Арилжааны банкууд зөвхөн ашгаа бодож иргэдийг хүүлж, шулдаг тухай нэгэн залуухан сэтгүүлч ТВ –ээр ярьлаа. Бас тэтгэвэрийн хөгшинд урт хугацаатай зээл өгөөгүй (зээлээ төлж дуусахад нас нь хүрэхгүй гэж үзсэн бололтой) явдлыг мань сэтгүүлч Гестапо шиг хүний ёсноос гажууд зүйл мэт дэлгэц дүүрэн шогширлоо. Банкууд ядууст хүүгүй зээл олгох ёстой ч гэх шиг. Түүнийхээр бол ашгаа бодохгүй “сайхан сэтгэл өвөрлөж” арилжааны банк ажиллах ёстой юм гэнэ. Соц хүмүүжилтэй хуучны хүн биш, үе тэнгийн залуу ингэж ярихаар очоод цохиод авмаар санагдах юм. Тэтгэвэрийн насны хөгшид бүхэнд, ер нь ядарсан ядуус бүхэнд зээл олгож, буян үйлдээд эхэлбэл эцэст нь банк ч үгүй зээл ч үгүй хоцорно гэдгийг ойлгодоггүй юм байхдаа.

Жил жилийн намар оюутны төлбөр нэмж “нүгэл” үйлдсэн их сургуулиудыг нийтээрээ хараадаг. Эрхийн балай хүүдээ сая таван зуугийн утас авч өгөхдөө гар татахгүй эцэг эхчүүд төдий дайны сургалтын төлбөр төлөхдөө чухамхүү ихээр халаглаж, амьдралд нь ачаа нэмж буй зовлон тоочдог. Сургалтын төлбөрийг хүчээр барьж буй “буян” нь өрөөндөө компютергүй, проектороо булаалдсан МУИС –ын багш нар. Нээрээ шүү, лав манай өрөөнд зургаан багш суудаг. Хоёр нь л компютертой, хуучны эд л дээ. Физик, химийн лабароториудад СССР –ын үеийн том том төмөрнүүдээс өөр олигтой зүйл үгүй. Сэргэлэн зантай байвал нэг төгсөгчдөөсөө гуйж нэг анги тохижуулаад өөрийнх нь нэрэмжит болгодог юм. Баян төрийн Буян дааж яваа оюутнууд азтай. Хямд төлбөрөөр “буян” үйлдэж буй сургуулиуд харин хөгжиж дэвшсэнгүй дээ. Оюутны холбоондоо базуулдаг боловсролын сайд нарын буухиа тасрахгүй шинжтэй.