2014 оны 6 дугаар сарын 12-нд “Монголын түүх судлал: Түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд симпозиум” болов. Симпозиумд судлаач Д.Ганхуягтай хамтран энэ илтгэлийг бэлтгэж оролцсон юм. Илтгэлийг хуралд оролцсон түүхчид ихээхэн ойлгож хүлээн авсанд бид ихэд талархаж, бүрэн эхээр нь толилуулж байна. Энд дурдсан шүүмжлэлээс гадна хүмүүст хэлэхэд манайхан бараг л бүгдээрээ шахуу “түүхч” болчихоод түүхчдийг шүүмжилдэг болжээ. Энд тавьсан бас нэг зорилго бол түүхч гэж хэн болох тухай асуудлыг тодруулахыг зорьсон юм. Ялангуяа арга зүйн талаасаа. Хамгийн эхний шалгуур болсон түүхчдийн философи, түүхийн философи, арга зүйн талаар энд хөндсөн болно. Өнөөдөр нийгмийн шинжлэх ухаан ихээхэн нийлэгжиж, олон шинжлэх ухаан давхар судлах шаардлагатай болсон байна. Тиймээс хүнээс сонссон ч юм уу, хялбаршуулсан өгүүлэл уншсан, эсбөгөөс баталгаагүй оюун дүгнэлт (гипотез), таамгаар түүхчдийг мохоох дуртай “түүхч биш түүхчдэд” бас зориулсан болно. Засдаг бус үүнд би өөрийгөө ч хамаатуулж байгаа юм. Би бол түүхч биш бөгөөд түүхийг сонирхогч хүн. Түүхчидтэй уулзаж ярилцахдаа  “Би түүхийг хялбаршуулж олон нийтэд хүргэхэд л хүчин зүтгэж чадна. Ерийн боловсролтой хүмүүст шинжлэх ухааны болон судалгааны өгүүлэл, ном товхимлыг уншихад маш хүнд байдаг. Тиймээс мэргэжлийн судлаачдын бүтээлүүд олон нийтэд хүртээмжтэй тардаггүй, явцуу хүрээнд “эргэлддэг”. Харин түүнийг хялбаршуулж нийтэд түгээх нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага мөн. Тиймээс сэтгүүлчид түүхчидтэй нягт хамтран ажиллах ёстой, тиймээс хамтаръя” гэдэг.

Өөр олон чухал асуудлыг энд хөндсөн бөгөөд илтгэлийн голыг судлаач Д.Ганхуяг нугалсныг дурдах нь шударга.     

Монголын түүх бичлэг хаосын байдалд байна. Энэ нь монгол үндэстэн үндэсний үзэл санаа байхгүйтэй холбоотой. Гэтэл үндэсний үзэл санааг төр гаргадаг гэж боддогт манай хамаг эмгэнэл оршдог. Аливаа төрд цаг ямагт тэнэг биш юмаа гэхэд шилдэг хүмүүс хэзээ ч байгаагүй. Энэ бол бүх дэлхийн үзэгдэл. Одооны Монголын төрд бол ухаантай боловсролтой хүн бүр нэг ч ширхэг байхгүй. Тэгээд хэн үндэсний үзэл санааг гаргах гэж...?! Түүхчид үү?! Бас л биш. Яагаад гэвэл эрх баригчид түүхчдээр зөвхөн "намтраа" л бичүүлж, магтан дуулуулдаг байсан. Иймээс улс үндэснийг түүхэн шинэчлэл рүү уриалан дуудаж, зоригжуулж байсан түүхч нэн ховор байдаг юм.

Түүхийн философид суралцах тухай 

Тэгвэл одоо хүртэлх түүх гэж юу юм?! Одоо хүртэлх түүх бол төрийн түүх, хаад ноёдын түүх, дайн байлдааны түүх юм. Товчлон хэлбэл улс гүрний түүх юм. Нийгэм хөгжиж олон зүйл өөрчлөгдсөн боловч түүх бичлэгийн энэ мөн чанарт онцын их өөрчлөлт ороогүй. Гэвч өөрчлөлт оруулахын төлөө олон зүйл хийж байгаа. Чухам энэ асуудал түүхэн философид хамаарна. Үүнийг ойлгохгүй юм бол түүх бичих гэж оролдсоны хэрэг байхгүй.

Одоо нэг асуулт. Яагаад Нэгдсэн Үндэстний Байгууллагыг (НҮБ) Нэгдсэн Улсуудын Байгууллага гээд нэрлэж болоогүй юм ?! НҮБ-ийн өмнөх байгууллагыг бас л “Лига Наций” (англ. League of Nations) гэдэг байсан. Яагаад?!

Яагаад гэвэл улсууд бол хөдлөнги, үндэстэн бол тогтонги байдаг учраас тэр. Одооны улс гүрнүүдийг онолын хэллэгт “үндэстэн-улс” гэдэг. Улс гүрнүүд үндэстнээс тогтдог. Иймээс үндэстэн бол улс гүрний тулгуур, суурь, язгуур үндэс. Иймээс үндэстний түүх, улсын түүх, төрийн түүх, нийгмийн түүхүүд бүгдээрээ нийлж байж эх түүх гэсэн тулгуур, суурь, язгуур үндсийг бүрдүүлдэг. Эндээс түүхийн ач холбогдол, үүрэг, шаардлага гарч ирнэ.

