”Элэг бүтэн байхын чухлыг ойлгуулах гэж явна”
Манай “Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй үргэлж дуулиан шуугианы “бай” болж явдаг, нэгэн өвөрмөц зочныг уулзуулах гэж байна.
С.ЖАВХЛАН: МОНГОЛ НЭГ БАЙХ, ЭЛЭГ БҮТЭН БАЙХЫН ЧУХЛЫГ Л ОЙЛГУУЛАХ ГЭЖ ЯВНА
Манай “Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй үргэлж дуулиан шуугианы “бай” болж явдаг, нэгэн өвөрмөц зочныг уулзуулах гэж байна. Тийм ээ, тэр бол хийсэн алхам, хэлсэн үг, амьдарч буй хэв маяг гээд бүхий л зүйлсээрээ өөрийн эрхгүй олны анхаарлын төвд байдаг хүн юм. Түүнийг нийтийн дууны ханхүү хэмээн “өхөөрддөг” байсан цаг аль хэдийнэ өөрчлөгдөж, “шизотой”, “галзуу”, “бөө” гэх мэт нэр хочийг хайр найргүй зүүлгэх болсоор уджээ. Гэсэн ч тэр гөжих мэт, бардах мэт, асах мэт өөрийнхөөрөө алхсаар л байна.
Ингээд та бүхнийг Монгол Улсын гавьяат жүжигчин, нийтийн дууны ертөнцийн орчин цагийн супер мастер Самандын ЖАВХЛАНТАЙ уулзуулъя.
-Санаа бол аль эрт надад байсан. Тэгээд байнга л бодогдоод явдаг байлаа. Үүнийг заавал хийнэ дээ гээд л, өөрийгөө бэлтгээд явсан. Яг шуударсан ерөнхий бэлтгэл ажил бол түрүү намраас эхэлсэн. Аливаа нэг үйл хэргийг бодчихоод, дараа нь төлөвлөчихөөд, түүнийгээ хүмүүст ойлгуулах гэж л их цаг хугацаа авдаг юм байна. Тэр хооронд чинь мэдээж залуу л хүн болсон хойно булгилж, буцалж, түүгээрээ өвчилж юм юмыг л туулах болдог юм байна. Тэгээд хүмүүст туссан тэр тусгалаас ямар хариу ирэхийг хүлээнэ. Энэ их олон хүнд өөрийнхөө хийх гэж байгааг зөвөөр ойлгуулахын тулд явна гэдэг их хүнд байдаг юм байна. Бодож, төлөвлөсөн, зорьсон зүйл нь өөрөө сайн сайхан, энэ улс түмэнд хэрэгтэй юм байгаад байдаг. Наана нь мэдээллийн янз бүрийн зөрүү гараад, урдаас цохилтууд ирээд байх, ялангуяа энэ нь цагийг асар их үрэх нь л их хэцүү юм билээ. Тэгээд яахав, зорьсны эцэст эхнийхээ том арга хэмжээг Улаанбаатар хотноо хийж чадлаа. Энэ төсөл цаашаа илүү тэлж явна. Тэлэхийн хэрээр түмэн олон монголчуудын сэтгэлийн гүнд оршиж, омогшуулж, нэгтгэсэн асар том давалгаа болох нь ойлгомжтой.
-Та бол XXI зууны эхээр шуугиулан гарч ирээд, асар хурдан ард түмнийг эзэмдсэн дуучин. Чухам яагаад хамгийн анх зохиолын дууны төрлийг сонгосон юм бол гэж би хувьдаа боддог юм. Зохиолын дуу буюу нийтийн дууны энэ урлаг дуурийн урлагаас, рок поп урлагаас, жаазаас жишээ нь зиндаагаар гэх юм уу даа доогуур эрэмбэлэгддэг. Бичигдээгүй хууль гэдэг шиг ийм нэг зэрэг дэвийн тухай ойлголт хүмүүст байдаг. Та мэдэрдэг байх. Тэгсэн ч та энэ рүү орсон. Дуучны хувьд энэ таны хийсэн нэлээн том сонголт байсан байх. Хүн амьдралдаа сонголтыг өөрөө л хийдэг. Энэ сонголт таны амьдралдаа хийсэн түүхэн сонголт учраас асууя гэж бодож явлаа.
-Миний хувьд зэрэг зиндааны хувьд тэгж дугаарлаж үздэггүй. Тухайн дуучин хүн яг ямар чиглэлийг сонгож ороод, тэрэн дотроо хэр чадалтай ажиллаж чадаж байна вэ гэдэг нь л илүү сонин байх л даа.
-Хоолойны цар хүрээ хүрэхгүйн зовлон гэх мэт шалтгаан бол байхгүй юу?
-Италиас хүмүүс ирээд намайг нэг сар шахам дагаад хамт явж байсан юм. Яг энэ өөрийн чинь дуулж байгаа чиглэлийг дэлхийд гаргаж ирье. Хоёр жилийн хугацаатай дөрвөн сая долларын гэрээ хийе. Та хажуудаа найз нөхдөө, эргэн тойрны хүмүүсээ аваад явж болно гэсэн. Италиас надад ийм том санал ирж байсан л даа. 2005 оны үед. Гэхдээ энэ эх орон нутаг усандаа төрчихөөд, энэ түмэн олондоо би хэн бэ гэдгээ харуулж, хэн бэ гэдгээ таниулж, энэ түмэн олондоо “баярлалаа” гэж хэлээгүй байж бусдын эх оронд очоод, бусдын хэлээр дуулаад явахыг би дээд зиндаа гэж тооцоогүй л дээ.
-Уучлаарай, та чинь явахаар шийдээд “Баяртай” гэсэн тоглолт хийж байсан биш билүү?
-“Баяртай” гэдэг тоглолт миний хувьд хийж байгаагүй л дээ. Яахав зохион байгуулж байгаа хүмүүсээс сурталчилгааны явцад тийм санаа гарсан байж магадгүй. Тэр бол “Монголын үнэртэй салхи” гэдэг тоглолт байсан л даа. 2005 оны үед би Японд уригдаж очсон юм. Дэлгүүрт намайг дээлтэй явж байхыг италиуд харчихаад ирж зураг авахуулаад, уулзаж танилцсан. Та хаанаас ирсэн, ямар хүн бэ. Их сонин содон байна гээд.
Тухайн үед би монгол хүн, монгол дуучин байна гэхэд тэд Монгол чинь хаана байдаг юм бэ гэж надаас асуусныг би ерөөсөө мартдаггүй юм. Та ямар гоё хувцас өмссөн юм бэ, танаас тийм ер бусын хүч мэдрэгдэж байна гээд л. Та хаанахынх вэ гэхэд нь би Монгол гэсэн чинь мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би тайлбарласан л даа. Чингис хааныг мэдэх үү гэхэд Чингис хаан чинь Чита гэдэг мужаас төрсөн билүү гээд андуураад будлиад байсан л даа. Бидний эх орон бидний өвөг дээдсийг мэдэхгүй байхад бид тэднийг мэдэж дууг нь дуулж өгөөд яах юм бэ. Тэгээд би 2005 оны төгсгөлөөр италиудад хэлсэн. Та нар монгол хэл сурах хэрэгтэй. Та нарыг монгол дуу дуултал чинь би дуулах болно. Би явж биш, та нар миний дууг ирж сонсоорой гэж . Хэрвээ өөр шийдвэр гаргасан бол би одоо хаана ч яваа билээ. Тэгэхээр намайг удирдаж, залж байдаг, миний дотроос чиг өгч байдаг энэ дотоод сэтгэлдээ би их ханаж, баярлаж явдаг юм.
-Дуучин болох сонголтыг олон л хүн хийдэг байх. Энэ мэргэжлээр төгсөгчдийн тоог харьцангуй өндөр гэж сонссон. Гэвч гарч ирээд хүссэн болгон нь “Од” болж чаддаггүй. Жишээ нь таны гарч ирж байсан үе санагдаж байна. Хаана л явна хэвлэл мэдээллийнхэн дагаад л, мөрдөж мөшгиөд л, үйл хөдлөл болгоныг тань цацаад л. Энэ бүхэн танд анх таалагдаж байсан уу. Ямар кайф өгч байсан бэ. Ямар нэгэн нислэг шиг, жингүйдэл шиг байсан уу, эсвэл...?
-Эхэндээ бол жаахан хэцүү л байсан. Хаа явсан газар л овооны наадам шиг л юм болдог. Бас хэтэрхий тийм их магтаал сайшаал дунд явна гэдэг хүнд шүү дээ. Яваандаа би бодож эхэлсэн л дээ. Ер нь энэ хүндлэлийг буруугаар биш зөвөөр ашиглах ёстой юм гэдгийг харж эхэлсэн. 2007 оноос эхлээд л үүнийг маш зөв зүйл рүү эргүүлэх ёстой, би өөрийнхөө үүргийг мэдрэх ёстой юм байна гэдгийг бодож эхэлсэн. Чухам миний цаг хугацаа юун дундуур явж, юуг туулан өнгөрч, юу руу очих ёстой юм гэж бодож эхэлсэн үе байсан.
-Тэгж их хайрлаж, мандуулж, хуйларч байснаа эргээд нөгөө одоо татаж унагаах гэсэн том дайрлагууд дараа нь ирдэг. Хатуу харгис мэдээллийн дайралтууд, үл ойлгосон, үл хүндэтгэсэн давалгаа нөмрөөд авдаг. Танд ч тохиолдож байгаа. Харин тэр мэдрэмжийг авах ямар байсан бэ. Үүнийг та хэзээ олж харсан бэ?
-Монголоо олж харсныхаа төлөө адлуулж эхлэх, тэр мэдрэмжийг авах хэцүү л юм билээ. Монголынхоо газар шороон дээр амьдарч байгаа монгол ахан дүүс маань гадаадын их шуурганд автаж байхыг хараад би их гуниглаж байсан, шатаж байсан. Тэглээ гээд би орилж хашгирч, хүнд муу юм хэлсэнгүй. Тэглээ гээд би ямарваа нэгэн байдлаар хатуу ширүүн үйлдэл хийсэнгүй.
-Гомдоо ч үгүй, бухимдаж өширхөө ч үгүй юү?
-Гомдоогүй л дээ. Гудамжинд явж байхад “Өө, нөгөө хөдөөний галзуурчихсан залуу явж байна ш дээ” гээд л. Зах дээр сонин тараагаад, гэр хорооллын худгууд дээр сонин, уриалга тараагаад “Бид гоё болох ёстой, бид үндэснийхээ өв соёлыг ингэж хайрлаж хамгаалах ёстой юм байна. Бид муухай амьдраад, бидний дотоод уур амьсгал хиртээд, ээдрээд, нэг л болохгүй эвгүй байгаад байгаагаа олж харах, дүгнэлт хийх тэр цаг ирсэн байна шүү” гээд ингээд явахад маш их дайралтад өртөж байсан л даа. Галзуурсан хүүхэд, “шар хад” руугаа яваач. “Жавхлаан чи сонин өгөхийн оронд бидэнд арван мянган төгрөг өгчихөөч” гээд л иймэрхүү явдлуудтай би маш их нүүр тулж байсан. Гэхдээ би шантраагүй. Ийм зүйлд хэрвээ шантрахаар байсан бол миний энэ эх орноо гэсэн үзэл маань хальж дэвэрч, энэ газар шороо, ёс заншлаа гэсэн халуун сэтгэл минь “Хамаг Монгол” төсөл рүү хальж дэвэрч, хүрээгээ тэлж чадахгүй байсан. Хүн зөв үйл хэргийн төлөө, үнэхээр өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлын төлөө, тэднийхээ заларч байгаа энэ дээд хөх тэнгэрийнхээ талд ороод явахад аяндаа ойлгогддог, хүлээн зөвшөөрөгддөг, хүрээлүүлдэг юм байна. Тэнгэрээ жинхэнэ олж авна гэдэг зүйлийг одоо би жинхэнээр нь мэдэрч явна даа.
