Бид геополитикийн ба геоэкономик бүсчлэлийн эрэлд 24 жил явлаа. Ямар орон зайд Монгол багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, эвсэл, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон асуулт  хариулт хайсаар. Гэтэл өмнө маань дэндүү олон сонголт байна. Манай оршин буй Ази тив, мөн Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институци, дэглэм, байгууллага, форумын тоо 320-иос давж гарсан нь глобал хувьслын геополитикийн сонгодог жишээ аж. Одоогоор энэ 320 дээр Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭС) нэмэгдэн зарлагдаж буй.

Анх ЕврАзЭС гэж эхэлснээ одоо ЕАЭС болж төлөвшиж буй энэ эвслийг байгуулах гэрээнд Орос,  Белорусс, Казахстан 5 дугаар сарын 29-нд Астанад гарын үсэг зурж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэлээ. Астанагийн дээд хэмжээний уулзалтын дараа Улаанбаатарт суугаа ОХУ, Казахстаны Элчин сайд нар хэвлэлийн хурал зарлаж,  ЕАЭС-ийг байгуулах гэрээний тухай зөвхөн тайлбарлан ярьмагц мэдээлэл судалгаагүй зарим маань ЕАЭС-т Монгол маань нэгдэж орох нь гэсэншүү яриа гаргаж, хөл хөөрцөг болох дөхөв. ЕАЭС-т Монголын орон зай байна уу гэх асуултыг зарим сэтгүүлч, бүр зарим телевиз гаргаж тавилаа.

Тиймийн тул ЕАЭС гэдгийн талаар зөв ойлголт өгөхийг хичээе. Энд би оросын өөрийнх нь эрдэмтэн Александр Шустов, aрменийн эрдэмтэн Игорь Мурадян, польшийн шинжээч Кшиштоф Рак нарын бичсэнээс болон Дэлхийн Банкны зарим судалгааг эшлэн тайлбар хэлэх болно. Судалгаатай хандая, хүлээзнэя гэдгээс өөрөөр Монгол Улсын байр суурь энд огтоос яригдах учиргүй.

Энэхүү ЕАЭС гэдгийг тэрхүү Гаалийн Холбоо гэдгээс тусад нь авч үзэмгүй. Тийм холбоо Астанагийн уулзалтын өмнөхөн нь байгуулагдсан. Хэрэв газар нутгийн том багыг жиших аваас ЕАЭС ба Гаалийн Холбооны гишүүн орнууд дэлхийн бөмбөрцөг дээр асар том орон зайг эзэлнэ. Хүн амын тоогоор ч (170 caя) том орон зайг бөглөнө. Гэтэл дэлхийн эдийн засагт хэн бэ гэдэг асуулт гараад ирэхэд тэр их том орон зайдаа дэндүү балчирдана. ЕАЭС ба Гаалийн Холбооны гишүүн орнуудын эдийн засаг дэлхийн ДНБ-д ердөө 4 хувийг эзэлнэ. Гэтэл Европын Холбоо 30, АНУ 20 гаруй, Хятад 10 орчим хувийг бүрдүүлдэг гэж бодохул ЕАЭС маань дэлхийн шатрын хөлөг дээр одоогоор хэн ч биш болох аж.

Эрдэмтэн А.Шустовын үзэж байгаагаар, евразийн интеграц зогсох буюу цаашаа бүрэн дампуурч магадгүй аж. Тэрээр либераль прогнозоороо тэгж дүгнэжээ. Орос нь украины хямралд хэт татагдан оролцож, Крымыг өөртөө нэгтгэснээрээ ЕАЭС-ийн интеграцыг арагш чангааж, улмаар сүйрүүлэхэд хүргэж магад гэнэ.

