ШИНЭ МЭДЭЭ!

Парламент Санхүүгийн өршөөлийн хууль гаргахаар ярилцаж буй.Одоо хэлэлцэж байгаа Гэмт хэргийн тухай хуулийг мөрдөж эхлэхийн тулд заавал санхүүгийн өршөөл гаргах хэрэгтэй гэж Х.Тэмүүжин сайд нэгэнтээ хэлсэн.

-Санхүүгийн гэж, Авлигын өршөөл юм биш үү гэхэд,
-Бараг тэгж ойлгож болно. Олон жил замбараагүй явсан, аалзны тор шиг биесээ хэрсэн авлига, шантаажийг цэгцэлж байж цаашаа явахгүй бол болохгүй нь гэж сайд хариулсан.

Эдийн засгийн ач холбогдол талаас нь харвал авлигачдыг өршөөснөөр тэд улсаас хулгайлснаа ил гаргана, гадаадын офшор дансанд нууснаа Монголдоо оруулж ирнэ. Үр дүнд нь Монгол Улсад эргэлддэг мөнгөний хэмжээ, урсгал нэмэгдэнэ, эдийн засаг тэлнэ. Ингэж “дотоод нөөц”-өө ашиглах нь гаднаас бондоор өр тавихаас хамаагүй дээр гэж зарим эдийн засагч хэлэх.Уг нь шударга ёс юунаас ч үнэтэй. Гэвч шилжилтийн үеийн онцлогоо бодоод, эдийн засагт тэгж их эерэг өөрчлөлт гарах нь үнэн л юм бол хэдэн авлигачийг өршөөх, улсынхаа нийт эдийн засгийн өсөлт хоёрыг жингийн туухай дээр зэрэгцүүлж харахад бас буруугүй ч юм шиг. Санхүүгийн өршөөлийн сургаар олон хүн бүтэн нойртой хонохоо хоног тоолон хүлээж байгаа.


ХУУЧИН МЭДЭЭ!

Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн Гэмт хэргийн өршөөлийн хуулийн төсөл санаачилсан.Засгийн газраас санал авч УИХ-ын босго давуулсан энэ төсөл хоёр он дамнан сунжирч байна. Хэрвээ батлагдвал хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон тав хүртэлх жилийн ялтай 3000 орчим хүнийг ялаас чөлөөлнө гэж төсөл санаачлагчид хэлж байгаа. Яагаад батлахгүй, УИХ-аар хэлэлцэхгүй байгаа нь тодорхойгүй ч, ямар ч гэсэн энэ хуулийг нарсанд 3000 гаруй, наранд түүнээс ч олон хүн хүлээж буй нь тодорхой. Захиалгатай, захиалгагүй, сайн дурын эсэхийг мэдэхгүй, уг хуулийг батлахыг шаардсан жагсаал ч болж байгаа.


МУУ МЭДЭЭ!
Ийм хоёр “төрөл”-ийн гэмт хэрэгтнүүдээ өршөөхтэй зэрэгцээд гэмт хэрэг огт хийгээгүй энгийн иргэдээ илүү чангалах нэгэн хуулийг УИХ батлах гэж байна.Гаднын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын 10 гэхэд батлах хатуу тулгалттай энэ хуулиар банкууд итгэлцлийн байгууллага байхаа больж мэдээлэгчид болох юм билээ. Хуулийн төслийн агуулгыг товч дурдвал;