-Монгол туургатнуудаа цуглуулъя. Тэдний хамгийн гол гал голомт бол энэ хавтгай юм. Азийн цээжинд цохилон байгаа энэ Монгол Улс юм. Үндэс угсаа нэгтнүүдээ даллан дуудах тэр дуудлагыг илгээх эрхтэй хүмүүс нь монголчууд бид юм гэдэг энэ мессежийг Монгол туургатан даяар ойлгуулна гэдэг хэцүү хөдөлмөр байх. Таны төслийн нээлт “Хамаг Монгол” тоглолтыг хараад, зорьж ирсэн тэр хүмүүсийн нүднээс баяр жаргал, бас гуниг олж мэдрэх шиг болсон. Бид чинь таслагдаад, энд тэнд хаягдаж гээгдсэн, тараагдаж сарнисан улсууд. Тэр хүмүүсийн дотор үгээр хэлж баршгүй том гуниг бас явдгийг мэднэ. Тэрийг нь та сэдрээлээ. Та өөрөө яг тэдний сэтгэл хөдлөлөөс юу мэдэрсэн бэ?
-Бид их явсан. Ингээд Монгол туургатнуудаараа явж байхад Тувад ч очсон тэр, Өвөрмонголд ч очсон тэр. Хаана нь ч тэр ээжүүд нь цацлаа өргөхдөө түрүүлээд Монгол руугаа өргөдөг юм байна. Хөгшчүүл нь ерөөлөө өргөхдөө Монголын минь заяа их байг гэж Монголынхоо зүг ширтэж өргөдөг юм байна гэдгийг олж харсан. Хэдэн зуун нулимс дуслуулсан тийм тавиланг олж харж явсан. Залуучууд нь ёс заншлаа, хэлээ мартахгүй гэж их зүйлийг хийж байгааг харсан. Тэр хүмүүс байхгүй болж, устчих гээд байгаагаа байлгахын төлөө тэнд гүрийж байхад монголчууд маань өнөөдөр энд байгаа зүйлээ огт тоохгүй амьдарч байгааг би олж харсан юм. Магадгүй тэнд тэр хүмүүс байсан учраас бидэнд өнөөдрийн энэ хувь заяа олдсон юм биш биз дээ. Өвөрмонголын нэг дуучин надад хэлж байсан л даа. Цагаан хэрэмний ар талд Улаан хэрэм байгаа шүү. Тэрийг нь Өвөрмонгол гэдэг юм аа гэж. Нуулгүй хэлэхэд шар айраг уугаад жаахан халамцуухан ерөөлийн үг хэлэхдээ надад тэгж хэлсэн юм. Тэгэхэд та нар минь биднийг хужаа л гэдэг шүү гээд зангирч байсан. Энэ бол үг. Энэ бол зүрх. Монголоо гэсэн тасралтгүй цохилж ирсэн зүрх, булгилж ирсэн цус байхгүй юу даа. Би энийг л мэдэрсэн. Тэгээд үйл хэрэг болгохоор эргэлтгүй шийдсэн.
-Би сая Америкт Дилав хутагтын сүмийн голомтыг сахиж суугаа Өвөрмонгол угшилтай нэгэн гэгээнтэнтэй уулзлаа. Ямар ч хэлний барьергүй ар монгол аялгуугаар ярих юм. Монголоос ирсэн биднийг хараад баярлаж догдолж байгааг нь хараад дотроо бодож байлаа. Ингэж амьдрахын тулд ямар ихийг, ямар урт удааныг туулаа бол гэж.
-Хэн нэг нь зориглоод нэг зүйлийг хийгээд эхлэхээр хүрээлэн байгаа нийгэм нь их сонин хүлээж авдаг юм байна. Яагаад ч юм хүний унаган зарчим эхлээд шууд л эсэргүүцдэг юм байна. Дараа нь анхаарч эхэлдэг юм байна. Дараа нь дагадаг юм байна л даа. Бид одоо дагуулбал Монгол үндэс угсаатнаа бүгдийг нь л дагуулъя. Монголын эрин ирж байна. Монголын цаг ирж байна. Энэ ажил их энгийн бодлогоос эхэлнэ. Ерөөсөө л айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгээр эхлээд яс махныхаа тасархайг олж авцгаая. Тэр хүмүүсээ хүндэлж байж, тэр хүмүүстээ урам зориг хайрлаж байж Монгол маань цаашаа явна. Тэгэхгүйгээр энэ хүмүүсээсээ даваад өөр хүмүүстэй наймаа арилжаа үүсгэнэ, оронд нь газар нутгаа ухуулна гэдэг энэ бодлого бол эдийн засгийн хувьд ч, улс үндэстний хар хайрцгийн бодлогын хувьд ч нэн тэргүүний арга зам биш. Эхлээд бид ах дүүстэйгээ учраа олж байж цаашаа учраа олох ёстой. Яагаад гэвэл биднийг хамгийн сайн ойлгох хүмүүс бол дэлхий дээр амьдарч байгаа хамаг монголчууд маань шүү дээ. Тэр хүмүүс л бидний төлөө зүрх сэтгэл нь шатаж, бидний төлөө залбирч, бидэнтэйгээ ойрхон сэтгэнэ үү гэхээс тэр холын америк, канадууд хэзээ ч бидний ирээдүйн төлөө зовохгүй шүү дээ. Тэдний биднийг харж байгаа нүд нь ердөө л ашгийн нүд юм. Тэгэхээр хайрын нүдээр харж байгаа хамаг Монголоо л бид олж хайрлах цаг ирчихээд байна.
-Жавхлан дуулж байхдаа л гоё. Гэтэл одоо өөр юм рүү яваад орчихсон. Тэр төөрөлдчихсөн гэцгээж байна. Таны тухай бөө болчихсон гэнэ, галзуурчихсан гэсэн гэх мэт мэдээллүүд л дуулддаг болсоор уджээ. Энэ тухай асуухгүй өнгөрвөл хэтэрхий өнгөцхөн хандлага болчих гээд байна.
-Яахав, үүнийг галтай л холбож ойлгож байж магадгүй л дээ. Тэгж ч байгаа байх. Би дүлий биш, сохор биш. Бүгдийг нь л харж, сонсч яваа.
-Ер нь энэ галын тухай үзэл бодол тань ямар учиртай зүйл юм бэ. Та нэг тайлбарлахгүй юу?
-Гал гэдэг ямар учиртай юм бэ гэж үү. Алтан соёмбоны чинь дээр юу байдаг юм бэ. Гал байдаг. Байх байхдаа нар сарны дээр байгаа шүү. Хамаг монголын анхны өвөг дээдсийн найман зууны тэртээ мандуулж явсан тугийн дээд талд гал маань явсан юм. Энэ бодит гал алга болсон учраас хамаг Монгол задарсан. Бодит гал байхгүй болсон учраас бидний сэтгэлийн гал байхгүй болсон. Бодит шүтээн гал маань ингээд байхгүй болчихож. Энэ галыг бодитжуулж байгаагаараа л би шашинжиж харагдаад байгаа юм. Гэтэл энэ бол монголчууд эцэг нь хүүдээ тасдаад өгдөг ариун ёс заншлын хамгийн оройн дээд нь шүү дээ. Энэ бол шашин биш. Ямарваа нэгэн мухар сүсэг биш. Энэ бол бидний өвөг дээдсийн ёс заншил юм. Жавхлан ёс заншлаа л сэргээж яваа. Анх монгол дээл өмсөхөд намайг галзуурчихаж гэсэн. Эх орноо хайрлацгаая гээд уриалаад эхлэтэл солиорчихлоо л гэсэн. Гал голомтоо дээдэлье гэхэд бөө болчихлоо гэсэн. Энэ бүх хардалт, таамаглал, гүтгэлэг байлаа гээд миний үйл ажиллагаанд өчүүхэн ч сөргөөр нөлөөлөхгүй л дээ. Харин тэр хүмүүс эсэргүүцэн байж олж харж байна гэдэг өөрөө хүлээн зөвшөөрөхийн эхний шатыг тавьж байна гэсэн үг. Олж харахгүй байвал надад харин хэцүү шүү дээ.
-Та костюм, эрвээхай зангиа, фрак... энэ бүхнийг орхиж, үнэтэй гоё, тансаг байр, эрчүүдийн унаж эдэлж, басхүү зиндаархах дуртай төмөр хөлгүүдээс татгалзаж, хөл тавьсан амьдралынхаа бүхий л хэв маягийг гэнэт тайлж орхисон. Оронд нь монгол дээлээ өмсөөд, гэр хороололд эгэл жирийн амьдарна гээд явлаа.
-Тэгсэн.
-Эхэндээ хүмүүс ердөө хүлээж авахгүй байсан. Одоо ч таныг чиглэсэн шүүмжлэлүүд дотор “ямар өвчтэй амьтан бэ, энэ лав эрүүл биш ээ” гэдэг үгс байж л байдаг. Гэхдээ нэг талдаа таны амьдралын хэв загварыг даган дууриадаг залуус бий болж байх шиг. Хөдөө явж байхад залуус гэрээ яаж хотжуулж, яаж шинэчилж тохижуулах вэ гэж эрэлхийлдэг байсан нь багасч, илүү хуучин, эртний хэв маягийг хослуулах гэдэг ч болсон байх шиг хандлага мэр сэр анзаарагдаж байна. Энэ бас сонин “халдвар” шүү.
-Сайхан тусгал, сайн “халдвар” л гэж би харж байгаа.
-Харин би өмнө нь хэрэглэж дадсан байсан тэр бүх зүйлсээ хааяа санагалздаг уу гэж асуумаар байна?
-Мэдээж амьдарч байгаа энэ цаг үеийнхээ, энэ өнөөдрийнхөө байгаа зүйлийг анхааралтай харж, авах ёстой зүйлээ авч явах ёстой. Гэхдээ түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж айхтар үг бий. Яг яс юман дээрээ тэр сармагчин чинь шугуйгаа олоод очих л байх. Харин бид хэт их туйлширч, харийн тавьж өгсөн соёлд умбаж байж олж очих шугуй ч үгүй болчих вий дээ. Энэ бол Монгол сүйрэхийн л шинж. Эзэн хаан маань хэлсэн дээ. Харийг даган сагалзваас Хөх Монгол гутму, хахаж цадталаа баяжваас хамаг олон Жигшмү гэж. Өнөөдөр манайд болж байгаа бүх зүйл энэ хоёр мөр дотор л явж байна шүү дээ.
