-Хятад улс 2000 ам.доллар завшсан албан тушаалтныг өршөөлөө гэхэд л бүх насаар нь хорих ялаар шийтгэж байхад монголчууд бидний дунд зөвхөн ажил, албан тушаалаараа хөлжсөн бүхэл бүтэн давхарга бий болж, тэдний өмнө бүхий л үүд, хаалга цэлийтэл нээгдсээр байх аж-

Дэлхийд хоёрдугаарт орох асар том эдийн засаг бүхий Хятад улсад авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оноодог. Тэр тусмаа завшсан мөнгөний хэмжээ их бага, хэргийн цар хүрээ том, жижгээс үл хамааран энэхүү хүнд ялыг оноодог нь анхаарал татахуйц. Сүүлийн таван жилд буюу 2007- 2012 оны хооронд тэнд авлигын гэмт хэргийн 643 мянган тохиолдолд Эрүүгийн хуулиар ял оноосон нь жилд дунджаар 100 мянган хэрэг шүүхээр таслагдаж байна гэсэн үг юм.

Харин Монгол Улсад хориод жилийн турш авлигын эсрэг тэмцэх талаар дээр дооргүй ярьж ирсэн ч сүүлийн нэг, хоёр жилийн үр дүнг эс тооцвол энэ төрлийн гэмт хэргийн улмаас эрх чөлөөгөө хориулж цагдуулсан албан тушаалтан хэд бий вэ? Заавал ял шийтгэл авсан хүний тоогоор авлигын эсрэг тэмцлийн үр дүнг хэмжих гээд байгаадаа ингэж асуусан юм биш шүү. Монголын нийгэмд нэгэнт тогтсон үнэлэмж, ёс суртахуун, тэр дундаа албан тушаал, авлигын гэмт хэргийн хор холбогдлыг хэмжих нэгж Хятадынхаас эрс өмнөө байгааг л энд хэлэх гэсэн юм. Жишээ татья.

Хятадын Шаньдун мужийн дарга Хуань Шен 2012 онд авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдэж, бүх насаараа хоригдох ял авсан юм. Түүний авлигад завшсан мөнгөний хэмжээ нийтдээ 2000 ам.доллар байв. Нийтдээ гэж тодотгохоос илүүтэй “ердөө л” гэж онцолбол авлигын хэрэгт амтшиж дассан монгол хүний сэтгэлгэээнд илүү хүчтэй буух биз. Тэгээд ч Хуань даргын нэг удаагийн үйлдлээр биш нийт 13 жилийн туршид завшсан мөнгөний хэмжээг нь 2000 ам.доллар болохыг хуулийнхан тогтоосон аж. Авлигын хэрэгт ялын дээд хэмжээ оноодог тус улсад Хуань дарга бүх насаараа хоригдох шийтгэл хүлээсэн нь харин ч аз ивээсэн хэрэг. Гэтэл Монгол Улсад албан тушаалтан 2000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг завшсан хэрэгтээ ийм хэмжээний шийтгэл хүлээхгүй нь даанч тодорхой юм.

БНХАУ-ын хүнсний чанар, аюулгүй байдал хариуцсан төрийн байгууллагыг удирдаж байсан Чжэн Сяосюй 2007 онд цаазын ял сонссон бөгөөд тэрээр олон удаагийн үйлдлээр нийт 800 мянган ам.доллар завшсан байв. Мөн 2010 онд Бээжин хотын дэд мэр асан Лю Чжихуа авлига, албан тушаалын хэргээр цаазын ял сонсчээ. Харин 2013 онд Хятадын төмөр замын сайд асан, 60 настай Лю Чжицзюний албан тушаал, авлигын гэмт хэрэг нь сөхөгдөж, улс төрийн эрхээ хасуулах, бүх өмчөө хураалгах шийтгэлийг шүүхээс сонссон. Тэрээр 1986 оноос хойш 2011 он хүртэл төрийн өндөр албан тушаалуудад томилогдож, тэр дундаа төмөр замын сайдын албыг хашиж байсан бөгөөд энэ хугацаанд түүний завшсанм мөнгөний хэмжээг 10 сая ам.доллар гэж хуулийнхан тогтоосон байна. Харин албан бус мэдээллээр бол Хятадын муж, хотуудад түүний эзэмшлийн 300 орчим объект бий гэж тогтоожээ. Энэ нь Хятадад шийдэгдсэн авлигын хэргүүд дундаас цар хүрээ, мөнгөний тоо хэмжээгээр томд тооцогдож, ихээхэн дуулиан дагуулсан юм.

Амьдралынхаа 25 жилийг өндөр албан тушаалд зориулсан Лю 10 сая ам.доллар завшсан байхад өнөөдөр Монголд татварын албаны дунд тушаалын нэг дарга л гэхэд ердөө жилийн хугацаанд 17 тэрбум төгрөг завшчихсан байж байна. Монголд үүнээс өмнө 14 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан этгээд гурван жилийн ял эдлээд суллагдаж байсан. Дээрх баримтуудыг хооронд нь харьцуулахад нэг нь балтай хуруугаа долоосон төдий бол нөгөө нь балтай торхонд толгойгоо дүрснээс ялгаагүй санагдаж байгаа биз?

Үүний цаана харагдаж буй хэтэрхий тод ялгаа бол авлига, албан тушаалын гэмт хэргийн хор урхгийг хэмжих өнцөг, нийгмийн ёс суртахууны үнэлэмж урд хөрш, манай хоёрт тэнгэр, газар шиг эрс тэс байгаа явдал юм.

Хэчнээн тэрбумаар хэмжигдэх эдийн засаг, төсөвтэй Хятад улс 2000 ам.доллар завшсан албан тушаалтныг өршөөлөө гэхэд л бүх насаар нь хорих ялаар шийтгэж байхад монголчууд бидний дунд зөвхөн ажил, албан тушаалаараа хөлжсөн бүхэл бүтэн давхарга бий болоод зогсохгүй торгонд хөлбөрч, тосоор гулгиж яваа тэдний өмнө хаалга, үүд цэлийтэл нээгдсээр байх аж.