-Иргэд дансандаа 20 сая ба түүнээс илүү мөнгө хийвэл уг мөнгөний эх үүсвэрийг цагдаагийн байгууллага шалгана.
-Заавал нэг банкинд биш, хэд хэдэн банкинд хувааж хийж буй хадгаламжийн нийлбэр нь 20 саяас илүү байвал бас шалгана.    
-Хэрвээ 20 сая ба түүнээс илүү мөнгө нь цэвэр болохыг санхүүгийн баримтаар нотолж чадахгүй бол уг мөнгийг улсын орлого болгоно, эзнийг нь мөнгө угаасан гэж үзэн тав хүртэлх жилээр цагдан хорино.
-Хувийн хэвшлийнхэн ч ялгаагүй, 20 саяас дээш харилцахын  гүйлгээгээ хянуулна. Эх үүсвэрээ нотолж чадахгүй бол мөнгийг нь улсын орлого болгож, компанийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин өсгөсөн дүнгээр торгоно.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 192 мянган төгрөг байгаа. Үүнийг 300 дахин өсгөнө гэхээр 57 сая 600 мянган төгрөгөөр торгох нь.
 -Улстөрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн гүйлгээг тусгайлан хянана, тусгайлан шалгана гэсэн заалт төсөлд бий. Гэтэл “улстөрд нөлөө бүхий этгээд” гэж хэнийг хэлэх тухай заалт, томъёолол ямар ч хуульд  байхгүй.    
-Гол нь иргэдийн хадгаламж, харилцахын гүйлгээний талаархи мэдээллийг банкууд, банкны ажилтнууд өөрсдөө цааш дамжуулж байгаад хамгийн эрсдэл нь байгаа юм. Тэд тухайн иргэний овог нэр, регистр, гэрийн хаяг гээд бүх мэдээллийг ажлын тав хоногт цагдаад дамжуулах үүрэгтэй гэжээ.Харилцагч банкин дээр очоод асуултад хариулахдаа банкны ажилтанд мэдээллээ хадгалуулж байна уу, цагдаад байцаалт өгч байна уу гэдгээ ялгах боломжгүй.
-Банкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба, тэнд нь хуулийн байгууллагын төлөөлөл ажиллана гэж төсөлд тусгажээ. Тэгэхээр нэр нь санхүүгийн утгатай  ч, арилжааны банк өөрөө бүхлээрээ цагдаагийн байгууллагын нэгэн хэлтэс болчихож байгаа юм.

Иймэрхүү хатуу заалттай, энгийн иргэнд хэт халгаатай хуулийг Цагаан сарын баярын уур амьсгалын сиймхийгээр батлах гэж байна.

Манай улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ \Financial Action Task Forсe\ гэж байгууллагын гишүүн болж, энэ чиглэлээр НҮБ-ын конвенцод нэгджээ.Ингэснээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг заалт нэмэх үүрэг хүлээсэн байна. Харин тэр дагуу хийх эдгээр өөрчлөлтийг ирэх хоёрдугаар сарын 10-наас өмнө хийхгүй бол Монголыг “мөнгө угаах стратегийн дутагдалтай орон”, “ФАТФ-ын хамтран ажилладаггүй орон” гэж олон улсад зарлахаа тус байгууллагаас мэдэгдсэн юм байх. Хэрвээ заасан хугацаанд өөрчлөлт оруулахгүй бол манай улсад гаднаас орж ирэх бүх мөнгөн урсгал саатаж болзошгүйг Хууль зүйн байнгын хорооны дарга сануулж ярилцлага өгсөн.

Нэгэнт олон улсын конвенцод нэгдсэн л бол бандан тас.Гэтэл дэлхийд хамгийн авлигагүй, бохир мөнгөгүй, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлдэг зарим улс орнууд энэ конвенцод нэгдээгүй юм билээ.Энэ ФАТФ-д нь ердөө34 улс л нэгдсэн байдаг юм гэж зарим эх сурвалж хэлсэн.Харин манайхан хожмын эрсдэлийг нь тооцохгүйгээр өөрсдөө очиж нэгдсэн, одоо өөдөө шидсэн чулуу нь эргээд өөрийнх нь толгой дээр унаж байгаа нь энэ юм.Гэхдээ тэндээс тусгаар улсын дотоод хэрэгт хэт хутгалдаж “яг ийм заалт оруул” гэж хатуу тулгаагүй байх.Харин манайхан наагуур нь сүржигнэж, иргэдийнхээ санхүүгийн эрх чөлөөнд халдах, хувийн хэвшлээ хааж боох, гаднынхны гар хөл болох гээд байгаа юм уу гэж хардмаар.Тэгж хардсан хүмүүсийн дуу хоолой хэвлэлийн хуудаснаас харагдах боллоо. Харин хамгийн гол нь өөрсдийг нь цагдаагийн албан ёсны мэдээлэгч болгож, харилцагчаас нь холдуулж байхад арилжааны банкууд яагаад  дуугарахгүй байна вэ. Банк гэх утгаа алдаж байхад банкныхан дуугүй л байх юм.Банк гэдэг харилцагчийнхаа итгэл дээр тогтдоггүй бил үү.

Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх нь сайн хэрэг. Хадгалж байгаа мөнгө нь цэвэр л бол айх юмгүй  гэх тайлбар ч зөв. Гэтэл амьдрал үйл явдлаар баян.  Жишээ нь, гадаадад сурдаг хүүхдэдээ танилаасаа 20 сая төгрөг зээлээд шилжүүлчихвэл банкны мэдээлэл, хүсэлтээр хуулийнхан шалгана. Зээл өгсөн танилыг ч давхар шалгана. Магадгүй танил маань зээлсэн мөнгөө өөрийнх, цэвэр болохыг нь нотолж чадахгүй бол тэр ч, шилжүүлгээр сургалтын төлбөрөө авсан оюутан ч, мөнгө зээлсэн хүн ч мөнгө угаасан гэмт хэргийн хамсаатан болж хамтаараа хоригдох  нь. Аль нэгэн байгууллагаас зээлсэн ч адилхан шалгуулна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд мөнгө зээлүүлэх, хэн нэгнээс мөнгө зээлэхэд хүртэл хуулийн байгууллагад шалгуулж мэдэх эрсдэлтэй болох юм. Хэрвээ энэ хуулийг яг эдгээр заалттай нь баталбал, албаны үгээр бичсэн хуулийн зорилго, агуулгыг ойлгож болох ч, амьдрал дээр банкинд итгэх итгэл эрс багасна.

Ойлгомжгүй нь, буруу замаар олсноо гадаадад нуусныг нь өршөөж, шударгаар цуглуулснаа Монголынхоо банкинд хадгалуулсныг нь чангалж мөнгө угаахтай тэмцэнэ гэж байх уу.Гэмт хэрэг хийснийг нь өршөөдөг, хийгээгүйг нь чангалдаг хуулийн засаглал байж болох уу. Санхүүгийн өршөөлөөр авлигачид, офшор дансны мөнгийг өршөөж, гол нь  эдийн засагт оруулна гэсэн. Тэгснээ 20 саяас илүү хадгаламж, харилцахын эх үүсвэрийг шалгана гэх юм. Өршөөгдсөн хүмүүсийн өршөөлөөр орж ирсэн мөнгө мэдээж буруу гарынх л байна. Өршөөлөө гээд өнгө нь хувирахгүй.  Тэгээд яаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь ойлгомжгүй. Өршөөл нэрийн дор хуурч оруулж ирээд хураах гээд байгаа юм уу, оруулж ирснээ гудсан дороо хадгал гээд байгаа юм уу, мэдэхгүй. Дэлхийн бүх л улс орнуудын гол хэрэглээ нь  төлбөрийн бэлэн бус хэлбэр, хадгаламж,  картын болон цахим үйлчилгээ. Манайд ч гэрлийн хурдаар нэвтэрч байна. Гэтэл дээрх хуулийг баталснаараа энэхүү соёлоос татгалзаж, иргэдийг банкнаас холдуулж эргээд гудсан дороо хадгалахыг  илүүд үзэх, илүү найдвартайд тооцох хүй нэгдлийн үеийн аргыг тулгаж байгаатай адил юм.

Ганц “но”-той нь ч бус, нийтээрээ гудсаа эргэж сонгож мэднэ.Хэн ч хуулийн байгууллагатай зууралдахыг хүсэхгүй, шалгуулахаас айдаггүй юмаа гэхэд адгийн зарга арав хоногоос хүн бүр залхана.Итгэдэг байсан банк нь цагдаад дуудлага өгдөг “102”-ын үүрэг гүйцэтгэхээр хэн ч болгоомжилно.Эцэст нь иргэдээс хадгаламж төвлөрүүлэхгүй бол банк юугаа зээлэх вэ.Хадгаламжгүй, зээлгүй банк юугаараа амьдрах юм.Банкгүй эдийн засаг гэдэг цусны эргэлт нь саатсан, зогсчихсон бие цогцостой л адилхан.Харин энэ хуулийн балгаар иргэдийг олноор нь хохироосон хадгаламж зээлийн хоршоо ч эргээд сэргэж магадгүй л юм.