-ХЭН Ч МОРИНД ДУРГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧЭЭР МОРЬ УНУУЛДАГГҮЙ ЮМ-


“Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнтэй ярилцлаа.


-Саяхан Өвархангай аймагт сумын алдарт уяачдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний зорилго юу байв?

-Дөрөвдүгээр сарын11-12-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт сумын алдарт уяачдын зөвлөгөөн боллоо. Өвөрхангай аймаг 698 сумын алдарт уяачтай. Хаврын хавсарга шуургатай хэцүү цаг гэхэд 470 орчим хүн ирсэн нь уяачид маш идэвхтэй байгаагийн илрэл юм. Манай  холбооны хувьд ажил үйлсээ дандаа бодлогоор тодорхойлж явдаг. Өнөө маргаашаар биш 2,3 жилээр ажлаа төлөвлөдөг. Энэ зөвлөгөөн бидний гурван жилийн өмнө их хурлаараа шийдсэн ажил. Хоёр жилд нэг удаа бүх сумдынхаа уяачдын холбооны ажлыг дүгнэж жил бүр 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж аймгаа бүтэн тойрдог. Өнгөрсөн жил гэхэд бүх сумдаар тойрч уяачдаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан. 1300 орчим хүн хамрагдсан. Сая болсон зөвлөгөөний нэг гол зорилго нь өнөөдөр Монгол Улсад үндэсний соёл бүдгэрэх хандлагатай байгааг сэргээх. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулах. Ер нь малчид гээд ярихаар уяачид, уяачид гээд ярихаар малчид байдаг. Бидний их соёлоо үндсэн сууриар нь залуу үедээ ойлгуулж чадахгүй байгаа нь үндэсний соёлыг бүдгэрүүлэх хамгийн анхны алхам болж байна гэж үзсэн. Залуу үе маань Эрийн гурван наадам байхын учир юу вэ. Байхгүй болчихвол үндэстэн байх юм уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Үнэндээ үндэсний соёлыг дагсан “Яагаад” гэдэг асуулт маш их болчихоод байгаа юм. Монгол төрийн наадамд эрлийз адуу, монгол адуутай уралдаж тэр нь түрүүлэх, заримдаа цэвэр гадаад адуу түрүүлэх асуудал олон гарлаа. Хурдан морь уралдана гэдэг дэлхийн стандарттай. Цус цусныхаа адуутай уралддаг шүү дээ. Монгол адууг эрлийз адуутай уралдуулж байна гэдэг нь хар ухаанаар ярихад УАЗ 469 машин, жип хоёрыг уралдуулж байгаатай адил юм. Эрлийз адууны өсөлт нь түргэн байдаг учраас манай монгол адуу даага байхад, эрлийз даага монгол шүдлэн насны өсөлтөнд оччихсон байдаг. Тиймээс нэг насны зөрүүгээр эрлийз адуу хурдан харагдаад байна гэж биологийн ухааны эрдэмтэд баталдаг. Ийм адууг монгол адуутайгаа уралдуулаад хэсэг хүмүүс амжилтаар нь маш хурдан улсын цол хүртсэн. Гэтэл монгол адууны төлөө 30-50 жил зүтгэсэн буурлууд маань нөгөө монгол адуутайгаа л байна. Эрлийз адууг нь худалдаж авах мөнгө тэдэнд алга. Төрийн болон бүсийн уралдаанд хэдхэн хүний хүрээнд 10-20-н морь уралдуулчихаад цол авдаг систем тогтчихоод байна. Сая “Дүнжингарав” гэхэд дандаа эрлийз адуу уралдаж түрүүллээ. Үүнийг нь сая цаасан дээр бол хаслаа. Үүгээрээ уяачдын холбоо наадам зохион байгуулах чадваргүй болжээ гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр эхлээд дүрмээ тогтоох ёстой. Одоо ганц төрийн бус байгууллага эрлийз монгол адууг ялгаж уралдуулна гэж мянга яриад ерөөсөө дийлэхгүй болсон. Аймаг болгонд энэ асуудал байна. Тэгэхээр өнөөдөр эрлийз адууг яаж уралдуулах, ямар уралдаан байх ёстой юм. Мэдээж эрлийз адуутай болчихсон хүмүүсийг огт уралдаангүй болгоод та нар боль гэж хэлж болохгүй. Тэгэхээр энэ хоёрыг заагласан хууль эрх зүйн акт гарах хэрэгтэй. Энэ актыг үндэсний баяр наадмын хуулинд оруулах ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд үндэсний их баяр наадмын тухай хуулиа өөрчлөх шаардлагатай байгаа юм. Үндэсний их баяр наадмын хууль 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл арав гаран жил үйлчлээд ямар үр дүн өгөв. Ер нь дэлхийн улс оронд үндэснийхээ зан заншил, соёлыг хуульчилдаггүй. Тэр нь тухайн улс үндэстний ард түмний амьдралаас ургаад гарчихсан өөрийнх нь соёл байдаг. Хуулийнхаа заалт бүрээр ард түмнээс санал асуулга аваагүй, уяачдаас үзэл бодлыг асуугаагүй, улс төрийн сонирхлоор баталсан учраас буруу болчихсон.

-Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй цаг үе ирсэн юм байна. Яг ямар зүйл заалттай байж зөв гольдролдоо орно гэж үзэж байгаа вэ?

-Нэгд, алдар цолны асуудал байна. Алдар цолыг маш ялгавартай өгчихсөн. Амжилтын хязгаарыг сумын алдарт уяач гээд маш өндөр, аймгийнх гээд арай бага, улсынх гээд цөөн тавьчихсан. Өнөөдөр улсын баяр, аймаг, сумын наадамд морь уях уяач хүний хөдөлмөр яг адилхан байдаг. Тэрнээс сумын наадмын уяач тав хоног нойргүй хонодог. Аймгийнх 10 хоног, улсынх сар нойргүй хонодоггүй. Уяачийн хөдөлмөр адилхан гэдгийг аймаг сумын наадамд түрүүлсэн морь улсын наадамд ирээд түрүүлж байгаагаас харж болно. Улсын баяр наадам жилд нэг л удаа болно. Сумын уяач дараагийн суманд явах боломжгүй. Тэгэхээр сумын наадамд сумын алдарт уяач авах гэж байгаа хүн 30,40 жилийнхээ хөдөлмөрийг зарцуулж байж цолоо авч байгаа юм. Ингэхээр 2003 оны хуулийг дахиж нэг харахгүй бол болохгүй нь. Боломжтой уяачдад улсын баяр наадам, Их хурд, Бүсийн уралдаанууд гээд жилд дөрвөөс тав уралдах боломжтой. Боломжтой цөөн хүмүүс бүсийн бүх уралдаанд морио уралдуулаад нэг жилийн дотор тэр цолынх нь болзлыг хангачихаж байгаа юм. Энэ нь тэдний буруу биш. Хуулийн цоорхой байгаа учраас энэ байдал үүссэн. Мөн хөдөлмөрийн ялгаа их гардаг. Суманд түрүүлсэн морины бай 70-100 мянган төгрөг байгаа. Тэгтэл Улсад түрүүлсэн моринд таван сая төгрөг, аймагт нэг сая төгрөг өгдөг. Ийм ялгаа байж болохгүй гэж үзэж байгаа. Аймаг суманд манлай уяач цол нэмэх санал байгаа. Яагаад гэвэл настай уяач сумын алдарт авчихаад нөгөө айраг түрүү нь нэмэгдээд 20,30 гараад явчихна. Гэтэл тэр цолны эрэмбэ хэвээрээ л байгаад байна. Өнөөдөр дөрвөн түрүү, найман айраг авсан залуу уяачтай 20,30 жил морь уясан хүний хөдөлмөртэй тэнцээд байна. Ямар нэг юмыг хөгжүүлэх гэж байвал заавал урам байх хэрэгтэй. Урмандаа таарсан шагналын шатлал нь өөр байх ёстой.

-Энэ бүгдийг эмхэлж, бодитой болгохын тулд ямар шаардлагуудыг хуульчилж өгөх ёстой вэ?

