-Тантай урьд өмнө уулзаж байгаагүй юм байна. Уулзаж ярилцах хүсэл их байлаа.
-Баярлалаа.

-Хүчний байгууллагуудын нэр хүнд нийтээрээ таагүй уур амьсгалд хучуулсан сонин үед би тантай уулзаж байна. Та бол прокурорын байгууллагын нэгэн хүчтэй дуу хоолой. Уулзах болсон шалтгаан маань танай салбарын сайдын хэдэн сарын турш хийсэн мэдэгдлүүдээс улбаатайг та гадарлаж байгаа байх. Хууль зүйн сайд Цагдаа, прокурорын байгууллагыг нэлэнхүйдээ ялзарсан. Тэднийг хүндэтгэх шалтгаан байхгүй гэж мэдэгдэж байгаа. Үүнээс болоод нийгэмд хүчний байгууллагуудыг харах мэлмий булингартчихлаа. Та энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?
-Би иргэнийхээ хувьд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, тэр дундаа хуулийн байгууллагууд руу чиглэсэн зохисгүй дайралтууд нийгэмд тусахдаа яаж бууж байгааг анхааралтай ажиглаж сууна л даа. Тэр дундаа хуулийн байгууллагад энэ мэргэжлийг эзэмшиж ирснээсээ хойш насаараа энэ салбарт ажилласны хувьд эмзэглэх юман дээр нь эмзэглэж, бас болж бүтэхгүй юман дээр нь шаналж, болж байгаа зүйлсийг нь болохгүй байна гэж үгүйсгэхэд нь бүр илүү зовж байх юм. Хүн ийм л байдаг юм байна. Өнөөдөр хуулийн байгууллагуудад шинэчлэл хийх шаардлага байна уу, гэвэл байна. Жишээ нь, үйл ажиллагааны шинэчлэл, сэтгэлгээний шинэчлэлүүдийг хийх шаардлага байна уу гэвэл байна. Тодорхой алхмуудаар урагшилж байна гэж хардаг.

-Энэ салбар тань ерөөсөө бууринаасаа хөдлөөгүй, хөгжөөгүй юм уу. Дороо л зогсч байсан болж таарч байна уу?

-Ерөөсөө сууринаасаа хөдөлж чаддаггүй, хоцрогдсон, ялзарсан салбар гэдэгтэй би санаа нийлдэггүй. Энэ салбар бол үе үеийн мянга мянган хуульчдын амьдрал зүтгэлээр урагшилж, хөгжиж ирсэн салбар. Үүнийг нэг дайралтаар үгүйсгэх бололцоогүй. Нөгөө талдаа бас суурь шинжтэй, үйл ажиллагаанд нь эрс нөлөөлөхүйц шинэчлэл гэвэл сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Шинэчлэл хийхэд нөхцөл нь, орчин нь, гарцаагүй шаардлага нь, үндэслэл нь яг бүрэлдсэн юм уу. Энэ бүх хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэж байж шинэчлэлийг улам цааш нь явуулах ёстой. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулаад байгаа юман дээр бол эмзэглэж байна. Хуулийн байгууллага бүхэлдээ ялзарсан, бүгдээрээ авилгач болчихсон, хууль сахиулах бараг тэнхэлгүй болтлоо доройтсон юм шиг суртал явуулж байна шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд ийм уур амьсгал бий болгох осолтой.

-Салбарынх нь сайд өөрөө гарч ирээд тасралтгүй чичилсээр байгаад лав прокурор, цагдаа хоёрыг “хогийн сав” болгочихлоо. Прокурорын байгууллага бол таны амьдрал, таны түүх.

