Гүрү Бадамжунай (са: Падмасамбхава)1200 гаруй жилийн тэртээ умард Энэтхэгийн Удияна оронд мэндэлж, хааны ордонд өсч, идэр залуудаа ордноо орхин даяанч амьдралыг сонгож, бясалган гэгээрсэн их багш юм. Хожим Цастын оронд морилж сургаал номоо айлджээ. Бадамжунай багшийн зарлиг аг тарни, засал домоос эхлээд гүн ухаан, чанадад хүрэх дээд бясалгалын судрууд бий. “Бард тойдол” хэмээх үхэл, амьдралын нууцыг өгүүлсэн номыг нь монголчууд сайн мэднэ.Мөн ирээдүйг зөгнөсөн эш бошгууд нь их дэлгэрсэн. Энд хүн бүрийн ухаарч, санаж явбал зохих хэдэн захиасыг “Бадам зарлигийн хураангуй”, “Урьд одох сургаал” зэргээс ишлэн толилуулъя.

Чимэг чимгийн дундаас Ялгуусан буяны чимэг дээд.
Өмөг өмгийн дундаас Гүрү багшийн өмөг дээд.

Надад итгэсэн хүний өмнө би вээр савтай усанд сар тусах шиг шамдалтгүй аяндаа тодрох болно.

(Тайлал: Гэгээрсэн бодгаль үнэмлэхүй чанадын орон зайд мөнхийн амгалан лугаа уусан сүлэлдэж оршдог. Үнэмлэхүй гэгээн гэрэл хаа сайгүй туяаравч билгийн нүдэн балай эгэл хүмүүсийн хувьд хавьташгүй хол санагдана. Гэвч чинхүү итгэл, залбирлын усаар сэтгэлийн саваа дүүргэвэл усан мандалд сарны тусгал тодрох шиг багшийн адислал буух ажээ. Энэ адислал бидэнд эгэл амьдралын ивээл болох төдийгүй эрхэм дээд үнэний зүгт хөтөч болно.)

Сүн их далай ч дуслаас бүтдэг.
Сүмбэр их уул ч шорооноос бүтдэг.
Эгшин хормын үйл бүхэн
Энгүй орчлонг урлан буй.

Урьд ямар явснаа одоох байдлаасаа хар.
Хожим ямар явахаа одоох үйлдлээсээ ухаар.

(Үйлийн үр бол орчлонгийн дотоод хууль. Дотоод хууль учир сэрсэн билгийн мэлмийд л танигдах нарийн зүй тогтол. Сэтгэлийн эерэг үелзлээс эерэг үйлийн үр хөврөл үүсч, сөрөг үелзлээс сөрөг үйлийн үр хөврөл үүсч, тэр бүхэн нөхцөл тохиол бүрдсэн үед задран боловсордог гэсэн үг. Тийм учир одоо буй орчин нөхцөл, жаргал зовлон тань өмнө хийж явсан үйлийн үр дагавар юм. Хожмын хувь заяагаа та одоо бие, хэл, сэтгэлээрээ урлан бүтээж байна. Үйлийн үрийг ухаарсан хүн хувь заяаны хариуцлагаа ухаарна. Хариуцлагаа ухаарсан хүн эрх чөлөөгөө ч ухаарна. Амьдрал бол таны уран бүтээл. Тамын харанхуй, Энхжингийн орон алийг нь ч та урлаж болно.)

Арга мэхээр ашиг хонжоо бүү эрэлхийл.
Даруйд хөнгөн санагдавч хэтдээ дааж давшгүй өр төлөөс болно.

Бүргэд тэнгэрт халивч сүүдрээ гээхгүй.
Хэзээ нэг өдөр газарт буухаа мартаж болохгүй.

(Үйлийн үр заавал эх сурвалждаа ирж шингэдэг. Өглөг буяны үр олз хишиг болж ирэх бол зальжин шуналын үр гарз гамшиг болж нэрвэнэ. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд зайлшгүй үр дагавар гардаг. Өндрөөс өндөрт элин хальж буй шувуу сүүдрээ гээсэн юм шиг санагдах байх. Гэвч эрт, орой нэгэн цагт шувуу газар бууж таарна. Тэр агшинд сүүдэр нь хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх шиг нэгдэх болно. Тэнгэрийн хаяаг бэдэрч, газрын гаваар нуугдсан ч хийсэн үйлийн үрээс булзах аргагүй.)

Үзэл нь огторгуй шиг уужим тусмаа
Үйлийн сэрэмж сэхээ нарны тоосноос нарийн байх учиртай.