ЕврАзЭС-ээс эхлээд ЕАЭС хүрч байгаа зам ч урт хугацааг туулжээ. Лав 20 жил тасралтгүй яригджээ. Евразийн Холбоо байгуулъя гэх санааг анх 1994 оны 3 дугаар сард эрхэм Н.Назарбаев гаргасан аж. Гаалийн Холбоо байгуулна гэдэг анхны гэрээндээ одоогоос 19 жилийн өмнө буюу 1995 онд Орос, Белорусс, Казахстан гурав гарын үсэг зуржээ. Эдийн засгийн нэгдмэл орон зай байгуулах тухай гэрээндээ 2003 онд Украиныг оролцуулан гарын үсэг зурсан ба энэ хооронд гаалийн ч, нэгдмэл орон зайн ч ямар ч ажиллагаа явагдаагүй байна. Гай таарч 2003 онд Гүржэд,  2004 онд Украинд, 2005 онд Киргизэд өнгөт хувьсгал явагдаж, хуучин СССР буюу ТУХН-ийг дотроос нь хагалж хамтын ажиллагааг саатуулжээ. Өнгөт хувьсгалууд дуусмагц 2006 онд Гаалийн Холбоо байгуулах зарчмын шийдвэрээ Орос, Белорусс, Казахстан гурав дахин гаргаж, “Интеграцын гурвал” маань Евразийн эдийн засгийн холбоо (одоогийн ЕАЭС) байгуулна хэмээн зоригтой зарлав. Энэ бол  8 жилийн өмнөх үйл явдал л даа.

Тэр үеийн байдлаар, Н.Назарбаевын тооцоолсноор ТУХН-өөс албан ёсоор жагсааж  баталсан 1600 гэрээ, хэлэлцээрийн жагсаалт үйлдээд байсан ба ТУХН-ийн гишүүн орнууд тэдгээрийн 30 хувьд нь гарын үсэг зурсан буюу мөрдөж ажиллаж байв. Үлдэх 70 хувь сох байхгүй гэсэн үг. Хуучин СССР-ийн орон зайд интеграцыг булшлахаар “ЦАС” (“Төв Азийн хамтын ажиллагаа”), “Хүлээн зөвшөөрөгдөөгүй орнуудын хамтын нөхөрлөл– СНГ (2)”,  “ГУУАМ”  - 1997 (Гүрж, Украин, Узбекистан, Азербайжан, Молдова), “Ардчилсан сонголтын хамтын  нийгэмлэг” буюу Балти-Хар тэнгис-Каспийн бүс нутгийн ардчиллын хамтын нийгэмлэг гэхчлэн олон эвсэл холбоод зэрэгцээд гараад ирсэн байж.  

Энэ бужигнаан дунд “Интеграцын гурвал” болох Орос, Белорусс, Казахстан 2007 оны 10 дугаар сард Гаалийн нэгдмэл нутаг дэвсгэр ба Гаалийн Холбоо байгуулах тухай гэрээндээ дахин гарын үсэг зуржээ. Гаалийн хуулиа 2009 онд баталж, 2010 оны эхнээс эл гурван улс гаалийн нэгдмэл орон зай руу шилжихээр байлаа. Нэгэнт Гаалийн Холбоонд нэгдсэн учраас дараагийн шатанд Эдийн засгийн нэгдмэл орон зай руу шилжинэ гэж тооцоолжээ. Гаалийн нэгдсэн тариф, эрчим хүч, тээвэр, холбоо, ажиллах хүчний чөлөөтэй шилжилт хөдөлгөөн гээд цаашаа өрнөхөөр байв. Гаалийн хууль дүрмээ мөрдөж, гаалийн хяналтаа цуцалж, гурван улсын иргэд нөгөөдөө шилжиж ажиллах нөхцлөөр хангагдаж эхэлжээ.

Гэтэл гурван улсын эдийн засгийн хөгжлийн хэт ялгарал нь тийм хөнгөлөлтүүдийг эдлүүлээгүй аж. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гаалийн татвараа хөнгөлөх гэтэл асар их зөрүү харагдаж, шинэ нэгдмэл эдийн засагт гурван улс хөрвөхөд бэлэн бус байв. Казахстанаас нийлүүлэх 400 бараанд хөнгөлөлт үзүүлнэ гэхэд Орост нэн хүндээр тусчээ. ОХУ энэ 400-аас 300-д хөнгөлөлт үзүүлмэгц санхүүгийн их алдагдал хүлээж, холбооны төсвөөс түүнийг нөхвөрлөв. Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурал дээр В.Путин 2013 оны 12 дугаар сард энэ тухай хүлээн зөвшөөрч, 2014 оны 3 дугаар сарын 1-нээс ийм алдагдлыг гаргуулахгүй хэмээн амлав. Гэвч хэрэгжсэнгүй. Тарифын ба тарифын бус хязгаарлалт гэдэг нь төсвийг бүр ч баллаж тавихаар байна. Нефть ба нефтэн бүтээгдэхүүний худалдаан дээр гурван улсын зөрчил үлэмж хурцдав. Орос үлэмж алдагдал хүлээж байна. Хэрэв Казахстанд банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний салбарыг түлхүү хувьчилбал оросын компаниуд мөнгөөр түрээ барин авчих учраас Казахстан Орост үл итгэн, барилгын салбартаа оросын бизнесийг оруулахгүй байна гэсэн гомдол Оросоос үл тасарна. Евразийн Эдийн засгийн комиссын коллегийн дарга Виктор Христенкогийн үзэж байгагаар, нэгдмэл зах зээл бий болтол худалдааны элдэв бэрхшээл арилахгүй, тийм зах зээл нь 2025 он хүртэл мөдгүй аж. Белорусс арагш нь чангаасаар 2025 хүргэж байгаа хэмээн нөгөө хоёр нь хардаж буй.