-Үүнд сумын болоод аймгийн алдарт уяач манлай боллоо гэхэд тэр манлай уяачид заавал өөрийн унаган адуу төрийн наадамд түрүүлж айрагдуулсан байх ёстой гэж хуульчлах ёстой. Уяач хүн болгон өөрийн унаган адуутай болох ёстой гэсэн ганц үзэл бодолтой байх хэрэгтэй. Үнэхээр л адуунд сэтгэлээ өгч, адуу гэдгийг дээдлэн, адууны соёлын төлөө зүтгэж байгаа бол заавал өөрийн гэсэн унаган адуу бий болгох ёстой. Манлай уяач цол авахын тулд зүгээр нэг хүнээс морь худалдан авч алдар цол авах биш. Өөрийн адууны бааз суурийг бий болгохын төлөө тэмцэж  байгаа хүн адууг хэзээ ч муулахгүй. Адууны төлөө ажил амьдралаа зориулдаг байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн залуус тэр тоог л хурдан биелүүлж алдарт авъя гэж бодож байгаа болохоос би сайхан унаган адуутай болоод дараа нь унаган адуугаа төрийн наадамд уралдуулна гэдэг бодол бараг алга. Энэ мэтчилэн үзүүлэлтүүд уяачдын хөдөлмөрийг буруу үнэлээд байна. Хөдөлмөр заавал үнэлэгдэх ёстой.  Сумын уяачид хурдан морийг гаргаж ирж байгаа бааз суурь нь гэдэг утгаараа энэ хүмүүсийн урамшуулал арай өндөр байх ёстой. Морь уядаг уяач цолоо авдаг хатуу зарчим байх ёстой. Тэгэхээр цол дагасан асуудалд төр өөрөө анхаарахаас өөр аргагүй. Ингээд хуулинд өөрчлөлт оруулах, сумын уяачдыг дэмжих гээд хүүхдийн бодлогыг давхар хийгээд явчихвал зөв болно доо.

-Таны энэ санал бол зөвхөн нэг хэсэг нь байх. Өөр саналууд байгаа биз дээ?

-Мөн Үндэсний их баяр наадмын хуулинд хамгийн хэрэгтэй зүйл уралдаан наадмын зохион байгуулах журам юм. Уралдааныг зохион байгуулсан хүн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Өнөөдөр наадам зохион байгуулж байгаа хүн заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ нь байхгүйгээс хэн дуртай нь наадам зохион байгуулдаг. Нэг хүн очоод таван төгрөг хурааж аваад морь уралдуулчихаад яваад өгдөг. Хүмүүс яах гэж наадам хийснийг нь ч ойлгохгүй хоцордог. Сүүлд бай шагналаас нь дутдаг, зургаагаас хойш “бай”-гүй болдог гээд уяач бухимддаг маш олон асуудлууд байна. Жишээлбэл, өөр аймагт гадны морь ирээд түрүүлчих юм бол бай шагналыг нь өгдөггүй. Дараагийн морь буюу өөрийн аймгийн моринд өгөх жишээтэй. Зохион байгуулалт гээд хуулинд асар том заалт орж байж наадам шударга болно. Зохион байгуулагч бай шагнал, уралдах километр гээд мэдээллээ сарын өмнө цацах ёстой. Гаднаас морьд ирлээ, их насыг өглөө болголоо гэсэн жалга довны үзэл байж болохгүй. Энэ бүх зүйлийг хаасан хариуцлага байх ёстой. Наадам зохион байгуулж байгаа хүн ямар хариуцлага хүлээхээ  мэддэг байх ёстой. Нэг наадам хийхэд олон машин дагадаг. Энэ жилийн Дүнжингаравыг л хар 200 гаруй машин дагалаа. Нэг наадам дээр 200 гаруй машин дагаад байвал яах юм бэ. Тэгэхээр энэ байдлыг хуулийн заалтаараа хазаарлаад наадамд хэдэн машин дагана гээд заагаад өгөх хэрэгтэй. Тэгэхээр хуулиа бүгдээрээ ярилцаад саяын болохгүй байгаа юмнуудыг бүгдийг нь зохицуулах ёстой. Одооны тод манлайнуудаас төрийн наадамд түрүү аваагүй бүсийн наадмаар авсан хүмүүс олон бий. Хууль буруугаас буруу жишиг тогтоод байна. Өнөөдөр үүнийг залруулаад зөв болгочихвол уяачид маань соёлоо дээдэлдэг. Өөрийн унаган адууг гаргахын төлөө тэмцдэг. Өөрийн юмтай болчихсон хүн хариуцлага хүлээдэг болно. Сайхан болгохын төлөө тэмүүлдэг системийг бий болгох ёстой.