-Та түүхийн ном ихэвчлэн уншдаг уу. Классик болон бусад төрлийн уран зохиол ч юм уу уншдаг уу?
-Миний хувьд одоогоор уншаад явах зав гарахгүй юм. Аль болохоор хүмүүстэй энэ тухай ярилцах нь илүүтэй үр дүнтэй юм даа. Хүн гэдэг чинь дандаа амьд ном байдаг юм байна шүү дээ. Унших гэхээсээ илүү хүмүүсийн харилцаан дунд, нийгмийн сэтгэл зүйн дунд нэлээн сайн шургалж орохыг л би чухалчилсан.
-Зүгээр сайхан явж байсан залуу дээр сонин проект хийж, эвдсэн хүн гэж талийгаач Донжийн Төгөлдөрийг амьд сэрүүнд нь их шүүмжилдэг байлаа. Тэр хүн таныг өдөөж өгсөн хүн яг мөн үү. Эсвэл зүгээр л цагийг хуваалцдаг, санаа бодол нийлдэг найз байсан юм уу?
-Ах маань маш хурц Монголоо гэсэн сэтгэлтэй хүн байсан юм. Өнгөрөөд жил хагас болж байна даа. Энэ хугацаанд яахын ч аргагүй үгүйлэгдэж байна л даа. Намайг Жавхлаан ингэ тэг. Одоо энэ дээр ингэх ёстой гэж олж хардаг л тийм хүн маань байсан юм. Тэр хүн маань жилийн өмнө яваад өгсөн. Энэ явдал надад их хүнд туссан. Гэхдээ би ахынхаа үйл хэргийг таслахгүй үргэлжлүүлэх ёстой.
-Яг ямар боловсролтой хүн байсан юм бэ?
-Тэр хүн нийгмийн дотоодод болж байгаа сэтгэл зүйг хамгийн мэдрэгээр олж хардаг хүн байсан юм. Энэнд боловсрол шаардлагагүй байдаг юм билээ. Диплом цуглуулчихаад, зөвхөн ширээний араас л би нягтлангаа л хийх ёстой. Зөвхөн үүнийгээ хийгээд хоолоо олж идэх ёстой. Би энэ даргын ажлаа л хийх ёстой. Энэ бол миний байх ёстой индэр гэж сэтгэдэг хүн дүүрэн байна шүү дээ.
-Дутуу юмандаа хорсдог бас нэг зан хүнд байдаг. Боловсролгүй хүн боловсролтой хүндээ уурладаг. Авьяас билэгтэй, илүү төрчихсөндөө атаархдаг, үгүйсгэдэг. Илүү хөдөлмөрлөсөн нэгнийгээ баяжчихлаа гэж харддаг хажигладаг. Өөрөө болохоор хүчирдэггүй. Тэгээд энэ эмзэглэлээ халхавчлах гэж элдэв үзэл суртал олж авдаг. Та арай тийм хүн юм биш биз дээ?
-Би бол боловсролын тухайд шал өөр бодолтой явдаг хүн. Хүн багаасаа боловсордог. аав ээжээсээ төрөхөөсөө эхлээд, бүр гэдсэнд байхаасаа боловсордог. Бүх явц өөрөө боловсрол олгож байдаг. Хүний хөгжил өөрөө агуу юм. Гэтэл цаасыг, зүгээр нэг хавтсыг өнөөдөр боловсрол гэж ойлгоод андуураад байгаа нь эмгэнэлтэй л юм даа.
-Манай ард түмний дунд олон жил амьдарч яваа нэг эмзэг гэмээр зүйлийг асуумаар санагдаад байна. Увсын хүн гэхээр л нэг тийм таатай биш хандлага байдаг. Увсынхан хүн муутай, яс үндсээрээ бүлгэрхдэг ч гэдэг ч юм уу. Ийм нэг Увсынхныг ялгаварладаг, түлхдэг хандлага манай нийгэмд байгаад л байдаг. Та тэр мэдрэмжийг хэзээ, юунаас анх авч байсан бэ. Мэдээж нутагтаа байхдаа бол мэдрээгүй байх л даа.
-Тиймэрхүү зүйл байдаг. Хүмүүс анги ангиараа талцдаг, нам намаараа талцдаг. Уулын наана цаанаараа талцдаг. Голын дээд доодоороо ялгардаг. Монгол хүмүүсийн давтагдашгүй нөгөө хаан чанар нь юм шиг байгаа юм. Хамт байхаараа нэгийгээ муулаад салдаггүй, холдоод явчихаар санаад болдоггүй. Зөвхөн Ховд, Увс биш буриадуудыг ч аа, муусайн согтуу буриадууд л гэдэг шүү дээ. Хутга барьж, агсам согтуу тавьсан, найр тараадаг хүмүүс л гэж муулцгаадаг. Муусайн шодон халхууд гээд л халхуудыг хэлж байдаг. Боржигон, халх, дөрвөд, буриад гэж хоорондоо хэмлэлдсэн энэ цаг яг хэзээ дуусах юм бэ. Энэ “Хамаг Монгол” төслийн нэг зорилго бол монгол нэг байх, элэг бүтэн байхын чухлыг л ойлгуулах юм. Яг миний хувь хүн дээр ийм жижиг сэтгэл зүйн асуудал байхгүй.
-Таны нутгийн аялга ч хэвээрээ юм байна. Увсын хүмүүс хэчнээн олон дунд явлаа ч аялгатайгаа л өтөлж байгаа нь элбэг таардаг ч зарим нь огт аялгагүй болчихсон байдаг. Дуучин хүнд аялганы асуудал анх хэцүү байсан уу?
-Миний хувьд эцэг дээдсээс үлдээж өгсөн энэ хэл соёл, энэ аялганаас хэзээ ч ичиж байгаагүй. Ичиж нэрэлхэх ёс ч байхгүй. Яагаад гэвэл өвөг дээдсээсээ ичиж байна гэсэн л үг шүү дээ. Би бол харин ч тэр аялгагүй ярина гэдгийг гайхаад байдаг юм. Хүн өөрийнхөө байгаагаар л байх ёстой. Хиймэл, хэт хичээсэн, худлаа зан төрх хэрэггүй.
-Сонгож төрөөгүй, цаанаасаа оногдсон нутаг ус, хувь заяанаасаа ичнэ гэдэг өөрийгөө хүндэтгэх үзэлгүй байна гэсэн үг. Би тантай санал нэг байна.
-Монголчуудыг хооронд нь яс цусаар нь ангилдаг, эвдрэлцүүлэх гэдэг, тийм юм сэдэж цацаж явдаг хүмүүст тавих нэг анхаарлын тэмдэг ард нь асаад байдаг юм. Монголын өвөг дээдсийг дугаарлаж, үр хүүхдийг нь хооронд нь ангилж, яс үндсээр нь дуудаж, эрлийз хурлийз гэж гүтгэдэг та өөрөө ингэхэд яг цэвэр цусны хүн мөн үү биш үү гэдгийг бид анзаарах хэрэгтэй. Монголчуудыг та дөрвөд, баяд, буриад, халх гэж дугаарладаг, ялгадаг хэн бэ. Танд харин холыг агуулсан санаа байгаа юм биш үү гэсэн асуултыг тийм хүмүүс дээр тавьж харах хэрэгтэй. Миний энэ ярилцлагыг уншиж байгаа хүн танд хэрвээ Увс, Дорнод гэдэг үзэл бодол байдаг бол та өөрөө арай манжийн үлдэгдэл биш биз дээ. Тийм болоод л дандаа юмыг хагалан бутаргаж бодож явдаг юм биш үү гэж асуумаар байна. Монгол хүний сэтгэл уужуу. Өргөн түмэн минь энэ элэг бүтэн байгаасай гэсэн энэ ерөөл нь хүртэл юу тээдэг юм бэ. Монгол ээж монголын маань заяа бүтэн байг гэж дээжээ өргөдөг болохоос дөрвөдийн маань заяа бүтэн байг, ганцхан халхын минь заяа л бүтэн байг гэж тусад нь ялгаварлаж цацал өргөдөг бил үү. Ийм ижий миний Монголд байхгүй шүү. Хэрэв та нутаг жалгын үзэл гаргаж, олон түмнийг хувааж явдаг хүн бол өөрийгөө нэг дүгнээрэй. Гоё байя, нэг байя, нэгдмэл байя гэсэн залуусынхаа түрлэгт та муу бодлоор хандаж байгаа бол, муу бодол нэмэрлэж байгаа бол “Хамаг Монгол” гэсэн үзэл бодол элэг бүтэн Монгол гэсэн сайхан зорилгыг маань үгүйсгэж бодож байгаа бол яс цусны хувьд та харин өөрөө холимог цустай хүн шүү гэдгийг таарсан газар нь анхааруулж хэлж сурах хэрэгтэй. Одоо өөрөө өөрсдөөрөө тоглодог, хөндлөнгийн элдэв санаа зорилготой улсаар самруулдаг цаг ард үлдэж байгаа шүү гэдгийг сануулж байх хэрэгтэй.
-Та улс төрөөр бас “оролддог” оо. Магадгүй улс төр таныг эхлээд оролдсон байж ч мэдэх юм. УИХ-ын өнгөрсөн жилийн сонгуульд ороод та ялагдсан. Ялна гэж бодож байсан уу. Санаанд оромгүй бага хувь авах шиг болсон.
-Миний хувьд ялагдах ялагдахгүйн тухай бодоогүй.
Тэр үед би сонгуульд оролцохдоо ямар уриатай байсан гээч. Сонгуулийн маань уриа “Монгол дээлнээсээ бид эхэлнэ” гэсэн уриа байсан. Тухайн үед яах вэ Жавхлан л ялагдсан байх. Түүнээс биш миний ярьдаг, уриалдаг зүйл, үндэсний дээл хувцас ёс заншил, гал голомтоо сахин хамгаалах гэсэн тэр бүх үзэл санаа улам л түгэн дэлгэрээд явж байгаа. Миний мөрийн хөтөлбөр бүр хамаг монгол даяар хэрэгжээд явж байгаа шүү. Яахав би тухайн сонгуульд мөнгөнд ялагдсан байх. Мөнгө хүчтэй юм билээ. Гэвч мөнгөнөөс илүү Монголын өвөг дээдсийн ёс заншил хүчтэйг бид олж мэдэрч байгаа. Тэгэхээр Жавхлан ялсан байна уу, ялагдсан байна уу. Жавхлангийн үйл хэрэг үргэлжилж байна уу, үгүй юү гэдгээр л үнэлж дүгнэх ёстой байх.
-Гэхдээ хүний дотоод сэтгэлд гомдол гэдэг зүйл төрдөг. Чарлаад ирэхэд тосч авсан нутаг усны хүмүүс чинь дүн тавьж байна шүү дээ. Итгэж очоод унах бол том л шарх тээдэг байх гэж хардаг.
