Зөвлөх гэж хэн бэ?

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилдаа орлоо.  Тэр одоо багаа бүрдүүлэх ажилдаа шуурхайлж байна. Эхлээд зөвлөхүүдээ томилно. Түрүүчээсээ тодорч буй нэрсээс үзэхүйд сайдын суудлаас мулталсан, ажилгүй болчихоод хэцүүдэж буй зэрэг хүмүүсийнхээ амыг хаах маягаар хийсэн сонголтууд харагдана. Энэ бол хуучин жишиг. Манай төрд ужигран шингэсэн, хамгийн уйтгартай жишиг. Төрийн өндөр албан тушаалтнуудад зөвлөдөг эрхмүүд шар ордны цайны газрын л байнгын үйлчлүүлэгчид байсаар ирсэн. Тоож зөвлүүлдэг ч үгүй, түлхээд явуулчихдаг ч үгүй ихэвчлэн тэтгэврийн насны, улс төрийн идэвхитэй амьдрал нь зогссон ийм л нөхдүүдийн эгнээгээр зөвлөхүүдийн өрөө дүүрч ирсэн.

Харин энэ жишигт ухаалаг хандсан удирдагч гэвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди,одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар байж магадгүй. Н.Багабанди жишээ нь, Москвагийн Гадаад харилцааны дээд сургууль төгссөн, дипломатч Д.Цогтбаатар гэдэг залууг Гадаад бодлогын зөвлөхөөрөө сонгож байлаа. Тухайн үед 32 хон настай энэ залууг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэхээр гаднаасаа нэг л бууж өгөхгүй харагдаад байж билээ. Төд удалгүй бид түүний “тархи”-ыг үнэлж эхэлсэн төдийгүй, Багабандийн “Электрон жаал” хэмээн сэм хүндэлдэг болсон сон. Байгаль орчны сайдаар хэдхэн сар ажиллаад бууж буй түүнд би хувьдаа харамсдаг. Сонгуулийн ид улайссан шуурганы цагаар түүнийг түймрийн голомтод ажиллахад сурвалжлагаар явсан юм. Байгаль хамгаалагчидтайгаа харьцаж байгаа харьцаа, хөдөөгийн хүмүүстэй шатсан уулын хормойд зогсоод ярилцаж байгаа байдал гээд бүх талаас нь ажиж шинжиж явав.Товчхон хэлэхэд тэр бүх л төвшинд өндөр зэрэглэлээр бэлтгэгдсэн хүн болох нь харагдаж, ийм л сайдуудтай байх ёстой юм даа гэж дотроо бахархсан. Ингэж хэллээ гээд Д.Цогтбаатарт тал заслаа гэж миний төлөө өдөр шөнөгүй зүтгэж байдаг интернэтийн  comment үйлдвэрлэгчид маань хараах байх. Ядаж бууж байгаа сайдад, ялагдаад ядарч яваа намын энэ нөхөрт долдойдох шаардлага надад үгүй шүү дээ. Зөвлөх хэмээх нэр төртэй албаны талаар л бодол саналаа хэлж буй маань энэ. 

Н.Багабандийн зөвлөх Н.Халиун гэж хүчирхэг бүсгүй байлаа. Бас л зөв сонголт биш гэж үү. Н.Халиун бол төрийн зөвлөхүүд дотор чамбай жишиг тогтоосон зөвлөх. 

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жишгийг улам чанаржуулсан. П.Цагаан шиг хүчирхэг зөвлөх, Л.Пүрэвсүрэн шиг зөвлөхийг хэн басах юм. М.Батчимэг гэхэд тун богино хугацаанд яралзсан сэхээтэн болохоо харуулж чадсан. Ц.Элбэгдорж дөнгөж АНУ-д мастер хамгаалаад ирсэн С. Эрдэнэболд гэдэг залууг зөвлөхөөрөө ажиллуулсан. Хэвлэлийн албаны даргаараа телевизийн ток шоугаараа үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн залуу сэтгүүлч С.Батзаяаг сонгосон. Энэ алхмууд бол бүгд сайн жишиг.

