнх болж байж өрсөлдөх чадвараа дээшл үүлдэг, улс төрийн эрсдэлээс илүү сайн хамгаалагддаг болохыг ойлгох хэрэгтэй. Тэгвэл зарим нь өөрсдөө, эсвэл үр хүүхдээ төрд шургуулах шаардлагагүй болно. Төрийн өмчит бүх компаниудыг, түүний дотор Монголын хөрөнгийн биржийг өөрийг нь олон нийтийн компани болгож, хувьцааг нь иргэд чөлөөтэй худалдан авч борлуулдаг болгочихвол тухайн компани улс төрийн эрс дэлээс салж, төр засаг солигдох бүр ялсан намын томилолтын дарга ирэхээ болино. Хувьцаа эзэмших замаар нийтийн хөрөнгөнд олон нийтийн хяналт тогтоож чадвал дэл сул хөрөнгө алга болж, түүнийг завших гэж улс төрд орохоор улайрагчдын тоо ч цөөрнө шүү дээ. Монголын бүх хүмүүсийн амьдрал улс төрийн сонгуулиас хамаардгийг багасгах цаг болжээ.

ДҮГНЭЛТ

Дээрх асуудлуудыг шийдэж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн том саад болж байгаа хүчин зүйл бол Монгол Улсын төр засаг өөрөө болчихоод байна. Ийм ч учраас Монголын дотоодын компаниуд хувьцаагаа Монголын биш, гадаадын бирж дээр гаргах сонирхолтой байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Үнэт цаасны хуулиа яаралтай шинэчилж, юуны өмнө төр засаг өөрийгөө, дараа нь хувьцаа гаргагч компаниудынхаа үйл ажиллагааг ил тод болгох, шаардлагатай боловсон хүчнээ бэлдэн тогтвортой ажиллуулах, чадвартай менежментийн баг бүрдүүлэх явдал Монгол Улсын нэн тэргүүний зорилт болжээ. Үүнийг л хүлээсэн дэлхийн том сангууд Монгол Улсыг анхааралтай харж байна.