Болж өнгөрсөн түүхэн үйл явдал, баримтуудыг олж байгаад түүх бичнэ гэвэл үлгэр болно. Яагаад гэвэл түүхэн үйл явдал хүмүүс болон хүмүүсийн нийтлэгийн байнгын зөрчил дунд явагддаг, түүхэн баримт өөрөө үй түмэн зөрчилтэй тохиолдолд хэзээ хойно, түүний буруу зөвийг олж тогтооно гэдэг бол үнэнхүү тэнэглэл болно. Энэ тохиолдолд түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх, шаардлага гарах бөгөөд энэ нь түүхэн өнгөрсөнд биш, харин өнөө болон ирээдүйд хамаарна. Харин энэ бол дан ганц түүхчдийн мэдэх хэрэг биш юм. Энэ нь бас л түүхийн философи, онолын социологийн асуудал юм. Танин мэдэхүйн асар том энэ зөрчил дээр түүхэн философи хийгээд онолын социологи үүссэн юм.

Түүхийн философийн асуудлыг "түүхийн дотоод асуудлууд" болон "түүхийн тухай" асуудал гэж хоёр хуваан үздэг. Манайд бол ингэж ангилах нь байтугай энэ ангиллыг ч анх удаа сонсож байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ бол Оксфордоос эхтэй нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл ангилал юм. 

Тэгэхээр түүхчид "түүхийн дотоод асуудлыг" судалдаг, түүхийн философчид болон онолын социологичид "түүхийн тухай" асуудлыг судалдаг юм. Иймээс монголын түүхчид “Бид  дангаараа л түүхийг судална, яагаад гэвэл бид л мэргэжлийн...” гэж өмчилдөг нь утгагүй бөгөөд ичмээр үзэгдэл.

Баруунд түүхийн философи хамгийн хүндтэй байр суурь эзэлдэг. АНУ-ын дээд сургуулийн нийгмийн ухааны бараг багш нар голдуу философийн доктор байдаг. Түүхэн социологи, түүхэн улс төр гэхчлэн түүхээс нь салгаж үздэг нийгмийн ганц ч шинжлэх ухаан байдаггүй. Харин манай Монголд бүгдийг нь салгаж, жижиглээд тэр жижиг хүрээндээ бүгдээрээ томорч, бүгдээрээ шинжлэх ухааны “хан” суух гэсэн “феодалын бутралын сэтгэхүйтэй” солиотнууд дүүрэн байна. Ингэхээр чинь эхлээд түүх, тэгээд нийгмийн бүх ухаан сөнөдөг юм.

Английн нэрт түүхч, дипломатч Эдвард Карр: "Түүхийн философгүйгээр явахыг оролдож буй түүхчид бол өнөөдөр хотын захын ногооны газарт Эдемийн цэцэрлэг байгуулах гэж их зан гарган, утгагүй нямбайлж буй нүцгэн хүмүүсийг (нудист) санагдуулдаг" гэж хэлснийг сайн тогтоож авагтун. Иймээс Монголын түүхчид бол түүхэн философи ор тас мэдэхгүйгээр барахгүй, түүнийг мэдэхийг улайран эсэргүүцдэг нийгмийн дэвшлийн эсрэг бүлэг мөн.

Хуучин нийгэмд ч түүхчдэд марксизм гэж зааж байгаагүй. Нээрээ шүү!!! Тэгээд юу зааж байсан юм бэ?! гэж үү? Түүхэн болон диалектик материализм гэж зааж байсан. Тийм биз…?!

Энэ түүхэн материализмд чинь түүхээ бичих ерөнхий арга зүй байсан юм. Мэдээж хэрэг формацийн онол талаасаа. Харин диалектик материализмд нь танин мэдэхүйн ерөнхий арга зүй байсан юм. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн явцад хурааж хуримтлуулсан шим шүүс нь тэнд байсан. Тийм болоод л хамтад нь заагаад байсан юм.

Социализмын үед ч манай монголчууд түүхэн материализмаас 5 шатыг нь цээжилчихээд тэрэндээ үндэснийхээ түүхийг тохируулах гэж түүх бичдэг байсан. Тэрэндээ ч нэг их шальдаггүй байсан. Хэн түүхчдэд Монголыг заавал таван формацид чихэж оруул гэсэн юм?! К.Маркс тэгж хэлээгүй, В.И.Ленин тэгж хэлээгүй, ЗХУКН тэгж  хэлээгүй. Монголын түүхчид л өөрсдөө нам засгийн мэргэн удирдлагаар түүхээ бичсэн нь тэр.

Харин диалектик материализмыг бол Монголд тун цөөн хүн үзэж байсан. Тэр үедээ ч мэддэг, ойлгодог хүн цөөн байсан, одоо бол бүр ганц ч байхгүй болчихоод байна. Диалектик материализм гэдгээр би шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий арга зүйг төлөөлүүлэн ярьж байна.