(Орчлонгийн хязгааргүй уудмыг таньсан оюун билгийн шалгуур нь гэрлийн бөөмс шиг өчүүхэн жаахан зүйлд ч нуугдаж буй аугаа их эрчмийг ойлгоход оршино. Амьдралын аар саархан зүйлд ч чин сэтгэлээсээ хандаж, үл анзаарагдам утга учрыг эргэн тойрноосоо мэдэрч, ариусч явбал амьдрал, гэгээрэл хоёр нэг утгатай болно.)

Бодь сэтгэл өвөрлөж өгсөн ширхэг арвай
Бодь сэтгэлгүй өгсөн мянган лангаас үлэмж.

Нигүүлсэл байвал чөтгөр дүртэй ч бурхан мөн.
Нигүүлсэл үгүй бол бурхан дүртэй ч чөтгөр мөн.

(Адгийн харамч ч бай энэ хорвоогоос сохор зоос өвөрлөөд явахгүй, байдгаа үлдээгээд буцдаг. Өгөөмөр буянтан ч бай энэ дэлхийд гар хоосон ирдэг. Бусдаас авсан юмаа л бусдад өгч байгаа. Хэн нь ч гэлээ хоосон ирээд, хоосон буцаж байхад хэнийг нь харамч, хэнийг нь өглөгч гэх вэ. Энд гагцхүү сэтгэлийн ялгаа бий. Ертөнцийн үнэмлэхүй шүүх нүгэл, буяныг гадаад өнгөөр нь биш, дотоод сэтгэлээр нь хэмждэг. Цэвэр ариун зүрх сэтгэлтэн ертөнцөд аяндаа л ивээл болдог бол тортог болсон сэтгэлтэн ертөнцөд хор болдог. Ертөнцөд ивээл болсон хүн өөртөө ч ивээл болно. Ертөнцөд хор болсон хүн өөртөө ч хор болно.)

Муу бүхнийг өөрсдөө үйлдээд цагийг муу хэмээнэ.
Цаг хувирдаггүй, хүн хувирдаг.

(Ноён хутагт “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны сургаал”-даа эхний үгийг ишилсэн байдаг. Цаг цөвүүн болдгийн таван шинж бий. Сав ертөнц шим ертөнцийн үйлээс хамаардаг бол шим ертөнцийн үйл нь сэтгэлийн ертөнцөөс ургадаг. Тэгвэл сэтгэлийн ертөнц бохир буртгаар дүүрэхийг нисванисын цөв гэдэг. Энэ нь цаашлаад зөв, бурууг ялгах, нүгэл буяныг шүүх чадваргүй оюуны хоосрол болохыг үзлийн цөв гэнэ. Ингэж эрүүл саруул ухаанаа гээсэн бодгаль буюу хүнийг амьтны цөв гэнэ. Тийм хүн нүгэлт үйлээр өөрийн буян хишиг, насан хутгаа сүйтгэх жамтай тул тэгж заяанд цөв суухыг насны цөв гэнэ. Эл доройтол нийтийн болж хавтгайрахыг цагийн цөв гэдэг. Тэгэхлээр цөвүүн муу цаг нь гадна талаас биш, харин хүн төрөлтний өөрийн дотоод шалтгаанаас ургаж байгаа юм.)

Чөлөө байвч чөлөө үгүй нь гаслан.
Учрал байвч учрал үгүй нь эмгэнэл.

(Эрдэнэт хүний төрлийг чөлөө учрал гэж хэлдэг. Энэ нь оюун ухаант хүний төрөлд ариусч гэгээрэх боломж бүрдсэн гэсэн үг. Зүүний үзүүрт тогтсон арвай шиг сая сая төрөл дунд ганц олдсон боломжоо утга учиргүй юмст золиод, өөртөө болоод ертөнцөд гэгээ нэмэх завгүй өнгөрөхийг чөлөө байвч чөлөөгүйн гаслан гэжээ.)

Түлэгдсэн үрийг хөрсөнд булж, усалж бордоод нэмэргүй.
Сүсэггүй хүн түлэгдсэн үр мэт.