-Түмэн олон гэдэг маш хүчтэй байдаг юм байна. Өргөн олон Монгол гэдэг маш их зөнтэй байдаг юм байна. Жавхланг хэрвээ гишүүн болгоод явуулчихсан бол Жавхлан өнөөдөр хамаг Монголынхоо төлөө энэ бүхнийг хийж чадахгүй байсан. Тэгэхээр би түмэн олныхоо зөнг л дагаж яваа болов уу. Тийм зөнтэй учраас тийм шийдвэр гаргаж, надад ийм даалгавар өгч явуулсан байна. Хэрвээ сонгосон бол энэ бүхэн бүтэхгүй байсан байж магадгүй. Хэдийгээр түмэн олны маань намайг гэсэн сэтгэлийг доош нь дарсан ч гэсэн би ингэж л хүлээж авч байна. Надад чинь бүлгэрхдэг намын хамгаалалт алга л даа. Гэвч миний тоог дарсан байж болно. Хүмүүсийн өгсөн саналыг буруу гаргасан байж болно. Гэхдээ би аль болох бүхнийг зөв хайраар, зөв сэтгэлээр хүлээж авдаг. Түмэн олон бол мэргэн шүү. Одоо би үүнд улам илүү итгэж байна.
-Улс төрд олон л хуурай ах нартай байсан байх. Зарим нь таны сонгосон замаас болоод холдсон хөндийрсөн нь ч бий биз. Хүмүүсийн харилцаа бүдгэрч, зам салдаг шүү дээ. Тийм зүйл тохиолдох юм уу?
-Надад тийм зүйл гараагүй ээ.
-Жишээлбэл, та нутгийн ах Ц.Нямдоржтойгоо ах дүү хэвээрээ юү?
-Мэндтэй устай, сайхан л явдаг.
-Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай?
-Бас л адилхан. Н.Энхбаяр гуайг шоронд орчихсон байхад би “Бид цөөхүүлээ. Нэгийгээ хайрлах ёстой шүү. Нэгийгээ ингэж зовоох хэрэг байгаа юм уу” гээд жишээ нь ярилцлага өгч л байсан. “Хамаг Монгол” төсөл дээр одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хамтраад ажиллаж л байна. Бүгд л энэ он цагийг илэрхийлж байгаа, бүгд л бидний хайрлаж хүндэтгэх ёстой ах нар. Монголд маань одоо салангид санаа бодол, түүнийг дэвэргэсэн өчүүхэн төдий ч салхи савир ашиггүй гэдгийг олон түмэн маань сайтар тунгаах ёстой.
-Өдөж хатгах гээд ч байгаа юм шиг олон талын асуултууд тавьж байгаа байх шүү. Та ойлгоорой.
-Гэмгүй, гэмгүй.
-Монгол туургатнуудын талаар манай М.Буянбадрах гэдэг сэтгүүлч төсөл хийж, олон газраар хэрэн хэсч, элдэв бэрхшээлийг туулан явж ном бичиж, нэвтрүүлгүүд хийсэн. Та түүний ажлуудтай танилцсан уу?
-Хийсэн нэвтрүүлгүүдийг нь үзэж байсан.
-Одоо та үндсэндээ ганцаараа л энэ төслөө авч явж байна уу?
-Миний “Хамаг монгол” төсөл өнөөдөр маш өргөн цар хүрээг хамарсан. Олон залуусын сэтгэл зүрх орсон. Сая МҮОНРТ айхтар дэмжлээ шүү дээ, биднийг. Бид буруу юм хийсэн бол ийм өргөн дэмжлэг ирэхгүй шүү дээ. Дэмжиж, тусалж байгаа маш олон хүн байгаа. Студиуд, сэтгүүлчид, хувь хүмүүс. Асар олон хүний сэтгэл дээр явж байна.
-Гэхдээ амьдрал олон өнгөтэй. Зөвхөн энэ сэдэв дээр байгаад л байх гунигтай биш үү?
-Миний хийж яваа зүйлсээс энэ талын мэдээллүүд илүү хүчтэй хүмүүст хүрч байгаа болохоор энэ талаас нь хараад байна л даа. Миний юү идэж ууж, хаана хэрхэн амьдарч байгаа тухай мэдээлэл нэг их сонин биш учраас тэр мэдээллүүд хүрэхгүй байгаа байх л даа. Өнөөдрийн монгол хүн юу идэж, ууж ямар агаар амьсгалж, яаж аж төрж байна. Би яг тэр дундаа л яваа.
-Залуу нас гэдэг өөрийн хэлтэй, хөлтэй шүү дээ. Заримдаа наргиж цэнгэмээр, зугаацмаар, алдаа оноо хиймээр, сэтгэл хөдлөлөө барьж цагдмааргүй үеүд зөндөө байдаг. Харин та хэтэрхий ёс журамтай болчихсон, тэрийгээ дагаад оворжуу ч болчихсон юм шиг, хэтэрхий эрт буурь суусан мэт харагддаг л юм.
-Яахав, би чинь мангар пацаан байхаа болчихлоо шүү дээ. Би одоо 33 нас хүрчихлээ. 33-тай эрчүүд Монголын их амар амгаланг л боддог шүү дээ. Жалга довноосоо хальдаг. Жаахан өөрөөр хорвоо дэлхийг хардаг болдог. Жижигхэн хүүхэд байхаа больсон байна шүү дээ. Асар их зүйлийг боддог боллоо. Үүнийг дагаж ирж байгаа хувирал байхыг би үгүйсгэхгүй.
-Та одоо хэдэн хүүхэдтэй билээ. Тантай их адилхан уу?
-Би гурван охинтой. Гурвуулаа надтай их адилхан.
-Та өөрийнхөө ааваас өөр аав болов уу, эсвэл адилхан болж байна уу?
-Би ямар ч байсан тэр хүний үргэлжлэл. Тэр хүний нэр өнөөдөр буруу, муухайгаар яригдвал миний өвөг дээдсийн нэр буруу яригдана. Тиймээс би ямар ч байсан хичээж явна. Үүнийг өнөөдөр би биш миний цаг хугацааг харж, мэдэрч байгаа хүмүүс дүгнэх байх. Би ааваасаа илүү гэж мэдээж хэн ч хэлэхгүй шүү дээ. Би л лав тэгж хэлж чадахгүй.
-Таны эцэг, эх хэтэрхий залуугаараа хорвоог орхисон. Хүн болгон л өнчирдөг. Өнчин хүн өөнтөгч гэдэг үг бий. Эхлээд таныг энэ талаас нь их хардаг байлаа. Та илүү нулимстай ч юм шиг, илүү гомдомтгой ч юм шиг, илүү юм болгон дээр зангирдаг ч юм шиг харагддаг байсан. Одоо бол та энэ бүхнээ давчихсан уу?
-Бага балчир байсан бол одоо идэр залуу болж эхэлж байна. Амьдрал намайг сургаж байна. Хүмүүжүүлж байна. Цаг хугацаа миний багш болж байна. Би гэхдээ уяхан талдаа хүн. Тиймдээ ч миний уран бүтээл энэ уяхан сэтгэлээс гарч байгаа болохоор хүнд илүү хүчтэй очоод байх шиг.
-Яг таны төрсөн газар чинь аль вэ?
-Улаангомын төв. Манай аав Увс аймгийн Бөхмөрөн сумынх. Багадаа би нутаг усаараа аавтайгаа хамт дэндүү их явсан даа. Миний очиж мөргөж үзээгүй хайрхан Увс нутагт минь байхгүй. Дараа нь уран бүтээлч боллоо. Монголоо зургаан удаа тойрлоо шүү дээ. Надад мөргөж сүслэж үзээгүй хайрхан Монголд маань ховорхон болсон байгаа.
-Ах дүүсийнхээ хувьд та ямар үүрэг хүлээдэг вэ. Монголчууд энгийн хар үгээр ярихад нэг нэгийгээ чирээд л амьдарцгаадаг шүү дээ. Арай дөмөгхөн нь нөгөөхдөө туслаад л, ийм нэг халуун хэлхээтэй амьдрал үргэлжилдэг. Та ах дүүс гэр бүлийхнийхээ хувьд хэн бэ?
-Би хоёр эгчтэй, нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Бүгд л эгэл жирийн монгол түмэн дотроо ажил хөдөлмөрөө хийгээд л явж байгаа хүмүүс. Манай гэр бүл, манай ах дүү нар ер нь бахархаад хэлэхэд хүнд муу юм хийж явсангүй дээ. Хүмүүст муу юм хэлж явсангүй. Ийм л нэг мөрөөрөө, эгэл жирийн улсууд байдаг.
-Таны энэ сонголтыг тэд яаж хүлээж авсан бэ?
-Тэгэх ёстой, чиний зөв гэж л хүлээж авдаг. Зөв байна. Өөрийн бодол өөртөө зөв гэж хэлж намайг улам зоригжуулдаг. Түүнээс биш наадах чинь болохгүй байна, буруу шүү гэж хэлдэггүй. Бидний бие биедээ өгдөг нэг том түшиг энэ юм болов уу.
-Та одоо монгол гэрт л амьдарч байна уу. Өөрийнхөө эзэмшлийн “Хөх нуруут” гэдэг рестораны дээр амьдардаг гэж сонссон ?
-Зуны гурван сар гэрээ бариад, тулгаа тулаад, хүүхдүүдээ айраг цагаан дээр хөдөө гаргадаг.
-Архангайд уу?
-Бид чинь нүүдэлчин шүү дээ. Хаана ч очоод гэрээ бариад амьдарчихдаг. Бидэнд бол хамгийн том амралт байдаг юм.
-Машинаар нүүх үү, морин тэргээр нүүдэг юм уу?
-Ер нь тэгээд бага сагаар монгол ахуйг бүрдүүлэх гээд явж л байна.
-Тулганд гал асаахад нүд хорсгохоос эхлүүлээд, хоолой аргах, дээшээ хар утаа пургих гээд хэцүү биш үү?
-Дэлхийн их ухаан байна даа. Эзэн хаад хүртэл тулганы галаас илч авч амьдарч байсан. Жаахан өөр цусны хүнд утаатай, униартай санагдах л байх. Миний хувьд тэр зүйлийнхээ хажууд нь байхаар илүү л сайхан байдаг. Хааяа бид амралтад яваад ч юм уу, гал тойроод сууцгаадаг. Бүр багадаа бол пионерийн зусланд явдаг байлаа. Тэр үед галын наадам гэж хийдэг байсан даа. Өдөр тутам гэр дотроо галын наадам хийнэ гэхээр яасан айхтар том энерги, их хүч авах вэ. Бид нар шиг шавар байшин дотор орчихсон байгаа хүмүүст тэр маш их хэрэгтэй юм байдаг юм ш дээ.
-Та өөрийн эзэмшлийн байр, машинаа бүгдийг зарчихсан уу?
-Шударга хэлэхэд сая “Хамаг монгол”-д би байр, машин хоёроо зардалд нь гаргаад өгчихсөн. Ингэлээ гээд Жавхлан монгол гэртээ амьдраад л явна. Хаана чиг л миний нойр сайхан хүрнэ.
Миний юу ч өөрчлөгдөхгүй. Хаана чиг л өргөн олон түмэнтэйгээ сайхан явна.
-Танд ивээн тэтгэгч хаанаас ч олдоно шүү дээ.
-Сая Оюунбилэг захиралтай “Өрмөн уул” компанийн хамт олон бидэнд их тусалсан. Тусалнаа, тусална. Монгол ахан дүү нар маань миний үйл хэргийг хангалттай дэмжиж байгаа гэж би боддог.