Танин мэдэхүй ерөнхий арга зүй үлэмж хөгжиж эдүгээ системийн ерөнхий онол, синергетик зэрэг шинжлэх ухаан дундын ерөнхий арга зүй болоод хөгжөөд явж байна. Энэ хүрээнд шугаман бус динамик, синергетик, хаосын удирдлага, зайлшгүй ба санамсаргүй, хаос хийгээд дэг журам, нарийн нийлмэл бүтцийн өөрийн зохион байгуулалт, диалектик тогтвортой байдал хийгээд тогтворгүй байдал, нийлмэл бүтцийн амьдрал ба мөхөл, потенциал ба актуал диалектик, хувьслын шугаман бус орчин, шугаман бус бүтэц дэх аттрактор, удирдлага болон өөрийн удирдлагын хаосын диалектик гэсэн ойлголтуудыг өргөн хэрэглэх болж байна. Харин Монголд бол сонсож дуулсан төдий байна. Ийм байж яаж түүхийн ухааныг хөгжүүлэх юм?! Үүнийг ярилаа гэж үзэн ядаж, бараг "алах" шахаж байна.    

Философич, социологичид нь түүх мэдэхгүй, түүхчид нь философи, онолын социологи хийгээд танин мэдэхүйн арга зүй мэдэхгүй. Ингээд философи ч байхгүй, онолын социологи ч байхгүй, түүх ч байхгүй болсон учраас бид энэ илтгэлээ "монголын түүх бичлэг хаосын байдалд" гэсэн үгээр эхэлсэн юм. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй жаахан удвал монголын түүх бичдэг устах нь гарцаагүй.

1990 он гарсаар бүр солио өвчин туссан. Социализм, коммунизмыг нураах далбаан дор марксизмыг таягдан хаяв. К.Маркс гэж ярихаасаа ч ичих болов. Гэтэл К.Маркын цаана агуу их Гегелийн диалектик, түүхийн философи байдаг гэдгийг мартчихжээ. Орчин үеийн түүхэн философийг Гегель бий анх болгож, К.Маркс залгаад хөгжүүлсэн юм. К.Марксаас хойш өнөөг хүртэл системийн ерөнхий онол, синергетик гээд хурдацтай хөгжиж байгааг дээр дурдсан. Тэгсэн чинь юутай хээтэй нь нулимаад хаячихдаг байна ш дээ. 

Асуудлыг өөр хувилбараар хөгжүүлэх буюу марксизмаа "хаяад" оронд нь түүхийн философийг өрнөдөд хөгжсөн тэр хэлбэрээр нь манайд оруулж ирэх боломж байсан боловч үүнийг хэн ч сонирхоогүй юм. Ганц нэг оролдлогыг жадлан эсэргүүцэж байна. Уг нь бол арга зүйн талаасаа бараг ялгаагүй л байхгүй юу. Хамгийн гол нь “Уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй” гэгчээр хоосон хоцорсонд л манай эмгэнэл байгаа юм... 

Угаасаа цаг ямагт асуудлын өнгөн талыг сонирхдог монголчууд үүнийг бодно гэж байхгүй л дээ. Ингээд Монголчууд хуучин ч үгүй, шинэ ч үгүй үлдсэн юм. Өөрөөр хэлбэл хуучнаараа ч түүхээ бичиж чадахгүй, шинээр ч түүхээ бичиж чадахгүй үхээнц байдалд оров. Түүх бичлэгийн арга зүйн мухардалд орсноо хүртэл мэдэхгүй хэрэлдээд байна гэдэг бол үлэмжийн их хоцрогдлын баттай шинж юм.  Иймээс нэн даруй түүхийн философи, онолын социологид суралцах явдал бол монголын түүх бичлэгийг аврах цорын ганц арга зам мөн.

Энэ талаар "үй түмэн юм" хорвоо ертөнцийн бүх хэлээр байгаа. Биднийг "ардчилсан түүх" бичнэ гэж солиорч байх хооронд түүх хийгээд түүхийн философи бараагүй хол хөгжөөд явчихсан байна. Ингээд одоо гүйцэх л үлдэж байна. Одоо жинхнээсээ "капитализмыг алгасах" ёстой болно доо...   

Түүх бичлэгийн мөн чанар

Монголын түүхчид мөнгө олох гэж, төсөл хэрэгжүүлэх гэж түүх бичдэг. Үүнийгээ сүүлийн үед ил тод хэлдэг болсон. Тийм хүн бол түүхч биш, рэкетчин. Түүх бичлэг бол хүний мөн чанар юм. Нүд ирмэх төдий амьдралаа мөнхжүүлэн үлдээх эрмэлзэл бол хүний мөн чанар. Иймээс хадны сүг зураг бол анхны түүх бичлэг. Өөрийн амьдралыг хаданд үлдээсэн тэр хүмүүс урлагийн бүтээл туурваж байна гэж бодож байгаагүй, мөн шинжлэх ухааны өв-бичлэг үлдээж байна гэж бодож байгаагүй. Зүгээр  өөрийн амьдралаа л буулгасан хэрэг. Энэ бол түүний түүх, түүний үндэстний түүх, мөн тэр өөрөө юм. Тэгэхээр түүх бичлэг бол хүн, үндэстний мөн чанар юм.

