Замын цагдаагийн газрын (ЗЦГ) статистикаар сүүлийн дөрвөн жилд дунджаар гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 420 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Харамсалтай нь замын осол жилээс жилд хоёр оронтой тоогоор өсөж байна. Харьцуулахад, 10 жил үргэлжилсэн Иракийн дайнд 315 сая хүнтэй АНУ жилд дунджаар 440 цэргээ алдаж байжээ. Монголчууд бид замын осол гэх зарлаагүй дайнд хэдий болтол хэлмэгдэж, хэчнээн олон хүнийхээ алтан амийг алдсаар байх юм бэ?

Өнгөрсөн онд гарсан 18.4 мянган авто ослын шалтгааны 97 хувийг нь жолоочийн, 2.6 хувийг явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувийг замын нөхцөлөөс болсон гэж ЗЦГ-аас ангилжээ. Хурд хэтрүүлсэн (1486), согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (1820), уулзвар, гарц дээр журам зөрчсөн (1910) тухайд бол яах аргагүй жолооч нарыг буруутгаж байна. Харин анхаарал болгоомжгүйгээс (2290), хажуу хоорондын зай тохируулаагүйгээс (4888) гэсэн ангиллыг задалж, ослын шалтгааныг нарийвчлан тогтоож чадвал бид цаашид олон хүний амь нас эрсдэхийг зогсоох ажээ. Гэрлээ шилжүүлээгүй, зам голлож явсан, явган хүний замыг нь “дарга нар зарчихсан” зэрэг олон зөрчлийг илрүүлж болох бөгөөд тэдний дотроос юуны өмнө төр засгаас, мөн иргэд биднээс шууд хамаарах хоёр зүйлд нийтийн анхаарлыг хандуулахыг энд зорилоо.

Нэг: МАРТАГДСАН АЗЗА

Монголын төр авто зам тавиад, харин засвар арчлалтыг нь “тас мартдаг” зуршилтай болжээ. Хар замыг ашиглалтад өгөөд 4-6 жилийн дараа дунд хугацааны засвар буюу 2-3 см зузаан өнгөлөлт хийж, цагаан зураасыг тодруулах технологийн горимтой. Замын чанараар биш уртаар оноо авдаг улстөрчид дараачийн сонгуулиас цааш хугацаагаар бодох сонирхолгүй, зам л тавьж байвал засварын асуудал огт хамаагүй болжээ. Төр засаг авто замын засвар арчлалтад (АЗЗА) мөнгө хөрөнгө гаргахдаа тун харамч.

Замын өргөнөөс нь нэг даргад, зузаанаас нь нөгөө даргад тендерт ялахын тулд өгсөн авлига, нийт төсвийг хорогдуулж, үлдсэн хөрөнгө нь чанар муутай зам болж, хяналт шалгалт бас л “гурилдаад” өнгөрдөг учир Монголд тавьж буй шинэ зам жилийн дараа хагарч цуураад, энд тэндгүй нүх гардаг. Олон жилийн дараа АЗЗА-ын хөрөнгө нормоосоо арав дахин бага ирдэг учир хаанаа ч хүрэлцэхгүй, зөвхөн том нүхнүүдийг бөглөж, зарим хагарлыг нөхөөд, хугарсан ганц нэг шон засаад л засвар дуусдаг.

Эдүгээ Монгол Улсын хатуу хучилттай нийт замын дийлэнх хэсгийн засвар хийх хугацаа өнгөрчихсөн, ямар ч цагаан шугамгүй болчихсон байхад яаж “хажуу хоорондын зайг тохируулах” билээ. Мэдлэггүй, хариуцлаггүй, авлигач төр засгийн алдаагаар бий болсон хар замын түмэн нүхийг олон зорчигчийн амь насаар бөглөж байгаа нь ямар их үнэтэй, эмгэнэлтэй хэрэг вэ?

Хоёр: АМИНЫ БҮС

2013 онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын дөрөвний гурав нь суудлын даруулга буюу хамгаалах бүсээ зүүгээгүй, тавны нэг нь түүнийг хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй, дөнгөж дөрвөн хувь нь бүсээ хэрэглэсэн тухай бүртгэл ЗЦГ-аас гаргажээ. Орон нутгийн замд жолооч, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, хүүхдийн зориулалтын суудлын хамгаалалт байдаггүй учир ослоос авсан гэмтэл нь амь насаа алдахад хүргэж байна.

Суудлын даруулга нь ослын үед авто машинаас шидэгдэх, гэмтэх бэртэх, амь насаа алдах эрсдэлийг 40-65 хувиар бууруулдаг. Судалгаагаар зам тээврийн ослын үед хамгаалах бүстэй байсан хүн, бүс зүүгээгүй хүнээс тархины доргилт авах тохиолдол дөрөв дахин цөөн байжээ. Мөн хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн тал нь нүүр, толгойн, гуравны нэг нь нуруу нугасны гэмтэл авдаг ажээ. Бүх насаараа замын цагдаа байсан америк танил маань “Осолдсон машинаас би хэзээ ч хамгаалалтын бүстэй талийгаач гаргаж үзээгүй” гэж билээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүсээр тоноглосон автомашины жолооч болон зорчигчид хамгаалах бүсийг заавал хэрэглэхийг шаарддаг. Эдүгээ жолооч нар энэ дүрмийг биелүүлэх нь харьцангуй сайжирч байгаа ч зорчигчдоосоо, ялангуяа арын суудалд сууж байгаа хүнээс хамгаалалтын бүс хийхийг шаардах соёл бараг алга байна. Бид хүүхдээ ч ямар нэг даруулгагүй өвөр дээрээ авч явсаар л байна.

Дэлхийн олон оронд авто машинд суусан хүн хамгаалалтын бүсээ заавал татсан байх хуультай. Хуультай, хуульгүй хамгаалалтын бүс хийх ёстойг бид ойр, холын олон зуун хүний амийг алдсаар атлаа ойлгохгүй байна. Авто машинд суугаад хөдлөхөөсөө өмнө хамгаалах бүсээ татах хэрэгтэй. Хот хоорондын автобусыг суудлын даруулгатай байх, таксийг зорчигчийн даруулгаа цэвэрхэн, ажилладаг болгохыг шаардах цаг болжээ.

Эцэст нь бид авто машины ослын нийгмийн зардлыг бас тооцох ёстой. ЗЦГын бүртгэлээс харахад 2014 оны эхний зургаан сарын байдлаар орон даяар авто замын ослоос болж 2.5 их наяд төгрөгийн хохирол гарсны 74 хувийг нөхөн төлүүлээд байна. Жилд эдийн засгийнхаа гуравны нэгтэй тэнцэх хохирлыг зөвхөн замын ослоос хүлээж байна. Замын осолтой холбоотой бүх төрлийн даатгалыг хэлбэрдэхээ зогсоож, энэ аюулаас сэргийлдэг, урьдчилан хамгаалдаг хэрэгсэл болгох шаардлагатай байна.

Ер нь монгол хүний амь ямар үнэтэй юм бэ?