-Тийм ээ, энэ үнэн. Насан турш энэ байгууллагад зүтгэлээ. Надад эмзэглэл байна гэдгийг би ил хэллээ. Бусдад ч байна. Ярьж байна, уурлаж байна.  Бид энэ байгууллагаа нэр шигээ хайрладаг. Энэ бол бидний тавилан. Бид бүгдээрээ тавилангаа өгсөн. Одоо энэ байгууллагад зүтгэж байгаа залуу үе, хөгшчүүд бүгд. Гэтэл бүгдийг маань ялзарчихсан, авилга хээл хахуульд идэгдсэн, тулгуургүй болчихсон гэж харлуулах нь дэндүү болчимгүй үйлдэл. Тэгээд энэ санаачилга, энэ дайралт нь салбарын сайдынх нь амнаас гарч ирж цацагдаж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал. Төрд зүтгэж байгаа албан тушаалтнуудын ам хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Үүрэгтэй. Одоо юу гэж нийгэмд ярьж байна вэ гэхээр сайд нь ингэж байгаа юм чинь ерөөсөө энэ хуулийн байгууллага дампуурчихсан юм байна. Ерөөсөө ажил нь урагшаа явахаа больсон юм байна. Сууриараа авах юмгүй бохир намагт шигдчихсэн юм байна гэсэн бараан ойлголтод живүүлж байна. Асуудалд ингэж хандаж болохгүй байх. Ийм нэр хүндтэй, ийм их үл итгэлцэл дунд яаж тэгвэл хууль сахиулах юм. Нийгмээ ингэж дайвалзуулж, төрд зүтгэж байгаа албадыг ганхуулж болдог юм уу. Энэ дашрамд хэлэхэд манайх газар сайгүй нэг хэсэг авилга гэж хашгирсан. Төр нь авилгажчихсан, 76 гишүүн нь авилгажчихсан, хуулийн салбар нь авилгажчихсан, ерөөсөө газар сайгүй авилгажчихсан гэж. Ийм аймшигтай байгаа юм бол энэ улс ер нь яаж тэсэж явж байгаа юм бэ гэмээр. Энэ их хоморголсон бараан дайрлага эргээд Төрийн хүчийг маш их сулруулсан. Төрийг хүндэтгэх хүндэтгэл үгүй болсон. Төрд итгэх итгэл саарсан. Дээд хүмүүсийн амнаас ийм болчимгүй, хэт өрөөсгөл, сэтгэл хөдлөлд автсан, санаатай санамсаргүй мэдэгдлүүд унах нь эргээд нийгмээ тогтворгүй байдал руу хөтөлдөг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын чихэнд яаж хүрч байна. Дотоодын амьдралын уур амьсгалд яаж бууж байна. Авилга байсан уу гэвэл байсан. Гэхдээ яг тэр хэт хавтгайд нь харлуулж байсан хэмжээнд байсан уу гэвэл бас л харьцангуй байсан байж мэдэх. Нэгэнт нийтээр нь дүгнээд л өөрсдөө нүдчихээр гарах үзүүлэлтүүд нь адилхан дагаад л хөөсрөөд явчихдаг тал бас бий шүү дээ.  Томчуудын бодлогогүй ийм ярианаас болоод гадагшаа улсын нэр хүнд, дотооддоо салбаруудын нэр хүнд сэвтэж байгаа байхгүй юу.