Иймээс түүх бол тухайн үндэстний мөн чанар, хүсэл эрмэлзэл, үндэстний үзэл санаанаас урган гардаг, ингэх ч ёстой. Бид ийм түүх бичиж чадаагүй байна. Яагаад?!

Энэ нь Монголд түүх бичлэг байсан уу?! гэсэн хачин утгагүй мэт боловч зарчмын том асуудалд хүргэдэг юм. Бид энэ асуултад ХХ зуун хүртэл Монголд орчин үеийн түүх бичлэг байгаагүй гэж хариулна.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа түүхээ үлдээж ирсэн. Дараа нь бичиг үсэг үүсмэгц бичмэл түүх тэр дороо л үүссэн. Гэхдээ тэрэнд нь хаад ноёдын, төр улсын, дайн байлдааны л түүх бичигдэж байж. Өөрөөр хэлбэл үзсэн харснаа он цагийн дараалалд оруулж тэмдэглэн үлдээдэг байж. Энэ хэлбэр бүх үеийн бүх улсуудад байж. Гэхдээ зөвхөн том улсуудад байж. Жишээлбэл, Хятад, Энэтхэг, Грек, Ром, Египет, Вавилон, Перс, Монгол гэх мэт.

Ийм түүх бичлэгийг мэдээж хэрэг дур дураараа бичиж байж. Баруун талаас Геродот, зүүн талаас Сыма Цинь нарын "түүхийн эцгүүд" төрөн гарсан боловч тэдний түүх бол орчин үеийн утгаар түүх бичлэг биш юм. Харин асар их үнэ цэнэтэй түүхэн сурвалж, он дарааллын бичиг юм. Яг ийм утгаар манай монголын "Нууц Товчоо", "Болор толь", "Шар тууж" зэрэг олон суут бүтээл орчин үеийн утгаар түүх бичлэгийн бүтээл биш, харин он дарааллын бичиг, олдошгүй ховор сурвалж юм.

Хүн төрөлхтөн яг л ийм замаар явсан юм. Тэгвэл орчин үеийн түүх бичлэг хэдийд бий болсон бэ?! Европт их сургуулиуд байгуулагдаж, архив, номын сангийн хуримтлал бий болж, шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн XYII-XYIII зууны үед юм. Энэ нь Европын аж үйлдвэрийн хувьсгал, мөнөөх капитализмын хөгжилтэй давхцана.  

Үүнтэй холбогдон түүх бичлэгт зөрчил гарав. 1. Европыгоо "ертөнцийн төв" гэж бодоод байсан чинь газар зүйн их нээлтээр Америк, Энэтхэг, Хятадыг нээв. Европоос өөр "түүхтэй" улсууд байдаг аж. 2. Өмнө нь үзсэн харснаа бичээд байсан чинь аль нь үнэн, аль нь худлыг ялгахаа байжээ. Ингээд түүх бичихийн тулд заавал эх баримт, бодит зүйл, сурвалжаар баталгаа нотолгоо болгох хэрэгтэй болов. Мөн сурвалжийн асар их зөрчилтэй мэдээллийг нягтлан, шалгаж системчлэх бодит шаардлага үүсчээ. Энэ нь ч амар хялбар байсангүй. 200 гаруй жил үйлээ үзэж. Баталгаа нотолгоо болгохын тулд хорвоо ертөнцийн бүх эд өлгийн зүйл, бичиг цаасыг Европ руу зөөж аваачив. Ингэлээ гээд түүхээ бичиж чадсангүй. Түүхэн мэдлэгийг системчлэх оролдлогын нөр их ажлын үр дүнд түүх бичлэгийн онол, арга зүй ихээхэн хөгжсөн юм. Дүгнэж хэлбэл орчин үеийн европ төвт түүх бичлэг XYIII-XIX зуунд төлөвшиж өнөөгийн хэлбэрээ олжээ. Төлөвшиж, хэлбэрээ олсон гэдэг нь орчин үеийн европ төвт түүх бичлэг ямар асуудалгүй цорын ганц зөв зүйл гэсэн үндэслэл биш юм.

Эндээс: 1. Түүх бичлэг нэн эртний гэж үзэх нь харьцангуй, 2. Европ төвт түүх бичлэг бол хүн төрөлхтний бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн, түүх бичлэгийн соёл, хүрсэн түвшин юм. 3. Энэ нь түүнийг шүүмжлэх, цааш хөгжүүлэх боломжийг үл үгүйсгэнэ гэсэн дүгнэлтүүд гардаг юм. Иймээс бид өөрийн түүхийг хүн төрөлхтний хүрсэн тэр арга зүйн дагуу бичих нь мэдээж хэрэг. 

Энэ агуулгаар Монголын орчин үеийн түүх бичлэг XX зууны эхэн үед буюу 1921 оны Ардын Хувьсгалаар эхэлсэн. Тодруулбал Судар бичгийн Хүрээлэн байгуулагдсанаар сууриа тавьж Түүхийн Хүрээлэн байгуулагдсанаас ажлаа эхэлсэн. Түүнээс өмнө Монголд түүх бичлэг байгаагүй. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа Монголын түүхийг Зөвлөлтийн коммунистууд, коминтернийн захиалгаар гуйвуулсан гэх яриа бол үнэн утгагүй гүтгэлэг юм. Байхгүй юмыг юуг нь гуйвуулдаг юм. Харин цоо шинээр бичихдээ үзэл сурталд хэт автаж, үндэстний шинжээ хэт алдсан гэвэл үнэнд нийцнэ.

