Монголын хүн ард луу жилийн \2012 он\ зуны тэргүүн сарын их сонгуульдайгаар Тэмүүжинд “Бүх улсын дотор хулгайг цээрлүүлж, худлыг мохоох хууль цаазыг сайтар бичиглэж бай” хэмээн зарлиг болгов. Баруун гартаа нөж барьж төрөөгүй ч үзэг барьж яваа Тэмүүжин зөв бурууг тунгаах, гэмтнийг гэсгээж, гэмгүйг энэрэх хууль цааз бичиглэн Улсын Их Хурилдайгаар соёрхуулан буй. Төрийн тэргүүн өөрийн биеэр бурууд төмөр мэт хатуу, зөвд торго мэт зөөлөн хууль цаазыг үйлдэх сайн үйлийг үүтгэсэн буюу. Түүнд Тэмүүжин түшиг болж зүтгэсэн ажгуу. Монголын Ардчиллууд аймгийнхан Монголжин “Шударгуу ёс” насан залуу тутгар овогтой засгийн барилдлага үүсгэн, Хорхоног жибурт их хурим хийв. Монголын жаргалан нь дэвхцэн бүжих бөлгөө. Урд нь ардчиллууд аймагт яваад, удаад нь МАХН аймгийн Энкүүбуйраг ноёны зүг нэгэн шөнө дүлин дайжсан Баасан хөвүүн гэгч хууль цаазыг бүү үйлд хэмээн өчиж үл чадах тул их эеийг эвдэх мэт энгэр заам дэлгэн, айрагны бүлүүр барин давшилчухуй. Хууль цаазыг үтэр хувирган засч хишигтэн, хэвтүүлүүд худлыг мохоохдоо жигүүртэн адил хурдан, ард иргэндээ амраг мэт элгэмсүү, шөнө соргог, өдөр сэргэг бүү болог гэж өчиж үл чадах учир олхио үг шивнэн, ойр холд дуулгах ажгуу. Баасан хөвүүн Хууль бичиглэлийг бас ч үгүй уншсан хэмээн цээж дэлдэн явах учир Тэмүжиний олбог нүдэнд орсон хог мэт өшил өшин явах буюу.   Шудрах яс шидлэн, Тэмүүжиний аураг гэрийн ар хаяа,  үг өчил бүрийг өглөөнөөс үдэш хүртэл шиншин явах болов. Тэмүүжинд булган дах, найман шарга агт үгүй, эцэг нь эрт багад нь хальсан тул эх нь эгэл ардын хөвүүд охидод бичиг бичиглэн сургаж өсгөсөн бөлгөө. Тэмүүжин шинэ цагийн ёсоор ганц эхнэртэй бөгөөд нэгэн хөвүүнээ хол газар бичиг үсэгт сайтар боловсруулахаар явуулмуй гэтэл төхөөрөх төлөг, их далайн чинагших Канаду орны Чанчун бумба мэтэд барих булган дах үгүй, хясал хясах тул андын моринд дүүрүүлэн үдэж мордуулсаныг Баасан хөвүүн шиншлэн явсаар олхио үг болгон, шаазгай, хэрээний чихэнд өгүүлэв.

Ард иргэд Тэмүүжиний хууль цаазын бичиг олноор үйлдэхийг уухайлан дэмнэх тул Баасан хөвүүн ба хишигтэн хэвтүүлээс зарим нь түүнд хавьтахгүй өөр бусад ховын хэл хайн бэдрэв. Сайд Тэмүүжин бээр ард иргэдээс гувчуур гувчиж, татвар татаж хураасан алт мөнгийг элсэнд сүү асгах мэт тал, говь, уулаар тараан хаяхыг үл тэвчин, хишигтэн, хэвтүүлийн биесийг илаар болгох газрыг бүх их цэргийг эмнэх ангитай нийлэлдүүлэн нэгэн мянгат болгон зассаныг буруу явдал хэмээн цуурхав. Тэмүүжин хэлрүүн: Ард иргэдийн хөлс шингэсэн татвар гувчуурын эд хөрөнгийг өөрийнх мэт хамаа бусаар салхинд хийсгэж юунд болно.