-Эрлийз адууны тухайд эсрэг тэсрэг байр сууриуд их боллоо. Энэ нь хурдан морины хөгжилд саад болж байх шиг?

- Морь өөрөө дэлхийд том бизнес. Маш сайн хурдан удмын адуу гаргаж ирээд тэрний төлийг өндөр үнээр зарах. Энэ бизнес Монголд ороод ирчихсэн. Монголд ялгарах нэг зүйл нь адууны маш том соёл дагуулсан үндэсний уралдаан байдаг. Үүнд л мөргөлдөөн үүсчихлээ. Яагаад гэвэл монгол адуугаа хичнээн уяад тэр эрлийз адууг гүйцэхгүй. Улсын баяр, бүс, аймгуудын уралдаж байгаа морины тоо жил бүр  цөөрч байна. Угаасаа аймгуудаас  монгол адуугаа аваад явах үндэсгүй болчихлоо шүү дээ. Өнгөрсөн жил улсын наадамд монгол адуугаа ачиж ирээд 11-р уралдлаа. Эхний хэдэн морь дандаа л эрлийз. Тэд нар уралдаагүй бол тэр адуу айрагдчихсан. Дараа жил тэр уяач дахиж улсад ирнэ шүү дээ. Хуулинд монгол улсын үндэсний их баяр наадмаар зургаан нас уралдуулна гэж заасан байдаг. Гэтэл бид нар есөн нас уралдуулаад л хууль зөрчөөд байгаа. Өнөөдөр эрлийз гурван нас нэмж уралдуулаад л Ерөнхийлөгч цол өгөөд л яваад байгаа. Энэ нь хууль зөрчөөд л яваад байгаа зүйл. Үүнийг хэн ч хардаггүй. 2002 оноос хойш Сүхбаатар, Дорнод гээд хурдтай газруудаас Өвөрхангайнхан таван мянган адуу аваачлаа. Таван мянган адуу авч гурав, дөрвөн тэрбум төгрөг өгсөн. Тэгээд Өвөрхангайн адуу монгол дотроо арай аятайхан болоод уралдаад төрийн наадамд ороод эхлэнгүүт л эрлийзээр дараад эхэлчихсэн. Тэгтэл бидний арав гаран жил бодлогоор хийж байсан зүйл ингээд л ямар ч хэрэггүй болчихлоо. Эрлийз дээр бодлого хэрэгтэй. Эрлийзээс хурдан адуу гаргахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулдаг газартай эмчтэй, зоо техникчтэй, биологийн хүнтэй хийгддэг болохоос хэн дуртай нь биологи хийдэггүй юм. Гэтэл манайд одоо захын малчин нь биологийн эрдэмтэн, зоо техникч болж хувирах гээд байна. Ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй хэрнээ тэнд хурдалж байсан юм гэнэ лээ гэхээр л хэдэн гүүгээ аваачаад хураалгачихаж байна. Энэ ямар үр дагавартай юм. Хэдэн мянган жил монголчуудыг хиймориороо тэтгээд явсан нөгөө сайхан монгол адуу өнөөдөр эрлийзжээд ямар адуу болох вэ. Нэг өдрийн цасан шуурганаар үхдэг адуутай болох юм уу. Эсвэл бүгдээрээ хашаан дотор зогсож байх юм уу. Үүнд л бодлого хэрэгтэй. Угаасаа тэр эрлийзийг хориогүй шүү дээ. Бид ямар ч эрлийзийн бодлогогүй явснаар өнөөдөр монгол банхар алга болсон. Одоо монгол банхар байхгүй. Түвдийн банхар зөөж байна. Эрлийз юм гэдэг өөрөө бодлогогүйгээр явбал ийм болдог. Тэгэхээр монгол адуу монголоороо байх ёстой. Бид байгалийн хуулинд захирагдаж амьдардаг.