Ерөөс зөвлөхийн ажил бол улс төрийн наймааны золиос бологсод очдог, эсвэл өр шир төлөх маягаар аргацаадаг алба биш. Энэ төрийн бодлого шийдвэрүүдийн өмнө нуруутай үүрэг гүйцэтгэгчид, аппаратынхаа цэнэг бологсод, багийн чадварлаг тоглогчид байх ёстой гэж бодогдоно. 

Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол намын дарга хүн. Намын бүх зовлон нуруун дээр нь байгаа. Өчнөөн жил гудамжинд хувь заяагаараа хохироод тэнэчихсэн партизануудаас нь авахуулаад сонгуулд шороодож ирчихээд хошуугаа унжуулаад суучихсан нөхдүүд, сонгуульд эдийн засгийн хөшүүрэг болсон бүлэглэлүүд гээд ар өврөөс нь урж идэж байгаа. Тал талаасаа цэцэг шидүүлж байгаа мэт харагдавч тэр одоо тал талаасаа зулгаалгаж байгаа л гэж харвал үнэнд дүйцнэ. Тийм ч болохоор эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй сонголтууд хийгдээд эхэлж байгаа юм. Хэрэв ач санах үндэслэлээр албан тушаалд тавиад эхлэвэл хэмжүүр дээр нь дэндүү том асуултын тэмдэг тавигдаад эхлэнэ. Мэддэгээр нь хэвлэл мэдээллийн тал дээр жишээ татъя. Ихэнх нь намын гишүүнчлэлгүй байдаг энэ салбараас ямар нэгэн дарга бараг тавигддаггүй юм. Их л сүйхээтэй нь, сэтгүүлчийнхээ хувьд өрсөлдөөнд хүч үзэхээс залхсан, эсвэл бүр хүчрэхгүй зарим нь энд тэнд өдрийн од шиг ховор тавигддаг. Шударгаар хэлэхэд одоо жишээ нь Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар хаанаас хүн сонгогдвол “гоё” харагдах вэ. Би хувьдаа “Өдрийн сонин”, “Ардын эрх”, “Ийгл” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас л тодрох байх гэж бодож байна. Тодрох ёстой ч гэчихэд буруудахгүй. Аль ч талаас нь тэмтэрсэн ядрах үедээ ядарч, зүдрэх үедээ зүдэрч л явсан хүмүүс тэнд ажилладаг. Ардчиллын үйл хэрэгт залуу насаа шингээчихсэн, арав хорин жилийн амьдралаа зориулчихсан л хүмүүс шүү дээ. Аль ч төрийн үед нүүр алдаагүй, шарваад л гүйгээд байсан, хүнд хүчир он жилүүдэд үг ч үгүй, үсэг ч үгүй байсан нөхдүүд ганц сонгуулд жирийлгэчихээд албан тушаал сонирхож яваа бол АН-ынхан ялгаж салгаж л хандах ёстой. Түүх бол түүх л байдаг. Өдөр шөнөгүй эрүү үүсгэгдэж, нэг нэгнээ батлан дааж, үзэгнээс өөр юмгүй үзэлцэж, ганц худаг руу ачигдахдаа ачигдаж, адлагдаж явсан тэднийг маань эрчүүдэд эрхэлж явдаг шилэн оймстой хүүхнүүдээс илүү л бодох ёстой мэт санагдана.

Ерөнхийлөгчийн байр суурин дээр гишгэх үү, яах уу?     

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдад ажилд нь амжилт хүсээд “Монгол түмэн засгийн газраасаа олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Хуулийн дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирэх асуудал байгаа. Мөн хуулийн дагуу Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ хоёр зүйлийг анхаараарай гэж хэлэх байна. Засгийн газрын бүтцийг хийхдээ тухайн цаг үед тохирсон, урт хугацаанд Монголын ард түмний өмнө ямар асуудал тулгамдаж байна, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг анхаарч түүнд нийцсэн байдлаар бүтцээ хийж ажиллаарай. Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд миний өмнө нь барьж байсан байр суурь хэвээрээ байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож асуудлыг оруулж ирээрэй. Улс орон, ард түмний өмнө тулгамдаж байгаа олон асуудал байгаа. Тэдгээрийг шийдвэрлэх чадвартай чадварлаг бүтэц бүрэлдэхүүн бий болно гэдэгт итгэж байна, амжилт хүсье” гэж хэлэв.