-Эмч, багш нар гээд бусад салбарынхан бол нэр төр, ахуй амьдралынхаа төлөө тэмцдэг. Тэр бүү хэл сэхээн амьдруулахын эмч нар ажил хаялж байхыг бид үзсэн. Харин тугийн дор жагсаж, тушаалын дор бөхийж амьдардаг танай салбарынхан бол ингэж тэмцэх бололцоогүй байдаг юм байна л даа. Сайн нэр ч байхгүй. Үргэлж л номхон зогсч байгаад “зодуулж” байдаг. Францын цагдаа нар гэхэд л ажил хаяж эсэргүүцдэг л юм билээ. Ингэж бодоод жаахан өрөвддөг гэх үү дээ?
-Тийм. Нэгд, эд чинь тангараг өргөчихсөн. Хоёрт, хуулиар нь хязгаарлачихсан учраас дотор нь эсэргүүцэх, нэр төрөө хамгаалах сэтгэл байвч бололцоо нь байдаггүй. Тийм учраас Төрийн тусгай албадын энэ өвөрмөц нөхцөлд өнгөрөөдөг амьдралыг ингэтэл  гутааж болохгүй. Энэ бол маш харамсалтай явдал. Ийм байдал даамжирвал өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хөдөлж чаддаггүй юм гэхэд над шиг чөлөөндөө гарсан зүтгэлтнүүд бол тэмцэж ч магадгүй. Бид улсдаа зүтгэж ирсэн түүхээ нулимуулахгүй. Эрхийг нь хуулиар хязгаарласан шигээ тэр алба хаагчдын ажил амьдралыг зөв дүгнэж цэгнэх төрийн хараа байх ёстой шүү. Би жишээ нь прокурорт олон жил алба хашсан хүн. Өнөөдөр ингээд прокурорын байгууллагыг нийтээр нь харлуулж, элдвээр хэлэхээр намайг хэлж байгаа юм шиг хачин болдог. Цагдаа дотор ч өнөөдөр бухимдал, гомдол их байна. Бүгдэд л адилхан хүнд тусч байна. Төрийн албанд баахан зүтгэж зүтгэчихээд, үргэлж шөнө дуудагдаж, хоолтой хоолгүй тушаал гүйцэтгэж амьдарчихаад эцэст нь зүүж явсан цол ньч байхгүй, цэргийн тэтгэвэр гэж арай нэг найддаг байсан юм нь ч салаад явчихаж байгаа юм. Тэгээд дээрээс нь хамаг муу муухай нэрийг зүүлгэж байхаар хэн гомдохгүй, хэн шархлахгүй байх юм. Энийг манай Төр бас харах ёстой шүү. Төр зүтгүүлчихсэн хүмүүсээ ингэж зольж болохгүй. Тушаалаар амьдардаг хүмүүст энэрэнгүй хандах ёстой. Жирийн иргэнийг Төр тушаалаар дуудах бол бас зовлонтой л байх. Тангараг өргөсөн, формтой алба хаагчид бол дуудсан цагт ирнэ. Ийм л байдаг. Тийм учраас энэ хүмүүсийг ингэж айхтар харлуулж, ингэж их баалчихаад эргээд үүрэг хүлээлгэхэд наанадаж ёс суртахууны хувьд хүнд л байх. Бид гадны хуулийг авч болно. Гадны хуулийг хуулж болно. Тэрийгээ монгол нутагт нутагшуулахад, хөрс шороон дээр нь тохируулахад олон хүчин зүйлсийг бодох л шаардлагатай. Энэ явдал даамжирвал бид нэр төрөө, түүхээ, өргөсөн тангаргаа хамгаалж зохион байгуулалтад орж, тэмцэхийг үгүйсгэхгүй.

-Одоо ер нь Америкаас л болж өгвөл бүгдийг copy-ддог болж дээ.

-Ер нь тийм болчихож. Сүүлийн үед сонин хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслүүдээр урсаж байгаа зүйлсээс харахад дандаа л АНУ-ын загвар л яваад байна л даа. Гэтэл бид чинь их газрын системийн тогтолцоотой орон гэж явж ирсэн байдаг.  Одоо ядаж дуншиж байгаа хуулиуд дээрээ эрхэм түшээд маань наанатай цаанатай хандах байлгүй дээ.

-Яг өнөөдрийн байдлаар хүчний байгууллагууд сэтгэл гутралын байдалд байна. Ийм нөхцөлд тэд яаж энэ байдлыг эсэргүүцэх, зогсоох бололцоотой вэ?

-Зөв ойлголцох л ёстой. Цагдаагийн хууль орчихлоо. Мөрдөх албаны хууль явж байна. Шүүхийн шинэчлэлийн хууль бараг үндсэндээ болчихлоо. Энэ үүднээсээ юм бас гольдиролд орж байна. Одоо бол Хууль зүйн яам харъяа байгууллагуудтайгаа санаа нэгдэж, сэтгэл нийлж ажлаа уялдуулж явах чухал. Тэгэхгүй сайд нь өөрөө тургиад байж болохгүй л дээ. Арай л хэтэрлээ. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй.

-Тагнуулын байгууллагын тэргүүн дэд даргыг ойрхон хоёр сольчихлоо. Та энэ байдлын талаар юу гэж бодож байна?
-Ийм жишээ бол би мэдэхгүй юм. Ер нь бол тусгай үүрэг гүйцэтгэдэг субьектүүдийг тогтвортой ажиллуулах ёстой. Хүн болгон, дарга сайд болгон өөрийнхөө үзэл баримтлалд нийцүүлэх гэж хандах юм бол Төрийн тогтворгүй байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой муу үр дагавар дагуулна шүү.

-Эд бол Төрийн нууцтай ажиллаж байсан улсууд. Ингээд гаргаад чулуудчихаж болдог юм уу. Гадныхан тэдэнтэй “ажиллавал” яах уу?
-Тэдний өргөсөн тангарагт л итгэх ёстой.

-Та олон хүнд юмны дундуур явж ирсэн хүн. Таны аюулгүй байдал жишээ нь хэр баталгаатай вэ. Танд хамгаалалт байдаг уу?
-Бодох л асуудал.