Энэ бол 20-иод жилийн тэртээ БХЯ-нд генералуудын амнаас унаж байсан үгс. Гэхдээ цөхрөлийн үгс. “Тураалтай цэрэг” гэж нэг айхтар үг нийгэмд цууриатаж байсан үе. БХЯ цалингаа тавьж чадахгүй байхад чинь элэнцэгийн чинь энхийг сахиулах! Юугаа донгосоод байгаа юм! Юуны чинь монгол цэрэг Африкт алба хаах вэ? Хэн тийм юм бичээ вэ? Тэр Баярхүү гэж нөхөр юугаа солиороод байгаа юм бэ? Арми цалингаа ч тавьж чадахгүй байхад цэрэг Африк руу илгээнэ гэв үү? Манай энэ муу хэдэн халтар бор цэргийг хэн тоож алба хаалгадаг юм? – гэхчлэн 1990-ээд оны дундуур БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабт сөрөг яриа өрнөж байв. Ер нь үгүйсгэх унтраах хослож байсан даа.



СССР тарж, Зөвлөлтийн тусламж байхгүй болмогц манай арми маш хүнд байдалд орж, санхүү-техник зэвсэглэлийн хувьд хэцүүдсэн үед манай зэвсэгт хүчнийг шинэчлэн бэхжүүлэх, шинээр босгоход чухал боломж олгох суваг нь чухам энхийг сахиулахад манай цэргийг оролцуулах явдал гэдэг дээрээ бидний хэсэг нөхөд хатуу зогсож тэр үеийн БХЯ-ны генералуудын эсэргүүцлийг сөрсөөр байлаа. Би ч цөхрөлтгүй бичсээр байлаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож чадах л юм бол дороо сэхээд ирнэ,  монгол хүнээ басч болохгүй, монголчуудад давуу зүйл олон бий, байх ч ёстой гэдэгтээ итгэсээр би бичлэгээ цааш нь бүр гүнзгийрүүллээ.   

Бүр давраад НАТО-гийн энхийн төлөө түншлэлд яагаад Монгол хамрагдаж болохгүй вэ гэдэг асуудлыг хэвлэлд палхийтэл гаргаад тавьчихлаа. Жирийн байтугай жир биш  монголчуудын хувьд НАТО нь аюумшигт дайсан гэдэг сөрөг төсөөлөлтэй явсан “Хүйтэн дайн”-аа үдээд нэн удаагүй байхад тэгж зориглосон хэрэг шүү дээ.



НАТО-г зөвөөр ойлгоё, НАТО бол дайсан биш, НАТО-гийн энхийн төлөө түншлэлийн хөтөлбөр бол Монголын эрх ашигт харшлахгүй гэдгийг монголын хэвлэлд илээр бичсэнээс болж тэр үед сенсаац дэгдлээ. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх намайг дуудаж анхааруулга өглөө. Тэр хүний хувьд ийм асуудал ярилтгүй, юун НАТО, Монголд гурав дахь хөрш байхгүй, хоёр л хөрш бий гэдэгтээ хатуу зогсож, тэр өнцгөөс намайг  аашилж загналаа.

Миний бичсэн зүйл монголчуудыг давж гараад хоёр хөршийн анхааралд өртжээ. НАТО руу хандсан Монголын бодлогыг Орос, Хятад хоёр мэдээж таатай хүлээн авахгүй. Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-наас асуулга ГХЯ-нд очиж, Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирал Д.Баярхүү хувиасаа ингэж үзэж байна уу, эсвэл Монгол Улсын Засгийн газрын байр суурь уу гэдгийг асууж лавлаж байсныг санаж байна. Хятадын ЭСЯ өөр хэлбэрээр над руу хандлаа. Хятадын Элчин сайд нь намайг ЭСЯ-ндаа оройн зоогонд урьж, тэр зоог хоёр цаг үргэлжлэхэд би Хятадын Элчин сайдад НАТО-гийн тухай хичээл бараг заасан даа. Тэр сайд Зүүн өмнөд Азийн мэргэжилтэн, Мъянмараас Монголд Элчин сайдаар шилжиж ирсэн тул НАТО-гийн талаар анхны ч төсөөлөл байгаагүй.