-Гоё нэртэй компани байна?
-Сайхан ах, эгч хоёр байдаг юм. Ер нь тусалж дэмжсэн хүмүүс зөндөө байна.
-Хувийн амьдрал талаас нь харвал та дарангуйлагч юм шиг харагддаг. Эхнэр тань таны аясаар юм шиг. Хүсээгүй олон юмыг нь та түүгээр хийлгээд байх шиг харагддаг л даа. Урлагт амжилттай явж болох байсан карьераа зогсоогоод таны хүүхдүүдийн ээж болсноор тэр эмэгтэй олон юмаа золиосолж байгаа мэт . Эсвэл би буруу харж байна уу?
-Хүн болгоны харах өнцөг өөр. Яаж хүлээж авах нь тухайн хүний хэрэг. Гэрийн эзэн бол гэрийн эзнээрээ байх ёстой. Энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт, гэрийн эзэгтэй хүний үүрэг гэж бас байдаг. Эрх чөлөөтэй байлаа гээд үр хүүхдээ өсгөхгүй бол тэр хүн энэ хорвоо дээр ямар үүрэгтэй ирсэн байх вэ. Үүрэг үүргээ л манай гэр бүл биелүүлж яваа. Бага ахуй насандаа бидний амьдрал их адилхан өнгөрсөн юм билээ. Яг л хөдөө нутагтаа. Тиймээс бидний амьдрал төвөггүйхэн яваа.
-Таны эхнэр оюутан миссээр шалгарч байсан. Бас л хараа булаасан сайхан охин байсан. Та анх түүнийг хэзээ харсан юм бэ. Урьд нь анзаардаггүй байсан юм уу?
-2008 оноос хойш найзлаж нөхөрлөөд л, ах дүү болоод л явж байсан хоёр л доо.
-Зохиолын дуучдын шинэ жил гэж болдог. Өнгөрсөн шинэ жилийн үдэшлэгийн дараа “Жавхлан Эрдэнэчимэгийг бүр эрхшээлдээ оруулчихжээ. Ээтэн гутал өмсүүлээд, нүүр амыг нь ч будуулаагүй, үсийг нь сүлжүүлээд, дээл өмсгөөд дагуулж ирсэн. Арай дэнджээ” гэх яриа сонссон юм л даа.
-Хүн юугаа өмсөж эдлэх нь өөрийнх нь л хэрэг. Гэхдээ миний энэ үзэл бодлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тэр хүн намайг дэмждэг учраас өнөөдөр бид тостой шөлөнд хошуу дүрж, тоонотой гэрт толгой холбож яваа болов уу. Би нэг ч гэсэн хүнд ойлгуулчихлаа шүү дээ. Юу нь буруу байгаа юм бэ.
-Энэ чинь дэмжигч, үзэл санаа нэгт болсон гэхээсээ илүү хайр байхгүй юу даа. Танд хайртай болохоор хийсэн болгоныг тань хүлээн зөвшөөрдөг болж хувирсан биз.
-Үзэл санаа л нэг учраас бид нэг гэрт байна. Дугуй дугуйгаа олж авна гэдэг шүү дээ. Энийг ярьж байгаа залуучууд бас ойлгох хэрэгтэй. Би харин нүүрээ нүүр биш болтол нь буддаг, аав ээж нь танихгүй болтол нүүрээ зурдаг ший янгууны үлгэр шиг амьдардаг тэр дарлалаас эхнэрээ гаргаж авсан. Одоо Монголынхоо бүх залуучуудыг гаргаж авах юмсан гэж хүсч байна. Хөгшин Европын хувцас өмссөнөөр өөрсдийгөө од, залуу үеийнхэн гэж бодоод яваа юм. Үгүй шүү дээ.
-Таны барьж яваа цүнхийг Монголд үйлдвэрлэсэн үү ?
-Тийм, энэ цүнхэн дээр албан соёмбо маань байгаа биз дээ.
-Тийм байна. Таны дээл их загварлаг юм. Хэн оёж өгдөг юм бэ?
-Дээл оёдог хүн олон болж байна. Урьд нь “Нарантуул” зах дээр монгол дээл 30 мянгатай байсан. Харин одоо монгол дээл хувцас ямар ч брэндээс дутахгүй үнэтэй болоод загвар, хийц, чанар чансааны хувьд өөрчлөлт орчихоод байна шүү дээ. Нэг хэсэг эмэгтэйчүүд маань ч гэсэн үндэсний дээл хувцсаа оёод ажлын байртай, амьдралтай болж байна. Манай эхнэр намайг дагаж давалгаалсан шиг нийгэм бас тэгж давалгаалаасай гэж хүсдэг.
-Таны эхнэр оёх уу?
-Оёно.
-Та огт алдаагүй хүн бас биш. Гэхдээ бүгд алддаг л даа. Амьдралынхаа сонголтыг хийх гэж яваад ч алддаг. Хожим хойно ч алдаж онодог. Таныг анхны охиныхоо ээжээс хуримаа хийхийнхээ өмнө зугтсан, хүний эрхшээлд явахгүй, баян айлд хүргэн орж амьдрахгүй гээд орхисон гэх мэт олон домог байдаг юм билээ.
-Яагаад тэрийг хүмүүс алдаа гэж хараад байгаа юм. Гэтэл тэнд нэг хөөрхөн үр минь бий шүү дээ, надад. Тэр хөөрхөн үрийг минь хорвоод ирснийх нь төлөө яагаад алдаа гэж хараад байгаа юм бэ. Би алдаа гэж хэзээ ч бодохгүй.
-Нэг эмэгтэйг уйлуулж, уйтгар гунигт автуулж орхисныг алдаа гэж хардаг байх?
-Тэр эмэгтэй уйлсан ч юм уу, үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Эр хүний хувьд тухайн үеийн дурсамжаа бодоод тэр эмэгтэйг заримдаа аргадмаар эсвэл уучлал гуймаар ч юм шиг санагддаг уу?
-Миний хувьд ер нь бүгдээс нь үргэлж л уучлалт гуйж явдаг шүү дээ.
-Та анх од болж байхдаа их давилуун харагддаг байсан л даа. Би Баясгалантай хэзээ ч гэрлэхгүй гэж мэдэгдэж ч байх шиг. Энэ бол эмэгтэй хүний зүрхэнд хутга шиг үг шүү дээ. Залхтал та хоёрыг холбодог байсан болохоор та бухимдалтай байсан байх л даа?
-Миний амнаас ийм үг гарч байгаагүй ээ. Эмэгтэй хүнийг тэгж үгүйсгэсэн тиймэрхүү зүйл миний амнаас гарахгүй л дээ.
-Та түүнийг гомдоосон ч юм шиг санагддаггүй юу?
-Тэрийг өөрөө хэлэх байх л даа. Ямар ч байсан хамгийн сайн найз, хамгийн сайн хамтрагч маань байсан.
-Та хоёр ахин хамтарч дуулах уу?
-Цаг хугацаа л харуулах байх.
-Эхнэр тань таныг харддаг уу. Бүсгүйчүүдтэй холбоод биччихсэн байх ч юм уу, тиймэрхүү тохиолдолд. Эсвэл та түүнийг хүмүүжүүлж байна уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Таарсан хайр бол сайхан гал болдог. Хайр ихдэхээрээ хардалт болдог гэдэг биз дээ.
-Тэр таныг шүүмжилдэг үү. Та түүний нөлөөнд ордог уу?
-Мэдээж надад нөлөөлөлгүй яахав, зөвлөлгүй яахав. Жавхлангийн өнгөтэй, өөдтэй яваа нь зөвхөн Жавхлангийн хэрэг биш. Хажууд байгаа хань, найз нөхөд, андууд, ах дүүсийн маань хүч.
-Эхнэрээ араг түшүүлж төрүүллээ гээд таныг эмч нараас эхлүүлээд асар их шүүмжилсэн.
-Төрөх гэдэг үзэгдлийг өвчин гэж тооцдог учраас эмнэлэгжүүлж ойлгоод байгаа юм. Төрөх гэдэг өвчин биш. Энэ бол хорвоогийн жам. Хүн ер нь жамаараа ирээд жамаараа буцах ёстой шүү дээ. Бидний өвөг дээдэс байтугай одоо ч хөдөө айлууд хүүхдүүдээ ингэж төрүүлээд эрүүл өсгөөд болж л байна.
-Та хүүхдүүдээ цэцэрлэгт явуулдаггүй юм уу?
-Манай хоёр одоо цэцэрлэгт явах гэж байгаа шүү дээ. Монгол дээлээ өмсөөд явна даа. Түмний хүүхдийг монгол дээлжүүлэх ажиллагаандаа орно доо, ингээд.
-Гэр хорооллын цэцэрлэгт үү?
-Улсынхаа л цэцэрлэгт явна шүү дээ.
-Аавыгаа олны танил гэдгийг охид тань мэдэрдэг үү. Зурагтаар гарахаар яаж хүлээж авдаг вэ?
-Зурагтаар гарахаар сонин байдлаар хүлээж авч байгаа нь анзаарагддаг шүү. Гэхдээ бага байна даа.
-Том нь одоо хэдтэй болчихов?
-Би чинь 2-6 насны гурван охинтой хүн.
-Таныг саяхан хүүтэй болсон гэж бичсэн байсан ?
-Цуу яриа байна. Бага маань одоо хоёр настай.
-Тэгвэл худлаа мэдээлэл байжээ. Та ингэхэд эхнэрээ дуулуулахгүй юм уу?
-Миний нэг толгойн өвчин энэ л дээ. Би энэ талаар маш их боддог. Жавхлангийн эхнэр гээд ухаан жолоогүй, болсон болоогүй дуулаад байвал надад жаахан харамсалтай санагдана. Тиймээс зөв зүйтэй түмэн олонд хүргэж, уран бүтээлээр нь цааш явуулна гэж бодож байгаа.
-Та цалин авдаггүй, байнгын ажил байхгүй. Гэр бүлийнхээ эдийн засгийг яаж авч явж байна вэ?
-Манай гэр бүлийн эдийн засаг маш бага төсөвтэй. Яагаад гэвэл ямарваа нэгэн хээ хуар, гоёл чимэгний, брэндийн дарлалаас ангижирчихсан гэр бүл. Бидэнд жилдээ ихдээ ганц хоёр дээл байхад болчихож байна. Хоёр гутлаа солиод өмсөхөд болчихож байна. Гэрээ бариад айраг цагаагаа идчихвэл болчихож байна. Өөр илүү зүйл шаардлагагүй байна шүү дээ. Цаг, ээмэг зүүлт, гархи зүүнэ, брэндийн хувцас өмсөнө гээд байгаа маань нэг талын гаднаас өгөгдөж байгаа дарлал. Колончлогдсоны шинж юм уу даа. Харин манайх тэр колониос гарч байгаа.
-Эхнэр тань ээмэг ч зүүдэггүй юм уу?