(Чин сүсэг бол зүрхэн тольтын мэдрэмж юм. Гурван төрлийн сүсгийг судар номд заажээ. Бурхан, ном, хутагт хэмээх гурван эрдэнэд бишрэх сүсэг, үйлийн үр буюу орчлонгийн шүтэн барилдлагад итгэх сүсэг, дээдийн дээд гэгээрэлд тэмүүлэх сүсэг. Хэрэв та гурван эрдэнийн ивээлийг амьдралын тохиол бүрээс нээж мэдэрч байвал бишрэл цэцэглэсний шинж. Хар хорын сэтгэл бол там, хайр нигүүлсэл өөрөө жаргал хэмээн мэдэрч байвал үйлийн үрийн итгэл цэцэглэсний шинж. Бурханы хутаг бол хүршгүй холын зүүд мөрөөдөл биш, угтаа миний язгуур мөн чанар гэж мэдэрч байвал гэгээрэх тэмүүлэл цэцэглэсний шинж. Ийнхүү цэцэглэх нь амьдралын утга учир. Хэрэв зүрхний мэдрэмжээ алдаж, дан ганц өгөө авааны тооцоо, өрсөл тэмцлийн араатан зөнгөөр амьдрах аваас түлэгдсэн үр мэт хэзээ ч цэцэглэхгүй.)

Зовлонгоос зугтаж, жаргалыг эрэлтгүй.
Зовлон өөрийн газраа алдарвал жаргал тэр мөн.    

(Эрчим хүч шинээр үүсдэггүй, устаж алга болдоггүй, зөвхөн хувирдаг гэсэн байгалийн хууль бол дотоод ертөнцийн ч хууль юм. Зовлон, жаргал хоёр тусдаа бүтсэн эсрэг тэсрэг зүйлс биш. Дотоод эрчмийн л хувирсан хэлбэрүүд. Тодруулбал, зовлон шаналал бол зохист төлөвт ороогүй энергийн хуйлрал юм. Түүнийг устгах гэж оролдохын оронд зүгээр л тайван ажиглан бясалгах юм бол хэдхэн хормын дотор гайхамшигт хувирлыг мэдэрнэ. Зүрх базалж байсан шаналал өөрөө алдарч, сэрүү татсан цэнгэл таашаалын булаг болон ундарч эхэлнэ. Бодь сэтгэлийн бясалгалд амьсгал авах бүртээ хорвоогийн зовлонг сорж, амьсгал гаргах бүртээ буян жаргалаа бусдад түгээж бясалгадгийн учир энэ. Амьсгал авах тоолонгоор зүрх тэлж огторгуйн энтэй уужим болно. Амьсгал гаргах тоолон дотоод гэрлийн эх булгаас яндашгүй их эрчим хүч нэмэн ундарна.)

Найман тохиолд сэтгэл савчвал ёроолд живнэ.
Найман тохиолд сэтгэл тэгширвэл чанадад халина.

(Хүний амьдралын найман тохиол нь: Олз ба гарз, магтаал ба муушаал, мандал ба буурал, жаргал ба зовлон юм. Эдгээр тохиолын таатайд нь хөөрөн сагсуурч, таагүйд нь уурсан бухимдаж явбал дотоод сэтгэлийн нандин амгаланг хэзээ ч мэдрэхгүй. Хамгийн аугаа эр зориг бол амьдралаас юу өгч буй тэр бүхнийг баяр талархалтайгаар хүлээн авах явдал гэж богд мэргэд сургадаг. Ийм эр зориг уужим саруул ухаанаас л төрнө. Амьдралыг илүү өргөн орон зайд харж, шүтэн барилдлага дунд нь ажиглах юм бол азгүйтэл хүртэл өөртөө аз завшааныг агуулж буй нь аяндаа тодорно.)

Хэн нэгнийг дайсан гэж бүү хар.
Энэ бол зөвхөн чиний сэтгэлийн тусгал.

(Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. Таны үзэн ядаж буй нэгэн урьд төрлийн ижий чинь ч юмуу, алаг хонгор үр чинь ч юм уу, хэн мэдэх. Үйлийн мананд төөрч, сэтгэлийн илбэнд хууртсаны эрхээр бие биеэ танихгүй яваа биз ээ. Бурхан багшийн заасан хүлцэл өршөөл бол дайсныг уучлах биш, дайсан байхгүйг л олж харахад оршдог. Ямар ч адгийн амьтантай учирсан та түүний гэнэн цайлган хүүхэд байсныг нь санаарай. Адгийн амьтан болно гэж мөрөөддөг хүүхэд байхгүй. Бүх зүйл шалтгаан нөхцлийн сүлжээс. Үзүүр хязгааргүй шүтэн барилдлагыг ухаарах аваас дайсныг гадна талд биш, өөрийн төсөөлөлд буй хий үзэгдэл гэдгийг мэднэ. Зуурдын мананг ярвал хэн ч байсан тэнгэр мэт бодь чанар тээж явдгийг харна.)