Өөр нэг чухал баримт санаанд орж байна. 1997 онд Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном анх хэвлэгдэн гарахад би гадаад бодлогын хэсгийг нь бичиж, түүндээ НАТО-г ирээдүйн түншээ болгох санааг тусгалаа. НАТО руу ийнхүү Монгол Улс хандах нь олон талаасаа Монголд ашигтай гэдгийг ч бид тэр үедээ  бодож төсөөлж байлаа. Юуны өмнө гурав дахь хөршийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд олон гурав дахь хөршүүдээс нэг нь НАТО байх тухай бид төсөөлөв. Ийм эерэг алхмууд аажуухан боловч хийгдэж байлаа...

Гэтэл одоо? Монгол цэрэг суман, салаа, тасаг, багаараа, ганц нэгээрээ онгоцонд суугаад Африк, Араб, Афганистанд очоод алба хаачихаад ирдэг нь ердийн үзэгдэл болж, хэн ч сортолзохоо больчихож. Нийгэмд байдаг болдог ердийн л үзэгдэл. Юуны чинь монгол цэрэг Африкт алба хаах вэ хэмээн миний амыг асууж байсан генералуудаас одоо амьд сэрүүн олон нөхөд байж байна. Энхийг сахиулагчдын өдрийн баярыг тэмдэглээд сууж байдаг л байгаа даа?

Манай энэ муу хэдэн халтар бор цэргийг хэн тоож алба хаалгадаг юм  хэмээн ам асууж байсан генералуудад хариу хэлэх үгс бас байнаа. Саяхан би НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийн дэлхий даяархи түнш орнуудын тэргүүлэх судлаачдын айлчлалд оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэл бишгүй нэг сонсож явлаа.



Монгол цэргийн цог сүр жавхааг бахдаж ярьж байхтай таарлаа. Иракт монгол цэргүүдтэй хамт алба хашсан польшийн дэд хурандаа ярьж байна. Ярих байтугай гайхан шагшиж байна. Монгол цэргүүдийг яагаад дандаа харуулын албанд дайчлаад байдгийн учрыг ч би гүйцэт оллоо. Монгол цэргийн нүдний хурц хараа, ачаа даах чадвар, биеийн тэнхээ, хурдыг тэрээр гайхан ярьж байна. Өглөө сэрэх команд өгөхөд монголчууд гялалзтал хувцаслаад гараад жагсчихдаг, дэргэд нь НАТО-гийн цэргүүд ухантсаар хоцорч гардаг юм гэв. Та нар цэргээ хэрхэн тэгж бэлтгэв, зориудаар шилж сонгоод явуулсан уу гэж тэд эхэндээ асууж шалгаадаг байсан гэнэ.

Монгол цэргийн нүдэнд нэг л өөр гал цог байна, огт өөр нүд гялалзаж харагдлаа хэмэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2010 онд Монголд ирээд Таван толгойд олон улсын цэргийн команд-штабын сургууль сонирхоод хэлж байсныг Жанжин штабын дарга Бямбажав надад ярьж байсансан.

Монгол цэргийн хөлийн булчин яагаад ийм чанга байна вэ, яаж сургуулилаж бэлтгээд ингэж чангаруулж чадав гэж ирээд л НАТО-гийн генералууд манайхнаас асууж шалгаадаг аж. Ерөөсөө монгол хүний байж байгаа нь тэр, махан бодь тэгж заяасан гэдгийг тэд төсөөлөхгүй. Өөрсдийнх нь цэргүүдийн хөл гэж туялзуур жад шиг юм анх ирдэг, тэгээд нойр хоолгүй сургуулилаад чангаруулдаг болж таарлаа.

АНУ-ын Номхон далайн цэргийн ерөнхий командлагчаас цэргүүддээ хэлж захисан үгс байна.

-    Та нар энэ монголчуудыг сайн судла, эдэнд нэг л юм байна. Монголын түүх, монгол хүнийг сайтар судла, яаж цэргээ ингэж бэлтгэж чадав гэдгийг судла!