Ахиад хэлье. Монгол Улсад орчин үеийн түүх бичлэгийн эхлэл ХХ зууны эхэн үед тавигдсан ба 1950-аад оноос түүх бичлэгийн суурь бүтцийг бий болгож, боловсон хүчний чадавхитай болж түүхээ орчин үеийн байдлаар бичиж эхэлсэн, мөн бичиж чадсан. Түүнийг 1990 оноос эхлэн устгаж хаосын байдалд оруулж, одоо үхлийн ирмэг дээр авчраад байна. Одоо тэрхүү суурь бүтцийг сэргээн босгох асуудлыг л ярих ёстой болж байна.

Түүх бичлэгийн үүрэг

Түүх бичлэг бол өөрийн үндэстэнд үйлчлэх буюу үндэстнээ нэгтгэх цорын ганц гол үүрэгтэй. Яг үүрэг биш юмаа, “миссия” юм.

Саяхан Хятадын “Жэнь мин жибао” сонин Бээжин хотын 3059 жилийн ой тэмдэглэх тухай мэдээлэв. Бидний мэддэгээр энэ нь Байлдаант Улсуудын үед буюу НТӨ 473—221 он, тэр үед Бээжин хотын анхны суурин үүссэн байх ёстой. Энэ нь манай Хүн улсын ойролцоо үе юм. Лав л мянга гаруй жилээр түүх нь урагшилчихаж. Хятадын түүхчид өдөр тутмын чимхлүүр ажлаараа ийм айхтар ажил хийж байна. Ийм жишээ үй олон.

Орос саяхан түүх бичлэгтээ "Орос бол Европ биш" гэсэн ганцхан зарчмын өөрчлөлт оруулав. Энэ нь "Орос бол бие даасан иргэшил" гэдгийг нотлох гэсэн хэрэг юм. Энэ бол түүхэн философийн сайтар бодсон, алсын үр дагавартай дүгнэлт юм. Одоо энэ чиглэлийн дагуу Оросын түүхийг бичиж эхлэх нь гарцаагүй. Энэ мэтчилэн өнгөц харахад жижиг мэт зүйлээр түүх бичлэгийнхээ чиглэлийг тодорхойж үндэстнийхээ үзэл санаа, бахархлыг бий болгодог юм.

Гэтэл энэ үүргээ манай түүх бичлэг буюу түүхчид огтхон ч биелүүлж чадахгүй байна. Энэ нь монголын түүх бичлэгт анархизм, авантюризм тогтсонтой холбоотой. Улс төр, үзэл суртлын өрсөлдөөндөө түүхэн цагаатгал хэрэглэдэг нь хүн төрөлхтний жам. Гэхдээ энэ аргыг зөвхөн хувьсгалын үе буюу системийг эвдэх, уг сууриар нь өөрчлөх зөвхөн тэр зурвас үед нэг удаа хэрэглээд л зогсдог. Гэтэл Монголд бүхэл бүтэн 20 гаруй жил тасралтгүй хэрэглэж энэ нь бараг галзуурлын хэмжээнд хүрээд байна. Монголын түүхчид энэ бусармаг үйлдлийг таслан зогсоох нь байтугай түүнд идэвхийлэн оролцогчид, улс төрчдийн дуулгавартай багаж зэвсэг болон хувирсан байна.

Монголд Лениний хөшөөг буулгаж байна, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж байна, өдөр болгон түүхэн хэрүүл хутгаж ард түмнээ өдөөн хатгаж байна. Хэн нь улс төрч, хэн нь түүхч, хэн нь "сайн дурын уран сайханч", хэн нь бөөн дурын уран сайханч гэдэг нь бүр ялгагдахаа байж. Сүүлдээ түүхчид улс төрийн энэ утгагүй талцаанд төсөл хийгээд мөнгө өгсөнд нь үйлчилж татагдан орох болов. Ингэж манай түүхчдийн олонхи үндэстнээ хагалан бутаргагч, үгүйдээ л ийм бусармаг хүмүүст үйлчлэгч нар болон хувирав. 

Харин бид үндэстнээ хагалан бутаргах ямарваа үйл ажиллагааг таслан зогсоох үүрэгтэй судлаач хүмүүс.

Түүх бичлэгийн  зарчмууд

Бусад улс орон үндэстэнд түүх байдаг боловч Монголын түүх бол Эх түүх юм. Монголын түүхтэй дам болон шууд холбогдоогүй улс гүрэн гэж бараг байхгүй. Иймээс дэлхийн түүхийн талаас илүү нь Монголын түүх юм. Эндээс манай түүх бичлэгийн ерөнхий зарчмууд урган гарч ирнэ.