-Эмэгтэй хүн тавыг нь тааруулалгүй л яахав дээ, тийм ээ. Манайд мөнгө шаардлагагүй. Сая Халимаг руу явахад л Москвагаар дайрч байгаа юм. Энд тэнд том том дэлгүүрээр орсон. Гэтэл манай гэр бүлд авах юм алга байна шүү дээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг хүмүүст чинь харийн орноос авах юм байдаггүй юм байна.
-Хадмууд тань таныг дэмждэг үү. Яаж хүлээж авдаг вэ?
-Дэмжинэ. Гэхдээ дэмжинэ гээд Жавхланг тойроод уухайлаад байх биш шүү дээ. Үзэл санаа халдварлаж байгаа, байгаа.
-Архангайд таныг гэрээ бариад зусч байна гэж дуулсан. Сайхан хангай байгаа биз?
-Мэдээж. Би сонгуульд уначихаад Увсаас гэрээ ачиж яваад Архангай руу нүүсэн. Тэгээд нөгөө “Тунгалаг тамир” киноны Эрдэнэ шиг явж байна даа гээд би хошигноод хэлж байсан юм. Сайхан шүү дээ, Арын сайхан хангай. Нүүгээд очиход бүгд л цуглаад. Ер нь хаана чиг л Монголын өргөн түмэн тосоод авдаг нь сайхан шүү дээ.
-Дандаа эх орон, Монгол гээд дуулаад байхаар зарим талаар уйтгартай харагдах юм. Би жишээ нь таны “Уран гоо”, “Найман сарын бороо” гээд хайрын сэдэвтэй дуунуудыг хааяа сонсдог. Хүмүүс ч эх орны сэдэвтэй дууг тэр бүр дагаж аялаад байдаггүй. Энэ төслөө дуустал та урлагаа зэвсэг болгоод л яваад байх юм уу?
-Мэдээж энэ дунд бодлого байлгүй яахав. Төлөвлөсөн бодсон уран бүтээл зөндөө бий.
-Сурталчилгаанд та мөнгө зардаггүй байх. Одоо та хэчнээн цомогтой вэ?
-Нийт есөн цомогтой.
-Дахиж хэвлээд, зах зээл дээр борлогдоод л байдаг уу?
-Энэ үүрэн телефоны компаниуд чинь үнэгүй авч зараад, зохиосон зохиогч нарт нь дусал дусал жаахан юм өгөөд дуучныг нь бүр хаячихдаг юм шүү дээ. Сүүлийн үед CD борлохоо ч больсон. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, миний хувьд. Тав арван юм орж ирвэл хоол ундандаа, гэр бүлдээ зарцуулаад болчихдог юм. Хоёр идэхгүй хоосон хонохгүй л явна.
-Та ямар гэр бүлд, ямар уур амьсгалтай айлд төрж өсөв. Таны аав Саманд гуайг нутаг орондоо хүндтэй хүн байсан гэдэг.
-Манай аав дарга хүн байлаа. Аймгийн усны аж ахуйн удирдах газрын дарга хүн байсан. Багадаа байранд өсөөд, тавдугаар ангид байхад манай гэр бүл хөдөө гарсан даа. Аав маань ингэж л ер нь юм юмны захыг үзүүлсэн. Хөдөө гарна аа, хүүхдүүддээ амьдрал таниулна гээд л.
-Аав тань тань шиг үзэл бодолтой хүн байсан уу. Юм хураадаг хуримтлуулдаг, хүүхдүүддээ юм үлдээе гэж боддог өөр үзэлтэй хүн байсан уу?
-Манай аав түүхээ бүтээ, олонтойгоо яв гэж захидаг байсан юм. Түүхээ бүтээ, сэргээ, босго гэдэг. Надад мөнгө олж өгөөч, хаан минь намайг жаргуулж өгөөч гэж хоосон сөгдөж гуйх биш, эцэг өвгөдийнхөө тэр түүхийг үргэлжүүлэх ёстой. Эндээс л эхэлнэ. Монголын өвөг дээдэс ер нь янз бүрийн юманд шунаагүй шүү. Том байр байшин барьж газар нутаг дээрээ үлдээгээгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр түүх биш гэж бодсон учраас. Өөрийгөө дарлаж байгаа эд баялгийн дарлалаас ангижруулж чадсан тохиолдолд дэлхийг байлдан дагуулах хүч чадлаа олж авдаг байсан юм шиг байгаа юм. Манай аавын үзэл бодол бол түүхийг бүтээ, галыг түгээ гэдэг энэ л үзэл байсан.
-Аав тань шүлэг бичдэг, уран зохиолд хайртай хүн байсан гэдэг. Танд бичсэн зүйлсээ үлдээсэн юм шиг байгаа юм. Аавынхаа үгээр хэдэн дуу дуулав аа?
-Аавынхаа шүлгээр хийсэн хоёр гурван дуу дуулсан.
-Зассан уу. Эсвэл танд тийм эрх байхгүй юу?
-Засаагүй ээ. “Ээжийн чанасан цай” гээд аавын минь л бичиж өгсөн дөрвөн бадаг шүлэг монгол туургатанд хүүг нь аваачиж өглөө шүү дээ. “Ээжийн чанасан цай”-г дуулахад ямар олон хүн уйлж байна. Уухайлж байна. Тэгэхээр миний аав одоо хүртэл надад хэрэг болсоор л явна. Миний аав дөрвөн бадаг шүлгээрээ хүртэл дэмнэж тусалж байхад мөнх тэнгэр надад хүч хайрлана гэж боддог. Тиймээс надад айх, ухрах шаардлага байдаггүй.
-Нөхөрлөл, найз нөхөд гэж эр хүнд сайхан чимэг болдог ойлголт бий. Эмээлийн ганзага шиг дэрвэцгээе гэж гоё үгтэй дууг өөрийнхөө үеийн залуустай дуулж байсан. Тэд таны хувьд одоо хэн бэ. Уулздаг уу?
-Мөн л миний сайхан найзууд. Бид хааяа уулзана аа. Уулзалгүй яахав.
-Тэд таныг дэмжих үү, эсвэл эсэргүүцдэг үү?
-Ер нь дэмжинэ шүү.
-Та бол мэргэжлийн амбийц ихтэй дуучин. Таны нэг ярилцлагыг уншиж байхад яаж ч ядарч байсан би Ч.Бат-Эрдэнэ (МУГЖ) шиг дуулахгүй гэж хэлсэн байсан?
-Хүмүүс миний өмнөөс юм яриулчих юм. Бас л сайхан монгол ээж ааваас төрсөн, сайхан нутаг устай тийм сайхан найзыгаа би юу гэж тэгж хэлэх вэ дээ. Миний адил нэг он цагт төрчихсөн. Хамтдаа л бид болгож бүтээчих гээд явж байна шүү дээ. Жавхлан Жавхлангаараа, Бат-Эрдэнэ Бат-Эрдэнээрээ л дуусна.
-Та зодоон хийдэг үү?
-Бага байхад бас янз бүрийн бужигнаан юм болоод явдаг л байлаа. Яаж зүгээр байхав.
-Одоо ч гэсэн таны үзэл санаа, зорилго дээр чинь гишгээд чичлээд байвал цохиод авах уу?
-Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг. Олон дахин ярьж таниулахыг хичээдэг. Ухаан байхад бяраар яахав. Тэр болгонтой барилцаж аваад муудалцаад байвал дэмий хэрэг л дээ. Би чинь зодолдохын тулд Монголоо гэж яриагүй шүү дээ. Тийм болохоор иймэрхүү араншин гарахгүй дээ.
-Та малтай юу?
-Надад жаал жуул юм байна аа бас. Хөрөнгө гэвэл тэр л байна. Олон түмний бэлэглэсэн малаа захаас нь цуглуулж байгаа. Хонь 100 гаруй байна, хэдэн үхэр, арав гаруй адуу байна.
-Дэлгүүрээс мах авдаггүй юу?
-Манайх ер нь дэлгүүрээс мах авдаггүй дээ. Өөрийнхөө гараар гаргаад идэх бас сайхан шүү дээ.
-Таны очих цэг яг хаана юм бэ. Дараагийн төсөл гэвэл юу байх вэ?
-Москвад 50 мянган буриад хүн байна. 60-аад мянган халимаг хүн байна.
-Бүгдийг нь үнэхээр авчрах гээд байгаа юм уу. Тэгвэл таны яриад байдаг цэвэр цус гэдэгтэй зөрчилдөх юм биш үү?
-Москвагийн төвд “Хамаг Монгол” төслийн тоглолтыг тоглуулъя гэсэн урилга бид хүлээж авчихаад байна. Америкт маш олон Өвөрмонгол, Халимаг, буриад, тувачууд байна. Бидний ахан дүүс. Японд маш их олноороо өвөрмонголчууд байна. Бээжин, Хонгконгд тоглуулъя гэсэн санал ирж байна. Тэгэхээр цаашаа бид төлөвлөгөөгөө зурна, гаргана. “Хамаг Монгол” төсөл маань “Дэлхийн Монгол” төсөл болж өргөжинө.
-Жавхлан сэвтсэн цустай хүмүүсийг дуудаж, ядарсан төсөвтэй улс орондоо гай чирэх нь гэж таныг шүүмжилж байгаа хэсэг ч бий. Өвөрмонголчууд гэхэд үндсэндээ хятад хүмүүс шүү дээ?
-Тэр хүмүүсийн байгаа нутаг ус эртний Монголынх. Монголчуудын маань хайрлаж ирсэн нутаг ус. Манай төслийн гол зорилго байгаа. Байсан байсан газартаа ёс заншлаа бадраая, нэг нэгэндээ ойрхон байя. Дуу дуугаа дуулалцъя, гараа гараа бариад галаа бадраая гэсэн. Ерөнхийлөгчийн маань сайхан уриалга байна л даа. Дэлхийгээр тарсан монголчууд эх орондоо цуглацгаая гэж. Үүнээс улбаалж манай төсөл яваа. Халимагт хүмүүс хэлж байна лээ. Бид байсан байсан газартаа хэний үр хүүхэд вэ, ямар ёс заншилтай хэний үрс вэ үүнийгээ мартах ёсгүй гэж. Эзэн хааны үед аян дайлаар “Хамаг Монгол” газар нутгаараа нэгдэж байсан бол энэ цагт оюун санаа, ёс заншил, дуу хуур, соёл урлагаараа нэгдэж байгаад гол нь байгаа юм. Оюуны эрин цаг ирээд байна шүү дээ.
-Шашин, бөө тойрсон үзэгдлүүд манай том сэдэв боллоо. Айл болгон л нэг бөөтэй болж, цадиг замбараагаа алдлаа. Та үүнд яаж ханддаг юм бэ?
-Би маш хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэвэл “Монголын Нууц товчоо”-н дээрээс ч харсан. Эцэг өвгөдийн шашдирт ч байдаг. Энэ зүйлийн л нэг юм байна. Ер нь бүх л шашинд монголчууд бүгд хүндэтгэлтэй хандах ёстой.
-Хүмүүс жаахан сэтгэлээ засмаар санагдахаар лам дээр очдог. Танд ийм хүн байдаг уу. Хувь заяагаа даатгадаг, ирээдүйгээ үзүүлж харуулдаг хувийн багш байдаг уу?
