Монголын парламент ирэх оны төсвийн хэлэлцүүлгээ эхэллээ. Төсвийн хэлэлцүүлэг бол парламентын амин чухал хэлэлцүүлгүүдийн нэг. Энэ дээр л парламентын гишүүд овсгоо самбаа, ухаан бодлоо уралдуулдаг жамтай. Манай сангийн сайд төсөв бол дайчин, шинэчлэгч чанарыг агуулсан байх учиртай гэжээ. Молхи би бол хамгийн жирийнээр хэлэхэд төсөв бол иргэд нь хөлөө жийхэд боломжийн нөмөргөчих хөнжил шиг л байх ёстой гэж бодном. Мэдээж хүсэл бол өөр зүйл. Нийгмийн амьдралд чансааны өөрчлөлтүүд гарч, тэрийгээ нутагшуулж үлдэж чадаж байвал сайн. Мөн төсөв романтиклаж, нисч болохгүй. Бодит хөрсөн дээрх амьдралтайгаа авцалдсан байх хэрэгтэй. Энэ зэргийг бол манай цэцэн саруул Сангийн сайд торохгүй илтгэчихэж байх шиг байна.

Парламентад байгаа МАН-ын гишүүд төсвийн төслийг дэндүү хариуцлагагүй болсон тул буцаах хэрэгтэй гэж шүүмжилж байгаа. Бүлэггүй, дэл сул яваа тэдний эл шүүмжлэлээс ерөнхийдөө ул суурьгүй улс төржилт ханхалж байна. Уг нь улс төржилтөө төсвөөс л хол очиж хийх хэрэгтэй байгаа юм. Төсвийн өмнө хуулиар тогтоогдсон  шалгуурууд бий. Тэр шалгууруудтай л тулгаж сөрнө үү гэхээс хий  уурссан, улгүй улс төрөөр төсөвт хандаж болохгүй.

Нөгөө талаар шинэчлэлийн ч билүү сүржин нэртэй эвсэж нийлж үйлээ үзэж байж байгуулагдсан энэ Засгийн газарт төсөв дээр “суух” хангалттай хугацаа байгаагүй тул парламент шүүсийг нь сайтар шахаж байж батлах нь зөв. Ганцхан хоосон, хөөсөрсөн улс төр л хэрэггүй. Нэг тал нь улс төржиж, нөгөө тал нь элдэв гялгар нэр томъёо мэтхэнээр хөөцөлдсөн, дундаа цаг алдаж хэмлэлдсэн, үндсэн ашиг хонжоогоо дандаа улс төр лүү харж тооцсон байдалтай л өнөөгийн улс төр явж байна. Нөгөө муу төсвөө яагаа ч үгүй байхад “Шинэчлэлийн төсөв”  гээд өхөөрдөөд нэрлэчихсэн л туугаад байх жишээтэй. Элдэв нэр томъёо хэрэггүй. Зүгээр л суурилаг хандъя. Сонгуулийн дараахь жилийн улсын төсөв бол улс төрийн намуудын жинхэнэ “байлддаг” төсөв байдаг. Учир нь дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх бүх бодлогуудын суурийг тавьдаг төсөв учраас. Хуучны тулхтай гишүүд төсвийг шүүмжилж байна. Мэдээж улс төржилт дээр суурилсан шүүмжлэл гол төлөв өрнөж байгаа. Гэхдээ “шинэчлэлийн төсөв” гээчээс шинэчлэлийн бодлого нь үнэртэхгүй байна гэдэг шүүмжлэл үнэний ортой. Нөгөө талаар яг юу хийх гэж байгаа нь тодорхойгүй цулгар цулгар их мөнгө тавьж орж ирээд хүч түрэн батлуулж байгаа нь энгийнээр хэлэхэд хар дагуулж, эвгүйхэн хэлчихэд элэг барьсан түрэмгийллийг ханхлуулж байна. Ингэхэд төсвийн ил тод байдал хааччихав аа.