1. Нийгмийн дэвшлийг буюу ирээдүйг баримжаалах зарчим. Олон хүн түүх өнгөрсөнд байдаг гэж ойлгодог нь үлэмж буруу юм. Түүх бичлэгээр дамжуулан үндэсний үзэл санааг гаргадаг. Энэ агуулгаар түүх бичлэг бол үндэсний үзэл санааг төлөвшүүлэх ирээдүйн чиг баримжааны гол суурь мөн. Түүх бол бидний ард биш, урд байдаг. Иймээс бид түүхээ арагшаа биш, урагшаа харж бичих ёстой. Гэтэл бид одоо арагшаа харж байна. Тэгээд үл барам арагшаа хараад хэрэлдэж байна. Ингэхээр чинь яаж улс үндэстэн хөгжих юм?! Харин энэ бол түүхчдийн биш, түүхэн философи, онолын социологийн асуудал мөн.

2. Үндэстнээ нэгтгэх зарчим.  Үүнийг дээр цухас өгүүлсэн. Аль ч үндэстэн өөрийн түүхэн гавъяа, ач холбогдлыг дөвийлгөж, нүгэл хилэнцийг багасгаж нуухыг хичээдэг. Түүнчлэн алдаа оноогоо дүгнэхдээ туйлын болгоомжтой ханддаг. Ингэж байж үндэстнийхээ түүхэн үүргийг (миссия) тодорхойлж, ард түмнээ түүхэн үйлс бүтээхэд зоригжуулж өгдөг. Үүний тулд түүхэн зүтгэлтнүүдийнхээ түүхэн зөрчлийг философи хийгээд уран сайхны аргаар дүрслэн харуулж, эрэгцүүлэн бодох, сургамж авах гэж үндэстний эв нэгдэл, дэвшлийн төлөө ашигладаг. Харин буруу зөвийг нь олох гэж, түүхийн шүүгч хийх гэж, яллах хийгээд өнөөгийн хэрүүлдээ ашиглах гэж мал шиг зүтгэдэггүй. Түүхэн бүх үеийн бүх баатруудаа нандигнан хайрлах үзлээр хойч үеээ хүмүүжүүлдэг.

3. Өөрийгөө төв болгох зарчим. Энэ зарчим ойлгомжтой мэт санагдах атал хамгийн ойлгомжгүй юм. Яагаад гэвэл зөвхөн Хүн, Их Монгол гүрний үед төв байгаад бусад үед байхгүй буюу алдчихсан мэт үзэхүй бидний сэтгэл зүйд байгаа юм. Өөрийгөө төв болгон үзэх бол түүх бичлэгийн гол зарчим юм. Тэрнээс биш юу юугүй ертөнцийн төв болох гэсэн улс төрийн зорилго биш юм. Үзэл санааны зарчим, улс төрийн зарчим хоёрын ялгааг олчихвол үүн шиг амархан юм байхгүй. Энгийнээр хэлбэл би зарц боол биш, хүн шиг хүн, бид бол улс шиг улс гэсэн үзэл санаагаар түүхээ бичнэ гэсэн хэрэг. Монголын хувьд энэн шиг амархан зүйл гэж үгүй.

4. Өөрийн болгох зарчим. Газар нутгаас эхлээд үндэстэн ястан, соёл урлагийн бүтээл, технологи, нээлт, түүнийг нээсэн хүний гарал үүсэл, ер нь бол "юм бүхнийг" өөрийн болгох нь түүх бичлэгийн гол зарчим мөн. Мэдээж аль ч улс гүрэн түүх бичлэгтээ энэ зарчмыг ил тод зарлан тунхагладаггүй. Гэхдээ л бүгдээрээ цагаа тулахаар яс хэрэгжүүлдэг. Харин манай Монгол ингэх хамгийн их боломжтой, хамгийн их "өөрийн юмтай" атлаа хамгийн их алдаж буй улс гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Энд хэн буруутай юм. Мэдээж хэрэг түүхчид л буруутай. Эсвэл бид буруутай юм уу ?!

5. Түүхээ урагшлуулах зарчим.  Энэ зарчим хамгийн чухал. Бас л зарлан тунхагладаггүй боловч улс болгон түгээмэл хэрэгжүүлдэг зарчим. Дөнгөж саяхан 1980-аад оны Хятадын ном зохиолд хятад иргэншил НТӨ 3000 жил орчимд үүссэн гэж бичдэг байсан. Одоо бол НТӨ 8000 жил гэж ярих болов. Хятадууд түүхээ 5000 жил урагшлуулж байна. Солонгосыг бол бүр ярих юм биш. Сармагчин модноос буумагцаа солонгос хүн болсон гэж байна. Турк бол ёстой манаргаж байна. Монголчуудыг үүсээгүй байхад түрэг үүссэн гэж байна. Үнэндээ бол эртний түрэг одооны турк хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Энэ өвчин Казакстанд хамгийн их халдварлаад байна. Гэтэл Монголын Түүхийн Хүрээлэн монголын түүхийг хаячихаад казакын түүхийг бичилцэж эхлээд байна. Энэ зарчмыг хэрэглэхийн тулд түүхийн философийн асар өндөр мэдлэг, арга зүй хэрэгтэй нь мэдээжийн хэрэг.