-Миний хувьд эргэн тойронд тиймэрхүү найз нөхөд олон бий л дээ. Нэг найз маань, нэг дүү маань ирээд ах аа та тийм ийм байсан шүү гээд миний сэтгэлийг засчихдаг юм. Тэр нь бидний мэдэхгүй хэлээр маань мэгзэм уншсанаас илүү надад засал болчихдог юм.
-Таныг угаа ав. Та тэнгэртэй юм байна гэж ямар нэг бөө хэлж байсан уу?
-Тийм тохиолдол бол байгаагүй. Би үсээ жаахан урт ургуулчихсан чинь намайг зайран боллоо гээд аюул болсон. Тэгэхээр нь үсээ хусуулж үзлээ. Тэгсэн Жавхлан лам болжээ л гэсэн.
-Та машиндаа ч юм уу гэртээ хэний дууг сонсдог вэ. Өөрийнхөө дууг сонсдог уу?
-Одоо бол “Хамаг Монгол”-ынхоо дууг л сонсч байна.
-Дуучныхаа хувьд үнэхээр том дуучин ирсэн юм уу. Үзэл санаатай л дуучид ирсэн юм биш үү?
-Тухайн тухайн улсын хамгийн авьяаслаг дуучид ирсэн шүү. Тэртэй тэргүй ах дүүс маань сэтгэл сайтай улс. Монголоо гэж бахархдаг. Сайн уран бүтээлчид, сайн хүмүүс л ирсэн. Тэднийг бид монголчууддаа таниулах нь чухал. Буриадад ямар сайн уран бүтээлч байгааг Халимагт, Өвөрмонголд төдийлөн сайн мэдэхгүй байна шүү дээ. Тэднийг хооронд солбицуулж өгөх нь чухал. Энэ дундаас “Хамаг Монгол”-ын соёл урлаг өөдөө дээшээ гарах магадлал их өндөр шүү дээ.
Жишээлбэл, Оросын дайны сэдэвтэй цоглог дуунууд ерөөсөө л халимаг, тува дуу байгаа байхгүй юу даа. Урлаг гэдэг зүйл сүлэлдээд ирвэл Монголын урлагт маш том түлхэц болно гэж би харж байгаа. Би одоо гэртээ “Хамаг Монгол”-ын уран бүтээлчдийн маш олон уран бүтээлийг сонсч дүгнэлт хийж байгаа.
-Та гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Магсаржав гуайд зүүж өгч бас бөөн хэл үгний бай болсон л доо. Төр маань заримдаа нүдгүй юм шиг, мэдрэмжгүй юм шиг байдаг нь үнэн. Таны тэр үйлдэл ийшээ үзүүлсэн эсэргүүцэл байв уу ?
-Мушгин гуйвуулбал тэмцэл юм шиг харагдаж магадгүй юм. Монгол хүний сайхан ерөөл байдаг. Тэр хүнийг би төрийн одон медаль аваасай гэж ерөөсөн юм. Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг шүү дээ. Ямар сайхан уран бүтээл хийсэн юм тэр хүн. “Зүүдэн бороо” дууг хүн болгон найран дээр дуулдаг, аялдаг мөртлөө тэр хүнд баярлалаа гэж урам хайрласан уу. Хүн дандаа урмаар дутаж явдаг. Өөрөө хүнээс урам хүсээд байдаг мөртлөө бид дандаа хүнээс урам харамлаж явдаг. Та лаг шүү, гоё шүү, чадсан шүү гээд хэлчихээр нөгөө хүн нь өөдөө дээшээ гарчих гээд байгаа мэт боддог. Үгүй шүү дээ. Тэр гоё хүнд урам зориг хайрлая. Энэ дээд ерөөлийг юугаар тавьж болох вэ гэж л бодсон юм.
-Хамаг Монгол”-д та дуучдаас Т.Ариунааг урьсан байсан. Таны хийсэн сонголт дуучных нь эрэмбэ зиндааны хувьд хийсэн сонголт юм уу. Энэ төсөлтэй хамаатай үзэл санааг нь бодолцож сонгосон юм уу?
-Ер нь бол Монголын дууны урлагийн тулгуур уран бүтээлчдийн нэг гэдэг талаасаа. Бид хамаг монголчуудаа урьчихаад тулгуур даацтай уран бүтээлчид маань ирэхгүй бол болохгүй биз дээ. Т.Ариунаа эгч маань анхнаасаа энэ төслийг дэмжиж байсан. Урам зориг хайрлаж зөвлөгөө, заавар өгч байсан. Монголчууд энэ хөгжмийн урлагийг поп рок, хип поп, зохиолын дуу, сонгодог урлаг гэж ангилаад, зааглаад байдаг юм. Үгүй шүү. Монголын урлаг чинь нэг том тогоондоо л байгаа юм. “Хамаг Монгол” дууны аялгууг “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан ах хийсэн байх жишээтэй. “Харанга”-ын Лхагвасүрэн, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн “Хар сарнай”-н Амармандах гээд Монголын омогшсон сайхан уран бүтээлчид яагаад энд ирж оролцож байгаа юм. Энэ хүмүүсийн үзэл санаа бидэнтэй үргэлж нэг зүгт байдаг. Ийм л уран бүтээлчид маань дэмжиж ирсэнд бид их талархаж байгаа. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шүү дээ.
-Уран бүтээлийн шунал гэж байдаг. Би хувьдаа таныг аягүй гоё Ленский гэж хардаг. Өөрт явдаг ийм мэргэжлийн мөрөөдлөөсөө хуваалцвал ?
-Би Хайдав багштайгаа ерөнхийдөө Ленскийг хийчихсэн хүн шүү дээ. Надад бас нэг бодол байдаг юм. Монголын тулгуур уран бүтээлчид нийлж байгаад “Учиртай гурван толгой”-г орчин үеийн загвар руу оруулж хийгээсэй гэсэн. Балдан луйварчидтай хуйвалдаж нийлж газраа зараад, Юндэн газраа хамгаалаад, охид нь биеэ үнэлээд л. Өнөөдрийн энэ нийгмийн муу муухай, сайн сайхан бүх үзэгдлийг сүлэлдүүлж шинэ үе рүү оруулж тавиасай гэж боддог юм. Үүнийг гол нь зөв сэтгэх, зөв олж харах нь чухал. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгой, Алагтолгой гээд л байгаа. Ц.Нацагдорж гэж хүн хэлсэн байна шүү дээ. Энэ гурван толгойгоор оролдсон цагт Монгол Монгол биш болно гэж. Гэтэл тэр хүнийг Балдан, Юндэнгээр харах биш Учиртай гурван толгой дотроо Хэнтий Хангай Саяныг оруулчихсан юм биш биз. Энэ тал руу монголчууд судалгаа хийх хэрэгтэй. Миний мөрөөдөл гэвэл иймэрхүү л чиглэл рүү ажиллана. Яахав олон зүйл бодогдох юм. Ерөнхийдөө учиртай гурав дээр хувиргасан зохиол маягийн юм хийчихсэн яваад байгаа хүн шүү дээ, би.
-Баялгийнхаа нэг хэсгийг ч эргэлтэд оруулахгүй зээл аваад л яваад байх юм уу. Үр хүүхдэдээ өр үлдээгээд л. Бид өөрсдөө бензинээ үйлдвэрлэж чадахгүй байна. Олон юмаа хийж чадахгүй байна. Мөрөөдөөд, хүсээд хүчрэхгүй чадахгүй юм гэж бас улс оронд байна шүү дээ. Тэгэхээр л нэг хэсэг нь газраа ухлаа гээд эсэргүүцээд ингээд яваад байх юм уу?
-Манай гэр бүлээс эхлээд өөрсдөө юмаа оёдог болж эхлээд байна. Энэ хөдөлгөөн хэдий чинээ өрнөнө бид бүх зүйлийг хэзээ монгол болгоно тэр үед монгол дэндүү хүч орно. Өөрийнхөө эд юмыг өөрсдөө засаад аваад авч явахыг эдийн засаг гэж байгаа юм. Эд юмаа засах гэсэн л үг байхгүй юу. Улс төр гэж уул ус түмнийхээ өр сэтгэлийг хурааж, нийлүүлж, нэгтгэж авч явахыг улс төр гэж байгаа юм шүү дээ. Уул ус түмний өр сэтгэл гэж байгаа юм. Улс гэж уулс гэж хуучин бичгээр бичигддэг. Төр гэдэг түмний өр гэдэг үгийн товчлол зүйл байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг буруу андуурч биднээс хол хөндий юм байдаг гэж бодож өөр хүмүүсийн нуруун дээр тохож хаяснаас болоод монголчууд бидний амьдралын доройтол үүсээд байгаа юм. Тэгэхээр уул усандаа сүслээд түмэн олон өр сэтгэлээ нийлүүлээд нэгдүүлээд ирвэл хүн болгон эх орныхоо эзэн гэж бодоод эд юмаа засаад авах юм бол Монголын эдийн засаг дээшээ гарна.
-Та зөвхөн Монголд үйлдвэрлэсэн л эд хэрэглэдэг үү?
-Ер нь миний бүх хэрэглээ дандаа энэ рүү чиглэж байгаа. Тийм. Аль болох гадаад юмнаас ангижрах тэмцлийг хийж байна шүү дээ. Энэ бол манай гэр бүлийн эдийн засгийн суурь бодлого. Манай гэр бүлийн эдийн засаг хөл дээрээ тогтвортой байгаа шүү. Ер нь нурахгүй.
-Facebook, twitter, youtube гээд л дэлхий нийтийг хошууруулсан супер ололтууд нэвтэрч байна. Та энэ бүхний хаагуур нь явна вэ?
-Би үүнд оролцдоггүй.
-Twitter-т жишээ нь та заримдаа сэдэв болчихсон л жиргээнүүд цуварч харагддаг ?
-Би ярьдаг болохоос жиргэдэг хүн биш. Би хүн. Миний өмнөөс манай фэн дүү нар тэглээ, ингэлээ шүү гэж л байдаг юм. Таны өмнөөс тийм Facebook нээсэн чинь тэдэн хүн ингэлээ тэглээ гээд. Би ач холбогдол өгдөггүй.
-Хүмүүс гадуур явахад чинь зургаа авахуулъя гээд байхаар та яаж ханддаг вэ?
-Ядарсан, ажлын ачаалалтай үед жаахан төвөгтэй байдаг юм. Гэхдээ яахав аль болох зохицуулаад л явна даа.
-Морь бөхөд яаж ханддаг юм бэ?
-Бидний өвөг дээдсийн домог байгаа шүү дээ. Алун гоо эхийн хүүхдүүд таван сумаа багцалж эхийнхээ сургаалаар нэгдэж, Монголоо хүчирхэг болгожээ гээд. Бид “Хамаг Монгол” тоглолт дээр ямар бэлгэдэл агуулсан юм гэхээр Алунгоо эхийн таван хүүхэд таван талаас гал голомтоо залж ирээд галаа нийлүүлээд найр наадам хийхийг өнөөгийн хүн төрөлхтөн олимпийн наадам гээд байгаа юм. Манай эрийн гурван наадмаас олимпийн наадам үүссэн гэдэг. Тэр баталгаа нотолгоог бид сая хийж өгсөн л дөө. Тиймээс ч манай эрийн гурван наадам дээр бөхийн гал, сурын гал, морины гал гэж байдаг. Тиймдээ ч дэлхийн олимпийн наадам галаар эхэлдэг. Олимпийн наадам хамгийн гэгээн сайхан наадам шүү дээ. “Хамаг Монгол”-оороо бид нааддаг болох ёстой. Бид халимагийн морь ямар хурдан байгааг хардаг больё. Бид буриадын бөх ямар хүчтэйг үздэг больё л доо. Монголын наадам хамаг Монголын наадам болон өргөжих ёстой.