Үзэгдэл бүхэн үүл мэт.
Үнэн чанар огторгуй мэт.

(Он жилүүд үүл мэт нүүж, амьдрал үүл мэт хөвөрч, санааны огторгуйд бодол үүл мэт урсч, сав их ертөнц ч хязгааргүй орон зайд үүл мэт орчдог. Бараан ч, цагаан ч үүл нь уг чанартаа ав адил өнгөгүй тунгалаг. Түмэн янзын дүр хэлбэрт хувиравч барих торох юмгүй хоосон. Амьдралын хар, цагаан өнгө ч үүлний өнгө мэт. Баярлах, гунихрах түмэн тохиол ч үүлний хэлбэр мэт.Нөхцөлдөж бүтсэн бүхэн үүл мэт замхарч одно.Гагцхүү тэнгэр огторгуй л мөнхөд хэвээрээ. Төрөх, үхэхээс ангид, ирэх, буцахаас чанад тэнгэр мэт чанараа тань гэж бурхад сургадаг. Тэнгэр мэт чанараа таньсан цагт ямар ч үйлийн үр түүнд шарх сорви үлдээхгүй. Хорвоогийн учрал, хагацал юу ч бай түүний онгон дагшин мөн чанарыг хөндөхгүй.)

Өвчний хорыг эмээр дарах.
Санааны хорыг бясалгалаар дарах.

Биеэ илбийн балгад гэж ухаар.
Бодлоо зүүдний үзэгдэл гэж ойлго.

Оршихуйн зүрх нь номын агаар.    
Бясалгалын зүрх нь сэрүүн ухамсар.

(Бүх зүйл түүнээс үүсч, түүн дотор оршиж, түүн рүү уусан шингэдэг эх сурвалжийг үнэмлэхүй гэгээн гэрэл – номын агаар гэдэг. Хэн нэгэн зохиох аргагүй, хэн нэгэн устгах боломжгүй зөнгөөрөө бүтсэн байгаль чанар хэмээн Бадамжунай багшийн Зогчин сургаалд өгүүлдэг. Түүнийг танин мэдэх арга нь сэрүүн ухамсар буюу ажиглагч ухамсар юм. Голын хөвөөнд суугаад урсгалыг ажиглан суух шиг өөрийгөө буюу амьдралын урсгалыг ажиглах нь хамгийн энгүүн атлаа үлэмжийн чанар төгөлдөр бясалгал ажээ. Биеэрээ гүйж буй хийн гүйдлийг ажиглан мэдрэх үед бие махбодын хүнд бүдүүлэг хүртэхүй арилж, ер бусын долгиолог болж ирнэ. Амьсгалаа ухамсарлах үед амьсгал сэрүү татан тунгалагшина. Бодлын урсгалыг ажиглан бясалгах үед дотоод үймрэл арилж, цэвэр ухамсрын орон зай нээгдэнэ. Энэ орон зайд хэдий чинээ гүн уусна, төдий хэрээр ажиглагч ба ажиглагдахуун гэсэн ялгаа сарниж, гадаад дотоод орон зай нэгдсэн номын агаарыг танина гэжээ.)

Их балгадын ялгадас бурмын тариаланд бордоо болно.
Түүнчлэн нисванис бүхэн хамгийг болгоогчид тус болно.
Мунхаг хүн түүгээр хүлэгдэх бол
Мэргэн хүн түүгээр чөлөөлөгдөнө.

(Ловон Бадамжунай бол очир хөлгөн буюу тантрын ёсны багш юм. Тантрын ёсонд юм бүхнийг гэгээн гэрлийн агаарт харахыг заадаг. Угаасаа муу муухай, бузар юм гэж нэгээхэн ч үгүй. Зүй учрыг нь олоогүй үед л тэр бүхэн муу муухай болон хэлбэрждэг. Учрыг нь таньж, аргыг нь олбол хор ч байсан рашаанд хувирах боломжтой. Хүсэл тачаал, уур хилэн зэрэг сэтгэл хөдлөлийг мугуйд хүчээр дарж цагдах, эсвэл сэхээ сэрэмжгүй сул тавих аль аль нь буруу. Энэ бол дотоод эрчим хүч. Түүнийг ухамсартайгаар ажиглан бясалгаж, уусган шингээвэл бүтээлч хүч болж хувирна. Гол учир нь ажиглах ухамсарт бий. Ажиглах ухамсраа алдахыг мунхаг, эс алдахыг мэргэн гэх аж. Уур хилэнг оволзох агшинд нь хүчээр хорих гэлгүй хаанаас үүсч, хаашаа одох үелзлийг нь ажиглах аваас өөрөө замхрах болно. Замхарсан уур бүтээлч хүч болж амтагдана. Хүсэл тачаалыг ч тийнхүү өөртөө уусган шингээвэл хамт төрсөн жаргалан буюу дотоод чанадын таашаал болж цэцэглэнэ. Балчиг шавраас бадамлянхуа ургадагтай үүнийг зүйрлэдэг.)