6. Танин мэдэхүйн хийгээд үндэстний эхлэлийг зөв хослуулах зарчим. Энэ бол хамгийн зовлонтой зарчим байгаа юм. Нэг талаас түүхч хүн зөвхөн түүхэн үнэнийг өгүүлэх ёстой. Энэ нь шинжлэх ухааны зарчим болно. Гэвч энэ нь байгалийн ухаантай адилхан санасан ёсоор болдоггүй. Учир нь хүний нийгмийн түүх бол тэр чигээрээ нэг утгат тайлбар өгч болохгүй нарийн нийлмэл систем юм. Энэ тохиолдолд түүхэн тайлбарыг сонголттой буюу "үзэмжээрээ" хийх шаардлага үүснэ. Харин энэ бол дураар аашлахад бус “үндэсний зарчимд” захирагдахад хүргэнэ. Гэхдээ энэ нь түүхэн үнэнийг дураараа гуйвуулна гэсэн хэрэг биш. Энэ бол түүх бичлэгийн мөнхийн зөрчил мөн. Нарийн яривал хүний нийгмийн зөрчлийн асуудал, даяаршлын болон дангааршлын асуудал мөн. Манай Монгол Улс олон жилийн турш коммунизмын үед интернационал гэж, либерализмын үед даяаршил гэж давхисан учраас одоо бол үндэсний хүчин зүйлээ түлхүү анхаарах нь зүйд нийцнэ. Ингэж баймааж нь тэнцвэрт байдлыг хангаж чадна. Тэгэхлээр үндэсний зүйлээ гол болгосон танин мэдэхүйн зарчим баримтлах нь байна.   

7. Хойч үеэ хүмүүжүүлэх буюу идэвхитэй байх зарчим. Энэ зарчим алдагдаад их удаж байна. Манай хойч үе түүхийг "ерөөлөөрөө" сурч байна. Түүхийн хялбаршуулсан бүтээл бараг алга. Нөгөө талд нь сайн дурын уран сайханчид түүхээр ёстой тоглож байна. Бид өөрсдийнхөө гараар хойч үеэ түүхийн хордлогод оруулж байна. Энэ үхээнц байдлыг нэн даруй арилгах ёстой.  

8. Түүх бичлэг хийгээд түүний арга зүйг хамт хөгжүүлэх зарчим. Манайд сүүлийн жилүүдэд мөн ч олон хурал болов. Мөн чамгүй олон арга зүйн хурал болов. Бодоод байхад манай түүхчид түүх бичлэг хийгээд түүх бичлэгийн арга зүй хоёроо ялгадаггүй юм байна. Сүүлийн үед түүхээ бичихээ байж дандаа арга зүй ярьдаг болов. Үнэн хэрэг дээрээ арга зүй биш, зовлонгоо тоочиж, бие биенээ үгүйсгэхийг монгол түүхчид арга зүй гэж ойлгодог юм байна. Түүхээ бичихгүй байж, түүхээсээ тусад нь арга зүй хөгжүүлнэ гэж энэ хорвоод байдаггүй юм. Арга зүйг зөвхөн түүх бичих явцад л тодорхойлж болно. Үүнээс өөрөөр бол эсвэл хоосон цэцэрхэл болно, эсвэл заль мэх болно.

Манай түүхчид онолын социологийн түгээмэл онолуудыг ор тас мэдэхгүйгээр үл барам хэвшин тогтсон категориудыг ч хэрэглэж чадахгүй байна. Түүхэн социологи хэмээх задлаг шинжилгээний шинэлэг аргуудыг хэрэглэх өргөн боломжтой атал түүнийг үл тоомсорлож байна. Шинэ бүхнийг үгүйсгэж байна. Ингээд байхаар арга зүй чинь яаж хөгжих юм?! Хамгийн гол нь түүх бичихгүйгээр арга зүйгээ хөгжүүлэх гэж бодож байгаа нь дэндүү өрөвдөлтэй байна.  

Зохион байгуулалтын тухай.

Монгол Улсад Түүхийн Хүрээлэн, Их дээд сургуулиудын түүхийн тэнхимүүд бий боловч тэдний зохион байгуулалтын бүтэц өнөөгийн шаардлагыг хангаж огт чадахгүй байна. Монголын түүхчид цаг үеийн шаардлагаас үлэмж хоцрогдож байна. Тэд дутагдлаа хүлээн зөвшөөрөхийг огт хүсэхгүй байна.

Системийн хувьд монголын түүхчид дараах шинж чанартай болов.

1. Монголын түүхчид гадаадын төслийн туслан гүйцэтгэгчид болон хувирав. Үүнийгээ тэд төр засгаас мөнгө өгөөгүйтэй холбон тайлбарладаг. Ийм тал бий боловч цорын ганц шалтгаан биш юм. Монголыг түүхчид гадаад дахь монгол судлалын туслан гүйцэтгэгчид болон хувирснаар хүчирхэг том гүрнүүдийн өрсөлдөөнд хавчуулагдаж монголын түүхийг бүхэлд нь бичих чадваргүй болсонд хамаг гай оршино.

