“Нэгээхэн төдий ариун сүсэг үүсгэснээр хэмжээлшгүй буян хураана” гэж Будда хэлсэн. Чин сүсгийн ганц л долгион хүнийг хувиргах хүчтэй аж. Сүсэг гэдэг үгээр Будда юуг илэрхийлсэн бэ? Жир олонхийн сүсэг бол айдсаас өөр юу ч биш. Сүм, чуулган, гүрүдварад очиход аймхай хүмүүстэй л таарна. Тэд амьдралаас, бас үхлээс айсандаа аль нэг бурхан тэнгэр, аврагч эзний нөмөрт орохыг хүсдэг. Эсвэл аав, ээж, асран хамгаалагчаа алдсан хойно тэнгэрийн орон руу хүүшлэн тусгаж, гараас нь хөтлөхийг санаархдаг. Тэд бол насанд хүрэгсэд биш. Нас бие нь өслөө ч хөлд орж буй нялхас шиг хэн нэгнээс зуурахгүй л бол бие дааж алхаж чаддаггүй хүмүүс.

Айдсаас үүдсэн шүтлэг бол жинхэнэ шашин биш. Энэ бол сармагчны шашин, хэлбэрдэгчийн шашин. Айдсаас үүдсэн мухар сүжгийг Будда энд хэлээгүй. Шраддха хэмээх самгарьд үгийн утга нь өөртөө итгэх итгэл юм .Өөртөө итгэх итгэлд суурилсан шашныг Будда зөв шашин гэж хэлдэг. Бодит ахуйд айдас хүйдсээр биш, аймшиггүй зоригоор л хүрнэ. Үүнд өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Айдас, итгэл хоёр үнэхээр харш. Аймхай хүн юунд ч хүрэхгүй. Залбирал, бясалгал үйлдэвч тэр нь өөрийгөө хамгаалах стратегиэс өөр юу ч биш.

Итгэлт хүн уярч хайлж, урсч чаддаг. Оршихуйн их урсгалд нэгдэж, хаа ч хүрэхээс үл буцах зориг зүрх түүнээс гарна. Энэ бол миний туршлага, бас ажиглалт. Хүчирхэг хүмүүс л уярч хайлж чаддаг юм. Өөрсдийгөө хүчирхэг гэж боддог сул дорой хүмүүс хэв загвараа эвдэж, урсахаас үнэхээр айдаг. Өөртөө итгэлтэй хүн л чанадыг зүглэж, нууцыг тайлах аянд мордохдоо бэлэн. Эрсдэл бол түүний нуувч, баталгаагүй нь түүний баталгаа. Тэрээр оршихуйн хамгийн гүн ёроол, хамгийн дээд оргилд хүртэл аялахыг хүсдэг. Өөрийгөө хэн гэдгээ бүрэн төгс танин мэдэхийг эгээрдэг.

Хүчирхэг хүнд нуугдах нуувч, хоргодох саравч хэрэггүй. “Би энд харь нэгэн биш, энгүй оршихуйн харъяат. Оршихуйн адад эхийн хайраар хандахаас биш дайсагнаж яахин чадах. Өөр хэн нэгэн биш, зөвхөн миний л туурвих онцгой нэгэн хувь зохиол байгаа болоод л би энд байгаа. Тийм бишсэн бол оршихуй намайг юунд бүтээх вэ” гэж мэдэрдэг. Ийм итгэлийг Будда шраддха гэсэн үгээр илэрхийлсэн юм.

“Нэгээхэн төдий ариун сүсэг үүсгэснээр...” Энд бас “ариун” гэсэн тодотгол байна. Ариун хийгээд ариун бусыг хэрхэн ялгах вэ? Аниргүй нам гүмээс төрсөн бол тэр ариун сүсэг юм. Сэтгэлийн үймээн шуугианаас төрсөн бол мухар сүжиг, сохор найдлага төдий. Нэгэнд нь найдсанаараа чи нөгөөтэй нь тэмцэлдэх болно. Энэ дэлхийд гурван зуун шашин бий. Шашин бүрт олон арван сект бий. Тэр бүхэн чамайг өмчлөхийг оролдож, талталаас чинь татаж чангаадаг. Алийг нь сонгож, хэнийг нь дагах вэ? Хэрэв чи үймээн шуугиан дунд сонголт хийх юм бол хагарч бутарна. Сэтгэлийн чинь нөгөө тал “Чи буруу сонголт хийсэн шүү” гэж шургасаар эрт, орой нэг цагт эрэмдэг зэрэмдэг амьтан болно. Буддагийн заасан ариун сүсэг бол сонголтоос биш, ухаарлаас үүсдэг. Үймээн шуугианаас биш, аниргүй зүрхнээс төрдөг...

Сонголт хийх гэж битгий яар. Сонголтгүй төлөвт орш. Бясалга, залбир, анир чимээгүй дуус. Тэр аниргүйн гүнээс сонголт өөрөө тодрох цаг ирнэ. Лянхуа цэцэг цоморлигоо нээх шиг найрсал зохицлоос мэндэлнэ. Энэ бол нөгөө тохиолдоо дайсагнадаг сонголт биш. Чиний жинхэнэ мөн чанарын анхилга юм. Үүнийг л Будда ариун сүсэг гэжээ. Ариун сүсгийн нэгээхэн давалгаанд хүн хувирах боломжтой гэж тэр хэлсэн.

Яахаа мэдэхгүй үймэрч хямарч байгаа бол зүгээр л хүлээ. Чи яаж сонгох юм бэ? Сонголт хийх билигт хараахан хүрээгүй байна. Чиний төлөө сонгох эрхийг Бурханд өг. Тэгэхдээ сэтгэлийн зальжин тоглоом давтуузай. Бурханаас ирсэн мэтээр өөрт чинь итгүүлж, арын хаалгаар сэтгэл чинь сонголтоо шургуулж мэднэ. “Битгий сонго” гэж хэлээд байгаа маань сонголтын тухай март гэсэн үг. Нам гүмхэн бясалгаж, бодлын үймээн, сэтгэлийн шуугиангүй болсон цагт гэв гэнэт бүх юм шийдэгдсэн байгааг мэдэрнэ. Энэ бол чиний шийдвэр биш, Бурханы таалал. Тийм учраасюу ч байсан зөв.

Эх сурвалж: The Diamond Sutra by Osho