-Нэг тува бөх ирээд барилдсан чинь монголчууд эсэргүүцээд бөөн юм болсон шүү дээ?
-Хөөрхий тэр нэг тува бөх ирээд барилдахад яав л гэж. Тэд энд ирээд барилдсанаараа насаараа баярлана. Би олон хүнийг харж байсан.
-Манайх чинь тэгээд дотроо нэг нь өөр аймагт очоод барилдах гэхээр хөөгөөд барилдуулахгүй байна шүү дээ ?
-Дотоодын жалга довны үзэл хэтэрч байна шүү дээ. Тэгэхэд бидний ахан дүүс Монголын газар нутагт орж ирэнгүүтээ “Ээ, миний өвөг дээдсийн нутаг минь” гээд мөргөөд, шорооноос нь базаад уйлж байна. Чингис хааны хөшөөн дээр ирээд сөгдөөд мөргөөд уйлж байна. Тийм хүмүүс зорьж ирж манай наадамд барилдаад нутагтаа очоод яах уу. Ямар их омогшил тээж очих вэ. Энэ монгол омогшлоо буцааж тэр хүмүүстээ өгч байгаа үзэгдэл байхгүй юү даа. Монголын наадам “Хамаг Монгол”-ын наадам болж өргөжих ёстой. Тэр цаг ирнэ.
-Хүн л юм чинь уйтгар ганцаардал байдаг л байх л даа. Та тийм үед яаж тайлдаг вэ. Дуулах уу?
-Хааяа нэг шимийн сархад тавиад юм бодоод, эсвэл ойр дотнын нөхөдтэйгөө ярилцаад суух үе байнаа, надад. Гэхдээ ховор. Мэдээж хүн л болсон юм хойно бусдын адил зүрх сэтгэл минь оргилж буцлалгүй л яахав. Баярлаж хөөрөлгүй л яахав. Босоод тонгочоод харайгаад гүймээр бололгүй л яахав дээ.
-Гуниглахаараа та өөрийнхөө дууг дуулдаг уу. Таны хамгийн хайртай дуу чинь ямар дуу вэ?
-Цээжний дуу гэж байна шүү дээ. Ээжийнхээ аялдаг байсан дуунуудыг, бага байхад найран дээр хөгшүүл дуулдаг байсан дуунуудыг аялна шүү.
-Таны эхнэр гэртээ дуулдаг уу?
-Аялна аа. Тэр чинь дуучин хүн шүү дээ.
-Жавхлантай адилхан олон дуучин төрсөн. Жавхлан шиг дуучин болно гээд Соёл урлагийн их сургууль руу хадуурсан ч юм бий байх. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Залуучуудад би хэлдэг юм. Та нар Жавхлан биш. Өөрийн гэсэн түүхийг өөрөөрөө бүтээх ёстой. Жавхлангийн дууг дуулахдаа гол нь биш. Жавхлангаас илүү уран бүтээлийг та нар хийх ёстой гэж би дүү нартаа хэлдэг.
-Танд одоо шавь гэж байгаа юү?
-Зөвлөгөө аваад, зорилго тэмүүллээ ирж яриад явдаг олон залуучууд байна.
-Хайдав багштайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Багштайгаа би үргэлж ярина. Багш маань над руу үргэлж ярина. Их холбоотой. Хөгшин бид хоёр нарийн их гүн холбоотой шүү дээ.
-Таныг их зэмлэдэг үү?
-Ер нь намайг зэмлэхээ больсон шүү. Оюутан байхад л их зэмлэдэг байсан. Одоо миний хүү л гэдэг юм.
-Та багштайгаа хамт дуулсан нь их сонин байсан. Жаахан байхад дуулдаг байсан тэр дуу сонин сэтгэгдэл төрүүлж байна билээ. Хамт бичлэгт ороход хоолой нь ямар байна?
-Мэдэхгүй би лав 80 нас хүрчихээд тэгж дуулж чадах юм уу, үгүй юү. Миний санаанд багтаагүй шүү.
-Хоолой хөгширдөг юм уу ер нь?
-Бие гэдэг мөнхийн зүйл биш шүү дээ. Харин сэтгэл оюун, хүний дотоод мөн чанар гэдэг мөнхийн зүйл. Багш маань ганцхан зүйл хэлдэг. Мөнхийн зүйл гэдэг хүний дотоод сэтгэл учраас үүгээрээ дуулбал хоолой чинь хөгшрөхгүй гэж. Би багшдаа дэндүү хайртай болоод ч тэр юм уу үргэлж залуугаар нь хардаг. Монголын бахархал шүү дээ. Бүх хүн л надтай адил хэлэх байх.
-Та хоолойгоо арчилна биз?
-Миний хувьд гам бариад, сүртэй ингэчихвэл яанаа, тэгчихвэл яанаа гэж анзаардаггүй.
-Хоолойгоо даатгуулдаг болсон байна шүү дээ, одоо. Та тэгэхгүй юү?
-Би тэгэхгүй ээ. Тэгэхгүй.
-Тоглолтын нийтлэг жишиг хугацаа дээд тал нь гурван цаг байдаг шиг байгаа юм. Ер нь торохгүй дуулна биз. Зарим дуучид дээр бичлэг тавилаа, ам барилаа гэсэн шүүмжлэл их явдаг. Энэ асуудалд та яаж ханддаг юм бэ?
-Монголын өнөөгийн дууны урлаг жаахан тийм амьдлаг, бодит тал руугаа явах хэрэгтэй. Ятгатайгаа дуулдаг, үндэсний хөгжимтэйгөө дуулдаг, морин хууртайгаа дуулдаг. Нийгэм жаахан нүсэр юмнаас залхаж эхэлж байна шүү дээ Түн тан түмпэн шанага гээд. Миний дуунуудын зарим нь бас их тийм нүсэр байсан үе байлаа шүү дээ. Одоо Жавхлангийн дуу дандаа энгийн рүү орж байгаа. Магадгүй Жавхлан хөгжимгүй ч дуулж болно шүү дээ. Сумын клубт байгаа хөгжимтэй нь энгийн сайхан дуулмаар л байна шүү дээ. Тийм зүйл рүү манай урлаг хэвийж орох ёстой. Орж ч байгаа. Оргил дээрээ хүрчихээд буцаад энгийн зүйл рүүгээ шилжих мөчлөг нь ирж байна.
-Энэ дуу надад л байсан бол гэж шунадаг тийм дуу байдаг уу танд?
-Би нэг үзээд алдсан бол гэмээр дуу таардаг. Гоё дууг дутуу дулимаг хийчихээр зарим уран бүтээлчдэд тэгж харагддаг байхгүй юү. Тийм зүйлүүд надад сэр мэр тааралддаг юм шүү.
-Та дуучин болох сонголтоо өөрөө хийсэн үү?
-Өөрөө л хийсэн. Хайдав багшийн нэрэмжит тэмцээнд “Чингис хаан”-д тоглодог А.Энхтайван ах маань хөтөлж авчраад л оруулсан.
-Аав, ээж нь дэмжиж байсан уу?
-Туйлын ихээр, бүр маш их баярлаж байсан. Тэмцээнд ороод Монголын радиогоор дуу маань явахад аав дэвтэр дээрээ Жавхлан тэдэн цагт тийм дуу дуулав гэж бичсэн байдаг юм.
-Тийм үү. Сайхан дурсамж байна. Таны төрсөн нутаг бол бөхийн өлгий. Танд онцгойлж шүтдэг бөх бий юу?
-Аль зөв, хүнлэг барилдаж байгаа, хөдөлмөрлөж чадаж байгаа бөхийг л би хүндэтгэдэг.
-Увсаас төрсөн нэг хүү Монгол Улсын Ерөнхий сайд хийж байгаа. Алдаа оноотой, бас л шүүмжлэл дунд л явах шиг байна. Та Н.Алтанхуяг даргатай хэр холбоотой байдаг вэ. Явуулж байгаа Засгийн газрынх нь бодлогыг нь яаж харж байна вэ?
-Монгол түмэн зөв зүйлийг л хүлээж байна даа. Их л хүлээлт үүсээд байна. Зөв гольдрол руугаа орох хүлээлтийг хүлээж байх шиг. Би нэгдүгээрт, маш хүндэтгэлтэй хандана. Би ямарваа нэгэн юмыг шүүмжлэгчийн хатуу байр сууринаас ханддаг байсан хэрнээ одоо аливаад хүндэтгэлтэй ханддаг болоод байгаа. Манайхан ингэж харах юм. Хүнийг шүүмжлэхээр тэр хүнээсээс зугтаад явчих юм. Тэгээд буруутах юм. Мань мэт нь хүнд хатуу дориун хэлчихдэг. Гэтэл зарим нь наалдаад нөгөө хүнээ эвдээд урам өгч байна гээд хөөргөөд дэврүүлээд солиотой юм шиг болгочихдог. Ингэж байгаа хүнээ нөгөөх нь анд нөхөр гэж харах юм. Монголын нэг гоё үг байдаг. Инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш гэж. Миний хувьд уурлаж байгаа, намайг шүүмжилсэн бүхэн миний нөхөр гэж боддог. Намайг магтаад л, пялдагдана гэж гоё үг байна шүү дээ. Намайг пялдагдаж байгаа хүн бол төдийлөн нөхөр шиг надад харагддаггүй.
-Таныг яахав шүтэн бишрэгч, фэн гэдэг ойлголтоор хардаг байх л даа?
-Түүнийг би мэдээж мэдрэмжээрээ зохицуулна. Олон түмнийхээ хайрыг таньж чадахгүй бол би хүү нь байгаад яах юм. Тийм биз дээ. Гэхдээ би сая бидний харилцаан дунд нутагшчихаад байгаа буруу жишгийн тухайд л хөндсөн юм.
Тийм ээ, олныхоо оломгүй хайр хүндэтгэлээр харьцангуй бага залуугаас бүчүүлж ирсэн түүн шиг хүний амнаас энэ дайны үг уналгүй яахав. Жавхлан бид энэ удаа үндсэндээ нэг л сэдэв тойрч ярилаа. Өөр сэдэв рүү орох бололцоо ч үгүй юм шиг, өөр сэдэв илүү чухал биш ч юм шиг яагаад ч юм ийм л яриа хөөрөө бидний дунд өрнөв.
Урьд нь түүнийг уйлж байхад нь бид харж л байсан. Дуулж байхад нь үргэлж харж ирсэн. Харин ийм байхыг нь тэр бүр тэмтэрч байгаагүй байх. Тэр одоо “өвдсөн” байна. Энэ өвчин Монгол гэдэг нэртэй аж. Бусдыг нь би мэдэхгүй байна аа, үнэндээ.