Одоо сөрөг хүчний зүгээс энэ оны төсвийг тойрсон бөөн гонгиноон хөврөнө. Дээр нь гишүүдийн алдарт хэл амны бай болдог 76 тэрбум “алга болжээ”. Алга болжээ ч гэж дээ, намынхаа тархин дээр гарчихсан хэдэн атаманууд тойрог руугаа татсан байна. Тодуулбал, Архангай, Баянхонгор аймгууд руу тус бүр 40 өөд тэрбум төгрөг сэм гулгах нь. Тойрог бүр дээр тархан хүрдэг байсан тэр их мөнгө хоёр сайдын тойрогт цул цулаараа очих болж. Сайхан л хэрэг. Гишүүд үүнд нь унтууцан бухимдацгааж байгаа ч “Та хоёр одоо хаан юм уу, заан юм уу” гээд хашгирчих зоригтон алга. Нөгөө талаас энэ хувилбар хуучнаасаа дээр хувилбар гэж би бодном. Гишүүдийн тэрбум зүгээр л сум орон нутагт байр сав засах, дусаал гоождог дээвэр нөхөх, шал будах зэрэгт урсаад өнгөрдөг нь үнэн. Улсын тэр их мөнгө юм болдоггүй байлаа. Жилийн дараа нөгөө хийгээд байсан засвар нь байхгүй. Дусаал дусагнасан хэвээр, шалны шар будагнууд халцраад уначихсан л байдаг. 76 тэрбум төгрөгийг зүгээр л ингээд салаагаараа урсгаж байдаг салан, баян улс билүү, бид. Тийм болохоор хэдийгээр жаахан эрээ цээргүй, түрэмгий харагдаж байгаа ч ядаж хоёр аймагт маань 40, 40 тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт хийгдэх нь. Хийж чадах товарищууд тойрог руугаа  “туучихсан” байна л даа. За, энэ ч яахав.

Биднийг хомсхон төсвөө тойрон хойно урдаа барьж гүйн хэрэлдэж байх зуур хойд хөрш маань нөөцийн сангаа дүүргэж эхлэв. Айл авдар савандаа “юм”-тай байхаар шийдэн бийлэгжүү хөдөлж байхыг харах сайхан юм. Орос ах нар эдийн засгийн хямралд ийнхүү бэлтгэж байна. Харин манайх яаж байна вэ. Улсынхаа төсвийн бараг 90 хувийг татвараар бүрдүүлэхээр дайрч байгаа явдал түгшүүр төрүүлнэ. Түгшүүр...ахиад түгшүүр шүү.  Энэ бол үндэсний татвар төлөгчдийг шахаж дарамталж мөнгө аваад түүгээрээ улс төрийн буурин дээр оршин тогтнох гэсэн харгис бодлого. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн бүх хөтөлбөрүүдийн эдийн засгийн эх үүсвэр эргэж, эргэлзэх зүйлгүйгээр татвар...бас дахин татвар байх гэж үү. Ийм харгис бодлого явуулж дотоодын компаниудаа дарамтлах аваас тэд хаалгаа хаагаад гарч явцгаах болно. Хэзээ эх оронд нь бизнесийн таатай орчин бүрэлдэхийг хүний газар хүлээн хэвтэхээр нисцгээнэ шүү дээ. Нэг их айгаад байх нээрээ юу билээ. Нисээд байх ч олон компани байхгүй юм байна. Уул уурхайн хэдэн компани л байна шүү дээ.

Шинэ Засгийн газрын “тархи”  өмнөх уламжлалаас илүү арга зам олж чадсангүй. Ирэх жилийн төсвийн зарлагаа уул уурхайн хэдэн компаниа л дарамталж гаргуулахаар үзэглэж байна.  Ядаж байхад төсвийн зарцуулалт дээр хяналт тавих олигтойхон сөрөг хүчин алга. Юун зарцуулалт дээр хяналт тавьж чадах төсвийг зураг байхад нь ч тэд гар бие оролцож чадахгүй байна шүү дээ.

Бүлэггүй, байнгын хороо ч үгүй, барилцаад авах баатар ч үгүй боллоо, одоо бүр. Тэгэхээр хаа сайгүй дур зорго...ахин дур зорго л явж байхаас өөр яахав. Арай төсвийн мөнгөөр Эрээнд очоод юм бариад унахгүй байлгүй. Эх орноосоо хаачив гэж. Тийм болохоор сайдтай аймгуудын сайжирч байгааг сайдгүй нь шүлсээ гуд хийтэл залгичихаад хээгүйхэн харж амьдаря.