Астанагийн дээд хэмжээний уулзалтад уригдаж байлцсан Армен, Киргиз хоёрыг Гаалийн Холбооны хоёр бодитой нэр дэвшигч гэж нэрлэж байгаа боловч Киргизийг бодоход Армен нь илүү бодитой өрсөлдөгч. Гэхдээ Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаеваас Армен улсын түнш Серж Саргсянд хандан даруухан сануулга өгсөн. Хилийн будлиан маргаангүй болж байж, хөрш  Азербайжантайгаа хэл амаа бүрэн ололцож байж элс ээ гэв. Астанагийн дээд хэмжээний уулзалтад Армен, Киргиз хоёр улсын Төрийн тэргүүн нэр дэвшигч сонирхогчийн хувиар очоод байхад нь яг тэгж хэлсэн аж. Армен нь Гаалийн Холбооны бүх нөхцлийг хүлээн авч, элсэхэд бэлэн гэдгээ нотолсон, гэвч зэрэгцүүлэн импорт-экспорт (реэкспорт) хийхээ цаадуулдаа мэдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр нь нэг улсаас бараа авч нөгөө улс руу гаргахыг нь хэлж байна. Мөн 800 гаруй бараа бүтээгдэхүүн дээр гаалийн хөнгөлөлт эдэлнэ гэдгээ ч “Интеграцын гурвал”-тай тохирчихсон. Эх орноо евразийн интеграц руу чирч буй Засгийн газраа армений сэхээтний давхаргынхан төдийлөн таашаахгүй байгаа ба нэрт эрдэмтэн Мурадян бүр  ч туйлшруулан авч үзжээ.

  • Манай тусгаар тогтнолын хамгийн хар бараан үе эхэллээ. Евразийн Холбоонд Ереван нэгдэж орно гэдэг манай аюулгүй байдал, эдийн засгийн таатай байдлыг аюул дор аваачаад зогсохгүй манай эх орны бүрэн эрхт байдлыг аюулд орууллаа.

Киргизийн бэрхшээл гэж Армений дэргэд тоймгүй их байх аж. Евразийн эдийн засгийн комиссоос өнгөрсөн онд Киргизэд санал болгосон төсөл Бишкекийн дургүйг хүргэсэн. Учир нь Киргиз нь үндэсний үйлдвэрлэл гэхээр юмгүй болсон ба Хятадаас нэн ихээр хамааралтай байгаа нь Гаалийн Холбооны шаардлагын эсрэг юм. Худалдааны хувьд Киргиз нь Хятадын нэг чухал түнш төдийгүй хятад бараа борлодог нэг том зах зээл болжээ. Хятадын бараа жинхэнээсээ тэр орныг дарж байгаа гэнэ. Бишкект байдаг “Дордой” хэмээх бараан зах нь тус улсын ДНБ-ий 33 хувийг эзэлж, хөдөлмөрийн чадвартай киргиз хүн амын 4/1 нь буюу 800 000 хүн хятадтай арилжаа эрхэлж байгаа аж. Хятад оёдлын үйлдвэрүүд энэ орныг хэрсэн, зөвхөн нийслэлд нь хятад оёдлын цех, үйлдвэр 5000-д хүрч, тэнд 300 000 киргиз иргэн ажиллаж байна. Тэнд үйлдвэрлэсэн оёмол эдлэл Орос болон хуучин СССР-ийн  орнууд руу борлоно. Хэрэв Киргиз Гаалийн Холбоонд элсэх, улмаар ЕАЭС-ийн гишүүн болох аваас энэ олон хятад үйлдвэрүүдийг хаах, тэр том “Дордой” захыг хаах, нэг бол Гаалийн Холбооны гишүүд нь Киргизтэй хилээ хаахад хүрнэ. Гаалийн Холбооны гишүүн болно гэх хүслээ илэрхийлээд буй Тажикистаны хувьд бүр ч бүрхэг дүр зураг харагдаж байна (Энд хятадын бараанд хэт даруулчихаад буй Монголыг хэлэлтгүй байх!)

