Монголчууд машин замаас гадна интернэтэд өргөнөөр хэрэлддэг болсоор удаж байгаа. Гэхдээ машин зам дээр хэрэлдэхэд физик харилцаанд орчих гээд байдаг бол интернэтэд хавтгай дэлгэц л харагддаг учир хэн хүнгүй амныхаа зоргоор галлаж шүрших бүрэн боломжтой аж. Дэлгэцнээс гарч ирээд зодох ч биш.

Хэдхэн хоногийн өмнө Өдрийн сонины Асуух эрхийн танхимд Цахим орчны эрхзүйн байдлын талаарх хэлэлцүүлэгт суув. Янз бүрийн мэргэшлийн хуульчид, мэргэжлийн сэтгүүлчид цугларсан байна. Би твитэрчний хувиар очсон. Өөр олон твитэрчин урьснаас ихэнх нь очоогүй байлаа. Энд хэлэлцүүлгийн тухай биш, хэлэлцүүлэгт ярьсан өөрийн санаагаа л бичиглэв.


Охиныг шившиглэх дон

Хуучин найз охиныхоо нууц фотог ил гаргах, эсвэл олдсон ямар нэг зураг, хувийн мэдээллийг нь интернэтээр цацах нь жинхэнэ хогийн, хөгийн явдал. Тэд бол гаж донтон. Эрүүл хүнд тийм сонирхол төрөхгүй, тийм зүйл хийхгүй. Ахиад хэлэхэд, тэд бол гаж донтнууд. Залуусдаа хандаж хэлэхэд хэрэв тиймэрхүү сахилгагүй, солиотой санаа тархинд чинь ургавал нэг удаа ч гэсэн хийх гэж битий оролдоорой. Зарим нэгний хувьд дэлгэцний ард дүлж байгаад хамаг хараалын үгээ дуустал шүршихдээ тайвширч, бүр адреналин нь ч ялгардаг байж магад. Эмгэгтэй, өвчтэй ийм хүмүүс энүүгээрээ дуусна. Харин чи бол өөр.

Мөн гаж донтон биш гэхэд хүнтэй хэрэлдэхдээ хараалын үг, доромжлолоор бамбай барьчихдаг улсууд байна. Энэ бол одоо өссөн орчинтой нь л холбоотой бөгөөд үргэлж хараалгаж, зодуулдаг, шийтгүүлдэг хүүхэд насыг туулсан байдаг гэж сэтгэл судлаачид үздэг юм билээ. Тэднийг цахим орчинд коммэнтчид гэж нэг үгээр тодорхойлдог болсон.


Цэвэрхэн хий

Зах замбараагүй, хил хязгааргүй газар бол сансрын уудам биш чухам интернэт, тэр дундаа Монголын интернэт орчин. Энэ нь Монголын интернэт орчин, хэрэглээ  өөрөө төлөвшиж амжаагүйтэй холбоотой. Хэлэлцүүлгийн дундуур твитэр, фэйсбүүкийг хэвлэл мэдээллийн байгууллага биш харин мэдээлэх хэрэгсэл гэдэг дээр санал нэгдсэн. Хилийн чанадад, Америк, Европт твитэрчин хэлсэн үгээ өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл твитэр бол чиний үзэл бодол, үгийг дамжуулах л хэрэгсэл болохоос тусдаа гариг, тэр тусмаа ширэнгэн ой биш ажээ. Дэлхийн алдартай одууд, хөлбөмбөгчид твитрээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэхдээ цагдаа, шүүх гэхээсээ тухайн хүний харьяалагддаг мэргэжлийн холбоод нь арга хэмжээ авдаг болох нь мэдээллээс харагдана. Харин манайд ийм практик ч байхгүйн дээр энэ орчны хүмүүсийн харилцааг зохицуулах хууль эрхзүйн заалтууд ч хангалттай алга. Тийм учир санаатай болон санаагүйгээр залуус хуулийн газрын хаалга татахад тун ч ойрхон байна.

Твитэрчин учир юу дуртайгаа хэлж, доромжилж, гүтгэж болдог байж таарахгүйг бүгдээрээ зөвшөөрөх биз. Харамсалтай нь манайхан энэ талаар бодох санах юмгүй нэгнээ заналхийлж, дарга даамал голдуу нөхөд рүү довтолдог. Даргатай тэр болгон яриад байхгүй тул твитрээр ярих, бүр загнах нь таашаал өгдөг байж болно. Гэвч чиний үгний алдаан дээр дарга гомдол гаргавал юу болохыг твитэрчин Батын явдал* тод харууллаа. Цахим орчны эрх чөлөө нь өөрөө хүний үг хэлэх эрх чөлөөний хуулинд багтаж байх учиртай. Үүнийг ахин дахин хэлж залуусаа хамгаалах шаардлага урган гарч байна.

Би үүнийг бичихдээ даргыг өмөөрөөгүй. Харин “цэвэрхэн хий” гэж байгаа юм. Шүүмжлээд өг! Гэхдээ гүтгэсэн ба гутаан доромжилсон гэсэн зүйл анги уншуулчихаас тойрч гараарай. Бас эхэнд хэлснээр хүнийг бие эрхтэн, удам, шашин шүтлэг, нийгмийн гарал, эрхэлдэг ажлаар нь шившиглэж, гутаан доромжлох нь олиггүй хүний явдал. Гэхдээ ингэх дуртай бол яая гэхэв дээ, үхэн үхтлээ таашаалаа авсаар байхыг л ерөөе J!

* Түүхэнд анх удаа цахим орчинд “үйлдэгдсэн хэрэг” шүүх, цагдаа хүртэл өндөр авлаа. Гансүх сайд цагдаад гомдол гаргатал, цагдаа нь мөрдөн байцаалтаас шүүхэд шилжүүлж, шүүх нь 100 хоног баривчлах ял оноочихсон. Энэ шуугианаас үүдээд цахим орчны хууль батлагдан гарах явц хурдасахаар болсон нь юм яаж ч муудсан сайн тал руугаа явдаг гэдгийн баталгаа болов. Бат шиг зоригтой, тууштай шүүмжлэгчид хэрэгтэй ч чиний савчсан гар түүний хамрын үзүүрээс цаашилж болохгүйг тод санууллаа. Мөн дарга нар дандаа далайлгах биш бас ойлголцож болох гарц байдгийг сайд харууллаа. Хууль хурдан гараасай. Гарахаасаа өмнө аль аль талын эрх ашгийн төлөөлд танилцуулан хэлэлцүүлнэ гэдэгт найдаж байна.

http://toimsetguul.mn