2. Монголын түүх бичлэгийн байгууллагууд монголын түүхийг бүхэлд нь бичих зохион байгуулалтын чадвараа бүрэн алдсан байна. Нэгэнт зохион байгуулалтын чадвараа алдсан учраас монголын түүхчид "түүхээр юм бичдэг", ганц ганцаараа ажилладаг, төслийн хугацаанд мөнгөний улмаас түр зуур цугладаг хэсэг бусаг хүмүүсийн хэлбэрийн төдий цуглуулга болсон байна. Гэтэл түүхийг нэгэн үзэл санаагаар нэгдсэн, гар нийлэн ажилладаг, зан зангаа мэддэг, нэн тодорхой арга зүйгээр нэгдсэн, төлөвшиж тогтсон эрдэм шинжилгээний хамт олон хийдэг юм. Одоо Монголд ийм хамт олныг бүрэн хэмжээгээр устгасан.

3. Монголын түүхчдийн нээлттэй байдал алга болж, улам бүр хаалттай систем болж, онол арга зүйн асуудлыг хамтад нь ярихаа байж, түүх хийгээд түүхийн салбар сэдвүүдийг өмчлөх болов. Хамтын бүтээл, монографи бараг гарахгүй болов. Сүүлдээ түүхчдийн явцуу бүлгүүд мөнгөний төлөө гадаадтай бие даасан төсөл хийж, тэдэнд үйлчлэхийг илүүд үздэг болов. Төсөл дамжиж халтуур хийдэг түүхч нэртэнгүүд олшров. Ингээд хүн харахад монголын түүх нэртэй боловч үнэн хэрэг дээрээ гадаадын монгол судлалын ажлууд хийх болов. Энэ тохиолдолд монголыг түүхийг бичих ямар ч боломжгүй юм.

4. Монголын түүхч бие хүмүүс өмнөх гавъяагаараа гайхуулсан, бие биенээ үгүйсгэсэн, гайхмаар их зантай хөгийн улсууд болон хувирсан байна. Тэдний зарим улс төрийн өрсөлдөөний зэвсэг болов. Зарим нь гадаадын төсөлчин болов. Мөн зарим нь аймгуудын түүх, шарын шашны түүх, бөх, лам, хэлмэгдлийн түүх бичих зэргээр монголын түүхийг хэсэгчлэн хувааж амьдрах болов. Ингэснээр түүхчдийн арми гэдэг мэргэжлийн утга алга болж, партизаны отрядархуу нэгдсэн удирдлага султай, саланги тасархай бүлгүүд болов.  

5. Түүхийн зарим салбарт, зарим бүтээлч хүн нэлээд амжилт олж байгааг үгүйсгэх аргагүй ч тэдгээрийг нэгтгэн нэгэн арга зүйд оруулж, Монголын нэгдмэл түүх болгон бичих ажил ор тас зогсов. Яагаад гэвэл Монголын түүхийн байгууллагууд Монголын түүхийг бичиж чадахгүй байна. Яагаад гэвэл орчин үед түүхийн бүтээл туурвил ганц нэг авъяас чадвартай хүний хичээл зүтгэлээр явахаа больж, харин санаа сэтгэл нийлсэн бүтээлч хамт олны зорилго чиглэлтэй нөр их ажлаар бүтдэг болсон. Гэтэл ийм институт бүтэц Монголд алга байна. Энэ тохиолдолд ямар ч бүтээлч ажил хийж чадахгүй, мөн ажил хийх сэтгэлгүй байгаа Түүхийн Хүрээлэнг татан буулгах хэрэгтэй гэж бодож байна. Ингээд түүний оронд Түүхийн судалгааны орчин үеийн Төвийг цоо шинээр байгуулах нь зүйтэй юм. Тэгж баймаажин л хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэж чадна.

Сүүлийн жилүүдэд голдуу гадаадын хөрөнгөөр, гадаад төслөөр хэрэгжүүлсэн асар олон төслийн, түүнчлэн өөрсдийн салангид салангид хийсэн олон ажлуудын нэгтгэн дүгнэж, нэгэн системд оруулж, нэгдмэл арга зүйгээр боловсруулах ажил оргүй алга болсноос бид нэгдмэл түүхээ бичиж чадахгүй байдалд ороод байна. Энэ чиглэлээр ямар ч ажил хийгээгүй ба хийхийг ч оролдоогүй байна. Энэ бол монголын түүх бичлэг уналтад орсны үндсэн шалтгаан мөн.

Бид монголын нийгмээс түүхийн салбар ганцаараа уначихсан, түүхчид л ганцаараа муу муухай гэж хэлэх гээгүй байна. Монголын нийгэм хямралд орсон учраас улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа гээд бүх хүрээ, салбар дампуурсан. Өнөөдөр түүхийн асуудал ярьж байгаа учраас л түүхийн болон түүхчдийн асуудлыг хөндөж байна. Бидний онцлон хэлэх гэсэн нэг зүйл бол энэхүү дампуурлаас түүхчид хамгийн түрүүнд гарах ёстой гэж үзээд байгаа юм. Уурлах эсэх нь Та нарын хэрэг. Бид уурласан ямар ч хүнээс айж байгаагүй, ухаалаг шийдлийг хүсч байсан...