Гэвч Ерөнхийлөгчийн өгсөн энэхүү чиглэлийг дагах бололцоо байна уу. Бараг л байхгүй харагдаад байх юм. О.Чулуунбат, Ц.Оюундарь, С.Ламбаа нараас бусад нь парламентын танхимаас л орж ирэх шинжтэй болоод явчихлаа.  Н.Энхбаярын эвслийнхэн Байгаль орчны яаман дээр Г.Шийлэгдамбыг санал болгож буй сураг байна. Зөвшилцөлд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй.  Харин шадар сайдаар Д.Тэрбишдагва, тэргүүн шадар сайдаар Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат яригдаж байна. Тэдний хувьд эдгээр албан тушаалууд дээр очиход эсэргүүцэж сүйд болох үндэслэл байхгүй. Харин өөр нэг сонин мэдээлэл байгаа юм. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж ирэхгүй гэх нууц тохироо хийсэн гэх. Хэрэв энэ үнэн бол Эвслийн Засгийн газар элгэндээ тэсрэх бөмбөг буллаа л гэсэн үг. Ялангуяа М.Энхсайханаас ингэтлээ шийрэгнэж буй нь Монголын улс төр олон жил идэгдэж ирсэн өс хонзонгийн вирусээсээ салж чадахгүй байгаагийн л шинж. М.Энхсайхан байтугай түүнтэй жиших ч бололцоогүй өрөвдмөөр жижиг гарын улс төрийн наймаачид эдний хашаанд хэсэг бусгаараа орж ирчихээд ичихийг умартан гүйлдэж байгаа бус уу. М.Энхсайханд бараадах хүн Н.Энхбаярын эвсэлд байхгүй шүү дээ. 

 “Улс төрийн атаархал төрүүлдэггүй хүн бол хэн ч биш” гэж шинэхэн спикер З.Энхболд өчигдөр нэгэн ярилцлаганд орохдоо хэлсэн. Тонгорог шиг гялтганасан үг юм. Чухам энэ үгийг  М.Энхсайханд хамаатуулж хэлж болно. Түүнийг төрийн байшингаас хол явахад ч улс төрийн бүх гар урчууд болгоомжилж явах юм даа. Хийсэн алхмууд нь уг нь улс төрийн элгэнд гэхээсээ илүү өөртөө авсан шарх болж үлдсэн ч юм шиг санагддаг. Нөгөө талаас түүний явсан суусныг авч үзэхэд олон талтай л юмнууд харагддаг . Ийм л юм.

Шинэ үеийн хамгийн том улс төр  эргэлт буцалтгүйгээр “Эдийн засаг-бизнес” болж хувирсан энэ цаг үед тулгуур соёлгүй, тулгуур нэр хүндгүй, тулгуур эрдэм оюунгүй байдаг л нэг хуучинсаг улстөрчдөөр бүчүүлээд Н.Атанхуяг хаа хүртэл явах бол. Түүнд баг авч явах чадвар байгаа. Төрд зүтгэх, ачаа даах тэнхээ нь ч байгаа. Хэнтэй ч эвлэрч уужирч, итгэж найдаж чаддаг чанар ч бий. Гэхдээ нохдууд нь боорлоод түүнийг хөдөлгөхгүй дээ. Ийм л юм.

Манай улс төрийнхөн шар байшиндаа шавааралдан суугаад хэрэлдэж байна. Энийгээ улсын төлөө ухаан бодлоо уралдуулж байгаа явдал гэж олон жил тайлбарлаж ирсэн. Хувийн чанараараа өчүүхэн жижиг улсууд өөрөөсөө илүүгээс дайжиж, өлмий өсгийтэй нь ноцолдож явдаг зулгуйчдаар  хүрээлүүлдэг. Тийм ч болохоор бүх амьдрал нь илүүтэйгээ шадарлах биш илүүтэйгээ тэмцэлдэхэд үрэгддэг. Ерөөсөө манайхны ёс суртахууныхаа хувьд тээж явдаг зовлон нь илүүгээ хүлээн зөвшөөрч сураагүйн л зовлон байдаг. Ийм гоо зүйтэй улс орон үсрэнгүй реформ энэ тэр гэж ярих хэцүү бодогдоно. Улам л алс санагдана. Яах ч ёстой юм бүү мэд....