Үгийг бүү мөшгө, утгыг мөшгө.
Үгийг мөшгөх нь тэнгэрийн хаяа эрэх шиг.
Утгыг тасалсан цагт үг аяндаа тасарна.

Үзэгдлийг бүү шийд, сэтгэлийг шийд.
Үзэгдлийг шийдэх гэвэл сүүдрээ барихын үлгэр.
Сэтгэлийг ярсан цагт үзэгдэл өөрөө арилна.

Надад гурван ертөнц тэгш тул
Тэнгэр, чөтгөр хэмээх ялгаа үгүй.    

(Орчлон ертөнц бол нэгэн бүхэл. Туйлын тусдаа юмс гэж үгүй. Бүх ялгаа зааг бидний дотоод хуваагдлаас бий болдог. Дотоод сэтгэлийн хуваагдал гадна талд хүүшлэн тусдаг гэсэн үг. Дотоод тунгалаг орон зайг таньсан хүн гадаад ертөнцийг ч тунгалаг орон зай гэж сэрж мэддэг. Угтаа гадаад, дотоод гэсэн ялгаа байхгүй, нэгэн бүхэл огторгуй оршино. Ялгаа бүхэн зүүд зэрэглээ, хэлбэр төдийг харж буй түүний хувьд буян нүгэл, бурхан чөтгөр, там диваажин гэсэн хоёр туйл сарнина. Тэрбээр орон зайн хязгааргүйд сэлж, хаа ч оршсон ариун дагшин оронд зорчиж, юу ч хийсэн гэгээн гэрэл цацраана.)

Зүрхэн сургаал:

Чи өгүүлэхүйн арслан шиг ярьж болно. Гэвч хоосон чанарын далд эгшиглэнг хүртээгүй бол хэлгий, дүлий гань мунхаг хэвээр үлдэнэ. Тийм учир хоосон чанарыг эгшиглэнг сонс!

Чи эгнэшгүй хүчит баатар болж болно. Гэвч билгийн дээд хүчийг эзэмшээгүй бол орчлонгийн тулаанаас хэзээ ч мултрахгүй. Тийм учир билгийн дээд хүчийг эзэмш!
Чи Загарвардийн хаан адил эрх мэдлийг эрхшээж болно. Гэвч өөрийнхөө сэтгэлд эзэн суугаагүй бол эрх чөлөөгүй боолын заяагаа үхэл ирэхэд ойлгоно. Тийм учир өөрийн сэтгэлд эзэн бол!

Чи гэр бүл, садан сүлбээтнээ тэтгэж болно. Гэвч хамгийг нигүүлсэх бодь сэтгэлээр буян үйлдээгүй бол энэ ертөнцөөс гавъяагүй буцна. Тийм учир бодь сэтгэлийг эрхэмлэ!

Чи амттан бүхнийг гүйцээж болно. Гэвч хамт төрсөн жаргалангийн рашааныг уугаагүй бол мөнхийн цангаа чинь үргэлжилнэ. Тийм учир хамт төрсөн жаргалангийн ундааг уу!

Чи есөн эрдэнийн сан хөмрөгийг хурааж болно. Гэвч буян, билгийн хоёр чуулганыг хураагаагүй бол үхлийг гар хоосон угтана. Тийм учир буян, билгийн хоёр чуулганыг хураа!

Чи Хурмаст тэнгэрийн адил орд харшид сууж болно. Гэвч урвашгүй их амгалангийн ордыг олоогүй бол зуурдын сансарт орох оронгүй тэнүүчилнэ. Тийм учир урвашгүй амгалангийн ордыг зүрхэн чанадаасаа нээ!

Чи луун дуу шиг нүргэлэх алдар цууг хүртэж болно. Гэвч үнэн ёсыг таниагүй бол омогшиж явсан бүхэн чинь хожим орчлонгийн ёроолд хаях чулуу болно. Тийм учир үнэн ёсыг ухаар!