 -Та түрүүн уяачдаа цолоо өгөх хэрэгтэй гэсэн. Тэгвэл морины эзэд нь яах юм бэ?

-Хуулинд заагаад уяачид нь цолыг нь өгчих хэрэгтэй. Харин адуунд хөрөнгө оруулаад байгаа амь, амьдрал олсон хэдэн төгрөгөө адуунд зараад байгаа хүмүүст өөр шагнал урамшуулал байх ёстой юмаа. Уяач гэдэг цолноос илүүтэйгээр Монголын үндэсний их соёлыг дэмжигч гэдэг утгаар. Тэрийг авсан хүн бахархдаг. Тэрийг л яаж ийж байгаад авчих юмсан гэж залуус тэмүүлдэг ийм гол үндэстний цолыг гаргаж ирэх ёстой. Тэр цолыг авснаараа үр хүүхдэдээ үзүүлэх юмтай ерөөсөө л бахархал болсон цол байх хэрэгтэй. Өнөөдөр хүний эрхийн байгууллага, төр засаг нийлж Монголын үндэсний соёл хэзээ ч устаж болохгүй гэж ам нэгтэй дуугардаг байх ёстой. Үүнийг устгахгүй төлөө залуу үеийг яаж татаж оруулах юм бэ. Яавал зөв байлгах вэ гэдэг дээр дуугардаг байх хэрэгтэй. Морь унана гэдэг тэр хүний эрх, хобби байхгүй юу. Хэн ч моринд дургүй хүүхдийг хүчээр морь унуулдаггүй юм. Морь унаж байгаа Монголын соёлын тээгч болъё гэж байгаа хүүхдийг олон талаас нь хавчиж шахаад нийгэмд муу хүн болгож харагдуулж болохгүй. Тэрийг нь дэмжих хэрэгтэй. Магадгүй төрөөс тэр хүүхдүүдэд цалин өгч, урамшуулж, цол өгдөг бол л доо. Ингэвэл хүүхдүүд эргээд мориндоо монгол ахуйдаа ойртож эхэлнэ шүү дээ. Гэтэл төр засгийн явуулж байгаа бодлого, энэ олон төрийн бус байгууллагуудын хийгээд байгаа ажил монгол хүнийг монгол ахуйгаас нь холдуулаад байна. Хөдөөний үндэсний соёлын тээгч болоод малдаа явж, хэдэн адуугаа уяад байгаа уяачдаа бид хэзээ ч муулж болохгүй. Монгол Улсын Алдарт цол хүртэж байгаа уяачиддаа  бөхөд байр өгөөд байгаа шиг  байр өгдөггүй юм аа гэхэд халуун алга ташилтаар угтаж чаддаг байх ёстой. Тэгэхгүй бол одоо уяачдын нэр хүнд уначихсан байна.15 мянган морь унадаг хүүхэд өнөөдрийн морь унах насны хүүхдүүдтэй харьцуулахад маш бага тоо. Энэ нь жилээс жилд багасаад байвал үндсэндээ 10 жилийн дараа морь унах хүнгүй болж Монголын соёл балартан алга болно. Өнөөдөр хамтраад сууя. Арвагар хээр холбооноос гаргаад байгаа санаачилга дээр зөвлөлдцгөөе. Бидний сая хийсэн зөвлөлгөөний уриа “Болсоор байна гэж байгаад дампуурах уу. Боломж байгаа дээр нь засаж залруулах уу” гэж. Тэрнээс хэн нэгнийг муулж, хоолонд хошуу дүрэх гээд байгаа юм байхгүй. Аймгуудыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Уяачдын холбоо маань үүнийг дээшээ санал болгох хэрэгтэй. 60 мянган уяачийнхаа нэг ч хүрэхгүй хувийг л цуглуул л даа. Мянган уяач цуглуулаад санал асуулга явуулаад улсын баяр наадмаас өмнө энэ асуудлуудаа цэгцлээд авчихмаар байна. Ингээд хуулиндаа өөрчлөлт оруулаад авбал. Эрлийзтэй хүн маань яаж уралдахаа ойлгоно. Монгол адуутай хүн ч бас аль ч наадамд очсон эрлийзтэй хүн ирээд намайг дээрлэхээд медаль авчихгүй юм байна гэсэн бодолтой болно. Хуулиа хурдхан шийдээд авчихъя.

