Улсын төв номын сангийн барилгын нүүрэн талд  нэгэн эрхэм хүний  хөшөө бий. Энэхүү хөшөөг Монголдоо төдийгүй дэлхийд нэрд гарсан эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, угсаатны зүйч, соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ринчен агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор  түүний  мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 2005 онд   босгожээ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...
хэмээсэн  их зохиолчийн  уянга яруу мөрүүдийг мэдэхгүй хүн Монголд ховор буйзаа.  Харин энэ  аугаа их хүний тухай, түүний олон талт уран бүтээлийн тухай залуу үе маань төдийлөн сайн мэдэхгүй байж магад.  Мөхөс миний хувьд энэ аугаа хүний бичсэн бүтээл туурвилыг нь амтархан уншихаас гадна  түүний  тухай ард түмэнд домог болж үлдсэн аман яриа, егөөдөл зэргийг нь сонирхон цуглуулж  явдаг нэгэн.  Эдгээрийн  зөвхөн өөрийн мэргэжилтэй холбоотой болон уншиж сонссон зарим  аман яриа, егөөдлөөс  уншигч тантай  хуваалцъя.

Б. Ринчен гуай гуанзанд оржээ. Зөөгч түүний захиалсан хуушуурыг авчирч өгчээ. Ринчен гуай хуушуурыг идчихээд суугаад байж Зөөгч бүсгүй гайхан:
-Та өөр хоол нэмж авах уу? гэж асуусанд:
-Та хуушуурын гурилыг нь авчирч өгсөн. Одоо махыг нь авчирч өгөх байх гээд л хүлээж сууна даа гэжээ.

 х        х        х

Энэ егөөдлийн өөр нэг хувилбарыг толилуулъя.

Б. Ринчин гуай ресторанд  ороод зөөгчөөс ямар хоол байгааг асуужээ.
Зөөгч:

-Хуушуур муушуур л байна гэж хариулахад Ринчен гуай:
-Тэгвэл хуушуур муушуурыг чинь авъя даа хүүхээ гэжээ.
Зөөгч захиалсан хоолыг нь авчирч өгөв. Ринчен гуай хоолоо идчихээд суугаад л байж. Зөөгч “Та дахиад авах гээ юу?” гэж асуухад нь:
-Өө, ах нь хуушуурыг нь идчихлээ. Одоо муушуурыг нь авъя гэжээ.

 х        х        х

Ринчен гуай оросын нэгэн зочинтой хамт үдийн хоол идэх болжээ. Ингээд Ринчен гуай мах нь ахиухан хоол, нөгөө орос нь ногоо ихтэй хоол захиалжээ. Хоолоо идэж байх зуур орос зочин Ринчен гуайг дөнгөх санаатай наргиа болгож:

-Та чинь махыг чоно шиг идэх юмаа гэхэд тэрбээр тун тайван хоолоо идэж дуусаад:
-Харин та ногоог мал шиг идэх юмаа гэж таглажээ.

Өөр хувилбар.

Б. Ринчен гуай Бээжинд зочилж нэгэн зоогийн газарт үдийн хоолонд уригджээ. Түүнийг дагалдаж явсан хүн:
-Танд манай хоол зохиж байна уу гэж асуухад:
-Нутагтаа махыг чоно шиг цохидогсон. Танай энд ногоог илжиг шиг зулгааж байна гэж хариулсан гэдэг.

 х        х        х

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд Б. Ринчен гуайд хандан :

- Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэддэггүй юм байна. Тийм үү? гэж асуухад Ренчин гуай:

 - Францчууд та нар өөрсдийгөө маш их ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм гэж хариулсан гэдэг.

х        х        х

Б. Ринчен гуай нэг аймагт очоод үдийн хоол идэх болж. Түүнтэй хамт олон хүн явсан юм байх.  Зөөгч хоол авчирч өгөхөд тэр хоолыг Ринчен гуайгаас бусад нь амссан төдий болоод тавгандаа үлдээжээ. Харин их зохиолч хоолоо дуустал нь идээд  зөөгчид хандан: “Гялайлаа, үхсэн хойноо үмхийрэхгүй болж санаа амарлаа хэмээн ёжилжээ. Хоол нь дэндүү шорвог амттай байсан аж.

х        х        х

Өөр хувилбар.
Баян-Өлгий аймагт зочид буудлын гуанзанд Ринчен гуайд их шорвог шөл өгчээ. Тэгтэл аймгийн нэг дарга магтаал дуулах гэж:
-Ринчен гуай, хоол амттай байна уу? гэсэнд:
-Орохдоо монгол ам, гарахдаа хасаг ам түлэхээр хоол байна гэж урмыг нь хугалжээ.

 х        х        х

Б. Ринчен гуайд нэг нь:
-Манай боксчид гадаадад уралдаан тэмцээнд  оролцохдоо овоо тоглох юм. Яагаад тэр вэ? гэхэд нь:
-Давстай усанд чанасан төмсийг хонины  (хөлдүү) гуяар цохиход арга байж уу гэж жишим ч үгүй хариусан гэдэг.

х        х        х

Өнгөрсөн зууны дөч, тавиад оны үес Б. Ринчен гуай манайд ирсэн гадаадын хүмүүсийг дагаж тэднийг үйлчилж, хэлмэрчлэх үе бишгүй гардаг байж.

Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлчээр Улаанбаатар хотноо ирсэн Английн нэгэн зохиолч Б. Ринчен гуайд хандан:
-Танай нийслэл ч эсгий гэрээр дүүрсэн, өөр хоорондоо их зайтай , таруу байршилтай намхан жижиг байшин,  барилгуудтай юм байна гэж тохуурхсан байдлаар хэлэхэд:
-Аралд хавчигдсан биш, тэгээд ч нутаг газар багадсан биш, дээр дээрээс  нь шаваад яахав дээ гэж хариулсан гэдэг.
          
 х        х        х

Б. Ринчен гуай Энэтхэгт хуралд очоод хуралд мөнгөн товчтой монгол дээл өмсөж мөнгөн тоногтой агсраг бүслэн оржээ. Нимгэн даавуу хувцастай энэтхэг сурвалжлагч түүнээс:
-Таны хувцас хэдий хэр үнэтэй вэ? гэж асуухад Ринчен гуай
-Ядуу зүдүү байж үзээгүй болохоор хувцсаа үнэлж үзсэнгүй дээ гэж жишим ч үгүй хариулсан гэдэг

Дээхэн үед аж. Стандарт, жин хэмжүүрийн газар, ус цаг уурын хүрээлэн нэг байшинд  түр байрлажээ. Тэгэхэд Ринчен гуай “хулгайч, худалч хоёр нэг дор орчихож” гэж ёжилсон гэдэг.