Монгол маань Дорнод Европын посткоммунист орнуудаас дутахааргүйгээр олон улсын эвсэл холбоо, байгууллага, форумд идэвхтэй данслагдаж яваа билээ. Олон сонголтуудын дотроос одоо ямар сонголт үлдээд байнав гэдэгт хойшоо харж тандаж бас нэг хувилбарыг авч үзье.  

Энэ маань сонголт гэхээсээ Монголын гадаад орчинд үзэгдэж буй геополитикийн шинэхэн хувьсал юм даа. Учир нь умард хөрш Орос маань замын бэлчирт, олон улсын хяхалт хавчилт, хориг дор байж, түүнээсээ гарахаар элдэв арга зам сүвэгчилж байгаа хэрэг.

Энд хөндөх “ЕАЭС” бол түүнийн сонгодог жишээ загвар нь. Евразийн эдийн засгийн холбоо гэх сүрлэг нэр бүхий энэ эвсэл (байгууллага) Европын Холбоог сөргүүлж гаргаж ирсэн нэг хөзөр байх магадлалтай. Хөрш Азербайжантайгаа дайны байдалд байгаа Армен улсыг ЕАЭС-аа байгуулаад удаагүй байхдаа элсүүлсэн нь эдийн засгийн интеграц гэх утгыг нь бүдгэрүүлэх шиг. Ингээд Армен нь Орос, Белорусс, Казахстантай нэг эвсэлд орж авлаа. “Евразийская тройка” ийнхүү “Твердая четверка” болж хувирлаа хэмээн оросууд өөрсдөө бичээд байна. ЕАЭС байгуулсантай холбогдуулан төгс төгөлдөр ажиллаж амжаагүй, голдуу цаасан дээр бичээтэй үлдэж буй Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг (ЕврАзЭС) гэгчээ татан буулгасан (өөрсдөө бол устгасан гэж шууд нэрлэж буй-Зох) баримт бичигт Орос, Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан хамтран 2014 оны 10 дугаар сард гарын үсэг зурлаа.

ЕАЭС нь ердөө өнөө маргаашгүй– 2015.01.01-нээс үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Нэр бүхий 4 улсын (“Хатуу дөрвөл”) хооронд бараа таваар, үйлчилгээ, капитал, ажиллах хүч чөлөөтэй сэлгэж хөрвөж байх боллоо. Гаалийн нэгдмэл тарифтай болно. Гэтэл Орос маань өөрөө санкц тавиулахын зовлонг хангалттай амсаж, Дорнод Украины салан тусгаарлагчдын хэрэг явдалд яалт ч үгүй татагдаж орчихсон, Өвөр Кавказад бүс нутгийн томхон мөргөлдөөн битүү бугшиж, Төв Азиас Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлж мэдэх лалын экстремизм амилаж байгаа нөхцөлд 2015.01.01-нээс хэрэгжих ёстой тэр сайхан хөнгөлөлтүүд хэрэгжинэ гэхэд эргэлзээтэй. Эргэлзээтэйгээр барахгүй Армен улсын сөрөг хүчнийхэн (хатагтай Постанжян, ноён Вардан Айвазян нар) ОХУ-тай эдийн засгийн холбоонд интеграцчилагдах нь армений иргэдийн эрх ашигт харшилна, ийм гэрээнд гарын үсэг зурснаараа Ерөнхийлөгч Серж Саргсян төрийн урвалт хийлээ хэмээн мэдэгдэж байгаагаас үзвэл “Твердая четверка” хамтран үйл ажиллагаа явуулах нь бүр ч эргэлзээтэй болж байна. Ерөнхийлөгч С.Саргсяныг эх орноо худалдсан хэрэгт буруутгаж, эх орноосоо урвасан гэж үзэн, ЕАЭС-т нэгдэж орсон нь Армений бүрэн эрхт байдалд аюул занал учруулж буй гэх энэ зэмлэл цаашид улам даамжрах төлөвтэй.

Энд анхаарал татах нэг мэдээлэл байна. Казахстаны Үндэсний банкны дарга асан Григорий Марченко ЕАЭС-ийг буй болгоход “Монголын оролцоо” гэдгийг хэвлэлд гэнэт гаргаж тавьжээ. ЕврАзЭС гэдэгт Монгол оролцох боломжийг Гадаад хэргийн сайд Н.Энхболдын үед (2006-2007 оны үед) ГХЯ дотроо судалж тандаж байсныг энэхүү Марченко олоод мэдчихсэн бололтой. Эдийн засгийн нэгдмэл орон зай хөгжүүлэх үзэл бодол анхлан постсовет орон зайг хамран, гаднаас Турк, Хятад, Монголыг татан оролцуулж буй болгоно хэмээн яригдаж байсан аж. Харин Армен, Киргиз хоёрыг оруулна гэж тэр үед яриагүй юм байна.

Энэ бол тухайн үеийн Казахстаны албан ёсны байр суурь байсан байх тун магадлалтай. Марченкогийн үзэж байгаагаар ЕАЭС гараагаа буруугаар эхэлчихсэн бололтой. Орос, Казахстан, Белорусс суурийг нь тавиад араасаа Арменийг дагуулаад, мөд Киргиз, Тажикистан хоёр нэгдэж орох ба ердөө жил гарангийн өмнө 2013 оны хавар Казахстан шал өөр санал дэвшүүлж байсан болж таарлаа. Гаалийн Холбоо гэдэгтээ Украин, Турк, Азербайжаныг урихыг тэд хүсч байжээ. Оросыг ганцааранг нь давуу эрхтэй байлгахгүй гэсэн тооцоо байсан аж. Казахстаны тэр үеийн хүсэл бол Хятад, Монголыг хавсарга гишүүн болгож, ассоциацын тухай гэрээ байгуулах ёстой байжээ. ЕАЭС-т Монголыг элсүүлэх, татан оруулах санал биднээс гадуур тэгж өрнөж байсан баримт байх юм. Хойд болон баруун хойд хөршүүд маань Монголыг огт хаячихгүй, эсвэл тэр гуравдагч хөршид нь даатгаад орхичихгүй юм байна...