-Уяачдын холбооноос эрлийз адууг монгол адуунаас ялгаж уралдуулдаг болчихсон гээд байгаа шүү дээ?

-Үндсэндээ эрлийз, монгол адууг цуг уралдуулах ажлыг Уяачдын холбоо өөрөө хийсэн. Зургадугаар их хурлаар шийдсэн шүү дээ. Тэр хурлаар Өвөрхангайн хэдэн уяач л гар өргөөгүй. Их хурал дээр хэлсээр байтал хамгийн том гаргасан алдаа нь ялгаж уралдуулахад голлож байсан  “үүлдэрлэг байдал” гэдэг үгийг хассан юм. Ганцхан “сэрвээний өндөр” гээд оруулчихсан. Энэ Уяачдын холбооны өөрийн хийсэн ажил. Үүлдэрлэг байдал гэж байхад урьд нь арай гайгүй байсан. Тэгээд саяын хоёр жил улсын баяр наадмын бүх морь эрлийз болоод л, бүх аймгийн хэмжээнд хэрүүл болоод  мөнгөтэй хүмүүс эрлийз рүү орчихлоо. Одоо өөрсдөө засаж, залруулах гээд тэмцэл хийгээд байна. Тэрэнд бид тус болох гээд яваад байгаа юм. Монгол уяачийн адуу дааганаасаа авахуулаад 16-17 жил уралддаг байсан юм. Гэтэл өнөөдөр хэт их тэжээл, олон мянган эм тарианаас болоод монгол адуу уралдаж чадахаа байчихсан. Төрийн наадамд 2 жил дараалан орж байгаа адуу алга, 3,4 жилээсээ бүр  сураггүй. Одооны залуус адууг хайрлахаа больчихож. Нэг л наадамд түрүүлж байвал тэр адуу хөлтэй байна уу  үгүй юу, үхэж байгаа нь сонин биш болжээ. Манай сумын уяачдын зөвлөлгөөний уриалга ч гэсэн монгол адуугаа хайрлая гэж байгаа. Юугаа ч мэдэхгүй нэг эрлийз адуу авчирч битгий эрлийзжүүл. Битгий янз бүрийн тариа адуундаа тарь. Шаардлагатай бол шинжлэх ухаанаар батлагдчихсан юмыг зориулалтын газраас нь авч хэрэглэ. Монгол адуугаа хайрлаж хамгаалах тал дээр энэ төрийн бус байгууллагууд энэ санал санаачилгууд дээр ажиллах хэрэгтэй.

-Олон телевиз шууд дамжуулдаг болсон. Бараг бүх телевиз дагаж явж байгаа нь олон нийтэд морины сайхныг мэдрүүлж байх шиг санагддаг?