Яг  үнэндээ энэ жилийн төсвийн хэлэлцүүлэг мэргэжлийн “голос”-ууд багатай, хий бие биенийхээ амыг дагуулсан, намаас өгсөн чиглэлдээ баригдсан маягтай өлбөгөр явагдаж байна билээ. Манай мундаг гишүүд улс төржихдөө л гарамгай “амьтад” юм. Өөр том том сэдвүүд дээр тоглочих хүн тоотой. Ийм л парламент.

Төсөв ийм л орчинд,ийм л байр байдалтай батлагдаж байна. Нийгмийн чиглэлийн төсөв болсонгүй хэмээн  зарим нь Ерөнхий сайдыг хариг харамчаар нь дуудаж байна. Нийгмийн чиглэлтэй нялуун бодлогуудаар өнгөрсөн дөрвөн жил хангалттай угжуулсан бид одоо Төрөөс халамж гуйх эрхгүй. Харлаа. Халамжинд хангалттай самуурцгаахаа. Хамгийн их мөнгө авсан ч хамгийн муу дүнг хариуд нь эрх баригчдад өглөө. (тухайн үеийн эрх баригчдад) Энэ бол нийгмийн чиглэлийн халамжуудаар нийтээ аргацааж болдоггүйн хариу байв. Тийм болохоор нийгмийн чиглэлээс дөлж зурагдсан талаас нь энэ төсвийг би хувьдаа хурц шүүмжлэхгүй.  
Харин хямралын эсрэг программууд суулгаж өгөөгүй нь дэндүү нимгэн гишүүдтэйг нь, дэндүү гоомой асуудалд ханддагийг нь илтгэж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээ хавтгай дээр нийтээр нь том жижиггүй жагсааж байгаад татвараар хуу дарамтлах гэснээрээ харгис төсөв боллоо. Хамгийн гол нь тэднээс хэн ч юу ч асуухгүй байна. Таван тэрбумын бондод зориулан хуульд өөрчлөлт оруулж буйг нь ч, ийш ийш нь том том битүү утгатай мөнгө тавьж залидах гээд байгааг нь ч хэн ч асууж шалахгүй байна. Дотроос биш юм аа гэхэд жишээ нь, гаднаас Худалдаа аж үйлдвэрийн танхим гэж урьд нь дуугардаг газар байсан сан. Одоо таг болжээ. Гаднаас хэлдэг байсан хэд нь дотор орж ирээд таг. Засаг төр маань улам л  хяналтгүй болсоор.

Гэтэл  цаана чинь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байна.  Эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулж, улс орон болгон гэр дотроо төвхнөхийн төлөө зүтгэж байна. Хөөрхий бидний монголчуудад өөрсдөөс маань шалтгаалдаггүй том дарамт бас ирдэг. Тэр бол шатахуун. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортод гаргадаг татвараа ирэх онд хэдэн хувиар нэмэхийг бид таашгүй шүү дээ. Энэ бол бидний том зовлон. Том зовлон дээрээ бид нэгдэж сурмаар байна. Том зовлонгоо хаяж биш харж ажиллая. 

Гурав хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр  Засгийн газрын мэдээллийг сонссоны дараа гишүүд нефтийн бүтээгдэхүүний үнэ хэр тогтвортой байх талаар Уул уурхайн сайдаас лавлалаа. Энэ үеэр Сайд Д.Ганхуяг “Монгол Улс “Роснефть”-иэс 85 хувийн хамааралтай байгаа” гэж шууд хариулав.  Мөн  “Роснефть” нь техникийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний олборлолт нь багассан, энэ нь нийлүүлэлт талд хомсдол үүсгэж болзошгүй. Ер нь Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд гадаадаас аль болох хараат бус болохын тулд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Нөгөө талаас нефть импортлох сувгаа аль болох олон болгох нь чухал байна” гэж сайд мэдэгдлээ. Энэ бол монгол хүн бүрийн санаж явах ёстой, мартаж алмайрч болохгүй “түгшүүр билээ.

Мах, МАН, АН, Бонд, Боом гэсэн сэдвүүдээс илүү айлган дагжуулж байдаг энэ түгшүүрээ Монголчууд бид шийдэхсэн. Энэний төлөө бол ямар ч чөтгөрийн Засгийн газар байсан хамтарч ажиллахсан.