Энэ мэтээр “Интеграцын гурвал” маань нэмж гишүүн элсүүлэх асуудлаар гацаж зогсох байдалтай байна. Хуучин СССР-ийн холбооны бүгд найрамдах улсуудыг ээлж дараалан элсүүлээд эцэст нь тодорхой үр дүнгүй хоцорсон ТУХН-ийн гашуун жишээг давтахаас сэргийлж байх шиг. ТУХН-ийн “тусгаарлах нь ихсэж, нөхөрлөх нь багасч” байгаа таагүй байдлын нотолгоо дэндүү  их болсон. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Төрийн Думд  “Засгийн газрын цаг” мэдээллээр: ТУХН нь интеграцын чухал нэгдэл ч болж чадсангүй, бодит нөлөө бүхий олон улсын үр ашигтай байгууллага болж бүр ч чадсангүй хэмээн шууд хүлээн зөвшөөрчээ.

Оросын оюунлаг давхаргынхны  уншдаг рrognosis.rвэбсайтад эргэлзмээр нийтлэл, мэдээлэл зөндөө тавигдсан. Энэ сайтын архиваас “ТУХН-ийн орнууд: Салалт гарцаагүй!”, “Зөвлөлтийн дараахи орон зай: Түүх өндөрлөлөө”, “Хуучин Зөвлөлтийн БНУ-уудыг ТУХН нэг дор барьж хүчрэхгүй боллоо”, “ТУХН: Дезинтеграц гарцаагүй”, “ТУХН бол дезинтеграцын чухам хэлбэр нь мөн”, “ТУХН-ийг албан бусаар оршууллаа”, “ТУХН-ийн тухай гашуун үнэн: Хамтын нөхөрлөл даалгасан үүргийг биелүүлсэнгүй” гэдэг гарчгийг өлхөн олоод үзчихэж болно. ТУХН-ийг үхтэл унтраасан нийтлэл интернэтэд тоймгүй олон.

Хуучин СССР-ийн эв нэгдлийн төлөө тууштай тэмцдэг Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенкогоос эшлэбэл: Эрчим хүчний  нөөцийн төлөө, цэргээ байлгахын төлөө, эрх мэдлийн төлөө дүрэмгүй глобал дайн хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр явагдаж байна. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын өргөн уудам энэ орон зай нэгдмэл нэг орон зай шиг оршиж эгнэгт чадахгүй болжээ. ТУХН-ийг нураах оролдлого гаднаас ч, дотроос ч хүчтэй өрнөж байна. ТУХН-ийн улсууд хэдэн биенийхээ эсрэг улс төрийн баррикад босгожээ хэмээжээ.

Хуучин СССР-ийн орон зайд гарч ирсэн аливаа эвсэл холбоог зохиомлоор өргөжүүлэх нь нэн аюултай гэдгийг одоо нийтээрээ ойлгодог болжээ. Тиймдээ ч “Интеграцын гурвал”  хэмээн өрх тусгаарлаж байгаа хэрэг. Гэхдээ маш олон үйл явц, механизм боловсруулалтаа хүлээж байна. СССР тарж Дорнод Европ эрх чөлөөтэй болж авснаар Европын Холбоог Дорнод Европын экс коммунист орнуудаар өргөжүүлэн тэлээд өөртөө бөөн лай хураасан өрнийнхний хувь заяаг ЕАЭС давтахгүй хэмээн үзэж байгаа нөхцөлд Монгол түрүүлж дуугарах, түрүүлж гүйх, гэгээтэй талаас нь харахыг хичээх, ерөөсөө хөл хөөрцөг болох хэрэггүй л болов уу? “Амны бэлгээс ашдын бэлэг” гэдэг зүйр цэцэн үгс маань ТУХН, ЕАЭС дээр одоогоор огтоос тохирохгүй бололтой.