Будда нөгөө ертөнцийн тухай ярьдаггүй. Тэр зүгээр л энэ ертөнцөд яаж амьдрахыг заадаг. Дотоод чанадын хоосон чанараа элдэв түйтгэрээр хааж халхлалгүй сэрүүн тунгалаг, сэрэмж төгөлдөр байхыг сургадаг. Энэ ертөнцөд сэрүүн тунгалаг оршиж чадах юм бол ертөнц чам руу халдаж чадахгүй.

Нөгөө ертөнцийн гэгдэх шашин суртахуун бүхэн хүчирхийлэгч, дарангуйлагч, садо-мазохист, товчдоо гаж шинжтэй. Буддагийн шашин суртахуунд тэс өөр эрүүл оюун санааны анхилга бий. Энэ бол ягшмал үзэлгүйн анхилга, хоосон мөрөөдөлгүйн анхилга, нөгөө ертөнцгүйн анхилга. Анхилам цэцэгэнд, одоо л буй. Хаа холоос хайж тэнүүчлэх хэрэггүй. Бүх зүйл хэдийнээ заяагдсан. Зүгээр л нүдээ нээж, сонороо тавь. Хараа чинь хурц болохын хэрээр гэрэл тодорно. Сонор чинь соргог болохын хэрээр аялгуу ундарна. Энэ бүхэн чиний хэр зэрэг сэхээлэг байхаас шууд хамааралтай. Ухамсар сэхээгээ алдах юм болоршихуйг ч алдах болно. Нойронд автах юм бол, мансууралд живэх юмбол алдаж таараа. Сэхээлэг байх, эс байхын ялгааг сайтар анзаараад үз. Сэхээлэг үедээ чи өөртөө үндэслэж, төвлөрсөн байна. Оршихуй чиний орон гэр, буй чанар болсон байна. Сэхээгээ алдсан үед чи үндэсгүй хамхуул, орон гэргүй тэнүүлч болсон байна.

Тийм учир Буддагийн бүх захиас сэхээлэг байхыг онцолдог. Ухамсар сэхээ оршихуйг илчилдэг. Ухамсах сэхээ чамайг бүтээдэг. Чи өөрөөсөө хичнээн хол алдуурсан яваагаа мэдэхгүй байна. Чиний жинхэнэ мөн чанар төсөөлшгүй аугаа, тодорхойлшгүй түүнчилэн чанар. “Би” гэж төсөөлж, тодорхойлж байгаа бүхэн чинь сарниж замхрахад хил хязгааргүй тэрбээр тодорно. Цэвэр мөн чанартаа орь ганцаар үлдэх энэ бясалгалыг Будда “үнэн зөв бясалгал” буюу Саммасамадхи гэж нэрлэсэн юм. Ганцаар байх нь ганцаардах биш гэдгийг санаарай. “Ганцаараа” (alone) гэсэн үгийн гоо сайхныг анзаарч байсан уу? Энэ бол “бүгд” (all), “нэг” (one) гэсэн хоёр үгийн нийлбэр. Орь ганцаар үлдэхдээ чи бүх ертөнцтэй нэгддэг гэсэн үг.

Ганцаар байхад ганцаардал байх боломжгүй. Бүх ертөнцтэй нэгдсэн байхад яаж ганцаардах юм бэ? Тийм учир бусдаас салахвий, амьдралаас тасрахвий гэж санаа зовних хэрэггүй. Нэг ба бүхлийн ялгаа нэгэнт замхрах хойно юундаа бачуурах вэ. Нэг өөрөө бүхэл болж, бүхэл өөрөө нэг болно. Alone гэдэгэнэ үгэнд цаглашгүй гоо сайхан бий. Энэ гоо сайхныг Будда Саммасамадхи гэдэг үгээр илэрхийлжээ. Үнэн зөв бясалгал бол үнэмлэхүй ганцаар оршихуй агаад бүхэлтэй нэгдэхийн нэр. Хоосон чанарт уусахад чиний хил хязгаар алга болно. Хоосон чанарт уягдах нэр томъёо, барьцалдах дүр хэлбэр үгүй. Тэрбээр өнгөгүй тунгалаг, жингүй хоосон. Хил хязгаар, зааг ялгаа бүхэн замхрахад чи оршихуйд уусч, оршихуй чамд уусна. Чи өнчин арал байхаа больж, элчилгүй уудам эх газар болно.

Эх сурвалж: The Diamond Sutra by Osho.