Шорон гэх гэмтэнийг гэсгээх өргөст хэрэм Туулын хар түнгээс элсэн говь, их уул хүрэх хаа хол олон газраа буй нь гувчуур татварт сүйтгэлтэй, сахин харгалзах цэргийн эхнэр хүүхэд, хөгшид бууралд давхар гэсгээлтэй. Гэмтнийг гэсгээх хэрэм балгасуныг нэгэн дор босгож ард иргэний гувчуур, сахигч цэргийн ахуй төрлийг хамгаалан үтэр засна хэмээн Тэмүүжин өчив. Олхио үг чулуудагч, ховын үг харваачид ул болсоноороо удаг гэв. Гэм гэсгээл гэгч чухам юун болох, урд цагт үгүй өнөө цагт үүссэн өөр гэмт явдлыг онож бичиглэх, олон мянган ард иргэний амь биеийг батлан сахих цагдаа хэмээх хэвтүүл эгэл хүмүүндээ тугал мэт номхон, нохой мэт үнэнч, гэмтнийг чоно адил шүүрдэг болж түвшрэх хууль цаазыг Улсын Их Хурилдайд соёрхон зөвшүүлэхээр өргөв. Хүмүүний тусыг хичээсэн Хууль цаазын бичиг бичиглэх бүрийд Тэмүүжиний бие ба ухааныг  махир нумнаас хорон суман исгэрэх ховын үгээр харважухуй. Баасан хөвүүн бээр Улсын Их Хурилдайд Тэмүүжиний биеийг буй бүхнээр довтолсон олхио цаас өгчилгөвэй. Хашин, Хорезм, Перс, Тажик, Орос, Энэтхэг мэтийн харь орон улсад түгж тархаагдсан, Хулагу хааны даран сөнөөсөн Ассасин хэмээх аймгийн идээ ундаан байгаад эдүгээ Туул, Онон, Хэрлэнгийн бэлчирт нэгэнт довтолгон ирсэн хар тамхи хэмээгч сэжиг цээрт эдэд толгой биеэ өгсөн хацар гоо охин Тэмүүжинд буй хэмээн салхи хэлсэн, хаяанаас дуулагдсан мэт олхио үгээр цуурхав. Хажуугийн хүнд хатгагдаж, хатгах үгэнд автаж, Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж, Хөнөөх үгэнд автагдаж явав гэх аугаа их Монголын Нууц товчооны өв буйг санаандаа тунгааж, эсгий туургатны үрс энх шударга болоход, улс төрийг түвшитгэн хүмүүн ардаа энэрэхэд зориг үл шантран явахын учир буй. Өндөр уулын өмөг мэт өргөн түмэн болоод төрийн тэргүүн бээр Будан мананд төөрөлгүй Булаалдах атаанд авталгүй” явахын нөмөр болж, Нойтонд норж Хүйтэнд хөрөвч хүмүүн бүрийд энэрэлтэй, хэвтүүл, хорч, торгууд, баатрууд бүхэн гэмгүйг жанчихгүй агаад гэмтэнд гэсгээлтэй болох шударгуу хууль цаазыг бичиглэ хэмээн зарлигдсан амуй. Олхио муу үг цохилох зүрхийг шивж, шаналах сэтгэлийг гундаавч, хучаагүй хөнжил сөхөж, өмсөөгүй дах нөмөргөсөн хорт суман мөндөр  салхины үзүүрт исгэрэвч тэвчин тэсэн туулан яв хэмээв. Хамаг ардыг хамгаалан манаж, өрх гэрүүдийг сахиж, өөрийн нүдийг цавчилгүй, өргөн түмний өвч биеийг халхалсан өнийн ивээлт хэвтүүлийг даруй түргэн түвшитгэ хэмээн захивай.

Хууль цаазын бичгийг гэсгээн муулах арга мэхийг эрэл эрж, сурал суравч үгүй гэнэм. Монгол улсын хууль засгийн үйл эрхлэн баригч Тэмүүжинийг алс их далайн цаадах Америк гэх олон өнгөт нүдтэн, арьстан суудаг их орны туршуул хэмээх цуурхалт цаас үзүүрт нь өлгөсөн сум нисгэв. Гэрийн хаяанд чих наагдаж, андын хооронд яс унамуй. Бор шувууг бүргэд гүйцэж, үнэг дутаахад чоно нэхэх адил ховын үгэнд холын газар үгүй бөлгөө. Хууль цаазын өмнөх нэгэн сайд Алтан улс, Тангудын алин нэгнийх нь туршуул хэмээх олхионд ороолдож байсан түүх дахих билээ. Баасан хөвүүн ба сэмээр нийлэлдсэн хүмүүн олхио үг унагавч андын журам бат ажгуу. Ардын зарлиг мөнх тэнгэрийн дор чивчиртэл татах нум адил хүчтэй амуй. Байсан газартаа байран нутагладаг болсон монгол ард, хөдөө талдаа хөдлөн нүүдэг монгол иргэнийг ч ивээсэн энх шударга улсыг түвшитгэ гэв.

Туулын хар шугуй түнэд Хөх морин жилийн хаврын сүүл сард бичиглэв.