-Телевизүүдийн холбоо гэж байдаг. Хамгийн сайн бичдэг шалгарсан хоёр опператор л явуул. Тэгээд л тэр бичлэгээ бүх телевизэд өг. Телевиз болгон нэг тайлбарлагчтай. Морио өөрсдийн өнцгөөс тайлбарлачихна биз. Дүрс нэг. Үүнийг шийдэж болно. Бас тэр олон мал эмнэлгийн машин дагаж давхиж яах гээд байгаа юм. Таван километр тутамд нэг машин зогсоочих л доо. Тэр хооронд хүүхэд унавал тэдэн км хүүхэд уналаа гээд хэлчихвэл давхиж очоод авчихна биз. Тэгж дагаж давхих хэрэг байхгүй. Тэр олон дарга нар яах гэж давхиад байдаг юм. Тэд болих хэрэгтэй шүү дээ. Телевиз, бариан дээр ард түмэнтэйгээ үз л дээ. Зохион байгуулалт муугийнх л даа. Анх бол гарны төхөөрөмж гэж байгаагүй  Арвагар хээр холбоо санаачлаад л улс орон даяар хэрэгжүүллээ. Гэтэл гарааны төхөөрөмж гарсны дараа дахиад л болохгүй юмнууд гараад байна. Одоо тавиач хүүхэд гэж байдаг. Яагаад мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд тавиач хүүхэдтэй гарах ёстой юм бэ. Энгийн уяач нь тавиачгүй байх ёстой гэж. Тавиач хүүхдийн асуудлыг их чухлаар авч хэлэлцэх хэрэгтэй. Зарим нь хоёр тавиач хүүхэд явуулж байна. Нэг нь бүдүүн мориор даагыг чирээд нөгөөх нь гуядаж хөөж түрүүнд гаргаад нөгөөх нь түрүүлж байна. Энэ байдал телевиз болгоноор л гарч байна шүү дээ. Энэ шударга биш. Тавиач хүүхэд гэдгийг шууд л зогсоох хэрэгтэй. Үүнийг том уяачид өөрсдөө сэтгэлзүйгээсээ авч хаях хэрэгтэй. Бусад уяачдаа хүндлэх л хэрэгтэй. Яагаад Өвөрхангайд 1 км-ээс морьдыг алхуулж оруулж болдог  Улаанбаатарт  болохгүй байна вэ. Сэтгэл л дутаад байна шүү дээ.
Манайхан монгол наадамд морьтойгоо очъё гэсэн уриалга гаргаж байгаа юм. Энэ бол том соёл. Одоо сайхан эмээл, хазаар, ташуур хэрэглэлүүд байшинд байдаг болж. Өнөөдөр наадам дээр машинаар гангараад байна. Эмээл, хазаар, ташуураар гангар л даа. Гэргийтэйгээ хосоороо морьтой явдаг бол л доо. Монгол ахуй үнэртсэн наадам олон хийвэл ард түмэн очих дуртай байна. Гэтэл одоо бүх юм дарга нарт зориулсан байна. Заавал тэр стадион дотор аваачиж цоллох хэрэгтэй ч юм уу, Хүй долоон худагтаа л цоллочих хэрэгтэй шүү дээ. Биднээр дамжиж монголын  соёл хүүхдүүдэд минь үлдэнэ. Хүүхдүүдэд зөв соёл үлдээхийн тулд өнөөдрөө харахаа түр больё л гээд байгаа юм. Ингэж л монгол ахуйгаа, соёлоо сэргээж чадвал оршин тогтнох нь урт болно.

-Өнөөдөр хурдан морь унах хүүхдийн асуудал том асуудал болсон харагддаг?

Өнөөдөр уяач болгон хүүхэд сурч байна. Энэ байдлаараа бол 5 жилийн дараа морь унах хүүхэд олдохгүй байх. Сумын наадамд хүүхэд асуудаг хүн байдаггүй байсан одоо сурдаг болжээ. Намайг бага байхад таван даага сургаж ир гэж сургуулиас гэрийн даалгавар өгдөг байсан. Бид нар даагатай ноцолдож сургаад л бие бялдар булчин шөрмөс сууна. Жинхэнэ эрүүл саруул бие хаа ингэж багаас минь бүрэлддэг байж. Багаасаа морь унасан хүүхдэд хэзээ ч түрүү булчирхайн өвчин тусдаггүй юм шүү дээ. Багаасаа айрган дээр өссөн хүүхдэд ямар ч хорт хавдар хол байдаг. Адуутай харьцаж, адуундаа ойр ирээдүйгээ өсгөмөөр байна даа. 

-Их л олон санал санаачилгыг танай холбооноос гаргаж байгаа юм байна. Та нарын ажилд амжилт хүсье.

-Саяын болсон уяачдын томоохон зөвлөгөөнийг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилласан нутгийн хүү С.Дэмчигт чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа “Арвагар хээр” уяачдын холбооны нэрийн өмнөөс илэрхийлж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлье.